Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 103

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Прокурор                                                   А.Энхтуяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        А.Ариунзаяа

      Нарийн бичгийн дарга                          С.Энхтайван нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж цагаан ястан овогт Нацагийн Отгонбаярт холбогдох 1731000180007  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 06-нд Увс аймгийн Цагааннуур суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын Хуурч 2 дугаар баг, 7 дугаар хэсэг Талбайн 3 дугаар гудамжны 13 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Тайж цагаан ястан овогт Нацагийн Отгонбаяр /РД:ОМ74040617/

 

  Шүүгдэгч Н.Отгонбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Шүрэнгийн адаг” гэх газарт малчин О.Бат-Очиртой маргалдаж улмаар толгойн тус газарт нь төмрөөр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Н.Отгонбаярын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний буруу, би өөрийнхөө бурууг ойлгож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/,

2. Шүүгдэгч Н.Отгонбаярын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед би эхнэр Батцэцэгийн хамт хүргэн дүү Бат-Очирын гэрт ноосны падаан бичихээр өөрийн цагаан өнгийн портер машинтай очсон. Би гэрт ороод “ноосны падаан бичиж явна” гэж хэлсэн. Тэгээд эхнэр Бат-очироос 200 кг ноос худалдан авсан падаан бичих гэтэл Бат-очир “надад 600 кг ноосны падаан бичиж өг” гэж хэлэхээр нь би “болохгүй цаанаа зөрдөг юмаа падаан илүү бичихгүй” гэж хэлтэл Бат-очир уурлаж эхэлсэн. Энэ үед би учирлаж хэлээд 400 кг ноосны падаан бичиж өгсөн. Бат-очир уурлаад “заавал 600 кг ноосны падаан бичүүлж авна” гэсэн. Энэ жил компаниас 1 тн ноос худалдан авсан болохоор чамд илүү бичих ноосны падаан байхгүй байна. Би “Ахад нь 200 кг ноосны падаан бичиж өгөх чамаас өөр итгэлтэй хоршооллын гишүүд, малчид байгаа тэр хэддээ 10-20 кг ноосны падаан илүү бичмээр байна” гэж хэлсэн. Тэгтэл Бат-очир уурлаад намайг “гаръя, пизда” гээд гэрээс гартал миний хоолойг боож, зүүн талын шанаа тус газар 2 удаа цохисон. Тэгээд би газар унаж босож иртэл дахин нэг удаа боож, шанаа руу цохисон ба газар унасан байхад зүүн талын хавирган тус газар нэг удаа өшиглөсөн. Би эхнэрийн хамт машиндаа суух гээд зугатаагаад явахад Бат-Очир намайг дахин барьж аваад цохихоор нь “чи намайг 3 удаа цохиж зодлоо шүү, дахин намайг зодох гэхийн бол би зөрүүлээд цохино шүү” гэж Бат-Очирт сануулсан. Тэгээд намайг Бат-очир дахин цохиж газар унагасан ба намайг газар унаад босох үед миний хажууд нарийхан хавтгай 50-60 см урттай төмөр байхаар нь тэр төмрийг барьж аваад толгойн ар хэсэгт нь нэг удаа цохиж толгойг нь хагалсан. Тэгээд бид хоёр машиндаа суугаад яввах гэтэл Бат-очир гэрийн хаалганд босоо байсан унийг авч миний машины салхины шилийг, жолооч талын дохионы шар гэрлийг хагалан, дээд талын шанааг цохиж хонхойлгосон ба усны хаялгыг цохиж хагалсан. Тэгээд би машинаас буугаад Бат-Очир дээр очиж би бас “жижиг тэрэгний чинь цонхыг хагална ш тээ, гэхдээ энэ жижиг тэрэг чиний биш Нооёогийн машин болохоор надад хагалах шаардлага байхгүй” гэж хэлээд гэрийн гадаа нь 2 цаг гаруй эхнэрийн хамт байсан. Бат-Очир морьтой уул руу гарч  “утсаар цагдаа дуудна” гэж хэлээд явсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р ху/,

3.Шүүгдэгч Н.Отгонбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед би эхнэр Батцэцэгийн хамт хүргэн дүү Бат-Очирын гэрт ноосны падаан бичихээр  очоод падаан бичилтээс болж маргалдсан. Үүнээс болоод миний уур хүрээд төмөр аваад Бат-Очирын толгой руу цохьсноо хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, би өөрийнхөө бурууг ойлгож байна. Би хохирогчид 500.000 төгрөг дансаар 50.000 төгрөг бэлнээр өгсөн. Бүгд 550.000 төгрөг хохирогчид өгсөн. Прокуророос намайг 450 нэгжээр торгох саналыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулийг яаралтай төлж барагдуулна. гэх мэдүүлэг,

4. Хохирогч О.Бат-Очирын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 сарын 17-ны өдрийн 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Шүрэнгийн адаг” гэх газар манай хадам ээжийн төрсөн дүү Отгонбаяр эхнэрийн хамт цагаан өнгийн дотер машинтайгаа ирээд манайхаас хонины ноос худалдан авсан урамшууллын падааныг өгөхөөр ирсэн. 2017 оны 06 арын 10-ны үеэр 130 кг хонины ноос худалдан авсан түүний дараа 10 гаруй хоногийн дараа миний 200 хонь хяргасан ноосыг килограммыг тооцолгүй бодож үзэлгүй авч явсан юм. Тухайн үед надад хэлэхдээ “ах нь эндээс 2 айлын хонины ноос ачна, тэгээд Эрдэнэт хотод очоод пүүн пээр гарч хиллэж үзэхэд танай ноос гарна” гэхээр нь итгээд явуулсан. Тэгсэн хонины ноосны урамшууллын падаан бичиж өгөхдөө 130 кг, сүүлийн манайхаас авсан хиллиж үзээгүй ноосыг 120 кг гээд нийт 235 кг ноосны падаан бичиж өгөх гэхээр нь би уурлаж “эхний өгсөн ноос дандаа төлөгний 130 кг ноос байсан, сүүлд өгсөн хонины ноос бие гүйцсэн хонины ноос 120 кг гардаг юм” гэж Отгонбаяр ахад уурласан. Отгонбаяр ах бид хоёр манайд хэрүүл маргаан хийгээд би “ах дүү нараа шулахаа болиоч” гэсэн чинь босож ирээд “би чамайг яаж шулаав“ гэснээ над руу дайрахаар нь баруун хөлнөөс нь өргөж газар унагасан. Тэгээд Отгонбаяр ахын эхнэр бид хоёрыг салгасан. Тэгээд манай бага хүү айж уйлсан ба би тэр хоёрыг “гэрээс зайлцгаа” гэсэн. Гэрээс намайг гарсны дараа үүдэн дээр Отгонбаяр ах намайг боох гээд дийлээгүй, газар байсан мод, төмөр зэрэг зүйлүүдийг барьж аваад байхаар нь би тухайн үед Отгонбаяр ахаас булааж аваад хаяад байсан. Манай гэрийн хаяанд байсан толгой шийр хуйхалдаг нарийн хавтгай 50-60 см төмрөөр миний толгойн ар хэсэгт нэг удаа цохиж толгой хагалсан. Тухайн үед би газар суугаад толгойгоо гараараа дарж үзэхэд цус гарч байсан. Тэгсэн Отгонбаяр гэрээс заазуур авч гарч ирээд намайг “гүйцээнэ” гэж дайрсан ба эхнэр нь болиулж машин руугаа суусан. Машинаа асаагаад явах гэхээр нь гэрийн хаалганы хажуу талд босгосон байсан унийг сугалж аваад Отгонбаярын машины урд салхины шилийг хагалж цохиход намайг “дайрч ална” гээд машинаа зүүн гар тал руугаа дарж явсан ба тухайн үед би машин доогуур нь орох шахсан. Отгонбаяр машинаасаа бууж ирээд манай “жижиг тэрэгний шилийг хагална” гэхээр нь би “хагалуулахгүй” гэж хорьсон. Би Отгонбаярыг “машины цонх хагалах юм бол би чиний толгойг сая миний толгойг хагалсан төмрөөр цохиж хагална шүү” гэж хэлсэн. Тэгээд би “шийдэх газраар нь шийдүүлье” гэж хэлээд морио унаад уул руу сүлжээнд гарахаар явсан. Тэгээд буцаж ирэхэд Отгонбаяр эхнэрийнхээ хамт явсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р ху/,

   5. Хохирогч О.Бат-Очирын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би Отгонбаяр ахтай ярилцаад учраа олсон миний хохирол мөнгийг төлөхөөр болсон одоо надад гомдол санал байхгүй. Энэ хэргийг хааж өгнө үү гэж хүсэж байна.....гэх мэдүүлэг, / хх-ийн 37-р ху/,           

6.Гэрч М.Цагаанхүүгийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 07 сарын 17-ны өдөр Бат-Очир ахын гэрт эгч Намширын хамт очсон. Бид хоёрыг ирээд удаагүй байхад цагаан өнгийн портер машинтай Отгонбаяр ах эхнэрийн хамт орж ирсэн. Тухайн үед би яагаад маргалдсан талаар мэдэхгүй байна. ...Отгонбаяр ах нарийн хавтгай төмөр газраас авч Бат-очир ахын ахын толгойн ар хэсэгт нэг удаа цохьсон. Эхнэр нь “чи хүний толгой цохилоо” гэхэд Отгонбаяр ах гэр рүү орж заазуур барьсаар гарч ирээд “гүйцээгээд ална” гээд дайраад байхаар нь эхнэр нь машин руугаа авч явсан. Бат-очир ах цохиулаад газар суугаад толгойгоо барьж үзэхэд цус гарч байсан. Энэ үед манай эгч гэрээс даавуу гаргаж ирээд өгсөн. Энэ үед Отгонбаяр эхнэрийн хамт машиндаа суухад нь Бат-Очир ах “та эмч авчирч толгой оёж өг” гэхэд “оёж өгөхгүй” гэж хэлээд явах гэтэл хаалганы хажууд байсан унийг аваад машиных нь урд шилийг цохиж хагалсан. Отгонбаяр ах машинаа баруун тал руугаа дарж огцом явахад Бат-Очир ах машины ойролцоо газар унаад босож ирсэн. Отгонбаяр буцаж машинтай ирээд Бат-очир ахын эхнэрийн жижиг машины цонхыг хагалах гэж дайраад байсан ба Бат-очир ах хагалуулахгүй гэж хорьсон. Тэгээд Бат-очир ах сумын төв рүү цагдаад дуудлага өгөхөөр уул руу явсан. Отгонбаяр эхнэрийн хамт удалгүй явсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р ху/,

7. Гэрч М.Намширийн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 07 сарын 17-ны өдөр Бат-очир ахын гэрт дүү Цагаанхүүгийн хамт очсон. Бид хоёрыг ирээд удаагүй байхад цагаан өнгийн портер машинтай Отгонбаяр ах эхнэрийн хамт орж ирсэн. Бат-Очир ах, Отгонбаяр ах түүний эхнэр гурав ноосны наймаа ярилцаад байсан. Тэгээд удалгүй Бат-Очир ах , Отгонбаяр ах нар хоорондоо хэрүүл маргаан хийж эхэлсэн. Бат-очир ахын бага нь уйлахад манай дүү “бага насны хоёр хүүхдийг Алтантулга ахынд хүргэж өг” гэсэн. Тэгээд би тэр хоёр хүүхдийг хүргэж өгөөд буцаж Бат-очир ахынд очсон ба тэр хоёр гэрийн гадаа хэрүүл маргаан хийж байсан. Отгонбаяр ах газраас нарийн хавтгай 50х60 см-ийн урттай төмөр авч Бат-Очир ахын араас толгойн ар хэсэгт нь нэг удаа цохиж газар унагасан. Отгонбаяр ах гэр рүү орж заазуур барьж гарч ирээд Бат-Очир ахыг “ална” гээд дайраад байсан. Тэгээд эхнэр нь Отгонбаярыг машинд суулгаад явах гэтэл Бат-Очир ах “эмч авчирч толгой оёж өг” гэхэд “оёж өгөхгүй” гэж хэлээд явах гэтэл хаалганы хажууд байсан унийг аваад машиных нь урд шилийг цохиж хагалсан. Отгонбаяр ах машинаа баруун тал руугаа дарж огцом явахад Бат-очир ах машины ойролцоо газар унаад босож ирсэн. Отгонбаяр буцаж машинтай ирээд Бат-очир ахын эхнэрийн жижиг машины цонхыг хагалах гэж дайраад байсан ба Бат-очир ах хагалуулахгүй гэж хорьсон. Тэгээд Бат-очир ах сумын төв рүү цагдаад дуудлага өгөхөөр уул руу явсан. Отгонбаяр эхнэрийн хамт удалгүй явсан... ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р ху/,

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн  № 239 тоот актын дүгнэлт хэсэгт:

1. О.Бат-Очирын биед толгойн хуйханд шарх, тархи доргилт хүзүү цээжинд зулгаралт, зүүн бугалганд цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.                

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт,  /хх-ийн 19-р ху/,

  

  9.Шүүгдэгч Н.Отгонбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 24-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 28-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 30-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 31-32-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 20–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 21–р ху/, хэрэг бүртгэлтийн үед хийсэн тодорхойлолт, /хх 25-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхиний хуулбар, /хх 26-р ху/, шүүгдэгчийн талаархи багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27-р ху/, хохирогчийн хүсэлт, /хх-ийн 34, 39-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх 44-р ху/,

                

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох  ялаар шийтгэх саналыг шүүгдэгч түүний өигөөлөгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсэн хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох  ялыг  болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,  3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайж цагаан ястан овогт Нацагийн Отгонбаярыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж цагаан ястан овогт Нацагийн Отгонбаярыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг ялтан Н.Отгонбаярт мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Отгонбаяр нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

5. Шүүгдэгч  Н.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түний өмгөөлөгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

  9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН