| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/01595/И |
| Дугаар | 183/шш2022/02281 |
| Огноо | 2022-08-03 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 183/шш2022/02281
| 2022 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2022/02281 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Н-д холбогдох,
Компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. ан
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д , Г.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Н холбогдуулан Компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б.С , Л.Б бид хоёр Д.Н-тэй 2021 ооны 12 дугаар сарын 20-ны өдөр танилцаж, Д.Н бидэнд гадаад улсаас барилгын материал импортлох чиглэлээр хамтран ажиллах санал тавьж, хэд хэдэн удаа уулзсан. Д.Н нь Барилгын материал импортолдог, олон жил үйл ажиллагаа явуулж байгаа, энэ талын туршлагатай, танилын хүрээ ихтэй, төмөр замын дарга нарыг таньдаг. Тэгш өндөр ХХК-иар дамжуулан ОХУ-ын Челябинск хотоос хэд хэдэн удаа төмөр арматур оруулж ирж байсан, гурвуулаа хамтран хөрөнгө оруулалт хийе, хамтарсан компани байгуулъя гэсэн санал тавьсан. Ингээд миний бие өөрийн эзэмшдэг Базовый контакт ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг Д.Н-т, 40 хувийг Л.Б шилжүүлэн, үлдэх 30 хувийг өөрөө эзэмшихээр тохиролцож, Л.Б компанийн гүйцэтгэх захирлаар томилж, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй байхад Д.Н Т ХХК-тай Т ХХК-иар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үедээ тэрээр Надад мөнгө байхгүй байгаа тул эхлээд та хоёр мөнгө гаргачих, борлуулалтын ашгаа хуваагаад гаргасан мөнгийг чинь өгчихнө гэж хэлсэн тул Л.Б бид хоёр итгэж, түүнд 309.463.200 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ингэхдээ Л.Б И ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 250.000.000 төгрөг зээлж, үүнээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 156.000.000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 92.000.000 төгрөг, мөн өдөр Т ХХК-ийн данс руу 17.350.000 төгрөг, нийт 265.350.000 төгрөг шилжүүлсэн. ББСБ нь зээл олгоод 2.000.000 төгрөгийн шимтгэл авсан. Зээлийн хүүнд 12.546.486 төгрөг төлж, нийт 279.896.486 төгрөгийн зардал надаас гарсан. Би И ХХК-ийн зээлийг төлж дуусгасан. Хэрэв энэ зээлийг хаахгүй бол тэр өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн өрөнд орох байсан. Д.Н нь 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд 274.756.172 төгрөгийг төлсөн. Л.Б хувьд бодитоор 5.140.314 төгрөгөөр, би 21.845.000 төгрөгөөр тус тус хохирч байна. Д.Н Л.Б мөнгөө ав гэдэг. Мөн Н Улаанбаатар хооронд тээврийн зардал гэж 2.581.400 төгрөгийг төлүүлсэн. Ингээд би 24.426.400 төгрөгийн зардал гаргасан. Л.Б , Д.Н нартай хамтарсан компани байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулж, ашиг олно гэж төлөвлөсөн боловч Д.Н өөрийн компаниараа дамжуулан гэрээ байгуулж, гэрээний үнэ, холбогдох зардлыг Л.Б бид хоёроор төлүүлчихээд гэрээнээс олсон ашиг гэх 50 сая төгрөгийг бид хоёртой хуваалцах нь битгий хэл гаргасан мөнгөний үлдэгдэл 30 орчим сая төгрөгийг өгөхгүй хохироож, бэлэглэгч намайг илт ноцтой гомдоож байна. Цэвэр ашиг 60 орчим сая төгрөг болсон гэж би тооцоолж байгаа. Мөн намайг хэл амаар доромжлох болсон. Т ХХК-ийг судлан үзэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй, 2014 оноос хойших татварын өр төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, хуурамч компани байсан. Иймд Д.Н хамтран ажиллах боломжгүй болсон тул тэрээр миний оруулсан мөнгийг өгөхгүй, ашиг хуваахгүй байгаа тул Б ХХК-ийн хувьцааны 30 хувийг бэлэглэсэн Хувьцаа бэлэглэлийн гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.С гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2021 оны 11 дүгээр сард Л.Б намайг дуудаж, уулзсан ба ОХУ-аас арматур оруулж ирвэл ашигтай юм байна, чи судлаач, ах нь эхний ээлжид мөнгөө гаргая гэсний дагуу би ОХУ-ын Челябинск хотын компанитай гэрээ байгуулсан. Үүний дараа Л.Б найз Б.С надтай танилцуулж, түүнийг Барилгын салбарт ажилладаг, арматур оруулж ирвэл бэлэн мөнгөөр нь авах компани олно гэж хэлээд бид гурав Б ХХК гэж нэр өгч, компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээгээр Л.Б 40 хувь, надад 30 хувийг эзэмшүүлэхээр Б.С эрхээ шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Л.Б 156.000.000 төгрөгийг миний Т ХХК-ийн данс руу хийж, ОХУ руу арматурын үнэд шилжүүлсэн. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Л.Б 109.350.000 төгрөг, Б. 20.000.000 төгрөг, Б 2.500.000 төгрөг, Б.С 842.000 төгрөг тус тус төлсөн. 2 вогоны мөнгийг шилжүүлсэн ба ОХУ-аас тохирсон хугацаанд арматур орж ирсэн. Энэ хугацаанд Л.Б оффис худалдан авах тухай ярьж, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд түрээслэхээр нэг оффис авсан. Ингээд эхний төлбөр 300.000.000 төгрөгийг надаар гаргуулахаар тохирсон боловч Л.Б гэнэт энэ тоглоомноос гарлаа гэж мэдэгдсэн. Би Л.Б оффист орсон бүх тавилга, засварын мөнгийг шилжүүлсэн. Бид харилцан тохирч бизнес хийхээр болсон ч би бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт /хх-3/, Б.С Ж.Д , Г.У нарт олгосон итгэмжлэл /хх-4/, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, тус компанийн дүрэм /хх-6-11/, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээ-ний хуулбар /хх-12-13/, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-14/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-15/, И ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээ-ний хуулбар /хх-15-19/, Л.Батчулууны харилцах дансны хуулга /хх-20-24/, Базовый контакт ХХК-ийн харилцах дансны хуулга /хх-25/, Л.Батчулууны Хаан банк ХХК дахь дансны хуулга /хх-26/, Талст ширээт ХХК болон Тэгш өндөр ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ТШ/21/12/29 дугаартай Бараа материал худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар /хх-27-28/, Б.Сувд болон Д.Наранцэцэг нарын хооронд бичигдсэн мессэжийн хуулбар /хх-29/, Б.Сувд болон Д.Наранцэцэг нарын хооронд бичигдсэн чат мессэжийн хуулбар /хх-39-41/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хх-46/, Жэй жүн эйч эн би монголиа ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай Хувьцаа эзэмшигчийн шийдвэр-ийн хуулбар /хх-47/, тус компанийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 001 дугаартай Үүсгэн байгуулах шийдвэр /хх-48/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1247 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар /хх-49/, нэхэмжлэлийн нэмэлт тайлбар /хх-50-51/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/432 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх-92/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-102-106/ зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас өмгөөлөгч Б.Б-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-36/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.У-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт /хх-91/ ирүүлсэн.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2022/07901 дүгээр захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн лавлагаа, уг лавлагаанд хавсаргагдсан Б ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хх-59-60/, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-61-62/, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /хх-63-66/, Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх-67/, Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот шийдвэр /хх-68/, Б ХХК-ийн дүрэм /хх-69-74/, Зууны мэдээ сонины зарын баримт /хх-75/, Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-76/, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /хх-78-80/, Ж ХХК-ийн ерөнхий захирлын 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01/01 дүгээр тушаал /хх-81/, Ж ХХК-ийг үүсгэн байгуулах тухай 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 001 дүгээр шийдвэр /хх-84/, Ж ХХК-ийн дүрэм /хх-85-88/ зэрэг баримт авагдсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Б.С нь 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Л.Б болон Д.Н нартай гэрээ байгуулж, тус компанийн нийт хувьцааны 40 хувийг Л.Б , 30 хувийг Д.Н , үлдсэн 30 хувийг өөрөө эзэмшихээр, мөн компанийн нэрийн Б ХХК болгон өөрчлөх, гүйцэтгэх захирлаар Л.Б-ыг томилохоор тус тус тохиролцсон байна /хх-12-13/.
Ингээд 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Базовый контакт ХХК-ийн дүрэм болон холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн ажээ.
3. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Н 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг /хх-102/, мөн өдөр Т ХХК-д 20.000.000 төгрөг /хх-103/, 842.000 төгрөг /хх-105/, 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр У М- рүү 1.321.400 төгрөг /хх-106/-ийг тус тус шилжүүлсэн байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 0000 дугаар тогтоолд Б.С , Л.Б нар Д.Н данс руу нийт 287.195.000 төгрөгийг шилжүүлж, хөрөнгө оруулсан. Харин Д.Н буцааж 274.756.172 төгрөгийг хүлээн авсан. Л.Б 5.140.314 төгрөг, Б.С 24.426.400 төгрөг төлөөгүй гэх асуудал нь иргэний эрх зүйн хамтран ажиллах хэлцлээс үүдэлтэй, иргэний шүүхээр шийдвэрлүүлбэл зохих маргаан байна хэмээн /хх-49/, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/432 дугаар хариу мэдэгдэх хуудаст ... Б.С 24.426.400 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Д.Н нь ОХУ-аас оруулж ирсэн арматур төмрийг бусдад 405.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, үүнээс 309.000.000 төгрөгийг Л.Б бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэн өгсөн гэж /хх-92/ тус тус дурдсан.
Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа Б.С нь 20.000.000 төгрөг, дараа нь 842.000 төгрөг тус тус өгсөн гэжээ.
Өөрөөр хэлбэл, Б.С , Л.Б нар хариуцагч Д.Н болон түүний Т ХХК-д хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар тохиролцсон, улмаар Т ХХК нь Т ХХК-тай худалдах-худалдан авах гэрээг 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, 401.200.000 төгрөгөөр ОХУ-аас оруулж ирэх арматур төмрийг нийлүүлэхээр тохиролцсон зэрэг нөхцөл байдлаас дүгнэвэл дээрх гурван иргэн хамтран ажиллах гэрээний дагуу ОХУ-аас бараа, материал худалдан авч, Д.Н нь бусдад худалдан борлуулснаар тодорхой хэмжээний ашиг, орлого олжээ.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан ба дээр дурдсан Прокурорын газрын тогтоол, хариу мэдэгдэх хуудаст дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг буцаан өгөөгүй, мөн уг үйл ажиллагаанаас олсон ашгаа хуваарилаагүй болох нь тогтоогдож байна.
Ингэснээрээ хариуцагч нь нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан байх тул Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Б.С 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр компанийн нийт хувьцааны 30 хувийг Д.Н-т бэлэглэсэн бэлэглэл нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 281.1.1-т зааснаар хүчингүй болох үндэслэлтэй гэж үзлээ.
4. Мөн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид буцаан олгоно гэж заасан тул хариуцагч Д.Н Ж ХХК-ийн буюу Б ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг нэхэмжлэгч Б.С буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэв.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Б-д шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн, мөн шүүх хуралдааныг 15 минутаар хойшлуулан хүлээсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд, хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т зааснаар Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Б.С 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу тус компанийн нийт хувьцааны 30 хувийг Д.Н-т бэлэглэсэн бэлэглэлийг хүчингүй болгож, уг Ж ХХК /одоо Б ХХК/-ийн хувьцааны 30 хувийг нэхэмжлэгч Б.С буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Н-т даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н с 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА