| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2025/1010/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1668 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ
Шүүгдэгч Н.Ө************* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* холбогдох эрүүгийн “2503000000295” дугаар 1 хавтаст хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, халх, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ************* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
*************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ************* нь 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу Баянзүрх дүүргийн ************* замд 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 01 цагийн үед Toyota ipsum маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, мөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/. тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар тал/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл /хх-ийн 4-6 дугаар тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/808 дугаар шийтгэвэр /хх-ийн 19-21 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ************* нь 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу Баянзүрх дүүргийн ************* замд 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 01 цагийн үед Toyota ipsum маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, мөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/. тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар тал/,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл /хх-ийн 4-6 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр тал/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/808 дугаар:
1. Зөрчилд холбогдогч *************-г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг үйлдсэнд тооцсугай.
2. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч ************* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай.” гэх шийтгэвэр /хх-ийн 19-21 дүгээр тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын яллагч “Шүүгдэгч ************* нь 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу Баянзүрх дүүргийн ************* замд 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 01 цагийн үед Toyota ipsum маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, мөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/. тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
Шүүгдэгч ************* нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа болон холбогдох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн ************* замд Toyota ipsum маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчижээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль /хувь/ эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль /хувь/ илэрснийг ойлгоно гэжээ.
Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр шүүгдэгч ************* драйгер багаж ашиглан шалгахад 3.05 хувийн согтолттой гарсан байна. Шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль /хувь/-ээс дээш байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ************* гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-иин 31 дүгээр тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/, “*************” ХХК-ийн тодорхойлолт, ************* нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шүүгдэгч ************* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Улсын яллагчийн зүгээс “торгох ял ононгдуулж өгнө үү” гэх саналыг гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.
Учир нь эмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлэлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ************* нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************* “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ************* 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 03 /гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ************* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС