| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2025/0150/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1413 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Билгүтэй |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа
Улсын яллагч М.Билгүүтэй
Хохирогч А.Ц, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн
Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Мд холбогдох 2403008211120 дугаар 1 хавтас хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 7, *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
А.М /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.М нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 8 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Дамдинсүрэнгийн гудамж натурын хойд талын замд Toyota Alphard маркийн *** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” мөн дүрмийн 19.4-т заасан “Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.Ц жолоочтой Yamaha МТ9 маркийн *** УН улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, улмаар Г.Цын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүүхдүүддээ цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд явж байсан. Миний бие тус замаар, тус маршрутаар сүүлийн 12 жилийн хугацаанд өглөө болгон явж байгаа. Гол зам /төв зам/-руу орохдоо явж байсан нэлээн хэдэн машиныг өнгөрөөд өөрөө ороод зогсох үйлдэл хийх үед 3-4 секундийн дотор намайг мотоцикл ирж мөргөсөн. Зүүн гарын талын замын цаана том машин байсан. Үүнийг анзаараагүй. Машинуудаа гол зам руу ороод зогсох үйлдэл хийхэд хохирогч харагдаагүй. Өөрийгөө замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бурууг хүлээн зөвшөөрч байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад “хохирогчийн мотоциклийн хурдыг тогтоохгүй юм уу?” гэхэд “тэр ямар хамаатай юм бэ?” гэсэн. Энэ осол үдээс өмнө болсон үдээс хойш би хяналтын камерын бичлэгийг аваад очиход камерын бичлэгийг үзчихээд “за ингээд болсон” гээд буцаасан. Тухайн баримтыг хэрэгт хавсаргаагүй. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэхдээ хохирогчийн авсан гэмтэл нь өөрийнх нь үйлдлээс болсон уу? эсхүл миний үйлдлээс болсон уу? гэдгийг шинжээчээр тогтоолгох хүсэлтэй байна.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ц мэдүүлэхдээ: “Тухайн өдөр натурын төв замаар 8 цаг 40-с 50 минутын орчимд ажилдаа явж байсан. Туслах замаас шүүгдэгч Alphard машинтай гэнэт гарч ирээд бид мөргөлдсөн. Тэр үед өөрийнхөө хурдыг хархаар цаг үе байгаагүй. Шүүгдэгч нь мэдүүлэг өгч байхдаа өөрийгөө эгнээнийхээ 90 хувьд орсон байсан гэж байна. Гэхдээ үүнийгээ нотлох баримттай л ярих хэрэгтэй.” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 7-8 дугаар тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13 дугаар тал/, хохирогч А.Цын мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/, гэрч Р.Цын мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Баасанжавын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13080 дугаар дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/, “***” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 40-41 дүгээр тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Ариунзул, С.Эрдэнэцэцэг, Э.Хүрэлсүх нарын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1242 дугаар дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар тал/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-52 дугаар тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 59-60 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Бат-Эрдэнийн магадалгаа /хх-ийн 67 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.М нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 8 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Дамдинсүрэнгийн гудамж натурын хойд талын замд Toyota Alphard маркийн *** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” мөн дүрмийн 19.4-т заасан “Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.Ц жолоочтой Yamaha МТ9 маркийн *** УН улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, улмаар Г.Цын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 7-8 дугаар тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Цын өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 08 цаг 49 минутын үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “***” хотхонд байдаг гэрээс гараад ажил руугаа Yamaha MT-09 SP маркийн *** УН улсын дугаартай мотоциклийг жолоодож ертөнцийн зүгээр хойд зүгээс баруун зүг чиглэлтэй Натурын зам дээр явж байхад ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүг чиглэлтэй буюу туслах замаас Toyota Alphard маркийн *** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь туслах замын зорчих хэсгийг голлоод гараад ирсэн. Тэгээд гараад ирэх үед би Yamaha MT-09 SP маркийн *** УН улсын дугаартай мотоциклийн тоормосыг гишгэсэн боловч тоормостой байсан чигээрээ очиж нөгөө авто машинтай мөргөлдсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Баасанжавын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13080 дугаар:
1. Г.Цын биед зүүг өвдөгний дотор жийргэвчийн арын эврийн урагдал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/,
“***” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 40-41 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Ариунзул, С.Эрдэнэцэцэг, Э.Хүрэлсүх нарын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1242 дугаар:
1. Г.Цын биед зүүн өвдөгний дотор жийргэвчийн арын эврийн урагдал, өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох үед үүснэ.
2. Зам тээврийн осол болох үед нь уг гэмтэл үүсч болно. Шинэ гэмтэл байна.
3. Гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хүндэвтэр зэргийн хохирол болно.
4. Шинжээч эмч Э.Баасанжавын 13080 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар тал/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн:
1. Toyota Alphard маркийн *** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд куфер зүүн доод хэсгээрээ цуурсан гэмтэлтэй байна.
2. Урд куфер зүүн доод хэсгээрээ цуурсан нь ослын үед үүссэн.
3. Уг тээврийн хэрэгслийн тоормос нь стандартын шаардлага хангаж хэвийн ажиллаж байна.
4. Уг тээврийн хэрэгслийн жолооны механизмын ажиллагаа хэвийн ажиллаж байна.
5. Уг тээврийн хэрэгслийн хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Дугуй нь дөрвөн улирлын дугуй байна.
6. Хол ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангаж байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-52 дугаар тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 59-60 дугаар тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Бат-Эрдэнийн:
1. Toyota Alphard маркийн *** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үндэслэлтэй байна.
2. Мотоциклийн жолооч А.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.” гэх магадалгаа /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч А.М нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 8 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Дамдинсүрэнгийн гудамж натурын хойд талын замд Toyota Alphard маркийн *** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” мөн дүрмийн 19.4-т заасан “Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.Ц жолоочтой Yamaha МТ9 маркийн *** УН улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, улмаар Г.Цын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг;
Хохирогч Э.Ц өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн зүгээс: “Энэ хэргийн 2 дахь удаагаа анх шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл өмнө нь гэм буруугийн хуралдаанаар хянан хэлэлцэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр 30 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Энэ цаг хугацаанд миний үйлчлүүлэгч нь өмгөөлөгчгүй байсан. Шүүгдэгчээс 1.730.000 төгрөг нэхэмжилж байсан. Үүний 1.000.000 төгрөг нь эмчилгээний баримт байсан. Анхны гэм буруугийн хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл шүүгдэгч нь үйлдэл оролцоо нь дээр маргаж хохирогчийн хувьд өмгөөлөгч авахаас өөр сонголт байсангүй. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2.110.000 төгрөгийн бензиний баримт нь 10 сараас хойших өнөөдрийг хүртэлх хугацааны баримт. Үүнийгээ е-баримтаар гаргаж өгөхөөс өөрөөр яаж гаргаж өгөх ёстой байсан юм бэ? Хүний эрүүл мэнд гэдэг хүнд нөхөгдөж боломжгүй, юугаар ч үнэлэх боломжгүй зүйл байдаг. Гэтэл өнөөдөр энэ хүн /хохирогч/ ажлаа хийхдээ доголоод л явж байлаа. Шүүгдэгчид хүний эрүүл мэндийг хохироочихлоо, миний буруу байлаа гээд харамсаж байгаа сэтгэл зүй байхгүй байгаад гайхаж байна. 5.267.400 төгрөгийг хууль ёсны дагуу гаргаж өгөх ёстой хохирол гэж үзэж байна. Мөн улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт, сэтгэл санааны хохирлыг дэмжиж байна. Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримт хуулийн шаардлага хангасан баримт байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч баримтыг тамга тэмдэггүй байна гэж хэллээ. Бидний гаргаж өгсөн баримт дунд тамга, тэмдэггүй нэг ч баримт байхгүй. Байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.110.000 төгрөг гэх тодорхойлолт нь санхүүгийн тамга тэмдэгтэй баримт байгаа. Ямар нэгэн байдлаар тамга, тэмдэггүй баримтаар мөнгө нэхэмжилсэн зүйл байхгүй. Хэргийг дахин 60 хоног хойшлуулах боломжгүй. Хүсэлтээ урьдчилсан хэлэлцүүлэгт дээрх хүсэлтээ гаргах боломжтой байсан. Хэргийн аль нэг оролцогчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж байгаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж хуульчилсан байдаг.” гэх дүгнэлтийг;
Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Н.Эрдэнэбатын зүгээс: “Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах буюу шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолбол зохих байдал хангалттай цуглаагүй. Хэргийн гол нотлох баримтыг болох хяналтын камерын бичлэгийг шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн хуралдаанаар нотлох баримт болгон гаргаж өгөөд үүнийг нотлох баримтыг шаардлага хангуулан хэрэгт хавсаргахаар хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн байсан. Миний бие шүүгдэгчид өнөөдрийн хуралдаанаас эхлэн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Тодруулбал мөрдөн шалгах ажиллагаа, урьдчилсан хэлэлцүүлэг, нэг удаагийн гэм буруугийн хурал дууссаны дараагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Мөрдөгчийн магадалгаагаар миний үйлчлүүлэгчийг замын хөдөлгөөний холбогдох зүйл заалтыг зөрчсөн, хохирогчийг ямар нэгэн дүрэм зөрчөөгүй гэсэн. Мөрдөгчийн магадалгааг хэргийн оролцогч нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргаж болно гэж хуульчилсан. Осол болсон үеийн бичлэг нь шинжээчийн дүгнэлт гаргахад гол нотлох баримт. Мөрдөгч дээрх бичлэгийг үзэхгүйгээр магадалгаа гаргасан. Бидний зүгээс дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж дараах ажиллагааг хийлгэх хүсэлтэй байна. Тодруулбал хохирогчийн замын хөдөлгөөнд оролцсон хурдыг тодорхойлох шаардлагатай байна. Хэрэг осол гарахад хохирогчийн буруутай ажиллагаа байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байна. Миний үйлчлүүлэгч өөрийгөө энэ хэрэгт огт буруугүй гэж хэлээгүй өөрийгөө холбогдох дүрэм зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрч харин хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг л тогтоолгох хүсэлтэй байна. Хүсэлт гомдлыг заавал мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргана гэсэн зүйл байхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гаргах боломжтой. Мөн нөгөөтээгүүр миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэр гаргах юм бол хохирол төлбөрийг үндэслэлтэй шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн байдаг бөгөөд үүнтэй холбогдуулан ямар нэгэн дүгнэлт гараагүй байдаг. Осол гарснаас хойш 2.116.000 төгрөгийн бензиний баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодорхой хэмжээнд зардал гарсан байхыг үгүйсгэхгүй, е-баримт үндэслээд хохирол олгох нь зохимжгүй. Хохирогч 7 хоногт хэдэн удаа эмчилгээ хийлгэсэн, сард ямар давтамжтай эмчилгээ хийлгэсэн зэргийг нарийвчлан тогтоох хэрэгтэй. Бензиний баримтыг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байх. 555.000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Бидний зүгээс шүүхээс тогтоосон хохирлын хүрээнд хохирол төлбөрийг төлж барагдуулах болно.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.
Шүүгдэгч А.М нь авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” мөн дүрмийн 19.4-т заасан “Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчиж, жолооч А.Цыг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эхсүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг,
"Явган зорчигч" гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг тус тус ойлгоно.
Хавтаст хэргийн 93 дугаар талд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаагаар А.М “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр олгожээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч А.М нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн жолооч захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн байх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх гэсэн үндсэн шинжийг хангасан байна.
А.Мын эс үйлдэхүй болон хохирогч А.Цын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Н.Эрдэнэбатын зүгээс: “Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч А.Мд холбогдох хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой талууд уг хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Улмаар 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч А.Мд холбогдох хэргийг 60 хүртэл хоногийн хугацаагаар 1 удаа хойшлуулж шийдвэрлэсэн байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.М нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч А.Ц нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.110.000 төгрөг, бензиний төлбөр 2.611.163 төгрөг, эмчилгээний төлбөр 1.030.000 төгрөг, нэмэлтээр 555.000 төгрөг, мотоциклийн эвдрэлтэй холбогдуулан 710.000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч ажилгүй байсан хугацааны цалин, бензиний төлбөр зэргийг
нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.2. Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.
3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн 9 чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.”,
4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: гуравдугаар зэрэглэл: хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг 9-15 %, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9-с 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Цын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэг учирсан болохыг тогтоосон байна.
Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасны дагуу хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.580.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч А.Маас гаргуулж хохирогч А.Цт олгох нь зүйтэй.
Шүүгдэгч А.Мын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан.
Шүүгдэгч А.М нь шүүх хуралдааныг завсарлуулсан байх хугацаанд хохирогч А.М 9.135.000 төгрөг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.740.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 244.682 төгрөг тус тус нөхөн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч А.Ц нь өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч А.Мын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх санал,
Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Н.Эрдэнэбатын зүгээс: “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 93 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 95 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 97 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлнө” гэж тус тус хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Мыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч А.Мд оногдуулсан ялаас чөлөөлсүгэй.
4. Хохирогч А.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Оролцогчид давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС