| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2025/0189/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1615 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа
Улсын яллагч Н.Түвшинбаяр
Хохирогч Д.Эийн өмгөөлөгч Б.Отгонпүрэв
Шүүгдэгч О.Ш, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 4, *** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 830 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг эдэлж дууссан,
О.Ш /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Ш нь “гадаадаас жимс, жимсгэнэ болон хүлэмжийн үрсэлгээ оруулж ирэх хэрэгтэй байна. Хүүтэй мөнгө зээлье, жимсээ зарж дуусаад нэг мөсөн бүх мөнгөө өгье” гэж хуурч, Э.Эээс 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 12.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 100.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 4.990.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гурван удаагийн гүйлгээгээр 21.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 6.750.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 6.400.000 төгрөг, нийт 53.240.000 төгрөгийг нөхөр С.Тийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ш мэдүүлэхдээ: “Хүлэмжээ битүүмжлэх явцад тооцоогоо буруу бодож алдаа гаргасан. Үнэхээр гэмшиж байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/, хохирогч Э.Э шүүгдэгч О.Ш нарын харилцах зурвас /хх-ийн 23-31 дүгээр тал/, шүүгдэгч О.Шийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 123-124 дүгээр тал/, гэрч Н.Мийн мэдүүлэг /хх-ийн 224-225 дугаар тал/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 210/МА2022/01948 дугаар магадлал /хх-ийн 131-139 дүгээр тал/, хохирогч Э.Эийн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/, хохирогч Э.Эийн эзэмшлийн Хаан банкны *** дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 43-49 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэ/х тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Ш нь “гадаадаас жимс, жимсгэнэ болон хүлэмжийн үрсэлгээ оруулж ирэх хэрэгтэй байна. Хүүтэй мөнгө зээлье, жимсээ зарж дуусаад нэг мөсөн бүх мөнгөө өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Э.Эг төөрөгдөлд оруулан залилсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Эийн өгсөн: “О.Ш гэх эмэгтэйн ээж манай ээжийн найз болохоор нэг нэгнийгээ зүс таньдаг байсан. 2021 онд О.Ш “***” ХХК гэх нэртэй хүлэмжийн газар тариалан, жимс хүнсний бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Хүлэмж нь Төв аймгийн Эрдэнэ суманд байрладаг байсан. О.Ш өөрөө захирал нь байсан. Ер нь гэр бүлээрээ тухайн компанийн үйл ажиллагааг явуулж, ерөнхийд нь О.Ш хариуцдаг байсан. Би тэдний компанид 2021 оны 01 дүгээр сараас нягтлан бодогчоор ажилд орсон. Ажиллаж байхад О.Ш “гадаадаас жимс, жимсгэнэ болон хүлэмжийн үрсэлгээ оруулж ирэх хэрэгтэй байна” гээд надаас “хүүтэй мөнгө зээлье, жимсээ зарж дуусаад нэг мөсөн бүх мөнгөө өгье” гэхээр нь итгээд зээлсэн. 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 12 сая, 5 дугаар сарын 26-ны өдөр 100.000 төгрөг, 5 дугаар сарын 28-ны өдөр 2 сая, 5 дугаар сарын 29-ний өдөр 4.990.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 1-нд гурван удаагийн гүйлгээгээр 21 сая, 6 сарын 21-ний өдөр 6.400.000 төгрөгийг С.Т гэх О.Шийн нөхрийн *** тоот данс руу шилжүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш би мөнгө зээлээгүй, өмнөх мөнгөө ч өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/,
Хохирогч Э.Эийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 43-49 дүгээр тал/,
Хохирогч Э.Эийн эзэмшлийн Хаан банкны ***, С.Сийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 122-124 дүгээр тал/,
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3/648 дугаар албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 67-70 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мийн өгсөн: “Би хэний данснаас орж ирсэнг нь бол мэдэхгүй, *** гэсэн данснаас 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2.185.000 төгрөг миний хаан банкны *** гэсэн данс руу Э гэсэн утгатайгаар орж ирсэн. Энэ мөнгийг нь би өөрийн аллипэед байсан мөнгөнөөсөө аллипэе аппликейшнээр БНХАУ-руу зуучилж өгч байсан хүн рүү нь шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 226-227 дугаар тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч О.Ш нь “гадаадаас жимс, жимсгэнэ болон хүлэмжийн үрсэлгээ оруулж ирэх хэрэгтэй байна. Хүүтэй мөнгө зээлье, жимсээ зарж дуусаад нэг мөсөн бүх мөнгөө өгье” гэж хуурч, Э.Эээс 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 12.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 100.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 4.990.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гурван удаагийн гүйлгээгээр 21.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 6.750.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 6.400.000 төгрөг, нийт 53.240.000 төгрөгийг нөхөр С.Тийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгч О.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Шийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа боловч прокуророос уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч О.Ш нь 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд хохирогч Э.Эг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 46.490.000 төгрөгийн хохирол учруулсан.
Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж тавин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний /1000*50.000=50.000.000/ төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг ойлгоно гэж заажээ.
Дээрх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйчлэхдээ тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нарийвчлан тогтоогоогүй буюу хэрэгт авагдсан баримтууд болох хохирогч Э.Э, гэрч Н.М, шүүгдэгч О.Ш нарын мэдүүлгээр хохирогч Э.Э нь БНХАУ-д суралцах сургуулийн төлбөрийг шүүгдэгч О.Шээр дамжуулан шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон. Тодруулбал 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 12.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 100.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 4.990.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гурван удаагийн гүйлгээгээр 21.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 6.400.000 төгрөг нийт 46.490.000 төгрөгийг зээлийн шугамаар харин 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр шилжүүлсэн 6.750.000 төгрөгийг “... сургууль зуучлалын төлбөрт” тус тус шилжүүлсэн байна. Хохирогч Э.Эийн сургууль зуучлалын төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт тооцох боломжгүй бөгөөд хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас 46.490.000 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилсэн.
Дээрхээс дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд, хяналтын прокуророос шүүгдэгч О.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтлоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хохирол, хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Шийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол” үйлдсэн бөгөөд тус гэмт хэрэг нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 21-ний хооронд гарсан бөгөөд гэмт хэрэг гараад хэдий нь 3 жилийн хугацаа өнгөрсөн хойно шүүгдэгчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.Ш нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Э нь хохирол төлбөрт 46.490.000 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгч О.Шээс 46.490.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Эд олгохоор шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Шийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Шээс 46.490.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Эд олгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр шүүгдэгч О.Шд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч шүүгдэгч О.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС