Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 65

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч  Н.Эрдэмбилэг,

Хохирогч Б.Оргой

Шүүгдэгч Р.Батсонгууль нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хонгорууд овогт Ренчиндоржийн Батсонгуульд холбогдох 201717000104 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дугаар багийн харьяат, 1961 оны 02 дугаар сарын 20-нд төрсөн, 56 настай, эрэгтэй,  ам бүл 4 , эхнэр, 15-21 насны 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 15-24 тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ЛЮ61022036 регистртэй, Хонгорууд овогт Ренчиндоржийн Батсонгууль

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Р.Батсонгууль нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 15-24 тоотод байх гэртээ эхнэр Б.Оргойг хайчаар хатган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Р.Батсонгууль шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2017.03.29-ний орой архи уугаад эхнэрээ хайчаар хатгасан байсан. Үүнийгээ тухайн үед мэдээгүй. Улаанбаатар хотоос ирсэн Ариунбаяр гэж хүн очих айлгүй гэхээр нь гэртээ дагуулж очсон. Эхнэр хоол цай хийж өгөөд нэг шил архи авч өгсөн. Үүнийг уусны дараа Ариунбаяр дэлгүүр рүү явж нэг шил ерөөл архи авчирч өгөхөөр уусан чинь ухаанаа алдаж тасарсан. Тэр орой сэргийлэхэд мэдэгдээд өглөө нь та гэр бүлийнхээ Оргой гэж хүнийг хайчаар хатгасан гэсэн. Тэгж л мэдсэн гэв. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Түүнээс хойш би нэг ч удаа архи уугаагүй одоо архи уухгүй. Би эхнэрээсээ уучлалт гуйсан гэв. 

 

- Хохирогч Б.Оргой шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үедээ миний биед гэмтэл учирсан. Одоо бол зүгээр болсон, жаахан сорвитой л байгаа. Энэ хүнтэй олон жил ханилсан, мөн 2 хүүхдээ бодож гомдол тэмцэлгүй байгаа. Энэ хүн өөрөө буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа гэв.

 

       - Гэрч Г.Ариунбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:... Ерөөл архиа задлаад Батсонгууль бид хоёр хуваагаад уусан. Түүний дараа дэлгүүр яваад 0.5 литрийн архи авч ирээд уусан. Түүнийг дуусаагүй байхад Батсонгууль нь бөөлжөөд баруун орон дээр унтаж байсан охинынхоо наагуур хэвтээд өгсөн. Тэгээд эхнэр нь надад ор засаж өгөх гээд байж байтал Батсонгууль охинтойгоо маргалдаад босоод ирсэн. Тэгээд охиныхоо гэдэсэн тус газар чичиж байгаа юм шиг 2 удаагийн үйлдэл хийсэн. Энэ үед эхнэр нь дундуур нь ороход эхнэр рүүгээ дайрсан. Тэгээд над руу дайраад байхаар нь би сандлаар түлхээд буланд шахах хооронд эхнэр охин хоёр нь гэрээс гарсан. Тэгээд би араас нь гараад Батсонгуулийг гэрт хаалгаар дарж байгаад цагдаа дуудсан. Гэрээс гарсан хойно эхнэр нь намайг хатгачихлаа гээд гэдсээ байриад байсан. Утасны гэрэл тусгаж харсан чинь цус гарч байсан... гэх мэдүүлэг,/ хх-н 25-27 х /  

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 122 тоот актын дүгнэлтэнд: 1.Б.Оргойн биед хэвлийн баруун хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх-н 30 х /

 

- Р.Батсонгуулийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 107 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р багийн засаг даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 09/157 дугаартай албан тоот, / хх-н 105 х /

 

- Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, / хх-н 15-16  х /зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Шүүгдэгч Р.Батсонгууль нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 15-24 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Б.Оргойг хайчаар хэвлий тус газар хатган гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Оргой, гэрч Г.Ариунбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, шинжээч эмчийн 102 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч Р.Батсонгуульд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч Р.Батсонгуулийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 Шүүгдэгч Р.Батсонгуулийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Батсонгуулийг 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

Хэдийгээр тухайн гэмт хэрэг  2017 оны 04 сард үйлдэгдсэн боловч 2017 оны 7 сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн  хувьд  эрх зүйн байдал дээрдэж байна.

 

          Шүүхээс ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд  хүндрүүлэх   нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

         Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

        Шүүгдэгч Р.Батсонгууль нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Оргой гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хонгорууд овогт Ренчиндоржийн Батсонгуулийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Р.Батсонгуулийг 400 / дөрвөн зуун/ цагийн  нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй. 

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Р.Батсонгууль нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

          4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-т зааснаар дээрх ялын биелэлтэнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бариултай хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

           6.  Ялтан Р.Батсонгууль нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Оргой гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Батсонгуульд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Р.Батсонгуульд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР