Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2022/00910

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2022/00910

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын *******, ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар /-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага:Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1,312,011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч: *******,

Иргэдийн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов. 

 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 09-р сарын 10-ны өдөр ажлаасаа цайны цагаар гэр рүүгээ орох гэж явж байхдаа байрны урд талын зам дээр Ниссан тайна маркийн ОРО 40-84 улсын дугаартай машины жолооч ******* нь автомашинаараа мөргөж гэмтээсний улмаас 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 613 тоот шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтээр ******* миний биед баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирч улмаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал дангаараа, бусад гэмтлүүд нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарах хэдий ч дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэсэн байдаг. Гэтэл дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсанаас гадна миний биед баруун түнх нурууны гэмтлүүд илэрч гарснаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. 2020 оны 8 сард-ийн эмнэлэгт оношлогоо эмчилгээ бичүүлж эмчилгээ хийсэн. 2020 оны 09-р сард 13А маягтыг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд эмнэлгийн МRI зураг авдаг тоног төхөөрөмж эвдэрсэн учраас Гэмтлийн эмнэлгийн хажуу талд байрлах МЕD ТRAUMA-д Бүсэлхий нурууны зураг авахуулсан. 2020 оны 10 сард цаг авч Гэмтэл согог судлал үндэсний төвд түнхний зураг авахуулсан. Эмчид үзүүлж эмчилгээ бичүүлж авч эмчилгээ хийлгэж байна. Гэмтлийн улмаас баруун талын түнх, нуруу мурийлттай, гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүссэн нь нотлогдсон тул үүнтэй холбоотой эмчилгээнүүд хийлгэж байна. Залуу хүн биш нас ахих тусам тархи толгой, түнх нурууны бэртэл гэмтлийн улмаас байнгын эм тариа хэрэглэхээр дархлаа унаж ханиад томуу хүрэх, маш их ядарч байна. 2021 онд байгууллагаас эрүүл мэндийн үзлэгт ороход байнгын даралтны эм, өвчин намдаах бусад эмийг удаан хугацаагаар ууснаас болж зүрх өвдөж, хатуурсан, баруун талын бөөр үрэвсэлтэй гэсэн дүгнэлтүүд гарсан. Гэмтсэний улмаас байнга сэтгэлийн айдас түгшүүртэй, эм тариагаа авах, эмчилгээгээ хийлгэж эрүүл болохын төлөө аргагүйн эрхэнд өвдөж байсан ч эмээ уугаад ажлаа хийж байна. Ажлаа хийхгүй бол өөр орлогогүй гэр бүл, ах дүү найз нөхдөөсөө туслалцаа авч эрүүл саруул болохын төлөө амьдарч байна. Их эм хэрэглэсэн учраас зүрх өвдөж, шөнө нойр хүрэхгүй, удаан зогсож, сууж чадахгүй нуруу, түнх байнга өвдөж аргагүйн эрхэнд өвчин намдаах эм хэрэглэн ажлаа хийж байна. Миний бие дээрх гэмтлийн улмаас жил гаран эмнэлгээр явж биеийн байдал сайжрахгүй, тархи толгой өвдөж, даралт ихсэж, пульс /78-110 хүртэл / ихсэж, баруун талын хүзүү байнга хөшилттэй 2 гар болон баруун хөл жирвэгнэж бадайрч, түнх, нуруу мурийлттай эмчилгээг өнөөдрийг хүртэл хийлгэж гэмтлийн болон мэдрэлийн эмчийн хяналтад байна. Эрүүл саруул ажлаа хийгээд явж байсан хүнийг өөрийн болгоомжгүй үйлдлээсээ болж бэртээж, гэмтээсэн байж нэг ч удаа биеийн байдлыг асуухгүйгээр өнөөдрийг хүрсэн хариуцагч *******т маш их гомдолтой байгаа бөгөөд цаашид миний эрүүл мэндэд маань ямар эрсдэл гарахыг мэдэхгүй байна. Гарсан зардлууд 2 хүний вагоны ирэх, очих зардал, бензиний үнэ 253600 төгрөг, Медипас эмнэлэгт аарцаг, түнхний зураг 150000 төгрөг, Монхимо ХХК-ийн эмнэлэгт оношлогоо 15000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд түнхний зураг 160000 төгрөг, МЕD ТRAUMA HOSPITAL-д бүсэлхий нурууны соронзон резонанст томографийн оношлогооны зураг 290000 төгрөг, аптекаас авсан эмнүүдийн үнэ 422711 төгрөг, нотариатын зардал 20700 төгрөг, нийт зардал 1,312,011 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* нь ******* надад холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэм хорын хохирол 1,312,011 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй юм. ******* миний бие Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ЭТ-40 гудамж 245 тоотод оршин суудаг байхад нэхэмжлэлийг Орхон аймгийн хаягаар өгч эндээс итгэмжлэл өөр хүнээр хийлгэж гардуулж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана" гэж заасныг, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т тус тус заасныг зөрчсөн. ******* ******* надад холбогдуулан яг энэ асуудлаар 2019 онд нэхэмжлэл гаргаж тус нэхэмжлэлийг гаргахаас өмнө *******д 1,300,000 төгрөг өгсөн байсан тул энэхүү хэрэг маргаан анхан шатны шүүхийн журмаар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэгдэж хэрэгсэхгүй болгосон, тус хэрэгт нэхэмжлэгч давж заалдах шатны гомдол гаргаж хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн түүнийг эс зөвшөөрч дээд шүүхэд ******* гомдол гаргасныг одоо эцсийн байдлаар шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа болно. Гэтэл дээрх гэм хорын хохирол нэхэмжлэх хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, мөн энэхүү хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэсэн байхад нэг утга агуулгатай нэхэмжлэлийг ******* дахин гаргасан нь байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-т заасныг зөрчиж байгаа тул иргэн *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-8-19-ийн урдаас машинтайгаа орох гэтэл өөдөөс машин гарч ирсэн. Тэгээд ухарч хөдөлж эхлээд л энэ эгчийг мөргөсөн. Анхны хурал дээрх камерын бичлэгт тодорхой байгаа. Нэхэмжлэгч одоо мөнгө өгсний дараа дахиад нэхэмжлэл гаргана гэж байна. Мөргөсөн нь миний буруу ч шүүх шинжилгээний хариу гэмтлийн хөнгөн зэрэг гэж гарсан. Энэ бүхэн зөвхөн миний тэр үйлдлээс болсон эсэхийг сайн тодруулмаар байна. Үнэхээр ийм гэмтэл зардал гарсан бол өгөхөөс өөр аргагүй, гэхдээ өдийг хүртэл 2-3 жилийн дотор юу ч болсон юм мэдэхгүй шүү дээ, хэцүү байна гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ******* нь дүрмийн бус үйлдэл хийсэн буруутай үйлдэл гаргасан тул хохирогч *******гийн эмчилгээний зардлыг гаргаж өгөх нь зөв гэж үзэж байна. Хохирогч нь эмчилгээ оношилгоогоо улсын болон эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлдэг газраар үйлчлүүлж хариуцагчийн ар гэр, ажил байдал, орлогыг бодолцож хэт үнэтэй хувийн эмнэлгээр үйлчлүүлэхгүй байх гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн аарцаг түнхний томографын шинжилгээний хариу, бүсэлхий нурууны соронзон резонанст томографын оношилгоо, аарцгийн MRI шинжилгээ, амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ясны сийрэгжилтийн оношлогоо, Монхимо ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт, Монхимо ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн үзлэг, эмийн баримт, Магнай трейд ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 19, 28-ны өдрийн е-баримт, Улаанбаатар төмөр замын 2020 оны 09 дүгээр сарын 14, 16, 2020 оны 10 дугаар сарын 20, 24-ний өдрүүдийн зорчих тасалбар, Med trauma эмнэлгийн үзлэгийн хуудас, Дуб ХХК-ийн е-баримт, гэмтэл согог судлалын Үндэсний төвийн е-баримт, Монос эмийн сан, Тавин ус эмийн сан, Мөнгөнжин-Уул эмийн сан, Есөн алтан хундага, Түгээмж ХХК, Тун чухал ХХК, Энэрэх заяа ХХК-уудаас авсан е-баримтууд, Улсын дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 594 дугаартай тогтоолыг,

 

хариуцагчаас: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай шийдвэр, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай магадлалыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1,312,011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагчийн болгоомжгүй үйлдлийн улмаас миний эрүүл мэндэд хохирол учирсан бөгөөд миний бие дээрх гэмтлийн улмаас жил гаран эмнэлгээр явж биеийн байдал сайжрахгүй, тархи толгой өвдөж, даралт ихсэж, пульс /78-110 хүртэл / ихсэж, баруун талын хүзүү байнга хөшилттэй 2 гар болон баруун хөл жирвэгнэж бадайрч, түнх, нуруу мурийлттай эмчилгээг өнөөдрийг хүртэл хийлгэж гэмтлийн болон мэдрэлийн эмчийн хяналтад байгаа, гарсан зардлууд 2 хүний вагоны ирэх, очих зардал, бензиний үнэ 253600 төгрөг, Медипас эмнэлэгт аарцаг, түнхний зураг 150000 төгрөг, Монхимо ХХК-ийн эмнэлэгт оношлогоо 15000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд түнхний зураг 160000 төгрөг, МЕD ТRAUMA HOSPITAL-д бүсэлхий нурууны соронзон резонанст томографийн оношлогооны зураг 290000 төгрөг, аптекаас авсан эмнүүдийн үнэ 422711 төгрөг, нотариатын зардал 20700 төгрөг, нийт зардал 1,312,011 төгрөгийг нэхэмжилж байна.. . гэж тодорхойлсон.

 

2.Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг ...би нэхэмжлэгчийг мөргөж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь миний буруу, цаашид дахиж мөнгө нэхэмжлэхгүй гэвэл одоо нэхэмжилж байгаа мөнгийг төлөхөд бэлэн байна. Хэрвээ цаашид дахин дахин ингээд мөнгө нэхэмжлээд байвал хэцүү байна, энэ бүхэн зөвхөн миний тэр үйлдлээс болсон эсэхийг сайн тодруулмаар байна, осол болсноос хойш өдийг хүртэл 2-3 жилийн дотор юу ч болсон юм мэдэхгүй... гэж тайлбарласан.

 

3. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-8-р байрны гадна өөрийн эзэмшлийн 40-84 ОРА улсын дугаартай Ниссан тийна маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1, 10.14 дэх хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгч *******г мөргөж зам тээврийн осол гарган түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хариуцагчийн гэм буруугийн талаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай магадалал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 594 дугаартай тогтоол гарч хүчин төгөлдөр болсон байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд зохигч гэм буруугийн асуудлаар маргаагүй байна.

 

5. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

 

6. Нэхэмжлэгч *******гийн эрүүл мэндэд хариуцагч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирч, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт 1251 дугаартай дүгнэлт гарсан байна.

 

7. Нэхэмжлэгч ******* нь ...миний эрүүл мэндэд учруулсан гэмтэл хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарах хэдий ч шинжээчийн дүгнэлтэд дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэсэн. Гэтэл дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсанаас гадна миний биед баруун түнх нурууны гэмтлүүд илэрч гарснаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, ... гэмтлийн улмаас баруун талын түнх, нуруу мурийлттай, гэмтэл учирсан, ... уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн нь нотлогдсон тул үүнтэй холбоотой эмчилгээнүүд хийлгэж байна, ...би залуу хүн биш нас ахих тусам тархи толгой, түнх нурууны бэртэл гэмтлийн улмаас байнгын эм тариа хэрэглэхээр дархлаа унаж байна, .. эрүүл мэндийн үзлэгт ороход байнгын даралтны эм, өвчин намдаах бусад эмийг удаан хугацаагаар ууснаас болж зүрх өвдөж, хатуурсан, баруун талын бөөр үрэвсэлтэй гэсэн дүгнэлтүүд гарсан... гэх үндэслэлээр хариуцагч *******аас эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот явах 2 хүний зардал, бензиний үнэ 253600 төгрөг, медипас эмнэлэгт аарцаг түнхний зураг авахуулсан 150000 төгрөг, Монхимо ХХК-ийн эмнэлэгт оношлогоо 15000 төгрөг, гэмтэл согог судлалын үндэсний төвд түнхний зураг авахуулсан 160000 төгрөг, Med trauma hospital эмнэлэгт бүсэлхий нурууны соронзон резонанст томографийн оношлогооны зураг 290000 төгрөг, эм худалдаж авсан 422711 төгрөг, нотариатын баримт гэрчилсэн төлбөр 20700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

8. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 08 сараас Улаанбаатар хот руу 3 удаа явж эмнэлэгт үзүүлж, эмчилгээ оношлогоо хийлгэж, эм авч хэрэглэсэн болох нь эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, түүний амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон бусад баримтуудаар тогтоогддог хэдий ч хариуцагч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас буюу ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд ...баруун талын түнх, нуруу мурийсан, зүрх өвдөж, хатуурсан, баруун талын бөөр үрэвссэн... гэмтэл учирсан эсэх, энэ талаар эмч, эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

 

9. Хариуцагч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэмтлээс өөр буюу аарцаг түнхний зураг, бүсэлхий нурууны зураг авахуулах, мөн дархлаа дэмжих бүтээгдэхүүн, даралтны эм, өвчин намдаах эм хэрэглэж, эмчилгээ хийлгэсэн нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байх тул дээрх зардлуудыг хариуцагч *******ийн гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал гэж үзэх боломжгүй байна.

 

10. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1,312,011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

11. Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1,312,011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                 ШҮҮГЧИД Б.ХИШИГДАВАА

Р.ҮҮРИЙНТУЯА