Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/497

 

 

 

 

 

2021           05           20                                              2021/ДШМ/497

 

Б.Өт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Солонго, 

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/661 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр болон шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Солонгын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Өт холбогдох 2010016960006 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан;

Б.Ө нь 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Мишээл экспо” төвийн ажилчдын байранд архидан согтуурч, улмаар хамт архи уусан Х.Лтэй маргалдаж, түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, элэгний язрал урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт /200 мл/, цээж, хэвлийд цус хуралт” бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг оролцогч нараас шинжлэн судалж, талуудын гаргасан дүгнэлтийг хэлэлцэж хянаад, шүүгдэгч Б.Өт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, энэхүү ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

Прокуророос “шүүгдэгч Б.Өыг 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Мишээл экспо” төвийн ажилчдын байранд архидан согтуурч, улмаар хамт архи уусан Х.Лтэй маргалдаж, түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, элэгний язрал урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт, цээж, хэвлийд цус хуралт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Гийн өгсөн: “...Б.Ө хохирогч Х.Лийг цааш түлхтэл ширээний хөлөн дээр уначихлаа гэж бодтол сүүлд өрөөндөө ороод хараад байхад ард нь байсан паарны тогтоогч төмөр дээр уначихсан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх 38/, гэрч Ц.Бийн өгсөн “...Х.Л уурлаж, урдаа байсан жижиг ширээг бариад босоод ирсэн. Би ширээг авч булан руу шидчихээд байж байтал дахин маргалдаад сандал бариад босоод иртэл Б.Ө уурлаж зөрүүлээд түлхтэл хойшоо саваад уначихсан. ...” гэх мэдүүлэг /хх 18/,

хохирогчийн хувьд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн өөрийн үйлдлийг ухамсарлах чадваргүй байсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагджээ.

Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч Б.Ө нь хохирогч Х.Лийг түлхсэн үйл баримт тогтоогдож байх ба Б.Ө, хохирогч Х.Л нарын насны ялгаатай байдал, бие махбодын онцлогийг харгалзан түлхэн унагаахад биед нь гэмтэл учрахыг урьдчилан мэдэх боломжтой эсэх, улмаар түлхэж буй үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн тул хэргийн зүйлчлэлийг анхаарч, зөвтгөн ирүүлэх нь зүйтэй.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.Өт холбогдох эрүүгийн 2010016960006 дугаартай хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” тул дараахь үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж, 3 дахь хэсэгт заасан "өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учирах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол хор уршиг учирах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан гэрч Ц.Бийн "... Л уурлаж урдаа байсан жижиг ширээг бариад босоод ирсэн ба би ширээг авч булан руу шидчихээд байж байтал дахин маргалдаад сандал бариад босоод иртэл Ө уурлаж, зөрүүлээд түлхтэл хойшоо саваад уначихсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гийн “Л дахин сэтгүүлийн ширээ бариад босоод ирэхээр нь ширээг барьж аваад цааш болгож булан руу шидсэн. Тэгээд сууж байтал дахиад сууж байсан сандалаа бариад босоод ирэхээр нь Ө цааш нь түлхтэл ширээний хөлөн дээр уначихлаа гэж бодтол сүүлд өрөөндөө ороод хараад байхад ард нь байсан паарны тогтоогч төмөр дээр уначихсан юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг, яллагдагч Б.Өын “...над руу сандал бариад цохих гээд ирэхээр нь сандлыг нь аваад цаашаа түлхсэн” гэсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хохирогч Х.Л нь эхлээд ширээ барьж босч ирсэн, дараа нь сандал барьж босч ирэхэд нь шүүгдэгч Б.Ө сандлыг нь авч шидэнгээ түүнийг өөрөөсөө холдуулах гэж түлхсэн үйл баримт тогтоогддог.

Шүүгдэгч Б.Ө нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч Х.Лийн эрүүл мэндэд хохирол учирна гэдгийг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Өын “түлхэж унагасан” үйлдлийг хохиролд зориуд хүсч хүргэсэн санаатай үйлдэл гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь тогтоогддог. Хохирогч Х.Лут-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Би архи уухаараа их агсам, тавьтаргүй хүн, тухай үед би ширээ, сандал авч шидсэн нь үнэн байх. Би нэг мэдэхэд нэг юм барьж авснаа муухан санаж байна, ширээ юу, сандал уу нэг л юм байсан” гэсэн мэдүүлэг, гэрчүүдийн "... Х.Лут-Эрдэнэ нь агсраад ширээн дээр байсан аяга, тавгийг авч шидээд, ширээ барьж авсан, дахиад сандал бариад босч ирсэн” гэсэн мэдүүлгүүд зэргээр яллагдагч Б.Ө нь анхнаасаа гэмт хэрэг үйлдэх буюу хохирогчид хохирол учруулах санаа зорилго байгаагүй, харин хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл бүрдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогчийн сандал бариад босоод ирснээс болж гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэх шинж үгүйсгэгдэж байгаа, шүүгчийн захирамжинд зааснаар биед нь гэмтэл учрахыг мэдэх боломжтой эсэх, улмаар түлхэж буй үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх ...” шаардлагагүй бөгөөд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 661 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Солонго давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 661 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Дээрх шүүгчийн захирамжаар “Б.Ө нь хохирогч Х.Лийг түлхсэн үйл баримт тогтоогдож байх ба Б.Ө, хохирогч Х.Л нарын насны ялгаатай байдал, бие махбодийн онцлогийг харгалзан түлхэн унагаахад биед нь гэмтэл учрахыг урьдчилан мэдэх боломжтой эсэх, улмаар түлхэж буй үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай” гэх үндэслэл зааж шүүхэд шилжүүлсэн хэргийг прокурорт буцаасан байгааг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Х.Л нь 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Мишээл Экспо” төвийн ажилчдын байранд архидан согтуурч, улмаар хамт архи ууж байсан Б.Өыг үг хэлээр доромжилж, ширээ авч шидсэн ба хамт байсан хүмүүс нь шидэх гэж байсан ширээг нь авахад улмаар өөрийн сууж байсан сандлаар цохих  гэж дайрсан учраас Б.Ө нь сандлыг нь авах явцад Х.Л унаж, биед нь хүнд гэмтэл учирсан.

Б.Ө нь Х.Лийг түлхэхдээ ямар нэгэн байдлаар түүнд гэмтэл учруулъя гэсэн гэм буруугийн шууд санаатай үйлдэл байгаагүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдааны явцад мэдүүлдэг, мөн тэр цаг хугацаанд “хохирогч надаас хөгшин учраас түлхвэл гэмтэх болов уу” гэх мэтчилэн бодож амжихгүй болно. Учир нь, хохирогчийг юу юугүй том сандал аваад цохих гэж дайрна гэж Б.Ө төсөөлөөгүй сууж байсан болно.

Б.Ө нь гэм буруугийн талаар маргахгүй, зөвшөөрч байгаа бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж, хохирогчоос уучлал гуйсан, хохирогч мөн адил өөрийн гаргасан зан араншиндаа харамсаж байгаа төдийгүй хохирол мөнгөө бүрэн төлүүлж авсан, цаашид гаргах санал, гомдолгүй гэсэн тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 661 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна. ...” гэв.  

Шүүгдэгч Б.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өөр тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч Б.Өт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Б.Өт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжинд заасан “...Б.Ө нь Х.Лийг түлхсэн үйл баримт тогтоогдож байх ба Б.Ө, хохирогч Х.Л нарын насны ялгаатай байдал, бие махбодийн онцлогийг харгалзан түлхэн унагаахад биед нь гэмтэл учрахыг урьдчилан мэдэх боломжтой эсэх, улмаар түлхэж буй үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. ...” гэх үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

Хохирогч Х.Л нь Б.Өт түлхүүлэн “хойш савж унасан” нөхцөл байдал байх ба ингэж түлхүүлж унаснаас хохирогч Х.Лийн биед “хэвлийн битүү гэмтэл, элэгний язрал урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт /200 мл/, цээж, хэвлийд цус хуралт” бүхий хүнд хохирол учирч болох эсэхийг шалган тогтоох нь зүйтэй.

Түүнчлэн, Б.Өын Х.Лийг түлхэж буй үйлдлийн улмаас биеийн аль хэсэгт нь ямар гэмтэл учрах боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/661 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж болон магадлалд заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/661 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” бичсэн прокурор Х.Эрдэнэтуяагийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг болон шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР        

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ