Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0424/З |
Дугаар | 128/ШШ2023/0077 |
Огноо | 2023-01-19 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2023/0077
2023 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 128/ШШ2023/0077 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Эйжаминералз ХХК /РД:/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс хоорондын Ашигт малтмалын хайгуулын - дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Эйжаминералз ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмалын хайгуулын дугаартай, хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах-аар маргаж байна.
2. Завхан аймгийн Ургамал сумын нутаг Тос нэртэй газарт 42.612.82 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 292 дугаар шийдвэрээр, Дорноговь аймгийн Улаанбадрах, Эрдэнэ сумын нутаг Од нэртэй газарт 28.545.44 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлийг мөн даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн **** дугаар шийдвэрээр тус тус нэхэмжлэгч Эйжаминералз ХХК-д олгосон.
Хариуцагчаас нэхэмжлэгч Эйжаминералз ХХК-ийг өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын дугаартай, хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс нэг сарын өмнө хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн байна.
Улмаар нэхэмжлэгч Эйжаминералз ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 5 дугаар, мөн өдрийн 6 дугаар албан бичгээр тус тус Ашигт малтмал, газрын тосны газарт хандан ...хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан манай компанийн тусгай зөвшөөрлүүдийн сунгалтыг бүртгэж өгөхийг хүсэж байна гэх хүсэлтийг гаргасан,
Уг хүсэлтүүдийн хариуд Ашиг малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1/560 дугаар албан бичгээр ...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж... гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө, ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө тус тус гаргаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болсон-ыг мэдэгджээ.
Дээрх хариуг нэхэмжлэгч компани эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хандан ...тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмалын хайгуулын дугаартай, хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах гэж өөрчлөн тодорхойлсон, энэхүү өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.
4. Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...1/Завхан аймгийн Ургамал сумын нутаг, Тос нэртэй газарт байрлах 42,618.82 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүний эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, гэж зааснаар үүргээ биелүүлэх тухайд Улсын онцгой комиссын шийдвэр, Монгол улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай тогтоолоор хөл хорио тогтоож, үйл ажиллагаа явуулах, өргөдөл гаргах, холбогдох баримт бүрдүүлэх, банкны үйлчилгээ авах боломжгүй, тэг зогсолт хийсэн байсан учир тухайн хуульд заасан хугацаанд Ашигт малтмал, Газрын тосны газарт хандаж хүсэлт гаргах боломжгүй байсан.
Ажил цуглаж, хөл хорио цуцлагдахад өргөдөл, тусгай зөвшөөрлийг хавсралтын хамт, мөнгө тушаасан баримт, менежментийн төлөвлөгөө холбогдох баримтын хамтаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст хүргүүлсэн боловч хөл хорио, цар тахалтай холбоотойгоор хугацаа хэтрүүлсэн тусгай зөвшөөрлүүдтэй холбоотойгоор нэгдсэн шийдвэр гаргаж авах болно гэж буцааж байсан юм.
Түүний дагуу нэгдсэн журмаар шийдвэрлэхийг хүлээсэн байдалтай байсан ба 2021 оны 12 дугаар сард очиж уулзах үеэр дуусгавар болгосон бүртгэлийг хийж, манай компанийн дээрх тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон болохыг олж мэдсэн.
2/ Дорноговь аймгийн Улаанбадрах, Эрдэнэ сумын Од нэртэй газарт 28,545.44 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд Анх манай компанид уг тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр олгосон ба тусгай зөвшөөрлийн маань хугацаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болж байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ илэрхийлэн хариуцагч, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтэст хандаж, хүсэлтээ гаргасан.
Тухайн үед Ковид-19 цар тахалын тархалтын ид оргил үе байсантай холбоотойгоор хөл хорио тогтоож, халдвар авсан иргэдийг хатуу хяналтан дор эмчилгээ сувилгаа хийгддэг байсан үе ба компанийн гүйцэтгэх захирал Л.Зоригт миний бие Ковид-19 өвчний халдвар авч, өвдөн, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шинжилгээ эерэг гэж батлагдсан.
Улсын онцгой комиссын шийдвэр болон Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан үүргийн дагуу гэрийн тусгаарлалтад ороод, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх болсон учир компанийн нэрийн өмнөөс өргөдөл гаргах, холбогдох баримтыг гаргаж өгөх эрхийг Ү.Чойжилсүрэнд олгосон.
Гэтэл Ү.Чойжилсүрэн нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шинжилгээний хариу нь эерэг батлагдан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал эмнэлэгт хэвтэн, тусгаарлалтад орсон учир холбогдох баримт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, өргөдлийг дамжуулан авах боломжгүй болсон байсан.
Эдгээр бүх нөхцөл байдлуудаа тайлбарлан, холбогдох баримтуудаа хавсарган, хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулахаар хандсан боловч хариуцагч төрийн захиргааны байгууллагын зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ, 22.4-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ" гэж тус тус заасныг зөрчиж, хууль бус эс үйлдэхүй гаргаж, манай компанийг хохироож байна.
Ийнхүү хууль бусаар манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаагаас болж өдийг хүртэл 6 сарын хугацаанд хайгуулын ажлаа явуулж чадахгүй, өдийг хүртэл 6 жилийн хугацаанд хайгуулын ажилд зарцуулж ирсэн хөрөнгө мөнгөөрөө хохироход хүрээд байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 1/ Улсын онцгой комиссын 178 дугаар бүх нийтийн бэлэн байдалд шилжих тушаал 2022 оны 3 дугаар сард дуусгавар болох хүртэл орон нутагт чөлөөтэй зорчих эрх хязгаарлагдаж байсан.
Ашигт малтмал газрын тосны газар очиж уулзаад хүлээж авах боломжгүй байна гэх хариу аваад шийдвэр гаргах албан тушаалтантай уулзаагүйн улмаас өнөөдрийн энэ байдалд хүрсэн, хэд хэдэн удаа очиж уулзсан боловч бүртгэгдээгүйн улмаас энэ нөхцөл байдал тогтоогдохгүй болсон байна.
Нэхэмжлэгч байгууллагаас Ашигт малтмал газрын тосны газарт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 29 дугаар албан бичгийг өгсөн байдаг. Тус албан бичгийг бичиг хэргийн ажилтан бүртгэхдээ 2021 оны 11 дүгээр сарын 11 өдөр гэж, хариуг 2021 оны 11 дүгээр сарын 15 өдөр өгсөн боловч бүртгэлдээ 2021 оны 11 дүгээр сарын 16 өдөр гэж тус тус зөрүүтэй бүртгэсэн байсан
Ашигт малтмал газрын тосны газарт төлбөр төлсөн баримтаа хавсаргасан, компанийн захирал болон холбогдох албан тушаалтнууд ковидын халдвар авсан хүндэтгэж үзэх шалтгаан байгаа гээд холбогдох баримт бичгийг хавсаргаж өгөхөд судлаад хариу өгье гэсэн хариу хэлсэн боловч хариу албан бичиг явуулахдаа хуульд заасан хугацаанд ирээгүй гэх хариу өгдөг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт болон үзлэг хийсэн тэмдэглэлийн хүрээнд ижил төстэй нөхцөл байдалд өөр компанийг хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад хүндэтгэн үзэх шалтгаан байна гэж үзэж сонсох ажиллагаа хийгдэж өргөдлийг хүлээж авсан байсан. Энэ шударга бус байна. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг баримтаар тогтоож хүндэтгэн үзэх шалгаан тогтоогдож байх юм бол шийдвэрлэж өгөх хэрэгтэй байсан... гэв.
5. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...1/ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана..." гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 1 сарын өмнө ирүүлэхээр, 22 дугаар зүйлийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.
Гэтэл "Эйжаминералз" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын дугаартай XV-017718 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө нь буюу 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс, ашигт малтмалын хайгуулын XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө гаргаагүй байна. Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын XY-017718, XV-019412 тоот тусгай зөвшөөрлүүдийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг, тодруулбал тусгай зевшеерлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас сарын өмнө гаргаж байхаар мэдэгддэг.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно" 53.1.1-т ".Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" бол уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоор хуульчилсны дагуу дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгон бүртгэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд "Эйжаминералз" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Албан байгууллагын бичиг хэргийн ажилтан орой нь дугаараа авчхаад өглөө нь бүртгэлийн дэвтэртээ тэмдэглэж болдог. Мөн өчигдөр ирсэн бичгийг өглөө нь нэгдсэн системд оруулж болдог ихэнх захиргааны байгууллага ийм үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь төрийн байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй гэж бодож байна.
2021 оны цар тахлын нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчийн зүгээс ярьж байна. Энэ бол нийтэд ил үйл баримт тул хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй гэж бодож байна. Эй жаминериалз ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан баримтуудыг хуульд заасан хугацаанд нь бүрдүүлж чадаагүй учир Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон.
Хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд дээр Эйжаминериалз ХХК-тай адил төстэй тохиолдлыг өөр хэлбэрээр шийдвэрлэсэн байна гэж маргаж байна. Энэ бол үнэн, гэхдээ тухайн тохиолдолууд Эй жаминериалз ХХК-ийн тохиолдлоос өөр байсан эсэхийг нь холбогдох албан тушаалтнууд хэлэх байх гэж бодож байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч Эйжаминералз ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ ...орон нутагт чөлөөтэй зорчих эрх хязгаарлагдсан, хариуцагчаас нэгдсэн шийдвэр гаргана гэж буцааж байсан, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан, Гүйцэтгэх захирал Л.Зоригт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн нар тусгаарлалтад орсон,...ижил төстэй нөхцөл байдалд буй өөр компанийг хуульд заасан хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж өргөдлийг хүлээж авсан байгаа гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө гаргах үүрэгтэй...эс үйлдэхүй байхгүй гэж тодорхойлон тус тус маргав.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;, 22.1.3-т Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж, хуулийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж, 53 дугаар зүйлийн 53.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:, 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж тус тус заасан.
Хуулийн эдгээр заалтаас үзэхэд, нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө тухайлбал, ашигт малтмалын хайгуулын ХV-017718 тоот тусгай зөвшөөрлийн хувьд 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө, харин ХV-019412 тоот тусгай зөвшөөрлийн хувьд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө тус тус гаргах үүрэгтэй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь эдгээр тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд тусгайлан заасан дээрх хугацаанд гаргаагүй болох нь тогтоогдов.
Тодруулбал, хэрэгт цугларсан баримт болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 8/3620 дугаар албан бичгээр ...ашигт малтмалын хайгуулын XV-017718 тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг 2021 оны 3 дугаар сард болон түүнээс өмнө, хойно төрийн захиргааны байгууллагад ирүүлж байгаагүй...-г тодорхойлсон, харин Эйжаминералз ХХК-ийн, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр хариуцагч байгууллагад ...Үнэнгэрэл овогтой Чойжилсүрэн нь Ковид-19 оноштойгоор тусгаарлагдаж эмчилгээнд орсны улмаас лицензийн хугацаа сунгуулахад шаардагдах материалыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулийн хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүй...хугацааг сунгуулах материалыг хүлээн авна уу гэж хандсан, уг албан бичгийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч байгууллага хүлээж авсан болох нь гэрч А.Батгэрэлийн мэдүүлгээр тогтоогдсон болно.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг холбогдох баримтын хамт хуулийн хугацаанд нь гаргаагүй, түүнчлэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр албан бичигтээ хуульд заасан хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаж хүргүүлээгүй, энэ үндэслэлээр . дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу...гаргаагүй байна гэх хариуг хариуцагч захиргааны байгууллага 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 8/5077 дугаар албан бичгээр өгсөн, энэ тохиолдолд хариуцагчийг ...хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй гаргасан гэх хууль зүйн үндэслэлгүй.
Улмаар нэхэмжлэгч Эйжаминералз ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 5 дугаар албан бичгээр, мөн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 6 дугаар албан бичгээр тус тус Ашигт малтмал, газрын тосны газарт хандан ...хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах-ыг хүссэн, эдгээрийн хариуд хариуцагч Ашиг малтмал, газрын тосны газраас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө, тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө тус тус гаргаагүй тул...дуусгавар болсон гэх хариуг хүргүүлсэн болох нь тогтоогдсон.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх сэргээн тогтоох, улмаар даалгаж шийдвэрлэх учиртай бөгөөд энэ хэргийн тухайд хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргаагүй, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд хариу өгч шийдвэрлэсэн байх тул тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Эйжаминералз ХХК-иас ..хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, тус компанийн захирал Л.Зоригт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн нар нь Ковидоор өвчилсөн гэж тайлбарлан тус тусын шинжилгээний хариу, эмнэлгийн магадалгаа зэргийг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр нь нэхэмжлэгч компанийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй нөхцөл байдал, үйл баримтуудтай шууд холбоогүй, нөгөө талаар нэхэмжлэгч байгууллагыг хуульд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйг хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ гэж дүгнэх үндэслэл болохооргүй байна.
Учир нь нэхэмжлэгч компанийн захирал Л.Зоригтын өвчилсөн талаарх Эмнэлгийн магадалгаа-нд ...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажлаас чөлөөлөв гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн Эмчилгээний хяналтын эрүүл мэндийн бүртгэлийн маягт-д ...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, хяналтаас гарсан 2021 оны 11 дүгээр сарын 10-ы өдөр гэж тус тус тодорхойлсон, энэ нь хуульд заасан хугацааны дотор хүсэлт, холбогдох баримтуудаа гаргах талаарх нэхэмжлэгчийн үүргээс чөлөөлөгдөх шалтгаан нөхцөл болохгүй гэж шүүх үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, Эйжаминералз ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө холбогдох баримтуудыг хавсарган хуульд заасан хугацаанд гаргаагүй, энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх ба энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчээс ...ижил төстэй нөхцөл байдалд буй өөр компанийг хуульд заасан хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж өргөдлийг хүлээж авсан гэж тайлбарласан боловч тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, энэ нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээнд шийдвэрлэгдсэн асуудал болохын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан Эйжаминералз ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан ...Ашигт малтмалын хайгуулын дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН