Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 54

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагч хяналтын прокурор Г.Амарсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, 

Шүүгдэгч У.Өсөхбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Өсөхбаярт холбогдох эрүүгийн 201617000283 тоот хавтаст хэргийг 2017 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн харьяат, 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛЙ88050672, Хэрээд овгийн Уламбаясахын Өсөхбаяр. 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч У.Өсөхбаяр нь 2016.07.08-ны орой Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт М.Базарсадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт цохиж, бусдын бие махбодид зүүн нүдний торлогийн урагдал, ховхрол, зүүн нүдний хараа бууралт /0.12/, зүүн хөмсөг, хөмсөгний доорх шарх, зовхины цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч У.Өсөхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос сумандаа гэртээ ирэхэд манай аав хүнд зодуулсан байдалтай хэвтэж байсан. Дүүгээсээ асуухад Базарсад ах зодсон гэж хэлсэн. Би Базарсад ахтай утсаар яриад яагаад аавыг маань зодсон бэ гэхэд зодох шалтгаан гараад зодсон гэж хэлсэн. Би хаана байна очлоо гээд гэр рүү нь очсон. Базарсад ахтай бид хуурай ах дүүс байсан. Би Базарсад ахыг аавыг маань зодлоо гэхэд өөдөөс дайраад байхаар нь цохисон. Маргааш нь Базарсад ахтай таараад бид нэг нутгийн ах дүүс ах нь юм ярихгүй гэж хэлсэн. Улаанбаатар хотод очоод байхад Базарсад ах над руу утсаар яриад ахынх нь нүд эвгүй байна. Нүдээ үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би Дорнод аймаг Улаанбаатар хот гээд явъя гэсэн газар бүрээр нь явж үзүүлсэн. Би эхлээд 600.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэж, 3.500.000 төгрөгөөр хагалгаанд оруулж, эмчилгээ хийлгэхэд бага зэрэг мөнгө өгч байсан. Нийт 4.500.000 төгрөг өгсөн. Базарсад ах надтай өөрөө утсаар яриад одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, нэг нутгийн хүмүүс байна ингээд дуусгая гэж хэлсэн. Одоо мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, гомдлоо буцаалаа, ах дүү шиг байцгаая гэж утсаар ярьж хэлсэн. Шүүх рүү хүсэлтээ явуулсан, өмгөөлөгчдөө хэлсэн байгаа гэж хэлсэн. Бүтэн жил чиний ч ажлыг алдууллаа, өөрийнхөө ч ажлыг алдлаа одоо больё гэж утсаар хэлсэн. Тухайн үед уураа барьж чадалгүй ийм асуудал гаргасан, гэмшиж байна... гэв.

 

- Хохирогч М.Базарсадын мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг гэртээ байхад 2016.07.08-ны орой 23 цагийн үед Өсөхбаяр нь утсаар залгаад хаана байна гараад ир гэхээр нь хашааныхаа гадаа гараад очтол У.Өсөхбаяр ганцаараа машинтай байсан тэгээд намайг та яагаад миний аавыг зодож байгаа юм гээд чанга чанга хашгираад байхаар нь тиймээ хэн хэнийх нь буруу чи тайван бай гэхэд шууд миний зүүн нүдний дээд тал руу цас хийгээд л явчихсан. Тэгтэл миний зүүн нүдний дээд талаас цус гарсан тэр миний нуруу руу 2-3 удаа цохисон. Тэгээд манай эхнэр ирээд салгасан. Тэгээд л Өсөхбаяр яваад өгсөн. Миний нүдний эмчилгээний зардалд Өсөхбаяр 4.100.000 төгрөг өгсөн, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ, шүүх хуралдаанд сууна... гэх мэдүүлэг /хх-11-13/

 

- Гэрч Ч.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.07.08-ны шөнө 23 цагийн орчимд нөхөр бид хоёр гэртээ амрах гээд байж байтал манай нөхөр Базарсадын гар утас дуугарсан чинь цаанаас нь нэг хүн хашигчаад байгаа бололтой байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Өсөхбаяр гараад ир гэнээ гээд гарсан. Гараад удаагүй байтал гадаа хашгиралдах чимээ гарахаар нь гараад очтол Өсөхбаяр ирчихсэн Базарсадын араас нь цохиж байгаа харагдсан. Энэ үед Базарсад нүүрээ гараараа дарсан байсан. Түүний зүүн нүдний дээд талаас цус маш ихээр гарч байсан. Тэгээд цусыг дарж эмнэлэг рүү явж Энхжаргал эмчээр оёдол тавиулсан. Маргааш нь Уламбаясах ах утсаар яриад Базарсад, Өсөхбаяр нар дэмий юмнаас болж муудсан байна гээд ярьж байсан. Манай гэрт У.Өсөхбаяр ирээд өчигдөр орой уурандаа ийм юм боллоо уучлаарай гэхэд Базарсад за яах вэ би ч бас архи уугаад Уламбаясахтай муудсан байна лээ гээд салцгаасан...гэх мэдүүлэг / хх-14-15 /

 

- Гэрч З.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.07.08-ны шөнө 23 цагийн үед жижүүрийн сувилагчийн дуудлагаар Эрүүл мэндийн төв дээр ирэхэд Базарсад гэх хүн зүүн нүд хөхөрч хавдсан, хөмсөгний дээд талд язарсан шархтай, хүнд цохиулсан гэж байсан. Тэгээд зүүн хөмсөгний дээд талд язарсан шарханд нь 3 оёдол, зовхины доод талд нь 1 оёдол нийт 4 оёдол тавьсан. Тухайн үед нүдний хараа арай бүдэг байна. Дараагийн шатны эмнэлэгт үзүүлээрэй гэсэн зөвлөмжийг өгсөн. Базарсад урьд нь ямар нэгэн гэмтэл бэртэл авсан байдалтай надад үзүүлж, эмчилгээ, зөвлөгөө авч байгаагүй. Базарсад тухайн үед архи уусан байсан эсэхийг анзаараагүй, мэдэхгүй гэх мэдүүлэг / хх-16 / 

 

- Гэрч Х.Уламбаясахын мөрдөн байцаалтанд өгсөн: Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд эхэрийн хамт амьдардаг юм. Бид 2 хүүхэдтэй, хүүхдүүд маань Улаанбаатар хотод амьдардаг. 2016.07.03-ны орой манай сумын иргэн Зоригтбаатар над руу залгаад Хэрлэн гол руу хүргээд өгчих гэхээр нь би явсан юм. Тэнд очиход Ардчилсан намын хүмүүс хорхог боолт, архи дарс болсон сууцгааж байсан. Гэтэл Базарсад нь нилээн халамцуухан над руу дайрч “чи муу хадлангийн ханш өсгөлөө” гэх мэтээр ам хэлээр доромжилж, миний нүүрэн тус газарт хальт онолгүй мөргөсөн, баруун гараараа миний шүд амны хэсэг рүү 1 удаа цохисон. Энэ үед миний уруул хэсэг дотор талдаа сэтэрч хиймэл шүд хэдэн хэсэг хугарсан. Нэг шүд унасан, амнаас цус гарсан. Энэ үед тэнд байсан Даваахүү, Гөөгөө гэх хүмүүс мөн Базарсадын эхнэр нар салгаад тэндээсээ тарцгаасан. Би өөрөө эмнэлэгт үзүүлээгүй юм. Базарсадтай хуурай ах дүү учир хүний муу үзээд яахав гээд цагдаагийн байгууллагад хандаагүй. Манай хүү Өсөхбаяр 2016.07.08-ны өдөр Улаанбаатар хотоос ургийн баярт оролцох гээд ирсэн юм. Хүүгээ ирэх үед миний уруул ам хавдсан, гэмтсэн байдалтай байсан юм. Түүнийг хараад аавыгаа өмөөрч Базарсадтай муудалцаж маргалдах болсон байх ... гэх мэдүүлэг, / хх-20-23/ 

 

- Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 1538 дугаартай дүгнэлт:1. М.Базарсадын биед зүүн нүдний торлогийн урагдал ховхрол, зүүн нүдний хараа хууралт /0.12/, зүүн хөмсөг, хөмсөгний доорх шарх, зовхины цусхуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. Зүүн нүдний дорлогийн урагдал, ховхролын улмаас харааны бууралт /0.12/ болсон нь ШЭГЗТЖ-н ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 25 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Урьд гаргасан 2016.09.14-ний өдрийн №386 дугаартай шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна гэх дүгнэлт / хх-45-46 /

 

- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016.09.12-ны өдрийн 384 дугаартай шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт: 1.2.3.4.У.Өсөхбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-48/

 

- Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 2260 тоот тодорхойлолт /хх-59/

 

- Инфинити нүдний эмнэлгийн тодорхойлолт 2016.10.24 / хх-64 /

 

- У.Өсөхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-61/ 

 

- Яллагдагч У.Өсөхбаярын иргэний үнэмлэхийн хуулбар/хх-60 /

 

- Эмчийн тодорхойлолт 2016.07.08 /хх-71/

 

- Эмчилгээний зардал нэхэмжилж буй баримтууд /хх-66-70, 72-78/

 

- Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-80/

 

- Хохирогч М.Базарсадын шүүхэд ирүүлсэн хүсэлт 2017.07.28 ...зэрэг болно. 

 

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Өсөхбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ ” гэж зохицуулсан бөгөөд У.Өсөхбаярт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа хийгээд энэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрсөн байх тул энэ зүйл ангиар хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч У.Өсөхбаяр нь 2016.07.08-ны орой Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт М.Базарсадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд “ зүүн нүдний торлогийн урагдал, ховхрол, зүүн нүдний хараа бууралт /0.12/, зүүн хөмсөг, хөмсөгний доорх шарх, зовхины цус хуралт “ бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч У.Өсөхбаярын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлэн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч М.Базарсад, гэрч Ч.Цолмон, З.Энхжаргал, Х.Уламбаясах, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 1538 дугаартай дүгнэлт,  Инфинити нүдний эмнэлгийн тодорхойлолт.2016.10.24, Эмчийн тодорхойлолт.2016.07.08 зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

 Иймд шүүгдэгч У.Өсөхбаярыг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, У.Өсөхбаяр дээрх гэмт хэргийг гэм буругийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

 

 

Шүүхээс шүүгдэгч У.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

 

У.Өсөхбаяр нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг эмчилгээнд өөрийн зардлаар авч явсан зэргээр туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

    Шүүүгдэгч У.Өсөхбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэрээр хохирогчид учирсан эмчилгээний зардалд 4.100.000 төгрөг төлсөн, хохирогч М.Базарсад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Өсөхбаярт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Хэрээд овгийн Уламбаясахын Өсөхбаярыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Өсөхбаярыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох торгох ялаар шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан У.Өсөхбаяр оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Ялтан У.Өсөхбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэрээр хохирогчид учирсан эмчилгээний зардалд 4.100.000 төгрөг төлсөн, хохирогч М.Базарсад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар уг тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар ялтан У.Өсөхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН