Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/496

 

 

 

 

 

2021           05           20                                              2021/ДШМ/496

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

яллагдагч Б.Бын өмгөөлөгч А.Бүдханд, Н.Намжилцогт, Т.Золбоо,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЗ/511 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай прокурорын эсэргүүцлээр яллагдагч Б.Бт холбогдох  1802004810286 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 4.9740 грамм “шавар” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн улсаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан 0.5х0.5 см-ийн хэмжээтэй Лизергид /Lisergide LSD/-ийн агууламжтай 2 ширхэг марк мэт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2 удаа буюу нийт 4 ширхэгийг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нидерланд улсаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан 0.9720 грамм MDMA /3,4 Methylenedioxymethamphemine/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2 удаа Америкийн Нэгдсэн улсаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан 0.7х0.7 см-ийн хэмжээтэй 0.0390 грамм болон 0.399 грамм тус тус хэмжээтэй Лизергид /Lisergide LSD/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Их Британи улсаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар уутны хамт 8.8126 грамм Метафетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нидерланд улсаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар уутны хамт 0.9207 грамм Метафетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 8 удаагийн үйлдэл,  

мөн байнга тогтвортой үйлдсэн буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 4.9740 грамм жинтэй гашиш /шавар/ гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, амыг нь тугалган цаасаар таглан цоолсон, бохирлогдсон тетрагидроканнабинолын бодис агуулсан хуванцар сав болон хориглосон сэтгэцэд нөлөөт Лизергид /Lisergide LSD/ бодисын агууламжтай 0.5х0.5 см-ийн хэмжээтэй 4 ширхэг марк мэт хориглосон сэтгэцэд нөлөөт бодис зэргийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гурван-Оргил хорооллын 63 дугаар байрны гадаа 38-19 УНЯ улсын дугаартай Аудио А-6 маркын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

З.Агийн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөсний дагуу З.А, Б.Б, Э.З нартай санаатай нэгдэж бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 5 дугаараас 2018 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд “З.Агийн эхнэр Ц.Оын холбогдсон хар тамхины хэргийг аргалж өгнө, З.Атай холбоотой олон жил цуглуулсан материалаа устгана” гэж Л.Згийн З.Агаас шаардсан хахуулийн мөнгийг нь Нэгдэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “гашиш, шавар” гэх нэршилтэй тугалган цаасанд боосон 100-120 орчим ширхэг З.Агийн бодисноос бусдад худалдаж олж өгөх зорилгоор Б.Бтэй хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хогийн сав, “Мандала” хотхоны автомашины зогсоол, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “MB” гэх нэртэй үйлчилгээний төвийн 7 давхарын ариун цэврийн өрөө зэрэгт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Б.Б, Э.З нартай хууль бусаар бусдад худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд шүүгчийн 511 дугаартай захирамжаар “...яллагдагч Б.Бт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Үүнд:

Яллагдагч Б.Быг “...З.Агийн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөсний дагуу З.А, Б.Б, Э.З нартай санаатай нэгдэж бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд “З.Агийн эхнэр Ц.Оын холбогдсон хар тамхины хэргийг аргалж өгнө, З.Атай холбоотой олон жил цуглуулсан материалаа устгана” гэж Д.Згын З.Агаас шаардсан хахуулийн мөнгийг нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “гашиш” /шавар/ гэх нэршилтэй тугалган цаасанд боосон 100-120 орчим ширхэг З.Агийн бодисноос бусдад худалдаж олж өгөх зорилгоор Б.Бтэй хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хогийн сав, “Мандала” хотхоны автомашины зогсоол, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МВ” гэх нэртэй үйлчилгээний төвийн 7 давхарын ариун цэврийн өрөө зэрэгт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, Б.Б, Э.З нартай хууль бусаар бусдад худалдсан” гэж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 540 тоот тогтоолоор урьд сонсгосон ял дээр нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 309 тоот яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж, нотлохоор заажээ.

Гэтэл дээрх гэмт хэрэгт яллагдагч Б.Б нь ямар байдлаар гэмт хэргийг үйлдэхээр ямар сэдэлт, зорилгоор, гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн, ямар оролцоотой байсныг тогтоож чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, дээрх гэмт хэрэгт яллагдагч Б.Б ямар оролцоотой оролцсон нь тодорхойгүйн дээр тухайн хэргийг илрүүлэхэд Цагдаагийн байгууллагатай хамтран оролцсон эсэх, эсхүл тухайн хэргийг үйлдэхэд нэр бүхий хүмүүстэй хамтран оролцсон эсэх, хамтран оролцсон бол ямар байдлаар оролцсон болохыг тодорхой болгох, сэтгэцэд нөлөөт бодисыг зарж борлуулсан, эсхүл тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зуучлахад оролцсон алин болохыг нэг мөр шалгаж тодруулаагүй байна. Энэ талаар прокурор хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

            Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан тайлбараар: “Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхитэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн хүнийг тухайн зүйл хэсэгт заасан ялаас чөлөөлөхөөр” тайлбарласан бөгөөд хэрэв яллагдагч Б.Б нь энэ хэргийг илрүүлэхэд оролцсон бол энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг прокурор хийх нь хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ.

            Хэрэв хамтран оролцсон гэж үзэж байгаа бол энэ талаарх хууль зүйн дүгнэлтээ зөв хийж, хамт шийдвэрлүүлэх нь зүйтэй.

            Дээрх мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр хийлгэх, улмаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж, дээрх ажиллагаануудыг нэг мөр хийсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй.

            Иймд яллагдагч Б.Бт холбогдох эрүүгийн 1802004810286 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 42 дугаартай хөх өнгийн судалтай, зиплок түгжээ бүхий уутанд хийсэн дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн хар хүрэн өнгийн 4,9740 грамм жинтэй гашиш, шавар мэт зүйл, 43, 44 дугаартай зиплок түгжээ бүхий уутанд хийсэн болон дугтуйтай 90, 91 дугаартай тус тус Лизергид илэрсэн 6 ширхэг эрээн өнгийн цаас мэт зүйл, 45 дугаартай дугтуйтай, том зиплок түгжээ бүхий уутанд хийсэн амны хэсэгтээ тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулсан хар өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав, MDMA илэрсэн цагаан өнгийн уутны хамт 1.2 грамм жинтэй бодис, шинжилгээнээс 8.8 грамм жинтэй болж хорогдсон болон 1, 2 гэж дугаарласан тус бүр уутны хамт 0.4 грамм жинтэй цагаан өнгийн метафетамин илэрсэн бодис зэрэг нь Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгааг дурдаж, нууц ажиллагаатай холбоотой 1 хавтас, 33 хуудас баримтыг хэргийн хамт нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. Шүүгчийн захирамжид прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэх боловч Б.Бт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон ба прокуророос Б.Бт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож буй үйл баримтуудыг нэгтгэн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагч Б.Бт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулан яллагдагчид танилцуулан мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг ханган яллах дүгнэлт үйлдсэн.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Б нь өөрийн холбогдсон буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 8 удаагийн, мөн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан 1 удаагийн гэмт үйлдэлд тус тус холбогдон шалгагдах явцдаа тухайн хэргийн цаг хугацаанаас урьд болж өнгөрсөн буюу сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэгт З.А, Б.Б нарын хүмүүсийн нөлөөгөөр өөрийн танил Э.Зтай хамт тэдгээртэй бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй хамтран оролцсон,

Мөн уг хэрэг нь Хар тамхитай тэмцэх газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байсан Ц.Од авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх, тухайн хэрэгт түүний оролцсон хамтран оролцоог нууж хаах, хэргийг нь хэрэгсэхгүй болгуулахад чиглэсэн Ц.Оын нөхөр З.Агийн санаачилга, зохион байгуулалтын дагуу Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн тасгийн чиглэлийн ахлах мөрдөгчид хээл хахууль өгөх зорилготой буюу хахуулийн мөнгийг нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис”-ыг хууль бусаар худалдан борлуулж олж өгөх зорилгоор үйлдэгдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн 1902000730180 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч шалгуулсан ба тухайн гэрчээр өгсөн мэдүүлгийнх нь эх сурвалж шалгалтын явцад үнэн бодитой болох нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон болно.

            Тухайлбал: Б.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар түүний цахим шуудангийн хаягаас илэрч тогтоогдсон З.Агийн Б.Б, Б.Б, Э.З нараар худалдуулж байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “гашиш, шавар” гэх нэршилтэй бодисыг бусдад худалдахдаа хаана, ямар газарт хэрхэн байрлуулан тавьсан байгаа талаар “ви чат, вайбир” зэрэг апликейшн ашиглаж хоорондоо мэдээлэл солилцдог байсан гэж тайлбарлан гаргаж өгсөн зурган файл нь Ц.Од холбогдох эрүүгийн 1902000000305 дугаартай, З.Ад холбогдох эрүүгийн 1902000980143 дугаартай хэргүүдийн хэргийн газрын үзлэгээр хураан авч шинжилгээ хийгдсэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодис мөн гэж үзэх үндэслэл бүхий буюу савлагдсан, харагдах байдлаараа ижил байгаагаас гадна Э.Зын гэрчээр өгсөн мэдүүлэг, Д.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 зүйлийн 4 дэх хэсэгт заасан, Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус шүүхээр гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн эрүүгийн 1902000730180 дугаартай хэргийн нотлох баримтууд, прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоол зэргээр нотлогддог.

Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, үнэн зөв хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг хавтаст хэрэгт тусгаж, тэдгээрийг нэгтгэн дүгнэсэн буюу Б.Бт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд Б.Б нь ямар санаа зорилготой, ямар хүмүүстэй, ямар гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон, тухайн хэргийг хэн зохион байгуулсан зэргийг тодорхой дүгнэсэн байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

2. Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 271 дугаартай тогтоолоор Б.Бт холбогдох хэргийг прокурорт буцаахдаа “Шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулах хүрээнд Б.Б нь хамтран ажиллах этгээдээр тогтоогдсон хугацаанд хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн, үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх, холбогдох нотлох баримтын эх сурвалжуудыг гаргаж өгсөн эсэх, хамтран ажиллах этгээдээр тогтоосноор ямар үр дүн гарсан эсэх зэрэг мөрдөн шалгах ил болон нууц ажиллагааны баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохих ёсоор цуглуулж, бэхжүүлээгүй, гомдол бүхий тухайн тохиолдолд хамтран ажиллах этгээдээр анх тогтоосон шүүхийн хэлэлцүүлгийн буюу нууцад хадгалагдаж буй баримтуудыг зохих журмын дагуу шүүхэд ашиглах боломжийг бүрдүүлээгүй зэрэг мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэж дүгнэсэн учир Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийн дагуу шалгагдсан хэргүүдийн нотлох баримтуудыг байгаа хэмжээнд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж хавсарган, нэгтгэн дүгнэсэн бөгөөд Б.Б худал мэдүүлэг өгсөн, хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгөөгүй, тэрээр эрх зүйн чадвар, чадамжгүй болсон зэрэг үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс яллагдагч Б.Бын өмгөөлөгчдөөс гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсний үндсэн дээр хэрэв яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн тохиолдолд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайг тогтоосон нөхцөлд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага буюу ялыг оногдуулж, тухайн оногдуулсан ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбарт зааснаар чөлөөлөх эсэх асуудлыг зөвхөн шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх учиртай ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчимд тус тус нийцнэ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбарт зааснаар шүүгдэгчийг тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн ялаас чөлөөлөх эсэх асуудал нь зөвхөн шүүхэд олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал байхад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж буй хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн шатанд шийдвэрлэх хэд хэдэн үе шатыг алгасуулж, уг асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж хууль зөрчсөн үйлдэл хийхийг прокуророос шаардаж буй нь хууль зүйн хувьд алдаатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “хууль ёсны” байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 511 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Б.Бын өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт шалгагдах явцдаа тухайн хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Ганзориг болон мөрдөгчтэй хамтран ажиллах этгээдээр тогтоолгох саналаа гаргасан. Түүний гаргасан мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Б.Б, Э.З нарын авлига авсан гэмт хэрэгт шалгагдаад өгсөн мэдээлэл нь тогтоогдоод шүүхээс эцэслэн шийдвэрлэгдсэн. Мөн Б.Б, Э.З нарын хар тамхины хэргийн талаар өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хамтран ажиллах этгээдээр тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгохдоо эрх бүхий шүүгч шийдвэр гаргаагүй гэх үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг хамтран ажиллах этгээдээр тогтоосон захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна гэсэн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Анхан шатны шүүх хамтран ажиллах этгээдээр тогтоосон захирамжийг хүчингүй болгосон нь шүүхийн процессийн алдаа гарсан учраас хэргийг прокурорт буцааж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Б.Б үйлдсэн гэмт хэрэгтээ маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Б.Бын өгсөн мэдүүлгүүд нь тогтоогдож байгаа учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Прокурор бичсэн эсэргүүцэлтэй холбогдуулан тусгайлан гаргах саналгүй байна. ...” гэв.

Яллагдагч Б.Бын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б болон түүний өмгөөлөгч нараас гэм буруу дээрээ маргадаггүй. Б.Быг хамтран ажиллах этгээдээр шүүхээс тогтоосон. Шүүх тогтоохдоо мэдээлэл нь үндэслэлтэй гэдгийг холбогдох газруудаар шалгуулаад тогтоосон. Тогтоосны дараа Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад Б.Бын мэдээлэлд тулгуурлан хар тамхи борлуулж байсан болон авлигыг гэмт хэргүүд аль аль нь нотлогдлоо гээд харьяалалын дагуу авлигын хэрэг нээж шүүх рүү явуулсан. Б.Бын хэлсэн мэдүүлэг үндэслэлтэй гэдэг нь нотлогдож байна. Хар тамхи борлуулсан бүлэглэлийн асуудал бол ээдрээ төвөгтэй, удаан хугацаанд шалгагдах шаардлагатай, зарим  хүмүүс нь гадаадад байгаа хэргүүд байдаг. Энэ хэрэг одоо хүртэл үргэлжлээд явж байгаа. Хар тамхитай тэмцэх хэлтэс нь шалгах нь зөв үү, буруу юу гэдэг дээр би эргэлздэг. Өнөөдөр мөрдөн байцаалт эд явагдаж байхад ямар үүрэг оролцоотой гэдгийг шүүхээс асууж байгаа нь хачирхалтай байна. Тэрийг заавал мэдэж яах гээд байгаа юм бэ, Авлигатай тэмцэх газрын албан бичиг байж байгаа. Энэ хүний хэлсэн хар тамхины хэргийн талаар хэлсэн мэдээлэл хангалттай нотлогдлоо. Гэхдээ бид харьяаллын дагуу хар тамхитай тэмцэх хэлтэст явуулж, харин авлигын хэргийг нь шүүх рүү явууллаа. Тэр хүн энэ хэрэгтэй холбоотой учраас арга хэмжээ аваад албан тушаалаас нь халж шийдвэрлэсэн. Энэ хар тамхины хэрэгт Б.Б өөрөө оролцоотой, өөрөө тэрхүү бүлэглэлүүд дунд явж байсан хүн өөрөө өөрийгөө ил болгож бүх сүлжээг нь илчлээд явж байгаа. Мөрдөн байцаалтын нууц гэж юм байгаа. Энэхүү хэрэг удаан шалгагдана гэж би бодож байна. Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар, прокурор хүртэл энэ хэрэг нотлогдсон гэж хэлдэг. Шүүхээс гэм бурууг нь тогтоох ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс яг ямар оролцоотой юм бэ гээд байдаг. Б.Б өөрөө өөрийгөө илчлээд миний дансаар ингэж нотлогдож байна гэж хэлдэг. Шүүх хуралдаанд Б.Быг ил болгосон процессийн алдаанууд нь холбогдох албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас хохирсон. Шүүх болон прокурорын буруу байсан. Б.Б баттай мэдээлэл өгсөн тэрхүү мэдээлэл нь нотлогдсон. Энэ хэрэг цааш яаж шийдвэрлэгдэх нь Б.Бт хамаагүй. Б.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бүрэн боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Б.Бын өмгөөлөгч Т.Золбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч А.Бүдханд, Н.Намжилцогт нарын гаргасан саналыг дэмжиж байна. Тусгайлсан тайлбар байхгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “прокурорын оруулж ирсэн яллах дүгнэлт нь Б.Быг яллахад хангалттай хууль зүйн үндэслэл байхгүй” гэсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Бын хэрэгт дахин нэмэлт мөрдөн байцаалт явуулснаар Б.Бт өөрт нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх эрх зүйн боломж үүсэх боломжтой байгааг прокурор тогтоож орж ирээгүй. Тиймээс гэм буруугийн асуудлыг шүүх рүү явуулах боломжгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл яллагдагч Б.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Б.Бт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжинд заасан “...Б.Б нь дээрх гэмт хэрэгт ямар байдлаар, ямар сэдэлт, зорилгоор, гэм буруугийн ямар хэлбэрээр, ямар оролцоотой байсныг тогтоож чадаагүй байна. Мөн тухайн хэргийг илрүүлэхэд Цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан эсэх, эсхүл тухайн хэргийг үйлдэхэд нэр бүхий хүмүүстэй хамтран оролцсон эсэх, хамтран оролцсон бол ямар байдлаар оролцсон болохыг тодорхой болгох, сэтгэцэд нөлөөт бодисыг зарж борлуулсан, эсхүл тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зуучлахад оролцсон аль нь болохыг нэг мөр шалгаж тодруулаагүй байна. Хэрэв яллагдагч Б.Б нь энэ хэргийг илрүүлэхэд оролцсон бол энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг прокурор хийх нь хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ. ...” гэх үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

Гэмт хэргийг илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлж, хамтран ажилласан гэж гэмт хэрэгт хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэгт бэлтгэх, гэмт хэрэг үйлдэхээр завдах шатанд, эсхүл гэмт хэрэг үйлдэж дууссаны дараа гэмт хэргийг илрүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн тухай мэдээлсэн, гэмт этгээдийг илчилсэн, хэрэгт ач холбогдол бүхий шаардлагатай нотлох баримт гаргаж өгсөн, байршлыг заасан, гэрч, хамтран оролцогчдыг нэрлэж заасан зэрэг хэлбэрээр хамтран ажилладаг.  

Түүнчлэн, гэмт этгээд бодитой тусалж, хамтран ажиллах тухайгаа ямар ч шахалт, албадлагагүйгээр сайн дураараа өөрийн биеэр ирэх, эсхүл тодорхой мэдээллээр дамжуулан илэрхийлсэн байдаг.

Тухайн этгээд нийгэмд аюулгүй болсон, дахин гэмт хэрэг үйлдэхгүй нь тодорхой болсон, гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох ажиллагаа богино хугацаанд явагддаг тул ялын зорилго биелсэн гэж үзэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бий болдог.

Иймд Б.Б нь хамтран ажиллах этгээдээр тогтоогдож ямар байдлаар, яаж хамтран оролцсон, мөн гэмт хэрэгт оролцсон эсэх, оролцсон бол ямар үүрэг оролцоотой оролцсон болохыг нэг мөр тогтоосноор түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЗ/511 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЗ/511 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэнийн “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” бичсэн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР        

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ