| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2025/1201/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1405 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Г.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг
улсын яллагч Ц.Сайнхүү
иргэдийн төлөөлөгч Э.А
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 2, *** тоотод оршин суудаг, урьд
Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 441 дүгээр дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1314 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
Ч.Б /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *** тоотод хохирогч Д.Отай үл ялих зүйлээс буюу биед хүрлээ гэх шалтгаанаар хутга буюу зэвсэг хэрэглэн хохирогчийн зүүн гарын нугалам хэсэгт хутгаар зүсэж, зүүн бугалганы тараагуул судсыг бүрэн гэмтээж, таслан, амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-30 дугаар тал/, хохирогч Д.Оын мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Баяртогтохын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10538 дугаар дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар тал/, гэрч О.Сын мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/, гэрч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *** тоотод хохирогч Д.Отай үл ялих зүйлээс буюу биед хүрлээ гэх шалтгаанаар хутга буюу зэвсэг хэрэглэн хохирогчийн зүүн гарын нугалам хэсэгт хутгаар зүсэж, зүүн бугалганы тараагуул судсыг бүрэн гэмтээж, таслан, амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-30 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Оын өгсөн: “.. би ажлаа тараад ажлын найз болох Н.Атай нэг шил 0.5 литрийн Хараа нэршилтэй цагаан архийг 3, 4 дүгээр хорооллын ойролцоо хувааж уугаад бид хоёр орой 20 цагийн үед салаад би автобусанд суугаад гэр рүүгээ явж байсан тэр үед манай найз болох Г.Б гэх залуу залгаад “манай гэрт хүрээд ир ганц юм хувааж ууя” гэж хэлсэн тэгээд тэнд очих үед зүс таних нэг эгч З болон өөр нэг эмэгтэй Г.Б тэр гурав байсан намайг очих үед нэг шил Хараа нэршилтэй 0.75 грамм цагаан архи гаргаж уугаад байж байтал дахиад 0.5 грамм хараа нэршилтэй цагаан архи ууж эхэлсэн бид нар ширээ тойроод уугаад хэрүүл маргаан болоогүй тайван сууцгааж байтал тэр нэрийг нь мэдэхгүй танихгүй эмэгтэй “чи юу гээд байгаа юм бэ?” гэхээр нь би эргээд хартал гартаа хутга барьсан эмэгтэй над руу баруун гараараа далайгаад ирж байсан тухайн үед би сандарсандаа өөрийгөө хамгаалах гээд гараараа хаатал тухайн хутга нь миний гар дээр буугаад зүүн гарын нуглам хэсэгт таараад тус газарт зүсэгдсэн тэр хэсгээс маш их хэмжээний цус гараад байсан тэгээд би шууд хамгийн түрүүнд эхнэрээ өөрийнхөө утсаар дуудсан тухайн үед шоконд орсон байх яг тухайн үеийн үйл явдлыг сайн санахгүй байгаа миний санаж байгаагаар би таарсан зүйлээрээ шархаа дараад цусаа тогтоох гэж үзэж байсан харин манай найз Г.Б миний цусыг тогтоох гээд уяагаар зүүн гарын дээд хэсгийг боогоод цусыг арай гайгүй тогтоож байсан. Тэгээд байж байтал гаднаас манай эхнэр орж ирээд цагдаа дуудаад, эмнэлэг дуудсан байсан. Цагдаа нарыг ирэх үед “энэ эмэгтэй намайг хутгалсан шүү” гээд зааж байсныг санаад байгаа тэрнээс хойш эмнэлэг дээр хагалгаанд ороод судас залгуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Баяртогтохын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10538 дугаар:
1. Д.Оын зүүн бугалганы тараагуур судас гэмтээж, бүрэн тасалсан шарх гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д заасан амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Сын өгсөн: “Би нөхөртэйгөө 23 цагийн үед утсаар ярихад “Г.Бынд байна аа. Одоо уруудаад орлоо” гэж хэлж байсан. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрөөд ярихад “би хутгалуулчихлаа” гэхээр нь “хаягийг нь хэлээдэх би яваад очъё” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа залгах үед нэг хүүхэн утсыг нь аваад “танай нөхрийн цусыг би тогтоогоод байж байна” гэж хэлсэн би хаягийг нь асууж мэдээд яваад очих үед хаалгаа тайлахгүй байрны эзэн дотроос нь цоожлоод явчихсан гэж хэлээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн удалгүй дотроос нь нэг эмэгтэй эвдэж онгойлгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бын өгсөн: “Ч.Бийн хамт хамтран амьдраад 3-4 жил болсон. Бид хоёр хуулийн дагуу баталгаажуулаагүй. Дундаасаа хүүхэдгүй. Тухайн үед буюу 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шилжих шөнө гэртээ хамтран амьдрагч Ч.Б, З буюу Ж.Н /одоо хаана байгаа талаар мэдэхгүй тэнэмэл байдлаар амьдардаг ямар нэг сураг байхгүй/ бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байх үед манай найз Д.О манай гэрт ирээд бид дөрөв хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Ж.Н эгч согтоод нөгөө өрөөнд ороод унтаад өгсөн, манай хамтран амьдрагч Ч.Б хоол хийнэ гэж хэлээд мах хэрчээд үлдсэн, би гэрээс гараад дэлгүүр яваад архи, тамхи, ундаа аваад буцаад гэртээ ороод Д.Оын гар зүсэгдсэн цус нь гоожоод байхаар нь цахилгааны утсаар боогоод цусыг нь тогтоогоод цагдаа, эмнэлэг дуудаад ямар асуудал болсон талаар Ж.Н эгчээс асуух үед яг ямар асуудал болсон талаар мэдэхгүй байна. Би нөгөө талын өрөөнд унтаж байгаад хүн орилохоор нь гараад ирсэн чинь Д.Оын гараас цус гараад байхаар нь тогтоох гээд оролдож байсан гэж хэлсэн. Харин манай хамтран амьдрагч Ч.Б “танай найз Д.О миний хойноос тэврээд авахаар нь сандарсандаа гарыг нь хутгалчихлаа” гэж хэлсэн. Харин Д.О “манай эхнэр надтай муудалцаж хэрэлдэж байх үедээ миний гарыг зүсчихлээ” гэж хэлсэн өөр ямар нэг асуудал болоогүй. Харин сүүлд манай хуурай дүү Н.У эхнэр Н.Бын хамт ирсэн Н.У, Н.Б хоёр ямар асуудал болсон талаар огт мэдэхгүй байгаа. Одоо хаана юу хийж явдаг талаар мэдэхгүй.” Гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *** тоотод хохирогч Д.Отай үл ялих зүйлээс буюу биед хүрлээ гэх шалтгаанаар хутга буюу зэвсэг хэрэглэн хохирогчийн зүүн гарын нугалам хэсэгт хутгаар зүсэж, зүүн бугалганы тараагуул судсыг бүрэн гэмтээж, таслан, амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь аливаа гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог нэгэн төрлийн зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Түүнчлэн гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар гаднын ямар нэгэн нөлөөгүйгээр тухайн хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг бөгөөд шүүгдэгч Ч.Б нь хэн нэгний өдөөн хатгалга, дарамт шахалтгүйгээр буюу хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйгээс үл хамааран хохирогч Д.Оын эрүүл мэндэд зэвсэг ашиглан хүнд гэмтэл санаатай учруулсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно.
Гэмтлийн "хүнд" зэрэг гэдэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,
Амь насанд аюултай гэмтэл учруулсан, амь тэнссэн байдал үүсгэсэн, гэмтлээс их хэмжээний үлдэц, уршиг үүссэн, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр буюу 35-100% алдсан байхыг ойлгоно.
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10538 дугаар дугаартай дүгнэлтээр “Д.Оын зүүн бугалганы тараагуур судас гэмтээж, бүрэн тасалсан шарх гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д заасан амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Д.Оыг зэвсэг хэрэглэн зүүн бугалганы тараагуур судсыг гэмтээж, бүрэн тасалсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бол хохирогч Д.О нь Ч.Бд хутгалуулсны улмаас эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр давхар нотлогдсон, дээрх үйл явдалтай холбогдуулан прокуророос Ч.Бийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирчээ.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Ч.Бийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй...” гэж тус тус хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.О нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “баримтаар нэхэмжлэхгүй зүйлгүй” гэсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас түүний эрүүл мэндэд 857.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байх тул дээрх мөнгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн *** тоот дансанд төлүүлж, хохирогч Д.О нь өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч Ч.Бийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэх саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 60 дугаар тал/, эрүүл мэндийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 61-63 дугаар тал/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оноосон хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэх зарчмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Ч.Бд энэ тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 03 /гурав/ сар 09 /ес/ хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 07 /долоо/ жил 03 /гурав/ сар 09 /ес/ хоногоор тогтож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 29 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Ч.Б нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Бийг “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Бд 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Ч.Бд энэ тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 03 /гурав/ сар 09 /ес/ хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 07 /долоо/ жил 03 /гурав/ сар 09 /ес/ хоногоор тогтсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бээс 857.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь *** тоот дансанд төлүүлсүгэй.
7. Хохирогч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 29 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА
Г.ТҮВШИНТӨГС