Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 937

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00937

 

 

 

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00518 дугаар шийдвэртэй Д.М-ын нэхэмжлэлтэй Н.Б-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 34 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Н.Б-тай 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцсон 100 хоногийн алданги 11 500 000 төгрөг, үндсэн зээлийн 20 000 000 төгрөг,  түүний 3 сарын хүү 3 000 000 төгрөг, нийт 34 500 000 төгрөгийг Н.Б-аас гаргуулж өгнө үү. 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хувьд 60 000 000 төгрөгийн зээлийг өмнө өгсөн байсан. Н.Б, Д.М нар байнга зээл авдаг. Тэдний 4 байр надад байсан. Одоо ч Д.М-ын төлбөр тооцоо дуусаагүй. Д.М-ын шилжүүлсэн 8 000 000 төгрөгийн баримт нь Н.Б-ийн зээлэнд хамаарахгүй гэжээ.

Хариуцагч Н.Б , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг авсан тухайд маргахгүй. Харин бэлнээр аваагүй, дансаар авсан. Д.М нь Н.Б-ийн нөхөр Д.М-тай уулзаж, Д.М өөрийн данснаас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 8 000 000 төгрөгийг Д.М-ын данс руу шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга нь Н.Б  зээл төлөв гэж бичсэн байдаг. Хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулсан, зөрүүтэйгээр нэхэмжлэл бичсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-аас 34 500 000 /гучин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-аас 330 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Б  давж заалдах гомдолдоо: 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Ц.М-тай зээлийн гэрээ байгуулж байсан боловч Ц.М-аас мөнгийг бэлнээр хүлээн аваагүй, дансаар шилжүүлэн өгч байсан . Тус бичиглэлийг бичих болсон шалтгаан нь мөнгийг банкнаас авч өгнө гэж хэлж байсан боловч гэрээ хийгдсэний дараагаар дансаар шилжүүлэг хийгдсэн. Нэхэмжлэгч ч өөрөө уг мөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгөөгүй болохоо хэлдэг. Гэтэл шүүхээс бэлнээр мөнгө өгөгдсөн гэж үзэж шийдвэрлэснээр нэхэмжлэгч Ц.М-д дансаар шилжүүлсэн мөнгийг нэхэх боломжийг нээлттэй орхигдуулж хэргийн бодит нөхцөл байдалд хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэт хийсвэрээр шийдвэрлэсэн. Мөн Д.М нь мөнгө зээлүүлэхдээ ямар нэг барьцаагүйгээр огт зээлүүлдэггүй байсан. Иймээс тус зээлийн гэрээг байгуулагдах өдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгатын 15 байрны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ц.М-д шилжүүлэн өгсөн. Улмаар нөхөр Д.М нь тус зээлийн төлбөрийг миний өмнөөс төлж байсан ба зээлийн төлөлтийг “Н.Б-аас зээл төлөв” гэх утгаар шилжүүлж байсан. Гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь Д.М-тай зээлийн төлбөр тооцоотой байсан” гэх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хийсвэрээр таамаглаж, хэргийг шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний харилцаанд зээлдэгч хэдэн төгрөгийг буцаан төлсөн нь чухал ач холбогдолтой. Ц.М-ыг гэрчээр асуулгах хүсэлт болон дансны хуулга гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Д.М-тай уулзахад миний өмнөөс Д.М-ын дансанд “Н.Б-аас зээл төлөв” гэх утгаар 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж хэлсэн. Мөн Д.М-ын мөнгөөр зээл бүрэн төлөгдөөгүй гэж үзсэн ч Д.М нь анх барьцаалж авч байсан орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 1177 тоот захирамжаар тус үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 20 000 000 төгрөгийн төлбөрт 25 000 000 төгрөг, нэмээд байр хүртэл авсан атал дахин их хэмжээний мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс гадна хэргийн зарим нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.М нь Н.Б-тай 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон. Энэ талаар зохигчид маргаагүй. /хх-ийн 4 дүгээр тал/

Харин зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн эсэхэд талууд маргасан байна.

Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний дагуу Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгатын 15 байрны 23 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг Ц.М-д шилжүүлж болон өөрийн нөхөр байсан Ц.М-аас нэхэмжлэгчийн дансанд “Н.Б-аас зээл төлөв” гэх утгаар шилжүүлэн төлсөн гэж тайлбарлаж, уг татгалзлаа нотлохоор 2017 оны 10 сарын 11-ний өдөр 8 000 000 төгрөгийг төлсөн тухай баримт гаргасан.

Мөн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрч Ц.М-ыг асуулгах, нэхэмжлэгчийн “Хаан банк” ХХК-ийн 5015030590 тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02398 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн байна. /хх-ийн 89, 91 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрт байгаа нотлох баримтыг гаргаж өгөхөөс гадна шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт бүрдүүлэх эрхтэй. Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болдог бөгөөд зээлдэгч хэдэн төгрөгийг буцаан төлсөн болох, нэхэмжлэгчийн дансаар Н.Б-ийн зээлийн төлбөрт Д.М-аас өөр төлбөр хийгдэж байсан эсэх нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

Хэргийн нөхцөл байдал дээрх байдлаар тодорхой бус, нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 330 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                

                               ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Б.НАРМАНДАХ