| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/02175/И |
| Дугаар | 102/ШШ2022/03109 |
| Огноо | 2022-09-19 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2022/03109
| 2022 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2022/03109 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин байх, *** ХХК /РД: *** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах, *** ХХК /РД: *** /-д холбогдох,
Гэрээний үүрэгт 84,385,752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *** ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч *** гийн шүүх хуралдаанд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч *** ХХК нь 2020 оноос хойш *** ХХК-тай 2 жилийн хугацаанд хамтран ажилласан. Энэ хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Гэрээний дагуу нэхэмжилж байгаа үнийн дүнд 2021 оны ажлын төлбөрийн үлдэгдэл 49,022,419 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байгаа. Хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, гэрээний 3.1-т зааснаар нэг сарын ажлын хөлс 7,000,000 төгрөг төлөхөөр тусгагдсан. *** ХХК нь ажлаа гүйцэтгэж өдөр тутам, долоо хоног, сар бүрт хийсэн ажлаа тайлагнаж, хариуцагч байгууллагад тайлангаа өгч ажилласан боловч ажил гүйцэтгэсэн гэрээний төлбөрийг 2021 оны 06 дугаар сараас хойшхи хугацаанд 84,385,752 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас төлбөрөө барагдуулахыг удаа дараа албан бичиг болон утсаар шаардсан боловч нэг ч төгрөг төлөхгүй байна. Манайх өдөр тутам, долоо хоног, сарын тайлангуудыг хариуцагч талд өгч байсан. Үүнтэй холбоотой хариуцагч байгууллагад presentation танилцуулаад удирдлагуудад танилцуулж гарын үсэг зуруулсан баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхийн тухай асуудал дээр гэвэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл гэж байдаггүй. Гэсэн хэдий ч манай байгууллагын үйл ажиллагааны чиглэл дээр зөвлөх үйлчилгээ гэх чиглэл орж явдаг. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 84,385,752 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч *** ХХК нь Дундговь аймагт үйл ажиллагаагаа 2009 оноос хойш явуулж байна. *** ХХК нь *** ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, 84 сая төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Хэдийгээр энэ байгууллагыг би төлөөлж байгаа боловч тухайн цаг үед ажиллаж байгаагүй. Шүүх хуралдаан болохоос өмнө *** ХХК-ийн и-мэйл хаягт үзлэг хийсэн. Баримтуудаас харахад *** ХХК-иас ажлаа хийсэн гэж тайлагнаад байгаа боловч *** ХХК-д ажил хүлээлгэж өгсөн зүйл харагдахгүй байна. Яагаад гэвэл мэйл хаяг гэдэг нь тухайн компани өөрийн хийсэн ажил гэж харагдаж байгаа боловч үйлчилгээ авч байгаа компани ямар байдлаар авсан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн нийт үнийн дүнд алданги, хүү зэргийг тооцож ажил үйлчилгээ үзүүлснийхээ хөлсийг нэхэмжилж байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх гэж бодож байна. Манай компани руу мэдэгдэл ирүүлсэн баримт байхгүй учраас нэхэмжлэгч талын өгсөн баримтуудыг дүгнээд үзэхэд 2021 онд бүхэлдээ ажиллаагүй, 2021 оны 10 дугаар сар хүртэл ажилласан тооцоог санхүүч нь хийж өгсөн. Манай компани руу ирүүлсэн мэдэгдэлийг нь уншиж үзэхэд шүүхэд хандсан нэхэмжлэлийн үнийн дүнгээр тооцсон гэж харагдахаар мэдэгдэл ирсэн байсан. Энэ хурлаас өмнөх хурал дээр танай компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага мөн үү, биш үү гэж лавлагаа авч өгөөч гэхэд сайдын тушаалтай гэрчилгээ авсан байсан. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэх нэр томъёо байхгүй, зөвхөн сургалт зохион байгуулах эрхтэй харагдаж байсан. Хариуцагчийн зүгээс тухайн гүйцэтгэсэн ажлынхаа хүрээнд нэхэмжлэх нь зүйтэй болов уу гэсэн байр суурьтай байна гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт 1, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт гэрээний хугацаа сунгах гэрээ, *** ХХК-иас авах авлагын дэлгэрэнгүй, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21 тоот мэдэгдэл, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 26 тоот мэдэгдэл, хавсралт, *** ХХК-н ажил хүлээлцэх актыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** ХХК-ны 2020, 2021 оны тооцоо, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн *** тоот гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргасан.
4. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дундговь аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дүгээр яллах дүгнэлтийг нотлох баримтаар шүүхэд гаргасан.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** ын хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэгчээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр *** ХХК-ийн уурхай дээр 2021 оны 06 дугаар сараас хойш ажилласан 7 хоног, сарын тайлангууд, шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, үзлэгийн явцыг тэмдэглэл, фото зургаар бэхжүүлэн шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 84,385,752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Нэхэмжлэгч хариуцагчтай 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний 3.1-т зааснаар нэг сарын ажлын хөлс 7,000,000 төгрөг төлөхөөр тусгагдсан. *** ХХК нь ажлаа гүйцэтгэж өдөр тутам, долоо хоног, сар бүрт хийсэн ажлаа тайлагнаж, хариуцагч байгууллагад тайлангаа өгч ажилласан боловч ажил гүйцэтгэсэн гэрээний төлбөрийг 2021 оны 06 дугаар сараас хойшхи хугацаанд 84,385,752 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас төлбөрөө барагдуулахыг удаа дараа албан бичиг болон утсаар шаардсан боловч нэг ч төгрөг төлөхгүй байна. Манайх өдөр тутам, долоо хоног, сарын тайлангуудыг хариуцагч талд өгч байсан. Үүнтэй холбоотой хариуцагч байгууллагад presentation танилцуулаад удирдлагуудад танилцуулж гарын үсэг зуруулсан баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхийн тухай асуудал дээр гэвэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл гэж байдаггүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх ба татгалзлын үндэслэлээ ... Нэхэмжлэгч *** ХХК нь *** ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, 84 сая төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Үзлэг хийсэн баримтуудаас харахад *** ХХК-иас ажлаа хийсэн гэж тайлагнаад байгаа боловч *** ХХК-д ажил хүлээлгэж өгсөн зүйл харагдахгүй байна. Нэхэмжлэлийн нийт үнийн дүнд алданги, хүү зэргийг тооцож ажил үйлчилгээ үзүүлснийхээ хөлсийг нэхэмжилж байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх гэж бодож байна. Манай компани руу мэдэгдэл ирүүлсэн баримт байхгүй учраас нэхэмжлэгч талын өгсөн баримтуудыг дүгнээд үзэхэд 2021 онд бүхэлдээ ажиллаагүй, 2021 оны 10 дугаар сар хүртэл ажилласан тооцоог санхүүч нь хийж өгсөн. Манай компани руу ирүүлсэн мэдэгдэлийг нь уншиж үзэхэд шүүхэд хандсан нэхэмжлэлийн үнийн дүнгээр тооцсон гэж харагдахаар мэдэгдэл ирсэн байсан. Энэ хурлаас өмнөх хурал дээр танай компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага мөн үү, биш үү гэж лавлагаа авч өгөөч гэхэд сайдын тушаалаар авдаг гэрчилгээ авч ирж өгсөн. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэх нэр томъёо байхгүй, зөвхөн сургалт зохион байгуулах эрхтэй харагдаж байсан гэж тайлбарлажээ.
4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан, гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон багц хуулиуд, холбогдох дүрэм, журмыг мөрдүүлж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөх зэрэг тухайн гэрээний хавсралтад дурдсан 21 төрлийн ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч төлбөрийг төлөх үүргийг хүлээснээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, зохигчид 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хөлсөөр ажиллах гэрээнд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт оруулсан ба нэмэлт гэрээгээр *** нутаг дэвсгэрт байрлах хариуцагч *** ХХК-ийн уурхайд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 2 ажилтнаа 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн байрлуулан ажиллуулах, төлбөрийг 3,600,000 төгрөгөөр байхаар тохирсон, мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт гэрээний хугацаа сунгах гэрээгээр хугацааг 2021 оны 12 дугаа сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ. Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан үүргээ хийж гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгч *** ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21 тоот мэдэгдэл, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 26 тоот мэдэгдэл, хавсралт, *** ХХК-н ажил хүлээлцэх акт, *** ХХК-ны 2020, 2021 оны тооцоо, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, *** ХХК-иас авах авлагын дэлгэрэнгүй, ХАБЭА-ын 2020 оны 08, 09, 10 дугаар сарын тайлан, жилийн тайлан, 2021 оны 01, 02, 03, 04, 09 дүгээр сарын тайлан, үзлэгийн тэмдэглэл, фото зургаар тус тус тогтоогдож байна.
7. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 84,385,752 төгрөгийг нотлох баримтаар үгүйсгэж маргаагүй, мөн гэрээний үүргээ биелүүлж 84,385,752 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчаас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт буюу 2020 оны төлбөрт 49,022,419 төгрөг, 2021 оны төлбөрт 35,363,333 төгрөг, нийт 84,385,752 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 579,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 579,879 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас гэрээний үүрэгт 84,385,572 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 579,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 579,879 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР