Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0052

 

 

 2023          01           16                                    128/ШШ2023/0052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б.Э*** 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Х***,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Л***,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.А***,

Хариуцагч: Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Л.Г***,

Гуравдагч этгээд: Я.Э*** нарын хоорондын газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х***, Р.Л***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г***, гуравдагч этгээд Я.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Б.Э*** тус шүүхэд хандан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянгол дүүргийн Улсын бүртгэгчийн иргэн Д.Л***гийн өмчлөлийн 160*** нэгж талбарын дугаартай газрын Я.Э***гийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэсэн захиргааны актыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч Б.Э*** нь иргэн Д***-гийн Г***-ийн хамт  2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар бэлэглэлийн гэрээ”-ний үндсэн дээр өөрийн төрсөн ах Б.Э***-аас Баянгол дүүргийн 16 дугаар хороо, О*** дугаар гудамжны *** тоот хаягт байрлах, нэгж талбарын 186*** дугаар бүхий 178 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, эрхийн улсын бүртгэлийн Г-220*** дугаарт бүртгэгдэн, газар өмчлөх эрхийн 0003*** тоот гэрчилгээг эзэмших болсон.
  3. Иргэн Д.Л***гээс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Худалдах худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, О*** 7 дугаар гудамжны *** тоот хаягт байрлах, нэгж талбарын 160*** дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-2205*** дугаарт бүртгэгдсэн, 139 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг гуравдагч этгээд Я.Э***д шилжүүлснийг хариуцагчаас эрхийн улсын бүртгэлийн Г-2205*** дугаарт бүртгэн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 0005*** дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон.

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Э***аас Улсын бүртгэлийн ерөнхий

газарт хандан гомдол гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *******дугаар албан бичгээр “...Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой” хэмээн гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгснийг эс зөвшөөрч 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

            “...Миний өмчлөлийн газрын хөрш залгаа орших 160*** нэгж талбарын дугаартай газрын кадастрын зурагт миний өмчлөлийн газрыг хамруулан кадастрын зураг үйлдэгдсэн байна. Уг кадастрын зураг нь алдаатай болохыг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын кадастрын байцаагч Ч.П*** хүлээн зөвшөөрдөг. Энэ талаараа утсаар мэдэгдэж байсан.

            Манай хөрш залгаа газрын өмчлөгч байсан Д.Л*** нь кадастрын зураг алдаатай болохыг мэдсээр байж гуравдагч этгээдэд өөрийн өмчлөлийн газар нь ямар нэг эрхийн зөрчилгүй хэмээн худалдсан бөгөөд маргаан бүхий газрыг худалдаж авсан этгээд нь газар чөлөөлж өгөх тухай шаардлагыг надад олон удаа тавих болсон.

            Миний бие 0003*** дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн төрсөн ах Б.Э***аас шилжүүлж авах үед кадастрын зураг алдаатай байсан буюу манай хөрш залгаа газрын өмчлөгч Т.Ё*** энэ асуудлыг “...холбогдох баримтыг бүрдүүлээд шийдүүлчих юмсан” гэж ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл талууд хоорондын маргаан байгаагүй тул тэр даруй төрийн байгууллагад хандаж байгаагүй болно.

            Уг асуудлыг Баянгол дүүргийн кадастрын албанаас тодруулахад кадастрын зураг нь алдаатай болохыг байцаагч Ч.П*** хүлээн зөвшөөрдөг байсан тул байцаагчийн үгэнд итгээд маргаан бүхий 25.3 м.кв газар нь манай өмчлөлийн газар бөгөөд газрын асуудал шийдвэрлүүлэхэд ямар нэг асуудалгүй хэмээн өдийг хүрсэн. Маргаан бүхий газарт кадастр хийх, заагийг тогтоох, тэмдэглэх ажиллагааг хийх нь дүүргийн Газар зохион байгуулалтын албаны чиг үүрэгт хамаарах асуудал юм.

            Улсын бүртгэлийн байгууллага газар өмчлөх эрхийн гэрчилгээг нэг хүнээс нөгөө этгээдэд шилжүүлж буй тохиолдолд эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдэд мэдэгдэх үүрэгтэй. Гэвч энэ талаар ямар нэг ажиллагаа хийгдээгүйд миний бие гомдолтой байна.

            Тиймээс Баянгол дүүргийн улсын бүртгэгчийн иргэн Д.Л***гийн өмчлөлийн 160*** нэгж талбарын дугаартай газрыг Я.Э***гийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэсэн захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Б.Э*** нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 7 дугаар гудамж, 3 тоот хаягт байрлах 178 м.кв хашаа, байшингийн хууль ёсны өмчлөгч мөн болно. Тус газрыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн ах Б.Э***аас бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хүлээн авсан. Энэхүү 178 м.кв газар нь хөрш залгаа орших хашаатай 25.3 м.кв талбайгаар давхацсан байдлаар алдаатай кадастрын зураг зурагдсан байдаг. Үүнийг газар зохион байгуулагч Ч.П*** хүлээн зөвшөөрдөг. Мөн хөрш айлын өмнөх өмчлөгч Д.Л***гийн аав газар маргаантай байгаа гэдгийг ярьж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Захиргааны байгууллага нь аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т зааснаар энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээдэг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зармыг хангаж ажиллах үүрэгтэй. Гэтэл өмнөх эзэмшигч Д.Л***гээс гуравдагч этгээд Я.Э***д тухайн хашаа байшинг шилжүүлэхдээ эрх зөрчигдөж байгаа Б.Э***т мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагааг явуулаагүйд гомдолтой байгаа.

Газрын кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын кадастр дараах үйл ажиллагаанаас бүрдэнэ”, 9.1.2-т “газрын улсын бүртгэл”, 9.3-д “Газрын улсын бүртгэлд дараах үйл ажиллагаа хамаарна”, 9.3.1-д “газрын кадастрын зураглал” гэж тус тус заасан. Үүнээс үзвэл кадастрын зураглал нь улсын бүртгэл хийх үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Гэтэл хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь бодит байдлаас зөрүүтэй зурагдсан кадастрын зурагт үндэслэн газрыг давхардуулсан байдалтай бүртгэл хийсэн нь улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд харшилж байна. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй байна. Зөрчилтэй байгааг улсын бүртгэлийн байгууллага мэдсэн байх ёстой. 2010 онд нэхэмжлэгчийн төрсөн ах Б.Э*** өөрийн үл хөдлөх хөрөнгөд гэрчилгээ гаргуулах мэдүүлгийг улсын бүртгэлийн байгууллагад өгсөн. Энэхүү мэдүүлэгтээ 25.3 м.кв газарт маргаантай байгаа. Уг маргааныг талууд хоорондоо зөвшилцөж шийдвэрлэсний үндсэн дээр гэрчилгээг гаргуулъя гэсэн байдаг.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байдаг. Гуравдагч этгээд Я.Э*** нь бага биш үнийн дүнтэй наймаа хийж байгаа тул кадастрын зурагт “Г” хэлбэрийн газар зурагдсан байхад бодитоор газрыг үзэхэд тэгш өнцөгт хэлбэртэй газар байгааг харах учраас газрын маргаан байж болзошгүй гэдгийг хангалттай мэдэх үндэслэлтэй юм. Иймд Б.Л***гээс Я.Э***д шилжүүлсэн бүртгэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л***аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбарт ямар нэгэн байдлаар хууль, тогтоомж зөрчөөгүй гэж тайлбарладаг. Шүүхийн үзлэгээр бодитоор ямар нөхцөл байдал үүсээд байгаа нь тогтоогдсон. Бүртгэл нь Я.Э***, Б.Л*** нарын нэр дээр байсан. Бодит байдалд байшингийн өмчлөл, ашиглалт нь нэхэмжлэгч Б.Э***т байгаа. Бүртгэл өөр хүний нэр дээр, эзэмшил, ашиглалт нь өөр хүнд байгаа. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж маш тодорхой заасан. Мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасан. Эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч Б.Э***ын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхээ бодитоор хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. Энэ асуудлыг гуравдагч этгээд Я.Э*** тухайн газрыг авахдаа мэдэж байсан. Түүний шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт газрын албанд очиж уг асуудлыг тодруулсан гэж дурдсан байдаг. Нэхэмжлэгч бодит байдалд эд хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй байгаа тул энэхүү бүртгэлийг хууль, тогтоомжид нийцсэн гэж үзэх боломжгүй байгаа. Иргэний хуулийн 183, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан бүртгэл үнэн зөв байх зарчим, хуулийн зохицуулалт зөрчигдсөн учраас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдөөд байна. Иймд зөрчигдөж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн журмаар сэргээлгэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Тухайн нэгж талбарын дугаартай газрыг Я.Э***гийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн. Энэхүү газрыг анх Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 7 дугаар гудамж, 2 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 138.61 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 289 дүгээр захирамжаар иргэн Б.Л***, Т.Ё*** нарт өмчлүүлсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлд Г-2205**** дугаарт бүртгэгдсэн. Энэхүү маргаж буй 138.61 газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэж улсын бүртгэлд бүртгэсэн. Үүний дараа Т.Ё*** нас барж, өв залгамжлалаар Б.Л***гийн өмчлөлд бүртгэгдсэн. Уг өв залгамжлалаар Б.Л***гийн нэр дээр бүртгэгдсэн газарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Анх захирамжийн дагуу өмчилсөн газарт нь ямар нэгэн өөрчлөлт оролгүй худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Я.Э***гийн өмчлөлд шилжсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас тухайн газар нь өмчлөлийн маргаантай гэж үзэж байгаа. Хэрэв өмчлөлийн маргаан байгаа бол анх Нийслэлийн Засаг даргын 289 дүгээр захирамжийг үндэслэж эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тул худалдах, худалдан авах гэрээгээр Я.Э***гийн нэр дээр шилжсэн гэрчилгээг хүчингүй болгосноор энэхүү газрын маргаан шийдвэрлэгдэхгүй. Газрын алба болон захирамж гаргасан этгээдэд гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлсний дараа улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой. Я.Э***гийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн бүртгэлийг хүчин төгөлдөр биш, хууль бус, давхардсан гэж үзэх үндэслэл байхгүй. Худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх шилжихэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6 дугаар зүйлийн 6.2-т “Гэрээ, хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд дараахь шаардлагыг хангасан байна”, 6.2.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, хэлцэлд хуульд заасан нөхцөл бүрэн тусгагдсан байх”, 6.2.2-т “хуульд заасны дагуу хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авсан байх”, 6.2.3-т “өмчилж авсан газрын зарим хэсгийг шилжүүлсэн тохиолдолд өөр этгээдэд шилжиж байгаа болон тухайн өмчлөгчид үлдэж байгаа газрын кадастрын зургийг гэрээнд хавсаргасан байх” гэсэн заалтуудыг мөрдөн ажилладаг. Бүртгэл хөтлөх журам болон хуульд заасан шаардлагыг хангаагүй зүйл тогтоогдоогүй. Иймд улсын бүртгэлд бүртгэсэн нь зөв юм. Иргэнд өмчлүүлсэн газрыг улсын бүртгэлд бүртгэсэн байсан тус газрыг шилжүүлсэн бүртгэл хийгдсэн. Үүнийг зөрчилтэй гэж үзэх үндэслэл байхгүй. Давхардуулсан гэж үзэж байгаа бол тухайн газрыг өмчлөх эрх олгосон шийдвэр гаргадаг газрын алба энэ асуудлыг шийдвэрлэнэ. Газрын хувьд улсын бүртгэлийн байгууллага нь хоёрдогч бүртгэлийн байгууллага юм. Газрыг хэн өмчлөх, эзэмшихийг газрын алба шийдвэрлэдэг. Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд өмчлөх, эзэмшүүлэх шийдвэр гаргасныг улсын бүртгэл үндэслэж бүртгэл хийгддэг. Газрын албанд хандаж захирамж, шийдвэр гаргуулбал манайх Я.Э***гийн өмчлөлийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой. Бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй.

Б.Э*** нь тухайн газар дээрх байшингаа бүртгүүлэхээр манайд хүсэлт гаргасан талаарх баримтыг сая харлаа. Хүсэлт гаргах үедээ хоорондоо зөвшилцөөд газрын асуудлаа шийдвэрлэх боломжтой байсан байна. Тухайн үед асуудлаа шийдвэрлээгүй байж хууль ёсны шударга өмчлөгч болох Я.Э***гийн гэрчилгээг хүчингүй болгуулъя гэж шаардаад байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэв.

  1. Гуравдагч этгээд Я.Э***гээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Л***гээс Баянгол дүүргийн 16 дугаар хороо, О*** дугаар гудамж, *** тоотын 139 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй кадастрын зурагтай газар худалдан авсан билээ. Уг газрыг худалдан авах гэж Газар зохион байгуулалтын албан дээр очих үедээ газрын албаны мэргэжилтнээс кадастрын зургийг үзүүлэн асууж байсан. Тухайн хүн хуучин байшин байсан. Байшингийн голоор нь хувааж кадастр гаргадаггүй. Энэ танай газар гэж хэлсэн. Уг газрыг надар худалдсан Д.Л*** хэлэхдээ “...манай аав энэ хашааг анх авах үед ах дүү хоёр энд амьдарч байгаад голоор нь хувааж зарсан. Тухайн үед энд нэг шавар байшин байсан. Голоор нь хувааж зарах болоход байшинг голоор нь хувааж кадастрын зураг гаргаж болохгүй учир нэг нь байшингаа оруулаад нөгөө нь арай том газар авсан юм байна” гэж байсан. Б.Э*** нь олон жил гомдол гаргаагүй, газрын маргаанаа шийдвэрлээгүй байж өөр хүн худалдаж авахаар гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Бидэнд маргалдах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд Б.Э***ын гомдол, шаардлагаас татгалзаж байна” гэв.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх, нэхэмжлэгч Б.Э***аас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлж, маргасан. Үүнд:

                 1. нэхэмжлэгч өөрийн ахаас 178 м.кв талбай бүхий газрыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан бөгөөд тухайн газарт 2 үл хөдлөх эд хөрөнгө байдгийн 1 нь гэрчилгээтэй, нөгөө нь гэрчилгээгүй.

                 2. Алдаатай кадастрын зураглалын улмаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байшингийн суурийн 25.3 м.кв талбай бүхий газар нь гуравдагч этгээдийн эзэмшилд бүртгэгдсэн. Энэхүү нөхцөл байдлыг хариуцагч шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн.

                 3. иргэн Д.Л***гээс гуравдагч этгээд Я.Э***д тухайн хашаа байшинг шилжүүлэх асуудал үүсэхэд хариуцагчаас эрх нь зөрчигдөж байгаа нэхэмжлэгч Б.Э***т мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Маргаан бүхий үйл баримтад хамаарах хөрш залгаа газар болох Баянгол

дүүргийн 16 дугаар хороо, О*** дугаар гудамжны *** тоот хаягт байрлах, 178 м.кв талбайтай, нэгж талбарын 186*** дугаар бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Л*******ийн Б******* нарт өмчлүүлэхээр шийдвэрлэснийг 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-220*** дугаарт бүртгэн, 00*** дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг олгогдсон.

Улмаар иргэн Л*******ийн Б******* нараас 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ /газар/”-ний үндсэн дээр тухайн газрын өмчлөх эрхийг иргэн Б.Э***т шилжүүлсэн.

Иргэн Б.Э*** нь маргаан бүхий газарт байрлах 2 үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн газарт хандан өргөдөл гаргасан хэдий ч 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “газар өмчлөлд ороогүй” газарт баригдсан барилгаа бүртгүүлэхээс татгалзан, үлдэх байшин болох 72 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөө эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Улмаар, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ”Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ” болон “Газар бэлэглэлийн гэрээ”-ний үндсэн дээр нэгж талбарын 186*** дугаар бүхий 178 м.кв газар болон 72 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Э*** болон иргэн Д.Г*** нарт шилжүүлсэн болох нь,

            Баянгол дүүргийн 16 дугаар хороо, О*** дугаар гудамжны *** тоот хаягт байрлах, 139 м.кв талбайтай, нэгж талбарын 160*** дугаар бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 289 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Т***ийн Ё***, Д***ын Л*** нарт өмчлүүлэхээр шийдвэрлэснийг эрхийн улсын бүртгэлийн Г-2205*** дугаарт бүртгэн, 0003*** дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон.

            Улмаар иргэн Д.Л***гээс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр тухайн газрын өмчлөх эрхийг гуравдагч этгээд Я.Э***д шилжүүлснийг хариуцагчаас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2205*** дугаар бүртгэж, 005*** дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон болох нь тус тус хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан эрхийн улсын бүртгэлийн Г-2205***, Г-220*** дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 737 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар,

            Маргаан бүхий үйл баримтад хамаарах хөрш залгаа газрууд болох нэгж талбарын 186*** дугаар бүхий болон нэгж талбарын 1864*** /160***/ дугаар бүхий газар нь Газрын кадастрын мэдээллийн санд анх 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 178 м.кв болон 138 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд газрын хэмжээнд ямар нэг өөрчлөлт ороогүй, хоорондоо ямар нэг байдлаар давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1/1059 дүгээр албан бичиг болон маргаан бүхий газарт хийсэн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр  тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн,

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ”, 4.1.1-т “гэр бүлийн хэрэгцээний”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ”, 27 дугаар зүйлийн 27.1.1-т “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” хэмээн,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана”, 11.9-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” хэмээн тус тус хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын өмчилж буй нэгж талбарын 186*** болон 186*** /160***/ дугаар бүхий 2 газар нь газрын кадастрын мэдээллийн сан хийгээд бодит байдалд ямар нэгэн давхцалгүйгээр 2006 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд тус бүр 178 м.кв болон 138 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн. Гуравдагч этгээд Я.Э***гээс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Л***тэй байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, О*** дугаар гудамжны *** тоот хаягт байрлах, 139 м.кв талбайтай, нэгж талбарын 160*** дугаар бүхий газрыг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаа эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хандсан.

Хариуцагчаас тухайн мэдүүлэг болон холбогдох материалыг хянан үзэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасан бүрдлийг хангаж байна хэмээн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2205*** дугаар бүртгэж, 005*** дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Э***аас Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Улсын бүртгэгчийн иргэн Д.Л***гийн өмчлөлийн 160*** нэгж талбарын дугаартай газрыг Я.Э***гийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэсэн захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА