Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/64

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр хөтлүүлэн,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Хохирогч Г.Г /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн ******* дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ************* төрсөн, яс үндэс халх, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, спортын дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ******************** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, спортын дэд мастер цолтой, ****************** регистрийн дугаартай Б овогт Б.С.   

Шүүгдэгч Б.С нь 2024 оны 02 дугаар сард Завхан аймгийн ***** сумын ******** багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Г эзэмшлийн зөв талын гуя дээрээ "сартай чандмань" тамгатай, сартай, буруу талын хойд хөл нь өсгий цагаан, хонгор зүсмийн байдас, зөв талын гуя дээрээ "*************" тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даага, нийт 2 тооны буюу олон тооны мал хулгайлж, улмаар хохирогч Г.Г 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.       

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

-Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г.Г ахын адууг харж байсан. Хул халзан морьтой адууг нь Р.Э ах надад хариуцуулж үлдээсэн. Үлдээсэн гэх 2 адууг тухайн айлын зүүн урд зүгээс тууж ирэхэд хонгор халзан даага нь тууврын ая даахгүй байсан. Олон адуу тууж явсан болохоор тухайн 2 адуутай хөөцөлдөх зав байхгүй байсан. Тэгээд тухайн 2 адууг үлдээгээд явсан. Хүний адууг өөрийн юм шиг айлын гадаа үлдээсэндээ гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

-Хохирогч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манайх адуугаа оторт явуулсан. Хөөгдөөд Асгат, Нөмрөгийн араар тарсан байсан. Ганц залуу харж байсан тул бөөгнүүлж чадахгүй байсан. Б.С манай өвөлжөө бууцаар 2 жил оторлож адуугаа онд оруулсан. Таньдаг учраас адуугаа захисан. Б.С байсан газарт халтар азаргатай, шарга азаргатай, хул халзан морьтой 3 хэсэг адуу очсон. Ирэхдээ хул халзан морьтой адуунаас 3 дутсан. 2 даага ,1 шүдлэн байдас дутсан байна гэж харж байсан залуу хэлсэн. Б.С утсаар ярихад 1-ийг нь бол чоно идсэн зэм байсан, бусдыг нь мэдэхгүй гэж байсан. Цагаан сарын дараа зам гарахаар нь очиж адуугаа бөөгнүүлсэн. Муудсаныг нь ачаад Асгат сумын төвд оруулж өгсөн. Хавар 4,5 дугаар сард Нөмрөг сумын хэсгийн төлөөлөгч дуудсан. Хонгор зүсмийн адуу алдсан уу? гэхээр нь тийм гээд тамгаа авч очоод байдсаа авсан. Даага нь үхсэн байсан зургийг нь харуулсан....” гэв.

-Улсын яллагч М.Алтангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор М.Алтангэрэл би төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд цуглуулсан болон шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаас тэгш мэтгэлцээний үндсэн дээр дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзэж байна. Хохирогч Г.Г нь 2023 оны 12 дугаар сарын эхээр гэрч Р.Э гэх хүнд өөрийн эзэмшлийн 100 тооны адууг Завхан аймгийн Нөмрөг суманд отор хийлгэхээр итгэмжлэн хариуцуулан өгсөн байдаг. Тухайн адуунд хул халзан морьтой 14 тооны адуу байсан нь хангалттай тогтоогдож байна. Эдгээр адууг Засаг даргын захирамжаар тараасны улмаас хул халзан морьтой 14 тооны адуугаа олохгүй байсан талаар хохирогч, гэрч нар мэдүүлдэг.  Энэ адууг харсан гэж хохирогч болон гэрч Э нарт хэлсэн талаар шүүгдэгч мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч нь адууны отроос буугаад явж байхдаа өөрийн отор хийж байсан айлд тухайн 14 тооны адууг тууж авчран хохирогчийн адуу гэж мэдэж байсан ч 1 даага болон 1 байдсыг Т салган авч үлдээгээд тэжээгээд онд оруулаад өгөөч, дараа жилээс би авна гэж захиж үлдээсэн байдаг. 2 тооны адууг хашиж үлдээгээд бусад адууг хашаанаас гарган хөөгөөд зөнд нь орхисон . Маргааш өглөө нь өөрийн адууг туугаад явсан талаар гэрч Т мэдүүлсэн байдаг. Иймд шүүгдэгчийг хохирогчийн эзэмшлийн адуу гэдгийг мэдсээр байж тухайн адууг тууж аваачин 1 даага, 1 байдсыг ялган авч үлдээж байгаа үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн бөгөөд хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мал хулгайлах гэмт хэргийн мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээг ойлгодог. Тухайн 1 даага, 1 байдас нь адуу гэдэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т олон тооны мал хулгайлах гэж хүндрүүлэх шинжийг заасан байдаг. Олон тооны мал гэдэгт 8 бог эсхүл 2 бод түүнээс дээш малыг ойлгоно гэж тайлбар байдаг. Бод гэдэгт адуу, үхэр, тэмээг хамруулан ойлгодог. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үлдээсэн гэх 1 даага, 1 байдас нь адуу буюу 2 тооны бодод хамаарч байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна.  Тодруулбал хохирогч болон гэрч Э зүгээс шүүгдэгчээс өөрийн алга болгосон адууны талаар асуухад 1 даагыг нь чоно идсэн бусдыг нь мэдэхгүй алга болсон байсан гэж хэлсэн талаар гэрч Э, хохирогч нарын мэдүүлэгт тодорхой дурдагдсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч үйлдсэн гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд алдуул мал завших гэмт хэргийн шинж байгаа. Алдуул мал гэдэгт хэн нэгэн этгээдээс ямар нэгэн оролцоогүй ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх газраасаа холдож өөр сүрэгт нийлсэн малыг ойлгодог. Алдуул мал завшихад завшсан этгээд нь танихгүй хүний малыг завшсан байдгаар онцлогтой байдаг. Гэвч шүүгдэгч нь тухайн 2 адууг Г.Г эзэмшлийн адуу гэдгийг мэдсээр байж хулгайлсан нь алдуул мал завших гэмт хэргээс ялгагдаж байна.  Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хөрөнгө завших гэмт хэргийн шинж байдаг. Энэ гэмт хэргийн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол гэж зүйлчилсэн байдаг. Гэвч хохирогч нь малаа итгэмжлэн хариуцуулсан хүн минь Э байсан талаар мэдүүлж байгаа бөгөөд шүүгдэгчээс  Э надад хариуцуулсан гэж мэдүүлж байгаа боловч гэрч Э мэдүүлэгт дурдагдаагүй байна. Хохирогчийн зүгээс адуу тарсны улмаас хаана байгааг нь мэдээд өгөөч гэж захисан болохоос хариуцан маллаад өгөөч гэж захиагүй талаар мэдүүлсэн. Шүүгдэгч нь итгэмжлэн хариуцсан хүн нь биш тул энэ гэмт хэргээс ялгагдаж байна гэж үзэж байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж дүгнэж байна. Хохирол төлбөрийн тухайд даага нь 2-3 хоногийн дараа үхсэн бөгөөд энэхүү дааганы хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан. Байдсыг хохирогч бүрэн бүтэн хүлээн авсан. Хохирол төлбөргүй талаар хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд ч тайлбар ирүүлсэн байдаг. Үхсэн дааганы хохирлыг төлж байгаа нь тухайн 2 адууг хулгайлсан гэдгээ шүүгдэгч үйлдлээрээ хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэж байна.

...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ямар нэгэн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Гэм буруу дээрээ маргаж байгаа, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй талаараа дурдсан тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг хорих ялын хугацаанаас хасуулах саналтай байна. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Харин шүүгдэгчийн эзэмшлийн хээр зүсмийн сартай хас тамгатай, 3 настай шүдлэн адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна ...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч М.Гомборагчаа миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Б.С өмгөөлөгчөөр оролцож, түүний эрх ашгийг хамгаалж оролцож байна. Шүүгдэгч нь 2023-2024 оны өвөл цаг агаарын хүндрэлтэй үед адуугаа харж байгаад хохирогчийн 2 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2 адууг авсан болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Зүйлчлэлийн хувьд гэрч Э, хохирогчийн мэдүүлгээр тухайн үед 3 хэсэг адууг шүүгдэгчид хариуцуулсан гэдэг нь нотлогдож байна. Тодруулбал тухайн үед цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал байсан. Э адуугаа хариуцуулсан бөгөөд Түдэвтэй сумын Ойгон багийн нутагт маллаж байгаад Засаг даргын захирамж гарч хөөгдөөд алга болсон боловч шүүгдэгч олж адуутайгаа бөөгнүүлэн харж байсан. Хохирогч шүүгдэгчид утсаар харж байхыг хэлсэн талаараа мэдүүлсэн. Иргэний хуульд эд зүйл хариуцуулахыг аман хэлцлээр хийж болохоор зохицуулсан. Э хариуцуулсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас болж чадахгүйд хүрч шүүгдэгчид харж байхыг захисан нөхцөл байдал үүссэн байна гэж үзэж байгаа. Отроос буугаад явахдаа 2 адууг явдлын ая даахгүй байна гээд үлдээсэн болох нь гэрч Тий мэдүүлгээр тогтоогдож байна. Хулгайлах санаа сэдэл байгаагүй. Нэгэнт хариуцан эзэмшиж байгаа юм хойно энэ адууг онд оруулъя гээд үлдээсэн асуудал байсан. Хохирогч утсаар ярьсан, уулзсаны дараа нь хэлээгүй гэж яриад байгаа. Хэлээгүй гэдэг нь бусдын эд хөрөнгийг завших санаа бол байсан. Энэ гэм буруугаа ч хүлээн зөвшөөрч байгаа. Бусдын хариуцуулж үлдээсэн эд зүйлийг захиран зарцуулсан гэх гэмт хэргийн шинжийг агуулж байна. Өөрөө нэгэнт хариуцаж маллаж байсан тул хулгайлах гэмт хэргийн шинжийг бол хангаагүй байна. Хавтаст хэрэгт яллах, цагаатгах талыг баримталж нотлох баримт бүрдүүлэх ёстой байдаг. Тухайн үед бол гэрчийг хангалттай тодруулж асуугаагүй, хэт нэг талыг барьсан асуудал болсон. Гэм буруугийн тухайд Эрүүгийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэсэн дүгнэлттэй байна. Хохирол төлбөр байхгүй. Хохирогч гомдол, саналгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд ч шүүх хуралдаанд илэрхийлсэн. Иймд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж өгнө үү.

...Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг сонгож хэрэглэх нь зүйтэй байх тул оногдуулсан хорих 6 сарын ялыг тэнсэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн ********* дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 -Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын эхээр Р.Э гэдэг хүнд Завхан аймгийн Нөмрөг суманд отор хийлгэхээр 100 тооны адуу өгч явуулсан. Түүнийг Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг дэвсгэр Ойгон нуурын зүүн талд оторлож байхад нь тус сумын Засаг даргын тамгын газрын ажилчин, алба хаагчид "Засаг даргын захирамжийн дагуу" гэж хэлээд адуунуудыг нь хөөж туусан байсан. Тухайн адуунууд хөөгдөөд Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэр, Асгат сумын нутаг дэвсгэр Могойн гол гэх газруудаар тарсан байсан. Би адуугаа бөөгнүүлж өгөөд, зарим адуунуудыг Завхан аймгийн Асгат сумын төвд тэжээсэн. 2024 оны 4 сарын 10-ны өдрийн үеэр Завхан аймгийн Асгат сумын нутаг дэвсгэр Могойн голоос адуугаа авахад 1 тооны зөв талын гуя дээрээ "**********" тамгатай, сартай, буруу талын хойд хөл нь өсгий цагаан, хонгор зүсмийн байдас байхгүй байсан. Тухайн үед би Асгат, Нөмрөг сумдын нутгаар 7 хоногийн хугацаанд машин, мотоциклоор хайгаад олоогүй юм. Миний эзэмшлийн цэвэр цусны халзан азарганы төл байгаа юм. Тус адуу нь 3,000,000 төгрөгийн үнэтэй, адуугаа хайхдаа 500,000 төгрөгөөс 900,000 төгрөгийн шатахуун зарцуулсан. Намайг адуу алдсаныг Р.Э мэднэ. Мөн манай сумын залуу Б.С мэднэ. Би түүнд шарга азаргатай, нийт 15 тооны адуугаа захиж үлдээж байсан. Б.С нь Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт адуу хариулж байсан. 2024 оны 4 дүгээр сард адуугаа авах үед 1 тооны адуу алга болсон талаар хэлэхэд "Намайг Түдэвтэй сум орчхоод ирэхэд байхгүй байсан. Сэг, зэм байхгүй байна лээ" гэж хэлсэн. Тухайн үед миний адуунаас 6-7 тооны адуу үхсэн байсныг би сэг, зэмийг нь харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

-Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд  2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн үеэр Асгат сумын нутаг Могойн голоос адуугаа олж авсан. Би 2024 оны 01 дүгээр сард Хул халзан морьтой, 15 тооны адууг олохгүй байгаа тухай Б. Ст хэлэхэд Нөмрөг сумын нутаг Нөмрөгийн ар гэх газарт байна лээ гэж хэлсэн. Тэгээд Б.С надад "Нэг даагыг нь чоно идсэн. Намайг Түдэвтэй сумын төв яваад ирэхэд нэг даага, нэг байдас алга болсон байна лээ" гэж хэлсэн. Тэгээд би зурвас халзан, хонгор зүсмийн даагаа үхсэн гэж бодоод өмнөх мэдүүлэгтээ нэг тооны адуу гэж мэдүүлсэн. Би саяхан дам хүнээс сонсоход "Танай 2 даага Нөмрөгийн арын Г.Т гэх айлын адуунд байж байгаад зурвас халзан, хонгор зүсмийн даага удалгүй үхсэн" гэж хэлсэн. Миний алдсан 2 адууны учрыг Г.Т гэх хүн сайн мэдэж байгаа юм шиг байсан. Надад хэлсэн хүнийг би танихгүй. Саяхан Нөмрөгийн ар гэх газарт ажлаар явж байгаад тухайн хүнтэй хээр санаандгүй таараад алдсан адуугаа асуухад тэгж хэлсэн. Тухайн үед би тэр хүний нэр, утасны дугаарыг нь цаасан дээр бичиж авсан боловч цаасаа алга болгоод дахиж холбогдож чадаагүй. Нийт 9 тооны адуу дутсанаас 7 тооны адууны үхсэн сэг, зэм олдсон. 2 адууны сэг, зэмийг хайгаад олоогүй" гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

-Гэрч Р.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: "...Би 2023 оны 12 дугаар сарын эхээр Завхан сумын Түдэвтэй багийн нутаг Ойгон нуурын дэргэд 310 гаруй адуу оторлуулсан. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус сумын Засаг даргын тамгын газраас 4 машинтай хүмүүс ирээд отор хийлгэхгүй адуунуудыг хөөгөөд тал, тал тийшээ тарсан. Тэгээд би Г.Г ах руу утсаар яриад "адуугаа бөөгнүүлж хүч хүрэхгүй байна" гэж хэлэхэд Тэс сумын төвөөс ирж адуу бөөгнүүлж өгсөн. Тэгэхэд зарим адуугаа олоогүй. Тэгээд 2024 оны 2 дугаар сарын сүүлээр байх Асгат сумын нутаг Могойн гол руу орж ирж байсан шарга азаргатай 12 тооны адууг олж авсан. Тэр Адуунаас 3 тооны адуу байхгүй байсныг хайгаад олоогүй. Дараа нь бид хоёр 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Асгат сумын нутаг Могойн гол гэх газраас адуугаа тууж яваад 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр Тэс суманд ирсэн. Г ах олдоогүй дутсан адуугаа хайж Асгат, Нөмрөг сумдын нутгуудаар явсан. Би бас нэг удаа яваад ололгүй ирсэн. Би Б.С гэх хүнтэй төрөл садны холбоо байхгүй, нэг нутгийн хүмүүс байгаа юм. Тэр өвөл Нөмрөг сумын Нөмрөгийн ар гэх газарт адуугаа оторлуулж байсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

-Гэрч Р.Э мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: “...Хоёр даага, нэг байдас, нийт 3 ширхэг адуу дутсан. Б.Сгэх хүнд захисан байсан. Дараа нь асуухад 1 даагыг нь чоно идсэн. Үлдсэн 2 адууны сэг, зэм байхгүй байна гэж хэлсэн. ...Сартай, буруу талын хойд хөл нь өсгий цагаан, хонгор зүсмийн, сартай чандмань тамгатай, эрлийз шүдлэн байдас, хүрэн зүсмийн даага, хонгор зүсмийн даага нь адилхан тамгатай байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

-Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: "...2024 оны 01 дүгээр сарын эхээр манай дүү Г.Т надад хэлэхдээ "Б.С /Ш/ гэх хүн манай хүргэний өвөлжөөнд адуу оторлуулж байгаа гэж ирсэн. 2024 оны 01 сарын сүүлээр сартай, хонгор зүсмийн байдсыг 1 даагатай хамт үлдээгээд явсан. Хулгайн адуу байгаа юм" гэж хэлээд, үлдээгээд явсан гэж хэлсэн. Б.С гэдэг хүн надаас буу худалдаж авна гээд 2023 оны 12 сарын эхээр танилцаж байсан. Төрөл садны холбоо байхгүй. Сартай, буруу талын хойд хөл нь өсгийн цагаан, хонгор зүсмийн, **** тамгатай байдас байсан. Бас хүрэн даага үлдээсэн байсан нь удалгүй үхсэн. Би тэр 2 тооны адууг нүдээр хараагүй, манай дүү хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

-Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын сүүлээр, эсхүл 02 дугаар сарын эхээр байсан байхаа манай хүргэн ахын хүү Г.Т "Тэс сумын Б.С гэдэг хүн манайхаас явахдаа 1 ширхэг хонгор зүсмийн шүдлэн байдас, 1 ширхэг даага үлдээгээд явсан" гэж хэлсэн. Б.С явахдаа "Энийг тэжээгээд онд оруулаадхаач. Ах нь зун ирээд авна" гэж хэлсэн гэсэн. Яг хэний адуу болох талаар хэлээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч Г.Тий мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: "Б. С ах манайд адуу оторлож байгаад 2024 оны 02 дугаар сарын эхээр отроос буух болоод надад сартай, буруу талын хойд хөл нь өсгийн цагаан, хонгор зүсмийн, **** тамгатай байдас, хүрэн зүсмийн даагыг үлдээгээд онд оруулаад өгөөч, зунаас ирж авна гэж хэлээд үлдээсэн. Хоёулаа адилхан саран дэвсгэртэй чандмань, цагаан үсэн тамгатай байсан. Тэгээд 3 хоногийн дараа хүрэн зүсмийн даага нь үхсэн. Сартай, хонгор зүсмийн байдас манайд тэжээгдээд онд орсон. Би Б.С ахтай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, миний хичээл амраад гэртээ очиход манайд адуу оторлож байгаа хүн гээд байхад нь танилцсан. ...Тэр 2 адууг тууврын ая даахгүй гээд үлдээсэн. Зунаас ирж авна гэсэн. ...Б.С ах өөрийнхөө хариулж байсан адуунаас үлдээгээгүй, өөр хүний хариулж байсан адуунаас үлдээсэн. Хул халзан зүсмийн морь хураасан 10 гаран тооны адуунаас үлдээсэн. Тухайн адуу их туранхай адуу байсан. Үлдээсэн 2 адуугаа явахын өмнөх шөнө нь ижилтэй нь тууж авч ирээд 2 адуугаа хашиж үлдээчхээд бусад адууг нь гаргаад явуулсан. Маргааш өглөө нь босоод бүх адуугаа туугаад явсан. Надад 2023 оны 12 сард ирсэн гэж өөрөө хэлсэн. Цагаан сар болохын өмнөхөн буцаад явсан. Өдрийг нь сайн мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн: "...Цагаан сарын өмнө байсан. 2024 оны 01 дүгээр сарын сүүл, 02 дугаар сарын эхээр байсан байхаа. Б.С адуугаа аваад явахдаа зөв талын гуя дээрээ ****** тамгатай шүдлэн байдас, даага хоёрыг үлдээгээд явсан. Явахдаа "Ахын дүү энэ хоёрыг тэжээгээд онд оруулаад өгөөч. Ах нь зун ирж авна" гэж хэлээд явсан. Тэгээд даага нь 2-3 хоногийн дараа үхээд шүдлэн байдсыг нь би тэжээгээд онд оруулсан. Тэр шүдлэн байдас нь манай адуунд байж байгаад 2024 оны намар эзэн нь аваад явсан. Тэр адууг хэнийх болохыг мэдэхгүй. Азаргагүй, хул халзан зүсмийн морь хураасан адуу байсан..." гэсэн мэдүүлэг /Х.х-ийн 58-60-р хуудас/,

-Хохирогч Г.Г 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “...Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багт адуугаа оторлосон юм. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр адуугаа отроос буулгах үед 1 тооны адуугаа алдсан тул шалгаж олж өгч тусална уу...” гэсэн өргөдөл /хх-ийн 3-р хуудас/,

-Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”, гэр зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11-р хуудас/,

- Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-18-р хуудас/,

-“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээч Ч.Ж 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-924/10849 дугаартай “...Үнэлэгдэж буй 2 тооны адууны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 04 дүгээр сарын байдлаар 1,200,000 төгрөгөөр үнэлэв. Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-76-р хуудас/, 

-Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-99-р хуудас/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-р хуудас/,

-Хохирогч Г.Г “...миний бие 2024 оны 02 дугаар сард 2 адуугаа хулгайд алдсан бөгөөд тус цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. ...Надад учруулсан 2 тооны адууны болон бусад хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал байхгүй...” гэсэн тайлбар /хх-ийн 107-р хуудас/,

-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох бичгийн нотлох баримтууд зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь 2024 оны 01 дүгээр сараас 02 дугаар сард Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Г эзэмшлийн азаргагүй 14 тооны адуунаас зөв талын гуя дээрээ "сартай чандмань" тамгатай, сартай, буруу талын хойд хол нь өсгий цагаан, хонгор зүсмийн байдас, зөв талын гуя дээрээ "****" тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даага, нийт 2 тооны адууг салган авч гэрч Г.Т үлдээсэн үйл баримт хангалттай нотлогдож байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдсэн арга, халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба “мал хулгайлах”  гэмт хэргийн тухайд халдлагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдаг.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Шүүхийн зүгээс шүүгдэгч Б.С дээрх 2 тооны адууг авч үлдэн Г.Т үлдээсэн үйлдлийг бусдын малыг нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авсан буюу мал хулгайлах гэмт хэргийн объектив бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзэв. 

Харин шүүгдэгчийн Г.Т үлдээсэн гэх 2 тооны адууны 1 нь болох зөв талын гуя дээрээ "сартай чандмань" тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн дааганы тухайд мал хулгайлах гэмт хэргийн субьектив бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна гэж үзлээ.

Тодруулбал, тухайн хэрэг үйлдэгдсэн гэх 2023-2024 онд шилжих өвөл зудтай, хэцүү өвөл болж адуу мал их турж эцэн онд орсон, олон тооны адуу мал үхсэн талаар шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь мэдүүлж байгаа бөгөөд зөв талын гуя дээрээ "*****" тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даага нь муудсан, тууврын ая даахгүй болсон нөхцөл байдал үүссэн байх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, тухайн даага нь Г.Т үлдээснээс хойш богино хугацааны дараа буюу 2-3 хоногийн дараа үхсэн гэдэг нь гэрч Г.Т, үхсэн сэг зэмийг нь үзсэн хохирогч Г.Г мэдүүлгээр нотлогдож байгаа ба хэрэв шүүгдэгч үнэхээр ашиг олох зорилгоор шунахайн сэдлээр үйлдсэн бол адуун дундаас боломжит тамир тэнхээтэй адууг сонгон авч үлдэх боломж байсан ч дээрх зөв талын гуя дээрээ "*****" тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даагыг үлдээсэн нь “отрын ая даахааргүй байсан учир үлдээсэн” гэх шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэх нөхцөлийг бүрдүүлж  байх бөгөөд шүүгдэгч нь уг адууг хулгайлсан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу нэгэнт эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй буюу зөв талын гуя дээрээ "сартай чандмань" тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даагыг Г.Т үлдээсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин зөв талын гуя дээрээ "***" тамгатай, сартай, буруу талын хойд хөл нь өсгий цагаан, хонгор зүсмийн байдсыг Г.Т үлдээсэн үйлдлийн тухайд адуунаас нь салган авч үлдээж тэжээлгэж буй, онд оруулаад зун ирж авна гэж буй нөхцөл байдал, мөн эзэн нь адуугаа асуусаар байхад хэлэлгүй нуун дарагдуулж байгаа зэргээс үзэхэд тус байдсыг шүүгдэгч шунахайн сэдлээр, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл бий болж байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.С холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мал хулгайлах гэмт хэргийн талаар болон уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлийн мал гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна.” гэж заасан.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан тул өмчлөх, эзэмших эрх хуульд заасан үндэслэлээр, эсхүл гэрээний үндсэн дээр шилжих боломжтой ба эдгээрээс бусад тохиолдолд хууль бус гэж үздэг.

Б.С нь хохирогч Г.Г өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох 1 тооны адууг өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах хууль эрх зүйн үр дагавар бий болоогүй, өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах талаар өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцсон тохиролцоо буюу гэрээ байгуулаагүй байх тул түүний үйлдлийг хууль бус гэж үзнэ. Мөн өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүй, сэм авсан байх тул хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүй авсан гэж үзнэ.

“Адуу” гэх малын тухайд хүний хэрэгцээг хангадаг гол шинж нь уналга, эдэлгээ ба хүнсэнд хэрэглэх явдал бөгөөд Б.С нь өөрт ашиглах зорилгоор дээрх 1 тооны адууг авсан байх тул шунахайн сэдэлтээр авсан гэж дүгнэх үндэслэлтэй

Б.С нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдлийн улмаас хүний эд хөрөнгөд хохирол учрах, тэр ч бүү хэл өмчлөх, эзэмших эрхэд нь халдах боломжтой, хүний эд хөрөнгөд хууль бусаар халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай хэдий ч ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул Б.С үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Б.С нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, мөн өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг,1 тооны бод мал шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.

Б.Ст холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан байх тул Б.С бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй юм.

-Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн тухайд: Бусдын малыг хулгайлсан үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийн шинж хангагддаг ба шүүгдэгч Б.С нь бусдын 1 тооны бод малыг хулгайлсан байна.

-Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний тухайд: Малыг Монгол улсын Үндсэн хуулийн дагуу төрийн хамгаалалтад авсан байдаг ба богино цаг хугацаанд, нэг удаагийн хөрөнгө оруулалтаар бий болдоггүй, харин малчин хүний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог эд хөрөнгө тул мал хулгайлах гэмт хэргийн улмаас малчин хүн эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй сэтгэл зүйн хувьд ч, цаашид малаасаа хүртэх байсан үр шимээрээ ч хохирч байдаг, мөн Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх үр дагавар бүхий нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм.

-Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлын тухайд: Шүүгдэгч Б.С нь хохирогч Г.Г эзэмшлийн 2 тооны адууг авч бусдад маллуулахаар үлдээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнийг шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн болно. Тодруулбал энгийн иргэний тухайд 2 тооны адууг авсан үйл баримтаа хүлээн зөвшөөрч байх ба бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан эсхүл хулгайлсан гэх хууль зүйн дүгнэлт буюу хэргийн зүйлчлэлийг хийх асуудал нь шүүх, хууль хяналтын байгууллагын асуудал гэж дүгнэв.

-Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухайд: Шүүгдэгч Б.С гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Г 700,000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зөв талын гуя дээрээ "****" тамгатай, сартай, буруу талын хойд хөл нь өсгий цагаан, хонгор зүсмийн байдсаа зүсээр нь буцааж авсан. Зөв талын гуя дээрээ "*****" тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даагыг үхсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн хохирол, төлбөр төлөөгүй гэдэгтэй маргахгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар нэгэн гомдол, санал, хүсэлтгүй гэдгээ илэрхийлсэн тайлбарыг хавтаст хэрэгт ирүүлсэн. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзсэн.   

-Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын тухайд: Шүүгдэгч Б.С хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгчийн тухайд хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бусдад төлөх хохирол, нөхөн төлбөргүй тул түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон ба түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллан, Эрүүгийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.С гэмт үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй учир шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болно.

Харин шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийн битүүмжилсэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаартай прокурорын тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х овогт Б.С нь 2024 оны 01 дүгээр сараас 02 дугаар сард  Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Г эзэмшлийн зөв талын гуя дээрээ "****" тамгатай, зурвас халзан, хонгор зүсмийн даагыг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.С холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Х овогт Б.С мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.С тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч Б.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон ба түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас бусдад төлөх хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тэмдэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийн битүүмжилсэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаартай прокурорын тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэйг заасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.УРТНАСАН