2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1794

 

   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

улсын яллагч А.Марал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ийн өмгөөлөгч Д.С-,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Ч,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн нарыг оролцуулан эрүүгийн 2403004240638 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

А овогт П.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч П.Б нь Б дүүргийн **-р хороо, *** худалдааны төвийн зүүн урд талын авто замд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өглөөний 06 цаг 36  минутын орчимд “Toyota Crown” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал Б-ний болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 11.5. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Honda Insignt маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Ж-, зорчигч Б.С- нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос П.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-, Б.Амармэнд, иргэний нэхэмжлэгч Д.Ч, Д.Г- нарын мэдүүлэг, шүүгдэгч П.Б-ний сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч П.Б нь Б дүүргийн **-р хороо, *** худалдааны төвийн зүүн урд талын авто замд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өглөөний 06 цаг 36  минутын орчимд “Toyota Crown” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал Б-ний болгохгүйгээр зорчино." Мөн дүрмийн 11.5. "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Honda Insignt маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Ж-, зорчигч Б.С- нарын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч П.Б нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Б.Ж-, зорчигч Б.С- нарын амь насыг хохироосон үйл баримт нь:

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2024 оны 06 дугаар сарын 20-ны шөнө Б дүүргийн **-р хороо ****-р хороолол ** байрны *** тоотод унтаж байхад үүрийн 05 цаг өнгөрч байхад миний ******** дугаарын утас руу Ч-  над руу залгаад “********  дээр байна анх нь жоохон уучихсан байна, автомашин жолоодоод гэрт хүргээд өгөөч” гэж хэлэхээр нь би гэрээсээ ********  дээр явж очоод ах нартайгаа хамт байна гээд хэдэн хүмүүстэй автомашин дотроо сууж байсан бөгөөд тэр хүмүүс түрүүлээд яваад өгсөн бөгөөд дараагаар нь би Ч-ын автомашиныг жолоодон, Ч- автомашины урд буюу жолоочийн хажуугийн суудалд суугаад явсан бөгөө ***-р хороолол өнгөрөөд ********-ын уулзварт ирэх үед Ч- надад хандан зүүн эргэчих ах нь жоохон салхилмаар байна гэж хэлэхээр нь би ********-ын уулзвараар зүүн эргээд явж байхад ******** худалдааны төвийн эргэлтэн дээр эргэх үед миний жолоодон явсан автомашины өөдөөс нэг машин орж ухаан алдсан байсан. Ухаан орох үед хоёр хүн намайг сэрээгээд машинаас гараарай гэсэн бөгөөд би суудлын бүсээ тайлж чадахгүй байж байгаад арай хийж тайлаад байж байтал тэр хоёр хүн намайг цонхоор татаж гаргаад явган хүний зам дээр аваачаад тавьсан бөгөөд дараагаар нь Ч-ыг хоёр талаас нь дамжлаад гаргаж ирсэн. Энэ үед Ч- ухаангүй байсан бөгөөд осол болсны дараагаар миний жолоодон явсан автомашины урд хэсэгт гал гарч байсан. Тэгээд би тэр хоёр хүнд хандан нөгөө машины хүмүүсийг гаргаарай гэж хэлэхэд тэр хоёр хүний нэг нь нөгөө машины хүмүүсийг нас барсан байн гэж хэлсэн бөгөөд удалгүй эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашин ирээд Ч- бид хоёрыг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...Миний жолоодон явж байсан Toyota Crown маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл болохын өмнө хэдэн км цагийн хурдтай явж байсныг хянах самбараас хараагүй. Ойролцоогоор 50-60 орчим км цагийн хурдтай явж байсан...Би 2024 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот Ж-т байрлах Т нэртэй жолооны сургуульд суралцан В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болсон. Түүнээс хойш автомашин жолоодож байгаа...Миний баруун гар болон баруун хөлийн ял хугарсан, баруун өвдөг болон зүүн өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй, цус хурсан, хүзүүний гэмтэлтэй, эрүүнд зөөлөн эдийн гэмтэлтэй, эдгээр гэмтлүүдээс болж хүзүү, нуруу нугарсан гэмтэл авч биеийн зүүн талд мэдээ алдаад саажилт үүссэн, хааяадаа миний бие таталт өгөөд байдаг болсон. Хоёр мөрөнд зовуурьтай байгаа. Ослын дараагаар би эмнэлгийн байгууллагаар үзүүлж байхад миний толгойд уйланхай Б-ний болсон байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 244-245/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний ээж Б-ы С- нь цэл залуугаараа 42 насандаа төмөр хийцэд хавчуулагдаж хэрцгийгээр амь насаа алдсан. Миний ээж ямар ч өвчин, зовлонгүй сэргэлэн цовоо айлын цэцэг шиг охин байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Хоёрдугаарт Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын17-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан мөн шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар шүүгдэгч П.Б нь 99.000.000 төгрөгийн сэтгэцэд учирсан хохирол төлөх төлбөртэй байсан. Уг төлбөрийг төлөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ял оногдуулахдаа шүүх хэрэглэсэн. Дахин яллагдагч нь хохирогчоосоо давуу эрхтэй шүүхийн шийдвэр гарахыг би хүсэхгүй байна, шүүх бүрэлдэхүүнийг үнэн зөвөөр шийднэ гэж найдаж байна. Шүүгдэгч П.Б, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч- нар нь өнөөдрийг хүртэл манай гэр бүлээс нэг ч удаа хүн ёсоор уучлалт гуйгаагүй, зөвхөн шүүх хуралдааны явцад л уучлалт гуйж байсан. Өмнө нь шүүхийн гадаа манай гэр бүлтэй зөндөө тааралдсан, нэг ч удаа уучлалт гуйж ирээгүй, гэм буруугаа ухаарахгүй, гэмшихгүй байна гэж бодож байна. Мөн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг тогтооход баримтлах зарчим гэж байдаг. Үүнд “хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлэн тооцож, хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан байдаг. Мөн журмын 3.8-д “шүүх мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн гэм буруутай байдал, гэм бурууг учруулагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдлыг харгалзан үзнэ” гэж заасан. Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмчийн дүгнэлтээр Г- миний биеийг 3 дугаар зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээнд тогтоосонд гомдолтой байна. Өнөөдөр би 12 дугаар ангиа төгссөн дүүдээ ээжийгээ орлох гэж хичээж байна. Гэсэн ч би ээжийгээ дүйцүүлж орлож чадахгүй байгаа, би бага насны хоёр хүүхэдтэй, 24 настай өрх толгойлсон ээж хүнд дэндүү ахадсан ачаа байна. Миний ээж амьд сэрүүн байсан бол дүүг минь их сургуульд нь оруулаад аваад явчих хангалттай чадалтай эрүүл, саруул хүн байсан. Би болон манай гэр бүл маш их гомдолтой байна, эхийгээ алдсан дүү бид хоёр, үрээ алдсан хөгшин настай эмээ минь, гэр бүлийн минь гомдол хэзээ ч тайлагдахгүй. Биднийг насан туршийн зовлонд унагалаа. Энэ хэрэг нь зүгээр ч нэг зам тээврийн осол байгаагүй, хурд хэтрүүлэн урсгал сөрсөн хариуцлагагүй жолоочийн буруутай үйлдлээс болсон, ээж минь төмөр хийцэд хавчуулагдаж маш хэрцгийгээр нас барсан. Шүүх бүрэлдэхүүн энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б-ы С-ийн төрсөн дүү нь байгаа юм. Манай эгч Б.С- нь 19** оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ****-д айлын хоёр дахь хүүхэд болон төрсөн бөгөөд бид эхээс тавуулаа доороо гурван дүүтэй. Бага насаа Улаанбаатар хот Яөнгөрөөсөн бөгөөд ******аа сургуульд орж улмаар манай аав Г.Б- 1992 онд нас барсны улмаас Э хотод нүүж тэндээ 6 жил суурьшиж байгаад буцаад 1998 онд Улаанбаатар хотод ирсэн. Ингээд манай эгч 10 жилийн сургуулиа төгсөөгүй бөгөөд Улаанбаатар хотод амьдарч байхдаа буюу 1999 оноос эхлэн оёдлын үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд түүнээс хойш хувийн байгууллагад ажиллаж байсан. Сүүлд сургаалтанд суугаад мэргэжил дээшлүүлээд хувийн байгууллагад нярав хийж байсан бөгөөд хамгийн сүүлд “Б” ХХК-д ажиллаж байсан. Гэр бүлийн хувьд манай эгч Б.С- нь хүнтэй сууж гэр бүл болж байгаагүй бөгөөд 24 настай охин С.Г болон 18 настай хүү Н.Т- гэдэг хоёр хүүхэдтэй бөгөөд нас барахын өмнө Б дүүрэг ******** орчимд хүү Н.Т-ийн хамт амьдардаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59-60/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний эцэг Б.Ж- нь 19*** оны 07 дугаар сарын 02-ны өдөр Д аймгийн Ц суманд айлын хоёр дахь хүүхэд болон төрөөд айлд өргүүлсэн. Бага насандаа эцэг, эхийн гарт хүмүүжин өсөөд сумынхаа сургуульд 8 жил суралцан төгсөөд 19** онд Д хотод Барилгын цэргийн ангийн ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хаагаад 19** онд халагдаад Д аймгийн Ахуйн үйлчилгээний газарт 19**-19** он хүртэл зурагчнаар ажиллаж байгаад дараагаар нь хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. 19** онд Д аймагт манай ээж Б.Д-ай гэр бүл болж 2 хүү, 1 охинтой болсон бөгөөд 2008 оноос хойш У хотод суурьшсан амьдарсан. Манай зав авто замын ослоор нас барахын өмнө Б дүүрэг ** дүгээр хороо ***** дугаар гудамж **** тоотод эхнэр, охин хоёрын хамтаар амьдарч байсан. Манай ээж Б.Д нь эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөр эрхэлдэггүй, манай дүү Ж.Б СУИС-ын 2 дугаар курсийн оюутан бөгөөд аав маань гэртээ ганцаараа ажил хийдэг байсан. Манай ах Ж.Б бид хоёр хүнтэй сууж, гэр бүл болоод тусдаа амьдардаг. Манай аав ослын өмнө UB cab-д таксинд явдаг байсан бөгөөд осол болох үед дуудлага аваад зорчигчтой хамт явж байгаад осолд орсон байсан. Аав маань ааш зангийн хувьд төлөв даруу, гэр бүлдээ халамжтай, хамт олонсог, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Honda Insignt 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай ээж Б.Д "Е" ХХК-аас мөнгө гаргуулан 2023 оны 09 дүгээр сарын үед худалдан авч байсан. Одоо уг байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг. Уг байгууллагатай байгуулсан гэрээний дагуу зээлийн төлбөрийг нь ослоос өмнө хэвийн төлж байсан бөгөөд ослын дараах энэ оны 07 дугаар сарын төлбөрийг нь манай ээж Б.Д төлсөн, өнөөдрийг хүртэл төлөлтийг нь хэвийн төлж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-67/,

 

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Би 2024 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед ********  дээр байрлах нэгэн караокед хамаатны ах нарынхаа хамтаар орсон бөгөөд би 0.5 литрийн хэмжээтэй Heineken нэртэй 5 ширхэг пиво уугаад караокеноос 04 цаг өнгөрч байхад гараад, нэг ахынхаа автомашин дотор юм ярьж сууж байгаад, би харихаар болоод ангийн дүү П.Б-ний гэр нь тэндээс ойрхон болохоор нь би түүнийг гар утсаар нь залгаж дуудаад өөрийн Toyota Crown маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслээ бариулаад, Х дүүрэг рүү гэр лүүгээ харихаар болоод түүнээс автомашинаа бариулаад, би өөрийн жолоочийн хажуугийн суудалд суугаад зүүн дөрвөн замын орчимд явж байхад би унтаад өгсөн. Ингээд нэг мэдэхэд би гэмтлийн эмнэлэгт ухаан орсон бөгөөд осол болсон талаар эмч нар хэлж байсан...Иргэний хариуцагч Д.Ч-ын “Toyota crown” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сард хувь хүнээс 21,300,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг ойлголоо, ослын улмаас бусдад учирсан хохирол хор уршгийг би хариуцахад надад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-72, 76/,

 

иргэнийн нэхэмжлэгч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас Д.Ч-од 224,682 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээг яллагдагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /2хх-ийн 103/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-16/,

 

Цогцост үзлэг хийсэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 18-23/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл /1хх-ийн 53-54/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч С.К-ын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2254 дугаартай “1.Талийгаач Б.С-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр их, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хуйхны цус хуралт, цээжний баруун талын, 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы хоёрлосон, 8-р хавирга дан шууд хугарал, баруун атгаал, дунд чөмөг, зүүн шаант, тахилзуур ясны хугарлууд. элэгний эдийн няцрал, бөөрний өөхөн эд, чацархайн, цус хуралт, цагаан мөгөөрсөн хоолойн зөвлөн эдийн цус хуралт, зүүн үүдэн дээд 1-р шүд, доод зүүн шүднүүдийн булгаралт, дух, дээд, доод уруулын шарх, зулгаралт, баруун чих нүдний баруун доод хэсэгт няцарсан шарх, цээж, баруун мөр, атгаал, гуя, зүүн гуя, зүүн бугалгын цус хуралт, баруун, зүүн шуу, ташаа, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн буюу тухайлбал авто ослын үед нэгэн зэрэг учирсан байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3, 4.1.12, 4.1.15, 4.1.26-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4.Талийгаач Гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.

5.Талийгаачийн цогцост хийсэн анхны гадна үзлэгээр нас бараад 3-4 цаг болсон гэжээ...” гэх дүгнэлт /1хх-ийн 79-90/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.С-ийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2253 дугаартай: “...“1.Шинжилгээгээр амь хохирогч Б.Ж-ийн цогцост тархи, цээж, хэвлий, аарцаг, дээд, доод мөчдийн хавсарсан гэмтэл: Их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархины завсарт аалзан хальсан доорх цус харвалт, ховдлуудын цусан хураа, хуйхны цус хуралт, сээрний 3-р нугалмын их биеийн хугарал, мултрал, нугасны бүрэн тасрал, баруун 1-11-р хавирга, зүүн талд 1-9-р хавирганы хоёрлосон зөрөөтэй хугаралтай, гол судасны тасрал, үнхэлцэг хальс, зүрх, ходоодны хатгагдсан шарх, хэвлийн урд ханын ил шарх, элэгний эдийн бяцрал, урагдал, баруун шуу, дунд чөмөг, шаант, хоёр талын шаант, тахилзуур ясны ил хугарал, умдаг ясны холбоос салсан хугарал, хуухнагт няцарсан шархтай, хоёр гуянд цус хуралт, дух, зүүн хөмсөг, чамархай, хамар, зүүн хацар, цээж хэвлий, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархины завсарт аалзан хальсан доорх цус харвалт, ховдлуудын цусан хураа, хуйхны цус хуралт, сээрний 3-р нугалмын их биеийн хугарал, мултрал, нугасны бүрэн тасрал, баруун 1-11-р хавирга, зүүн талд 1-9-р хавирганы хоёрлосон зөрөөтэй хугаралтай, гол судасны тасрал, үнхэлцэг хальс, зүрх, ходоодны хатгагдсан шарх, хэвлийн урд ханын ил шарх, элэгний эдийн бяцрал, урагдал, дунд чөмөг, шаант, хоёр талын шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтлүүд нь хохирлын хүнд зэрэг, баруун шуу, умдаг ясны холбоос салсан хугарал гэмтлүүд нь хохирлын хүндэвтэр зэрэг, хуухнагт няцарсан шархтай, хоёр гуянд цус хуралт, дух, зүүн хөмсөг, чамархай, хамар, зүүн хацар, цээж хэвлий, баруун гуянд зулгаралт гэмтлүүд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

4.Амь хохирогч нь тархи, цээж, хэвлий, аарцаг, дээд, доод мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5.2024.06.20-ны 09:30 цагт хийсэн цогцсын гадна үзлэгээс нас бараад 4-5 цаг болсон байжээ.

6.Үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

7.Нэгдүгээр бүлгийн цустай байна.

8.Нас барах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ...” гэх дүгнэлт /1хх-ийн 95-106/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Н.Э-гийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8225 дугаартай

1.Д.Ч-ын биед хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохио үйлдлээр үүснэ.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5.Цаашид гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 148-149/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Ж-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3719 дугаартай “... 1.2. 3. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Б" гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 154-156/,

 

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №461 дугаартай: “Тус Төвд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн “Toyota Crown” маркийн 00-00 улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул шүүхийн шинжилгээний хуулийн 19.1.6 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно” гэх албан бичиг /1хх-ийн 217/,

 

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №460 дугаартай: “Тус төвд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн “Honda Insight” маркийн 00-00 улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул шүүхийн шинжилгээний хуулийн 19.1.6 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно” гэх албан бичиг /1хх-ийн 220/,

 

Honda Insignt 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн иргэн Б.Д "Есөн шижир инвест ББСБ" ХХК-аас зээлийн гэрээний дагуу /13,700,000 төгрөгөөр/ худалдаж авсан талаарх баримт /1хх-ийн 47/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч З.А, Х.Х нарын хамтарсан 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 995 дугаартай: “...1. Зам тээврийн ослын улмаас амь хохирогч Б-ы С-ийн хууль ёсны төлөөлөгч С-ийн Г-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуу, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт, /2хх-ийн 244-246/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч З.А, Х.Х нарын хамтарсан 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 996 дугаартай:

1. Зам тээврийн ослын улмаас амь хохирогч Б.Ж-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн хямралын шинжүүд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт, /2хх-ийн 234-235/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч, Б.А-ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1380 дугаартай: “1.Toyota Crown маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал Б-ний болгохгүйгээр зорчино." Мөн дүрмийн 11.5. "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.

 

2. Honda Insignt 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх магадалгаа /1хх-ийн 228-231/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч П.Б нь Б дүүргийн **-р хороо, *** худалдааны төвийн зүүн урд талын авто замд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өглөөний 06 цаг 36  минутын орчимд “Toyota Crown” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал Б-ний болгохгүйгээр зорчино." Мөн дүрмийн 11.5. "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Honda Insignt маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Ж-, зорчигч Б.С- нарын амь насыг хохироосон гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч П.Б-д дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ний энэ хэрэгт цагдан хоригдсон 124 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг 4 жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолох нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д 14.339.488 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-т 18.015.499 төгрөг, Honda Insignt тээврийн хэрэгслийн төлбөрт 9.909.700, Эрүүл мэндийн даатгалын санд 224.682 төгрөгийг тус тус төлж барагдуулсан.

Иргэний нэхэмжлэгч Д.Ч- нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 995 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-д учирсан сэтгэцийн хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамааруулж, мөн өдрийн 996 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-т учирсан сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамааруулж тус тус дүгнэлт гарсан хэдий ч шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан сэтгэцийн хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу гаргуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

   

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5-т “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж заажээ.

Хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хүн амын дундаж наслалт эрэгтэй хүн 67.9, эмэгтэй хүн 77.1 байна.

Амь хохирогч Б.Ж- 1966 оны 07 дугаар сарын 02-нд төрсөн бөгөөд хэрэг гарах үед 57 нас 1 сартай буюу дундаж наслалтын зөрүү 10.79, амь хохирогч Б.С- нь 1982 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн бөгөөд хэрэг гарах үед 42 нас 2 сартай буюу дундаж наслалтын зөрүү 34.9 байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 2024 оны байдлаар 660.000 төгрөг байсан ба үүнийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр буюу 3.300.000 төгрөгөөр тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын 115.170.000 төгрөгөөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 35.607.000 төгрөгөөр тус тус тогтоож, шүүгдэгч П.Б-ээс нийт 150.777.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1  ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А овогт П.Б-нийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч П.Б-нийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ний энэ хэрэгт цагдан хоригдсон 124 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Бд оногдуулсан 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Иргэний хуулийн 5***-р зүйлийн 513.1-т зааснаар шүүгдэгч П.Б-ээс 150.777.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-д 115.170.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-т 35.607.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

8.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР