| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2021/03844/И |
| Дугаар | 183/ШШ2022/01337 |
| Огноо | 2022-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2022/01337
2022 оны 05 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2022/01337 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Өөрийн байранд байрлах, А ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С. Э /РД:00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 135,393,956.48 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.З,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.П,
Хариуцагч: С.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч: М.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Тус банк зээлдэгч сүхС.Эрдэнэ, З.Б нартай 2017.09.08-ны өдөр 00000000 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар олгосон. Мөн С.Э, З.Б нартай 2019.03.29-ний өдөр 0000000 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч нар 00000000 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2020.08.31-ний өдрөөс, 0000000 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2020.08.31-ний өдрөөс хойш биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2020.08.31-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.
Зээлдэгч С.Э, З.Б нар нь 2021.11.12-ны өдрийн байдлаар 00000000 тоот Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,109,852.32 төгрөг, зээлийн үндсэн хүү 8,028,772.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 432,120.78 төгрөг, нийт 28,570,745.72 төгрөг,
2021.11.12-ны өдрийн байдлаар 0000000 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 79,944,048.62 төгрөг, зээлийн үндсэн хүү 23,650,066.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,229,095.45 төгрөг, нийт 106,823,210.76 төгрөг,
Зээлдэгч С.Э, З.Б нараас 00000000 тоот зээлийн нэхэмжлэх дүн 28,570,745.72 төгрөг, 0000000 тоот зээлийн нэхэмжлэх дүн 106,823,210.76 төгрөг буюу хоёр зээл тус тусдаа ийм хэмжээний өртэй болоод байна. Зээлдэгчдээс нийт 135,393,956.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь С.Этэй 2017 оны 9 сарын 08-ны өдөр 00000000 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.1 хувийн хүүтэй, жилийн 25.2 хувийн хүүтэй байхаар 60 сарын хугацаатай зээл олгосон. Зээлийн барьцаанд Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 17 дугаар байрны 11 тоотод байршилтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн С.Этэй 2019 оны 3 сарын 29-ний өдөр 0000000 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулан 80,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,85 хувь, жилийн 22,2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгож, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 12 дугаар байрны 138 тоот хаягт байршилтай 1 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, 2 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Хариуцагч нь дээрх хоёр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаа хэтэрч зээл, зээлийн хүүний төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаас банкнаас удаа дараа шаардсан ч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө барагдуулаагүй байна. Хариуцагч нь 2021 оны 11 сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн 00000000 тоот гэрээний дагуу үндсэн зээл нь 20,109,852 төгрөг, үндсэн хүү 8,028,772 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 432,120 төгрөг нийт 28,570,745 төгрөг, 0000000 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл нь 79,944,048 төгрөг, үндсэн хүү 23,650,066 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,229,095 төгрөг нийт 106,823,210 төгрөг буюу 2 зээлийн нийт төлбөр нь 135,393,956 төгрөг болсон байна. Иймд дээрх 2 зээлийн дүн болох 135,393,956 төгрөг гаргуулах, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна гэв.
Хариуцагч С.Эийн татгалзлын агуулга:
А ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч С.Э би нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. С.Э би А ХХК-иас 2017, 2019 онуудад зээл авч байсан нь үнэн бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Би хувиараа Япон улсаас автомашин импортлон зарж борлуулах, бусдад автомашин захиалахад нь зуучлах ажил эрхэлдэг байсан бөгөөд 2020 оны 01 сард дэлхий нийтэд ковид-19 цар тахал тархаж эхэлснээс хойш олон улсын хил, гааль хаагдаж улмаар миний эрхэлдэг ажил, үйлчилгээ зогсоход хүрсэн билээ. Хэдийгээр хил, гааль хаагдаж эрхэлж буй ажил, үйлчилгээ маань зогсож орлого ашиггүй болсон ч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан. Би банкинд 2020.06.17-ны өдөр хандаж орлогогүй болсон учраас зээлээ төлж чадахгүйд хүрлээ, 2020.06.26-ны дотор зөрчлөө арилгаж чадахгүй бол шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж хүсэлт гаргасан байдаг. Миний хувьд банкны ажилтнуудад утсаар болон биечлэн зээлийн хүүг зогсоох болон зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгааг удаа дараа хэлдэг байсан боловч тэд зээлийн гэрээний 3.1.5, 3.1.8, 5.2 дахь хэсэгт тус тус заасанчлан тодорхой арга хэмжээ аваагүй, зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх эсхүл гэрээг дангаар цуцалж шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй өдийг хүргэсэн. Ийнхүү банкны зүгээс зээлийн гэрээнд заасны дагуу тодорхой арга хэмжээ авалгүйгээр өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч миний эрх зүйн байдлыг доройтуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2021,11,12-ны өдрийн байдлаар тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2 удаагийн зээл аваад сар сараар нь төлөөд явж байсан. Ковид-19 цар тахал эхэлснээр бизнесийн үйл ажиллагаа зогссон. Би автомашин Япон улсаас оруулж ирж зардаг байсан. Санхүүжилт хэрэгтэй байсан учраас Анаас зээл авч байсан. Ковид-19 цар тахлын үед хүү нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй байгаа. Харин үндсэн зээлийг хүлээн зөвшөөрнө. 2020 оны 01 сараас 2021 оны 6 сар хүртэлх хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн хөрөнгөөр хангуулах талаар хүлээн зөвшөөрнө гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх С.Э нь зээл хүсэх өргөдөл дээрээ автомашины худалдаа эрхэлж импортолдог учраас санхүүжилт хүссэн байдаг. 2020 оны 01 сарын 28-ны өдрөөс ковид-19 цар тахал гарч Монгол улсын хил хаагдаж импортын үйл ажиллагаа хаагдаж, хариуцагчийн бизнес бүрэн зогссон. Үүнээс эхлэн зээлийн гэрээний графикт заагдсан хүү төлөлт саатаж эхэлсэн. А С.Этэй энэ асуудлын талаар ярих үед хариуцагч нь 2020 оны 6 сарын 17-ны өдөр Атай уулзан нөхцөл байдлаа хэлэн 2020 оны 6 сарын 26-ны өдөр төлөх талаараа хүсэлт өгсөн. С.Эээс энэ хүсэлтийг хүлээж авснаас хойш 2021 оны 11 сарын 12-ны өдөр буюу нийт 500 гаруй хоногийн дараа А шүүхэд нэхэмжлэл гаргасан. Банкны зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй удсан учраас хариуцагчийн эрх зүйн байдал дордож, зээлийн хүү ихээхэн нэмэгдсэн байдаг. Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг андуурч 2020 оны 11 сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд А нэхэмжлэл гаргасан байсан. Үүнээс болж С.Эийг эрэн сурвалжлуулсан тохиолдол байдаг. Энэ талаар нэхэмжлэгч өөрийн буруугаас болон хариуцагчийн хаягийг андууран нэхэмжлэл гаргасан мөртөө энэ хугацааныхаа нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Ковид-19 цар тахал гарсны улмаас банкны зүгээс зээлдэгч нартайгаа холбогдож зээлийн хүүг зогсоох арга хэмжээг авч байсан ч С.Ээд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн С.Эийн 2020 оны 6 сарын 17-ны өдрийн Аанд гаргасан хүсэлтийг хэрхэн шийдсэн талаар хариу өгөөгүй. Иймд 00000000 тоот гэрээнээс 10,625,409 төгрөг, 0000000 тоот гэрээнээс 24,961,315 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчээс 2017.09.08-ны өдрийн 00000000 тоот Орон сууцны зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019.03.29-ний өдрийн 0000000 дугаартай Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл хүсэгчийн анкет, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, хүү тооцооллын хүснэгт, 2016.11.10-2021.11.10 хүртэлх зээлийн дансны хуулга, 2018.11.10-2021.11.10 хүртэлх зээлийн дансны хуулга, 000614438 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 000571000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 000119345 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, №202010167027042759-0 мемориалын баримт, №202010166464019386-0 мемориалын баримт, 2020.02.14-ний өдрийн мэдэгдэл №2, 2020.01.31-ний өдрийн мэдэгдэл №2, 2020.06.17-ны өдрийн С.Эийн хүсэлт, 2021.11.10-ны өдрийн С.Эийн хүсэлт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.11.04-ний өдрийн 182/ШЗ2020/11353 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.24-ний өдрийн 183/ШШ2021/00733 дугаартай шийдвэр, 2017.09.05-ны өдрийн С.Эийн хүсэлт, мемориалын баримт №202010166464019386-0, мемориалын баримт №202010167027042759-0 зэрэг нотлох баримтыг
Шүүгчийн захирамжаар Монгол банкны 1997.10.21-ний өдрийн 14 дугаартай Банкны зөвшөөрлийн гэрээ, 14 тоот гэрчилгээний хавсралт, 14 тоот гэрчилгээний хавсралт-2 зэрэг нотлох баримтыг тус тус гарган өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК хариуцагч С.Ээд холбогдуулан 00000000 тоот Орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 28,570,745.72 төгрөгийг гаргуулах, №000614438 гэрчилгээний дугаартай, 000000 улсын бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 17 дугаар байр, 11 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах, 0000000 тоот эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 106,823,210.76 төгрөгийг гаргуулах, №000119345 гэрчилгээний дугаартай, Ү-2205036453 улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельсийн гудамж, 12 дугаар байр, 138 тоот хаягт байршилтай 28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, №000571000 гэрчилгээний дугаартай, 000000 улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2 дугаар байр, 17 тоот хаягт байршилтай 29 м.кв бүхий 2 өрөө орон сууц зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцэв.
Хариуцагч С.Э нь банк шаардах эрхээ хэрэгжүүлээгүй удаж, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөн цар тахлаас шалтгаалан гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаарх нөхцөл байдлаа нэхэмжлэгчид амаар болон бичгээр хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хил хаагдсанаас импортын үйл ажиллагаа бүхэлдээ зогсож, гэрээний үүргээ биелүүлж чадахгүй талаар банканд мэдэгдсэнээс хойш 514 хоногийн дараа шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Ийнхүү банк шаардах эрх хэрэгжүүлээгүй хугацаа алдсанаас хүү их хэмжээний нэмэгдсэн. Мөн зээлдэгчийн анкетад бичигдсэн хариуцагчийн хаягаас өөр хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг хугацааны хүүг зөвшөөрөхгүй. Иймд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хугацааны хүүг хасуулах хүсэлттэй байна. Харин үндсэн зээл, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус зөвшөөрч байна хэмээн маргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А ХХК, хариуцагч С.Э, З.Б нартай 2017.09.08-ны өдөр 00000000 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 7-9-р хуудас/
Дээрх 00000000 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 000000 улсын бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 17 байр, 11 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц барьцаалсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 10-12-р хуудас/
Мөн 2019.03.29-ний өдөр 0000000 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 80,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22.20 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон. /хэргийн 13-14-р хуудас/
Дээрх 0000000 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 000000 эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2 дугаар байр, 17 тоот хаягт байршилтай 29 м.кв бүхий 2 өрөө орон сууц, Ү-2205036453 эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельсийн гудамж, 12 дугаар байр, 138 тоот хаягт байршилтай 28 м.кв бүхий 1 өрөө орон сууц тус тус барьцаалсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 15-19, 38-40р хуудас/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь З.Бямбадарийг Япон улсад оршин суугаа, итгэмжлэл авах боломжгүй гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулахаас татгалзаж, хариуцагч З.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав.
Хариуцагч С.Э, нэхэмжлэгч А ХХК нар нь 2017.09.08-ны өдөр 00000000 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 2019.03.29-ний өдөр 0000000 дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 00000000 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөг, 0000000 дугаартай зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөг олгосон, хариуцагч нь дээрх мөнгийг хүлээн авсан талаар хэн аль нь зөвшөөрч, маргаагүй байх ба талуудын хооронд 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.Э нь 2020.06.17, 2021.11.10-ны өдөр тус тус Аанд Ковид-19 цар тахлын улмаас зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байгаа тул хугацаа сунгуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлж байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу нийтэд илэрхий үйл баримт буюу дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас С.Эийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн байна.
Өөрөөр хэлбэл Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 тоот Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэж заажээ.
Хариуцагч С.Эээс 2017.09.08-ны өдрийн 00000000 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 20,109,852.32 төгрөг, зээлийн хүү 8,028,772.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 432,120.78 төгрөг, нийт 28,570,745.72 төгрөгийг,
2019.03.29-ний өдрийн 0000000 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 79,944,048.62 төгрөг, зээлийн хүү 23,650,066.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,229,095.45 төгрөг, нийт 106,823,210.76 төгрөгийг нэхэмжлэгч тус тус шаардсан.
Үүнээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 35,340,055.54 төгрөг бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасны дагуу дээрх хүүний төлбөрөөс 10 хувиар бууруулж тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд 2017.09.08-ны өдрийн 00000000 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2019.03.29-ний өдрийн 0000000 тоот Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,053,900.94 төгрөг, зээлийн хүүнд 31,806,050 төгрөг, нийт 131,859,950.94 төгрөгийг хангаж, үлдэх 3,534,005.55 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Барьцаа хөрөнгө болох Ү-2205036453 улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельсийн гудамж, 12 дугаар байр, 138 тоот хаягт байршилтай 28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч нь Сүхбаатарын Эрдэнэсувд /РД:ЧД83120801/ бөгөөд С.Эрдэнэсувдад С.Эрдэнэсувдын барьцаа хөрөнгийг хангуулах талаар итгэмжлэл олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд С.Эрдэнэсувдын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельсийн гудамж, 12 дугаар байр, 138 тоот хаягт байршилтай 28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаас үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.Эийн өмчлөлийн 000000 улсын эрхийн бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2 дугаар байр, 17 тоот хаягт байршилтай 29 м.кв бүхий 2 өрөө орон сууц, 000000 улсын эрхийн бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 17 дугаар байр, 11 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг нь хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу хариуцагч З.Бд холбогдох хэсгээс татгалзсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 905,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эээс 817,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.Эээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 131,859,950.94 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,534,005.54 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч З.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Эрдэнэсувдын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельсийн гудамж, 12 дугаар байр, 138 тоот хаягт байршилтай 28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, С.Эийн өмчлөлийн 000000 улсын эрхийн бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 17 дугаар байр, 11 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 000000 улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2 дугаар байр, 17 тоот хаягт байршилтай 29 м.кв бүхий 2 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 905,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эээс 817,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О