Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 144/ШШ2022/00118­­­­  

 

 

  2022            07               27                                                               144/ШШ2022/00118­­­­                               

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,  

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, чингисийн өргөн чөлөө, 6, Стадион Оргил-1 тоотод байрлах, “Хаан банк” ХХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4-р баг, Баянд оршин суух хаягтай, Цэрэн овгийн Шинэхүүгийн Алдарбаяр /РД:КЛ85122614/,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4-р баг, Баянд оршин суух хаягтай, Аюур овгийн Мижиддоржийн Норовсүрэн /РД:КЙ87072465/ нарт холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 18,545,411.51 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг нийт 18,557,411.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчөдөр, хариуцагч Ш.Алдарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчөдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зээлдэгч Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нар нь ‘’Хаан Банк’’ ХХК-ийн Өмнөговь салбарын Төв тооцооны төвтэй 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ201742906273 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, БГХ201742906273 дугаартай Барьцааны гэрээг байгуулан 16,000,000 /Арван зургаан сая / төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4%-н хүүтэй, 48 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар зээлж авсан бөгөөд тэрээр энэ зээл дээрээ нэмэгдүүлэн дараах зээлүүдийг авсан. Үүнд:

2017 оны 07 дугаар сарын 04-ий өдөр ЗГ201742906273-01 дугаартай Зээлийн гэрээ.

БГХ201742906273-01 дугаартай Барьцааны гэрээг байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл

14.852,630.21 төгрөг дээр нэмэгдүүлж 1,000.000 /Нэг сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар.

 

 

2017 оны 10 дугаар сарын16-ны өдөр ЗГ/201742906273-2 дугаартай Зээлийн гэрээ, БГХ201742906273-2 дугаартай Барьцааны гэрээг байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 15,210.083.41 төгрөг дээр нэмэгдүүлж 500.000 /Таван зуун мянган /төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай. ахуйн хэрэглээний зориулалтаар тус тус зээлж авсан.

Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 10,319,13.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,077,894.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 995.96 төгрөг, нийт 13,398,304.28 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Ш.Алдарбаяр. М.Норовсүрэн нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараалан зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул 2019 оны 01 дугаар сарын 17-ны өдөр "Зээл төлөх мэдэгдэл"-ийг өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөлгүй 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 1572 хоног зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1,6.1.8 дах заалтуудыг тус тус үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

1. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах;

А/ Үндсэн зээлийн төлбөр 7,180,586.64 төгрөг, Б/ Зээлийн хүүгийн төлбөр      10,809,229.16 төгрөг, В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 555,595.71 төгрөг, Нийт 18, 545,411.51 төгрөг гаргуулах.

2. Нотариатын төлбөр 12,000 төгрөг гаргуулах.

Улсын тэмдэгтийн хураамж 250,737 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж, Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 1-д “...хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй. эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж тус тус заасан тул нэхэмжлэлд дурдсан төлбөрийг хариуцагч Ш.Алдарбаяр. М.Норовсүрэн нараас зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт 18,557,411.51 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ.” гэв.

            Хариуцагч Ш.Алдарбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 онд зээл авсан нь үнэн. Би Өмнөговь аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт хамгаалалтын ажилтнаар ажиллаж байгаад  2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл 2 жил шахуу ажилгүй байсан. Энэ хугацаанд зээлийг огт төлөөгүй биш төлсөн. 1080 өдөр хэтрүүлсэн гэж байгааг ойлгохгүй байна.  Тодорхой бололцоогоороо төлж байсан. 2019 оны 09 дүгээр сард Ханбогд суманд шинээр шийдвэр гүйцэтгэх хэлтэс байгуулагдаад тус хэлтэст би ээлжийн даргаар томилогдсон. Түүнээс хойш зээлийн эдийн засагч надтай холбогдож байсан. 2019 оны 01 сард надад нэг удаа бичгээр мэдэгдсэн. Ажилд ороод сарын 500,000 төгрөгөөр нэлээн хэдэн сар төлсөн. Төлөөд байхад нэмэгдээд байсан. Нэмэгдээд байхаар нь би зээлийн эдийн засагчтай холбогдоод

болохгүй бол шүүхэд хандъя гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сар хүртэл би хаан банкны дансаар цалингаа авдаг байсан. 2022 оны 05 дугаар сараас хойш би цалингаа Голомт банкны дансаар авдаг болсон. Төлөөд байхад хүү, алданги нь ихсээд байгааг би ойлгохгүй байгаа. Би сард 1,016,000 төгрөгийн цалин авдаг. Манай эхнэр ажил хийдэггүй. Би нийт 15,700,000 төгрөг зээлсэн. Үүнээс 13,398,000 төгрөгийг төлөөд байхад одоо ахиад 18,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад Хаан банкнаас 2 удаа санал тавьсан. 2021 оны 06 дугаар сард үндсэн зээл 13,500,000 төгрөгийг төлчихвөл зээлийн хүүгээс бүрэн чөлөөлнө гэсэн. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкнаас надтай холбогдоод 5 сая төгрөг төлчихвөл зээлийг чинь шинэчлээд тогтооё гэж хэлсэн. Муу зээлдэгч гэсэн түүхгүй байсан бол би бусад банкнаас бага хүүтэй зээл аваад зээлээ төлөх боломжтой байсан. Муу зээлдэгч гэсэн түүхтэй учраас надад өндөр хүүтэй зээл олгогдохоор байсан. Тийм учраас би тухайн үед төлж чадаагүй. Одоо бол үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү зэргийг сайн ойлгохгүй байгаа. Ахиад график гаргаад төлж болох уу гэсэн саналтай байна. Ганцаараа ажил хийдэг тул бөөнөөр нь төлнө гэвэл барахгүй. Зээлийн эдийн засагч 4 удаа солигдсон. Ямар нэг аргаар үндсэн зээлээ төлчих юм бол зээлгүй болох юм байна гэж бодоод боломжоороо төлж байсан. Одоо бол санал нийлэхгүй байна.” гэв.

            Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь хариуцагч Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,545,411.51 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг нийт 18,557,411.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

             Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

             Хариуцагч Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нар “Хаан банк” ХХК , түүнийг төлөөлж Өмнөговь салбарын төв тооцооны төвтэй 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ201742906273 дугаартай зээлийн гэрээ, БГХ201742906273 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зориулалтаар зээлжээ. Тэрээр зээл дээрээ нэмэгдүүлэн дараах зээлүүдийг авчээ. Үүнд, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ201742906273-01 дугаартай зээлийн гэрээ, БГХ201742906273-01 дугаартай барьцааны гэрээг байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 14,852,630.21 төгрөг дээр нэмэгдүүлж, 1,000,000 /нэг сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4% хүүтэй, 48 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зориулалтаар, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/201742906273-2 дугаартай зээлийн гэрээ, БГХ201742906273-2 дугаартай барьцааны гэрээг байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 15,210,083.41 төгрөг дээр нэмэгдүүлж 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20.4% хүүтэй, 48 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар тус тус зээлжээ.  

          Зээлдэгч нар буюу хариуцагч Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нар 48 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөрт 481,500 төгрөгийг хувааж төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон бөгөөд энэ нь хууль, гэрээнд нийцсэн байна.

          2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн БГ201742906273-2 дугаартай барьцааны гэрээнд заасан 1/ 2 хаалгатай хөргөгчийн үнэ 320,000 төгрөг, 2/ 42 инч зурагтын үнэ 320,000 төгрөг 3/ 3*4, 4*4 төмөр пингийн үнэ 560,000 төгрөг  барьцааны зүйлийн тохиролцсон үнэ 480,000 төгрөг 4/ 5-н ханатай гэрийн үнэ 1,400,000 төгрөгөөр барьцаалж зээлдэгч Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нар гарын үсэг зуржээ. /хх-ийн 5 дугаар хуудас/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 зээлийн болон барьцаат зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

          Хариуцагч Ш.Алдарбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болох 7.180.586.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүүгийн төлбөр 10,809,229.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 555,595.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

          Талуудын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ201742906273-2 дугаартай зээлийн гэрээний 4.3-д “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн адил эрх /энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад/-ийг эдэлж, үүрэг хүлээнэ.” гэж заасан байх бөгөөд уг гэрээнд хариуцагч нараас гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй болно.

          Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 18,545,411.51 төгрөгийг хариуцагч Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нарын буюу зээлдэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг гэрээнд заасны дагуу тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

          Зээлийн гэрээний дагуу 18,545,411.51 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн хаан банк дахь 5585373377 дугаарын данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

          Зээлдэгч Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 13,398,304.28 төгрөгийг нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д төлжээ.

          Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг нэхэмжлэгч талаас цуцалж, зээлдэгч буюу хариуцагч Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нараас 2022 оны 05 дугаар  сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон хүүгийн төлбөрт нийт 18,545,411.51 төгрөгийг нэхэмжилжээ.

          Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээл төлөх мэдэгдлийг зээлдэгч Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нарт хүргүүлж байжээ.

          Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэлтэй тул хариуцагч Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 18,545,411.51 /арван найман сая таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг нийт 18,557,411.51 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-аас нотариатын зардалд 12,000 төгрөгийг хохиролд шаардсан бөгөөд нотлох баримтын шаардлагыг хангасан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 250,737 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нараас 250,737 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгох нь зүйтэй.  

Хариуцагч М.Норовсүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч Ш.Алдарбаяраас М.Норовсүрэнг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүх хариуцагч М.Норовсүрэнгийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нараас 18,557,411.51 төгрөгийг гаргуулж “Хаан банк” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 250,737 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Алдарбаяр, М.Норовсүрэн нараас 250,737 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАТМӨНХ