| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0228/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1867 |
| Огноо | 2025-07-31 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1867
2025 07 31 2025/ШЦТ/1867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 194/2025/0000/Э
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,
Улсын яллагч: Б.У ,
Хохирогч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Х.Баатарцогт, Г.Онолтуяа /цахимаар/,
Хохирогч Д.Э-н өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав, Б.Гомбодорж, Б.Цолмон-Эрдэнэ,
Шүүгдэгч К.Б, түүний өмгөөлөгч Н.Нямжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, К.Б нарт холбогдох эрүүгийн 2208003062132 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа мэргэжилтэй, *** ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай гэх, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, Г дүүргийн 0 дугаар хороо 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Г.Б.
Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, *** ХХК-д гадаад харилцааны менежер ажилтай, ам бүл 1, Х аймгийн Р сум 0 дугаар баг 0 дугаар гудамж 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, К.Б.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь ганцаараа 2015 оны 8 сараас 2021 оны 11 дүгээр сарын 05 хүртэлх хугацаанд хохирогч Д.Н “Монголд Молливуд нээнэ, Эрдэнэт ТӨК-д том оврын авто машины тоног төхөөрөмж нийлүүлэх тендэрт ялсан мөн манай аавын төрсөн дүү Казакстан улсад элчин сайдаар ажилладаг надад авто замын тендэр авч өгсөн гэрээг танай С*** ХХК-аар байгуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар Д.Н Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өгсөн 141,104 ам.доллар буюу 500,154,903 төгрөг, мөн 146,880,800 төгрөгийг бэлнээр болон дансаар авч, нийт 647,035,703 төгрөгийн хохирол учруулсан;
Мөн Г.Б, К.Б нар нь бүлэглэж 2021 оны 9 дүгээр сард Д.Э, Э.У нарын хамтран хувиараа хөдөлмөр эрхлэн вагон тээвэр түрээсийн үйлчилгээ авах гэж байгаа нөхцөл байдлын улмаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан “М.Т ложистик” ХХК-аас вагон тээвэр авах боломжтой, 200 вагон түрээсийн урьдчилгаа, гэрээ байгуулж байгаа төлбөрөө бүрэн төлсөн хүмүүст вагон өгч байна” гэж ачааны вагон ашиглах гэрээ гэх хуурамч бичиг баримтыг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч Д.Э-с 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрт 35,000 ам доллар буюу 99,711,850 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөо Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Централ Тауэрт түрээсийн төлбөр 105,000 ам.доллар буюу 299,195,400 төгрөгийг бэлнээр авч нийт 140,000 ам.доллар буюу 398,907,250 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулж залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Анх намайг 2016 онд Т гэдэг жүжигчин Н ахтай танилцуулж байсан. Оросын элчин сайдын яамны эсрэг талд байрлах “Twin Tower”-н нэг давхарт байрлах “B.H” гэх газарт анх уулзаж байсан. “B.Н” гэх газрыг би өөрийн хоёр найзын хамт дотор заслаа хийгээд үүсгэн байгуулж байсан. Тухайн үед манай ресторанд ирж хүмүүстэй уулзах, хоол идэх гэх мэт зөндөө цаг хугацааг өнгөрүүлж байсан. Ахмад М нь надтай ирж уулзаад Н ахын данснаас мөнгө алга болсон асуудал байна. Тиймээс таныг хардаж байна гэж хэлсэн байсан. Үүн дээр нь бол би нотолгоо өгөөд бүх юмаа ярьж байсан. Тэгсэн дараа нь Н ах өөрөө ирээд “тийм зүйл болоогүй” гээд хэргийг хаасан тухай ахмад М хэлсэн. Хоёр дахь удаагийнх дээр ахмад У намайг дуудаж уулзсан. Мөн адил “ийм асуудал болоогүй” гээд хэргийг хаалгуулсан байсан. Энэ үед О дэслэгч яг хажууд нь сууж байгаад У ахмадад “өөрөө ирээд хэргийг хаалгасан шүү дээ, яагаад ийм зүйл яриад яваад байна” гэж хэлж байсан. Ингээд хэрэг хоёр дахь удаагаа хаагдсан. Гурав дахь удаагийнх дээр О дэслэгч намайг дуудсан. Түүн дээр нь дахин надаас мэдүүлэг авсан. Тэгээд би одоо яах ёстой юм бэ гэсэн чинь энэ сүртэй хэрэг болохгүй ээ, Н гэх хүн өөрөө ирээд хэргийг хаалгасан. Бид нар өөрсдөө арга хэмжээ авна гэсэн. Ингээд надтай холбоогүй байж байгаад У прокурор хэргийг дахин нээсэн. Учир нь Да эгч болохоор “манай нөхөр юу ярьж байгаагаа мэдэхгүй, ямар ч ухаангүй байна” гэж У ахмад болон М ахмадад хэлсэн байсан. Тэр үед У ахмад, О дэслэгч хоёр миний хажууд сууж байхаар нь өөрөө ирж уулзсан юм уу гээд асуутал өөрөө ирж уулзсан гэсэн. Түүний дараа Н ах надтай утсаар яриад “чи 100,000,000 төгрөг данснаас авсан байна. Ингээд нийтдээ бараг 300,000,000 төгрөг хүрч байгаа шүү” гэхээр нь тэртээ тэргүй данснаас аваад хэрэглэчихсэн юм чинь Н ахад би төлнө гэсэн. Мань хүн надад хэлэхдээ болохоор хоёулаа уулзаад гэрээ хийе дансаар хэдэн төгрөг хэзээ авсныг чинь харуулаад тайлбарлаж өгнө гэхээр нь заа тэгье гээд маргааш өглөө нь уулзсан. Ингээд Хан-Уул дүүрэгт байрлах “Наадам центр”-ын нэг давхарт байдаг нотариат орж гэрээ хийсэн. Гэтэл тун удалгүй Да эгч өргөдөл өгсөн. Над дээр бараг л 900,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргачихсан байсан. Н ах бол надад мөнгө зээлдэг байсан. Мөнгө зээлэхдээ заавал гараараа бичээд гарын үсэг зуруулдаг байсан. Бид хоёр бол хамтарч ажиллах маш олон зүйлс ярьж байсан. Мөн Монгол Улсад караокены машиныг ажиллуулах хялбаршуулсан ажлаа яаж Солонгос руу хийх вэ гэх мэт ажлуудаа надад тайлбарлаж өгч байсан. Бусад ажлуудын тухайд Холливудаас бол хүмүүс ирсэн байгаа. Э.Ч гэдэг хүн нь бол өөрийн гэсэн ютуб хаягтай. Тус хаягт нь кун фу панда, карибын тэнгисийн дээрэмчид гэх мэт холливудын кинонуудад туслах дүрээр орж байсан бичлэг, мөн студийнх нь бичлэгүүд байдаг. Энэ хүмүүсийг ирэхэд Н ах хамт уулзаад “би бас хамтарч ажиллая. Би Монгол дахь холливудын студи байгуулмаар байна. Түүнийгээ Молливууд гэж нэрлэнэ” гээд өөрийн компаниа нээсэн байгаа. Намайг ажилтай байх үед ч гэсэн хоорондоо уулзаад явж байсан. Манай ресторан хүртэл ирж Монголын кино урлагийн багийнхан гээд маш олон хүнтэй уулзаж, хурал хүртэл зохион байгуулж байсан. Төгсөө хүртэл дунд нь байсан. “The Corporate Hotel”-д мөн маш олон хүмүүстэй хамтарч кино хийнэ гэх байдлаар уулзаж байсан. Энэ талаар хэргийн материалд тухайн үеийн зургуудыг хавсаргасан байдаг. Ерөнхийдөө олон мөнгө төгрөг авсан гэж ярьж байгаа зүйлийн тухайд Н ах өөрөө мөнгө гаргаж өгнө, энэ хүмүүстэй хамтарч ажиллана гэж ярьж байсан. Намайг орчуулагч хийгээд явж байх үед тухайн хүмүүсийн онгоцны билет, буудлын мөнгийг өөрөө төлөөд явж байсан. Ийм олон удаа нэг хүнд мөнгөө өгчхөөд хойноос явж байгаа гэдгээ мэдсээр байж дахиад илүү мөнгө гаргаж өгөөд байна гэдэг бол мэдэхгүй юм. Би өөрөө байсан бол тэгэхгүй. Н ах ч гэсэн маш няхуур, бүх юмаа бичиж, гарын үсэг зуруулдаг хүн. Ийм хүн дахин дахин хулхидуулаад мөнгө өгөөд байна гэдэг бол сонин асуудал байна. Хоёрдугаарт, Н ах бурхан болчихсон болохоор энд үгээ хэлж чадахгүй байна. Дашцэрэн эгч болохоор чи энэ бүхнийг авсан, гарын үсэг зурсан, 50,000 долларын доор гарын үсэг зурсан л гээд байна. Би үүн дээр бол маргахгүй. Яагаад гэвэл та ийм зарлага гаргах юм байна, ийм зүйл дээр хөрөнгө оруулах юм байна, та энийг гаргаж өгч чадах юм уу гээд Төгсөө, Н ах бид гурав орой нь оффис дээр сууж байгаад юу ч гэсэн ингэж бичиж гаргаад доод талд нь гарын үсэг зурчих. Энийгээ би батлаад компаниасаа гаргуулъя гэж ярьж байсан. Ийм л учиртай гарын үсэг зурсан бичиг байгаа. Мөн манай аавын хамаатан садан Казакстанд байдаг гэж ярьсан зүйл байхгүй. Казакстанд би хувиараа бүр Н ахтай танилцахаас өмнө очиж ажиллаж байсан. Тэнд замын нэг ажил байсан. Тэрийг бол Н ах “за сайн уу, юу хийж байгаад ирэв” гэхээр нь дурдаж л ярьж байсан. Түүнээс Казакстанд Монголын компани очиж замын ажил хийнэ гэж юу байхав дээ. Энэ Ховс болон Молливууд гэх компанийг Н ах өөрөө нээсэн гэдгийг би бол хэлсэн. Брадли күүпр /Bradley cooper/, Э.Ч гэдэг хоёр хүн бол ирсэн. Нэг нь “Relativity media” гэдэг компанид ажилладаг. Нөгөө нь Los Angeles хотод холливудын маш олон хүүхэлдэйн кино, кун фу панда, карибын тэнгисийн дээрэмчид гэх мэт зодооны true-view хийдэг студитэй хүн байгаа. Үүнийг бол ютубээс ороод харж болно. Яллах дүгнэлт дээр бичсэнчлэн ачаа дүүрэн мөнгө оруулж ирнэ гэсэн зүйл хэлсэн гэж ярьсан байна. Энэ бол ямар ч боломжгүй асуудал. Хаанаас хэн ч тийм зүйл гаргаж ирээд ярьчихсан юм. Би хувьдаа Н ахыг ийм зүйл ярьсан гэж итгэхгүй байна. Ийм зүйл огт байхгүй. Хамтдаа яаж ажиллаж мөнгө олох вэ л гэж ярьдаг байсан. Манай ээжийн бие тухайн үед муу байсан нь үнэн. Тэгээд Н ахаас мөнгө зээлээд явж байсан нь үнэн. Би 336,000,000 төгрөгийг дансаар авснаа бол зөвшөөрч байгаа. Хоёрдох асуудал гэвэл Б гэдэг залуутай танилцаад хэсэг хугацаа өнгөрсний дараа надад вагон гэх мэт янз янзын санал тавьсан. Би өөрт нь ч гэсэн эхлээд хүмүүстэй уулзаад үз гээд хоёр гурван хүн танилцуулж өгсөн. Тэгээд таньдаг хоёр ахыгаа танилцуулж өгсөн. Энэ хүмүүс хоорондоо уулзсан. Би дундаас нь гараад явсан. Тэнд нь би байгаа ч үгүй. Б бол танилцуулсан хүмүүстэй уулзаад үлдсэн. Тэрний дараа Б өөрөө ирээд “ахаа ажил бүтсэн, энэ хүмүүс вагон ингээд явуулдаг гэж байна. Бид нар одоо гэрээгээ хийх гэж байна. Танд баярлалаа” гэж хэлсэн. Үүний улмаас би таныг шагнаж байна гээд надад мөнгө өгч байсан. Тэр үедээ чи ямар хүмүүстэй нийлээд ажил яриад яваад байгаа юм бэ гэхэд надтай тухайн хүмүүсээ уулзуулаагүй. Зайсангийн номадс гээд хоолны газар сууж байхад нь л хальт уулзаад сайн байцгаана уу гээд мэнд мэндээд энэний талаар сайн мэдэхгүй юм байна гээд гараад явсан. Дараа нь ажил хүлээгээд надад хэдэн төгрөг өгсөн. Такситай байхад машин дотор орж ирээд “хурдан яваарай, хурдан яваарай” гээд явсан. Дараа нь ярилцаад юу болсон бэ гэхэд юу болсон талаараа хэлсэн. Тэгэхээр нь чи ямар сонин юм бэ, цаана нь ямар хүмүүс байгаа юм бэ очоод уулзъя гэхэд надтай уулзуулаагүй мөн танилцуулаагүй. Ерөнхийдөө бол ийм л зүйл болсон. Гэхдээ бол миний буруу. Би буруу зүйл хийснээ ойлгож байна...” гэв.
Шүүгдэгч К.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би анх 2019 онд Г.Б-тэй танилцаж байсан. Надад гомдол гаргаад байгаа Э-н эхнэр болох Эн-тэй нэг фитнест явдаг байсан. Тэгээд манай гэрийн гадаа анх уулзаж, танилцаж байсан. Тухайн үедээ би Б-г компанийнхаа захирлуудтай танилцуулж байсан. Түүнийг хүн амьтантай уулзуулж, ажил бүтээж өгдөг гэхээр нь түүнд итгээд явж байсан. 2021-2022 он шилжих жил Эн над руу яриад “манай нөхрийн ажил жаахан бүтэхгүй байна” гэх зүйл ярихаар нь миний мэдэх зүйл биш байна гэж хэлсэн. Удалгүй Э нэг найзын хамт манай гэрт ирсэн. Гэрт ирээд нэг вагоны ажил байгаа талаараа надад хэлсэн. Тухайн үед Г.Б-тэй манай компани харилцаа холбоотой байсан учраас Г.Б-с “манай найзуудад тусалж болох уу, ийм ажил байна” гэдэг талаараа хэлэхэд “за тэгье, Улсын Их Хурлын гишүүн Дэ бол миний ах, манай ээжтэй хамаатан юм, Б*** Е*** гол гэдэг компани байдаг юм. Тэр Монголын бүх вагоныг хариуцдаг. Би наад ажлыг чинь бүтээгээд өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эн-тэй холбогдоод Э, У нарыг дуудаад энэ хүн ажлыг чинь бүтээж өгье гэнэ гээд Г.Б-н талаар хэлсэн. Тухайн үед Эн, Г.Б хоёр дотно харилцаатай байсан. Энэ талаар сүүлд нь мэдсэн. Тэгээд Эн надад “энэ гэр бүлийн бизнес, тэгэхээр шууд уулзаж болохгүй байх, төвөгтэй юм” гэхээр нь би Номадс гээд ресторанд бүгдийг нь дуудаад уулзуулсан. Г.Б нь Б*** Е*** гол компанийн мэргэжилтэн гээд хоёр хүн дагуулж ирсэн. Тэгээд У, Э бас нэг залуугийн хамт уулзаад ярилцсан. Би болохоор өмнө нь вагоны ажил хийж байгаагүй болохоор сүүлд нь сонссон. Ингээд ажил удахгүй бүтнэ гэж байна. Урьдчилгаа 35,000 ам доллар хэрэгтэй гэхээр нь У дээр очиж бүр зээлийн гэрээ хийж байж 35,000 ам долларыг нь аваад Улсын Их Дэлгүүрийн ард байрлах кофе шопод аваачиж Г.Б-д өгсөн. Ер нь бол асуусан мөнгө болгоныг нь өгч, хэл гэсэн болгоныг нь хэлээд явж байсан. Энэ үйлдэл нь бол миний буруу. Би Г.Б-г хуурч байгааг мэдээгүй. Тэгээд У , Э бид гурав яг нэг баг болоод ажиллаж байгаа мэт л байдаг байсан. Тэр хоёр ажил бүтвэл чамайг шагнаж урамшуулна гэж хэлдэг байсан. Би өдөр болгон Г.Б-н дуудсан газар болгонд нь очиж уулздаг байсан. Бараг өдөрт 5-10 цаг гаран машин дотор өдөржин Г.Б-г хүлээдэг л ажилтай байдаг. Учир нь Г.Б “одоо Дэ ах гарч ирэх гэж байна, Улсын Их Хурлын гишүүн лүү хамаагүй ярьж болохгүй, удахгүй ирнэ” гэх мэт зүйлс хэлээд байнгын хүлээлттэй байдаг байсан. Ингээд удалгүй Г.Б-с миний мэйл хаягаар гэрээ ирсэн. Тэрийг нь би У , Э хоёр луу явуулаад “за гэрээ нь гарчихсан шүү, одоо гарын үсэг зурах хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Тэгээд бид гурав гэрээгээ аваад “Б*** Е*** гол” ХХК-д очиход манай байгууллагаас ерөөсөө ийм гэрээ гараагүй, манайд Б гэдэг хүн ажилладаг ч үгүй, мөн Улсын Их Хурлын гишүүн манай ажилд оролцдоггүй, бүгд худлаа зүйл байна” гэж хэлсэн. Тэгээд бид гурав нэн даруй Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст очиж хамгийн анх би “бид нар хүнд залилуулчихлаа” гээд гомдол гаргаж байсан. Түүний дараа “King Tower”-т байж байхад У , Э хоёр гадаа ирчихсэн байна, гараад ир гэсэн. Гараад очиход “чи энэ бүх мөнгийг авсан гээд гарын үсэг зурчихаа, чамд ямар ч асуудал гаргахгүй” гэж хэлсэн. Харин би аваагүй болохоор гарын үсэг зурахгүй гэж хэлсэн. Гэтэл удалгүй Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас намайг дуудсан. Очиход ийм асуудал үүссэн байсан. Г.Б өмнө нь манай компанитай хамтарч ажил хийнэ, энийг чинь бүтээж өгье, ажил гарвал над руу залгаарай, би танил тал олонтой” гээд л баахан юм хэлж, би болон манай захирлуудын итгэлийг төрүүлсэн. Тэгээд Худалдаа хөгжлийн банканд манай ах ажилладаг. Тиймээс долларын ханшнаас мөнгө унагаагаад өгье гээд л хурдан л мөнгөтэй болгоод өгье гэх зүйл ярьдаг байсан. Би тухайн үед түүнийг сайн судалж мэдээгүй, өөрийнхөө ажлыг хийгээд явж байсан. Харин сүүлд цагдаагийн байгууллагад очоод л түүний талаар мэдсэн. Ерөнхийдөө би гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. Бага зэрэг гомдолтой байдаг юм гэвэл гэр бүлээрээ холбоо хамааралтай, бүгд нэгнийгээ таньж мэддэг, цаана нь хэн байгааг ч мэддэг байсан байж эцсийн мөчид таньж мэдэхгүй гэж байгаад гомдолтой байна. Би 3 жил гаруй хугацаанд энэ асуудлаас болж шүүхээр явж байгаа учраас маш их ядарч байна. Тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...50,000 доллар, 20,000 доллар авлаа гээд гарын үсэг зурчихаад одоо болохоор хийгээгүй ажил дээрээ гарын үсэг зурсан мэтээр Б ярьж байна. Тухайн үедээ бол гарын үсэг зурсныг нь батлаад шүүх эмнэлгээр удаан явсан. Тэр хугацаанд олон ч удаа ч мөрдөгч солигдсон. Өнөөдрийн хуралдаанаас харахад түүнийг бол хэргээ хаалгах гээд гүйгээд байсан гэж ойлгож байна. Би бол тухайн үед хэрэг хаагдсан талаар ч мэдээгүй. Хохиролтой шүү гээд л түүнийгээ дагаад л эрүүл мэнд, сэтгэл санааны тайван байдлаа алдсан. Тэр үедээ би У ахмадад “эрүүл мэндээ алдаж байна, хурдхан шиг шүүх эмнэлгээр явуулаад эрүүл мэндийн асуудлыг нь тогтоож өгөөч” гэхэд шүүх эмнэлэг дөнгөж ургаж байгаа ногоо шиг байгаа учраас тогтоох боломжгүй байна гэж хэлээд маш их хугацаа алдсан. Түүнээс аль эрт тогтоочихоор байсан. Хөгшинтэй хамт лагер явж байхад Г.Б ви чатаар залгаад “би Казакстанд ирчихсэн байна, Казакстан чинь дайн ихтэй газар, дүү нь ийм газар ажил хийх гээд ирчихсэн байна” гээд ярьж л байсан. Тэгээд Казакстан руу очиж тухайн газартай нь уулзъя гэхээр явуулж өгөөгүй. Тэгээд л Америкийн нэгдсэн улсын Брэдли /Bradly/ гээд нэртэй найруулагч Монгол Улсад кино урлагийн зөвлөлийн урилгаар ирэхэд нь Г.Б орчуулагчаар нь ажилласан. Манай талд нэг ч орчуулагч байгаагүй. Бид нар хэл мэдэхгүй учраас Г.Б бүх ажилд дээр явж байсан. Тэгэхэд энэ хүн чинь нэг талаасаа хоёр орчуулагчтай байсан мэт орон гаран зүйл яриад байна. Энэ хүн бид нарын дунд юу гэж ярьж, орчуулга хийж байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Тиймээс түүнд л итгэж байсан. Тухайн үед чинь Г.Б хамтран амьдрагчаа залилсан гээд Чингэлтэй дүүрэгт цагдаа дээр хэрэг үүсчихсэн байсан. Сайндаа ч тэр 300,000,000 төгрөгийн хийх гээд нотариат ороогүй. Хэрэг үүсэх гээд байна гэхээр нь л явсан. Тэр үеэс эхлээд Г.Б манай нөхрийг дарамталж эхэлсэн. Та намайг цагдаад өгсөн байна гээд уурлаад, дайраад, дарамтлаад байхаар нь арга ядаад чамайг өгчихсөн гээд хэлчихлээ шүү миний хөгшөөн гээд манай нөхөр хэлж байсан. Ингээд асар их хэмжээний мөнгөө алдчихаад байнгын дарамттай байсан. Уулзах болгондоо нөхрийг маань дарамталж “хүн мөнгийг чинь өгөх гээд байхад та гомдлоо авчих” гэдэг байсан. Уучлаарай, 2015 оноос хойш болсон хэрэг дээр чинь хүн бачимдахгүй яах юм. Гэтэл одоо ингээд би юу гэж мөнгө авах юм гээд гайхаад тэнэгтээд байх юм. Намайг мөрдөн дээр байхад мөрдөгч нь “танай нөхрийн нууц хүүхэд юм шүү дээ” гэж хүртэл хэлж байсан. Ийм маягаар хүний чихэн дээр цэцэг ургуулж мөнгө авчихаад өнөөдөр нөгөө хүн нь шороонд булагдчихаар уучлаарай би аваагүй шүү гэж байдаг. Тэгвэл яагаад 5,000,000 төгрөг өгчихөөд үлдсэн мөнгийг нь дараа өгье гэж батламж гаргасан юм. Г.Б миний нөхрийг амьд байхад нь ингэж хэлсэн шүү дээ. Тухайн үед На гэдэг өмгөөлөгч намайг өмгөөлж байсан. Тэгээд түүний оффис дээр Г.Б-тэй уулзахаар болоод манай хүнийг дуудахаар нь манай хүн наад хүнтэй чинь жаахан асуудалтай байгаа учраас чи ярилцчих гэж хэлж байсан. Ингээд тэр үедээ “би төлнө” гээд энэ батламжийг гаргасан шүү дээ. Энэ бүх зүйл чинь бүгд баримттай байж байна. Хэрвээ дараа нь ийм мөнгөний хэрэг боллоо, үүн дээр гарын үсгээ зур гэвэл Г.Б зурахгүй шүү дээ. Энэ чинь тэнэг хүн биш. Урьд нь бас 3 удаагийн залилангийн хэрэгтэй байсан. Дандаа долларын залилан хийдэг. Хөөрхий нөгөө мөнгө зээлсэн хүмүүстэй буцаагаад мөнгийг нь багаар амсуулаад байхаар яг л манай хөгшин шиг өгчих байх гээд л явдаг байсан байлгүй. Тэр хамтран амьдрагчийнхаа мөнгийг залилсан гэх хэрэг нь хаагдчихсан юм байна лээ. Бид нарыг залилсан мөнгөөрөө хаалгасан байх. Түүнээс бол манай хүнийг цагдааг гомдол гаргаж байхад Чингэлтэй дүүрэг дээр хамтран амьдрагчийнхаа 90,000,000 төгрөгийг залилсан гээд явж байсан хүн шүү эрхэм шүүгчээ. Тэгэхээр энэ хүн бол гаршсан, бүр мэргэшсэн хулгайч, луйварчин. Би бол харамсаж байна. Үүнээс болоод хүн амь насаа алдчихлаа. Миний хөгшин бол маш их цочролд орсон. Тухайн үедээ бол Г.Б манай хөгшнийг хөөргөөд л “хоёулаа Холливудад очоод та найруулагч болоод л би гадуур зохион байгуулалт хийгээд, та том босс болчихно” гэдэг юм ярихаар чинь нөгөө хүн нь “пүү, би ёстой Монголд байгаагүй юм хийх гэж байгаа юм байна” гэж бодно шүү дээ. Тэгээд манай хүн чинь 25 га газар аваад Молливууд хийнэ гээд л тухайн газартаа усаа татаж гүний худаг хийх гээд төлөвлөчихсөн зурагтай явж байсан. Тэгээд сүүлд хүмүүс авчирч ирээд л “таны гаргасан зургийг чинь голоод байна, Бээжинд байдаг мундаг хүнээр төлөвлүүлье” гээд манай нөхрийг дагуулж явсан. Гэтэл Бээжинд очоод гурван хоног зүгээр сайхан буудалд очиж хэвтүүлээд л нөгөө уулзах хүмүүс маань алга гээд буцаад ирж байсан. Манай хүү ч явж байсан. Гэхдээ би хүүгээ ийм асуудалд оруулмааргүй байна. Харин хавтаст хэрэгт Г.Б-тэй манай нөхөр, хүүгийн Бээжинд хамт авхуулсан зургууд авагдсан байгаа. Мөн Америк руу хамт ажлаар явахаар болоод гэрээсээ зүв зүгээр гарч яваад нисэх дээр очиход нь Г.Б кофе авч өгсөн байгаа юм. Тэгсэн гэнэт л бие нь салгалаад эвгүй байна гээд нислэг нь цуцлагдсан. Өөр үлдсэн зөндөө юмнууд байгаа. Түүнийг би иргэний журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ. Манайд ирээд бас гадаад харилцааны мэргэжилтэн болж нэг хэсэг жүжиглэсэн. Тэгэхэд нь манай ажилчид танихгүй, нийгмийн даатгал төлөөгүй болохоор нь зээлээр авдаг байсан. Хүн бүхэл бүтэн компанийнхаа ажлыг зогсоогоод эргэлтийн хамаг мөнгөө итгээд өгч байхад залилчихаар чинь аргаа барна шүү дээ. Үүнээс болоод манай хөгшний бие маш хурдан муудсан. Тэгэхэд энэ нөхөр нэг ч удаа ирж уулзаагүй. Г.Б чинь сүрхий л “та ёстой миний аавыг орлож байгаа ганц хүн” гээд л байдаг байсан. Цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө хүртэл “бид нар гэр бүлийн найзууд байсан, цагаан сараар хоёр гэрээрээ орж гардаг байсан, мессежээр хүртэл шал худлаа уучлаарай ахаа энэ жил очиж золгож чадахгүй болчихлоо” гэчихсэн. Уучлаарай Г.Б, чи 5 жил залилан хийгээд явж байхдаа хэзээ ч бид нар дээр ирж золголт хийж байгаагүй шүү дээ. Тэгэхэд цагдаа дээр хүртэл худлаа мессежээ харуулаад бүр зохион байгуулалттай залилан хийсэн. Тэгээд маш олон хөрөнгө оруулалт хийж байхад газрын маргаанаас болоод нэг нь ч бүтээгүй. Бүр байгуулсан нэг ч гэрээ байхгүй. Миний нөхрийн өврийн хар дэвтэрт бүх зүйл байгаа. Тэр жүжигчид авчирна гээд л худлаа ярьж орлон тоглогчоор нэг хүн авчраад л манай хүний толгойг эргүүлчихсэн. Тэгэхээр нь би Г.Б-г дуудаж уулзаад “Г.Б энэ хийж байгаа 5,6 ажлын чинь нэг ч бүтэхгүй байна, чи яахаараа ингэдэг юм” гэж хэлсэн цагаас хойш манайд ажил дээр ирэхээ болчихсон. Харин манай нөхрийг утсаар “та энд хүрээд ир, тэнд хүрээд ир” гэж уулздаг болсон. Тэгж байгаад 90,000,000 төгрөгийн залилан болсон. Нотариат ороод эхний удаад 300,000,000 төгрөгөөр хийчихье. Удахгүй Эрдэнэтийн мөнгө, Казакстаны мөнгө ороод ирнэ гэж хэлэхэд нь манай хүн итгээд гарын үсэг зурчихсан байгаа юм. Яаж ингэж жүжиглэж чаддаг байна. Ганц зээлсэн мөнгө нь ээжийнх нь эмчилгээний зардал. Түүнийг үнэхээр зээлж авсан. Дараа нь аав нь шагнал аваад хүрээд ирсэн чинь аавынх нь найзууд “хүүшээ чи шагналыг нь тэмдэглээч” гэхэд нь 4,000,000 гаруй төгрөгөөр 2 өдөр тэмдэглэсэн байгаа юм. Тэгсэн ээж нь мессежээр “баярлалаа танд, арга хэмжээ сайхан боллоо” гээд манай хөгшин луу явуулж байгаа юм. Ингээд ээжтэйтэйгээ нийлж хуйвалдаад л ээж нь хүртэл мэдүүлэхдээ “бид нар чинь их сайн найзууд, миний хүүг ааваас нь хойш сайн харж ханддаг” гэж хэлсэн байна лээ. Би өнөөдрийн хурал дээр л анх удаа Г.Б-н ээжийг нь харж байна. Хүнийг шороонд булчихаад гарын үсэг зурчих гэхээр нь зурчихсан юмаа гээд сууж байх юм. Тийм байсан юм бол яах гэж “би мөнгөө төлнө” гээд батламж хийсэн юм. Миний хувьд бол гэмт хэргээ нуун дарагдуулахад нь ээж нь давхар оролцоод байна л гэж бодож байна. Ийм муухай зохиомол юм хийж хүмүүсийг төөрөгдөлд оруулах маягаар нэг хүнээс аваад нөгөөд өгдөг. Тэр Бээжингийн асуудал гээд 60,000,000 төгрөг авах үед би хамт байж байсан. Тэгэхдээ “ахаа ёстой арай гэж хулгайгаар хоёр 69 машинаар мөнгө ачаад оруулаад ирлээ. Харин жолоочид нь хөлс өгөх гэсэн байдаггүй ээ та өгчих тэгээд та өрөөгөө бэлдэж бай” гэж хэлсэн. Тэгээд манай хүн чинь юмаа бэлдээд л бөөн юм болсон. Тэгээд яасан гэсэн чинь “өө энэ хужаа чинь хот дотор бэлэн хоёр өрөө байр түрээсэлж аваад тэндээ хоёр хүн харуулаар зогсоогоод мөнгөө тоолоод байж байна” гэхээр нь би чинь өдөрт нь хоол ундыг нь зөөж өгдөг байсан. Энэ талаар Б гэдэг залуу гэрчилнэ. Ерөнхийдөө иймэрхүү л байна. Манай хүн бол энэ хүнээс болж асар их цочролд орж нас барсан. Тиймээс хохирлын мөнгө дээрээ нэмээд оршуулгын зардлыг, талийгачийн болон надад учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна.” гэв.
Хавтаст хэргээс:
Д.Н-с цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 2 дахь тал),
Амь хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “...Г.Б нь надаас олны танил хүмүүсийн нэр болон гадаадын жүжигчдийн нэр, том хэмжээний үйлдвэрүүдийн нэрийг барьж хөрөнгө оруулалт авч өгч чадна гэх зэргээр ярьж өөртөө итгүүлж байгаад мөнгө авдаг байсан. Мөн Эрдэнэт үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж өгч чадна гээд надаар төрийн банкнаас 50.000 америк доллар бэлнээр авахуулж байсан... Г.Б нь манайд огт ажиллаж байгаагүй... Харин өөрийгөө уурхайтай, гадаад дотоодын олон хүн таньдаг нэр нөлөөтэй гээд надад удаа дараа янз бүрийн ажлын санал хэлж тэрийгээ бүтээж өгнө гэж надаас тэрэнд зориулж мөнгө авч байна гээд мөнгө авдаг байсан учраас би энэ хүнд итгэж залилуулсан юм. Мөн гадаадаас жүжигчид монгол улсад ирж байгаа та замын зардлыг нь даагаарай гээд надаас 55 сая төгрөг хүртэл бэлнээр авч байсан. Би Г.Б-д бэлэн мөнгө өгөх болгондоо дандаа өөрийн өврийн дэвтэр дээрээ гарын үсэг зуруулаад өгдөг байсан. Би Г.Б-д ...залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаад гомдол гаргаад шалгуулж байх явцад Г.Б надад ахаа би таны мөнгийг төлчихье гээд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн хажуугийн нэг нотариат дээр дагуулж очоод тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ хийж надаар гарын үсэг зуруулж аваад явсан юм. Анх 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Америкийн нэгдсэн улсаас хоёр жүжигчин ирсэн монголд Молливууд нээнэ урьдчилгаа мөнгө 50.000 доллар мөн 60.000 доллар, 28.000 доллар, нийт 138.000 ам долларыг зөвхөн Америк улсаас ирсэн кино найруулагч нарт өгч кино хийлгүүлнэ гэж хэлж авсан. Г.Б-н хэлсэн хоёр америк хүн нь зүгээр жуулчин байсан. Б 138.000 долларыг зарцуулах юм бол дахин маш их орлого олох боломжтой гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Г.Б надад Эрдэнэт ТӨҮГ-т том оврын автомашины тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт ялсан 50.000 ам доллар хэрэгтэй байна гэрээгээ танай компанийн нэр дээр хийнэ гэж хэлсэн. Дээрх мөнгөнөөс гадна 2017 оноос хойш 2019 оны хооронд 157 удаагийн үйлдлээр 158.210.000 төгрөгийг Г.Б-д бэлнээр өгсөн энэ талаарх баримтанд Г.Б өөрөө гарын үсэг зурсан байгаа. 2017 онд Г.Б нь надад хандаж манай аавын төрсөн дүү нь Казакстан улсад Монгол улсыг төлөөлж элчин сайдаар ажилладаг бөгөөд надад авто замын тендер авч өгсөн энэ гэрээг хийхэд бэлэн болсон. Танай С*** ХХK-иар гэрээ байгуулна энэ ажлыг авах юм бол маш их орлого олно тэр ажлыг хийхийн тулд урьдчилгаа доллар хэрэгтэй байна гээд 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 4300 доллар авсан. Г.Б-н хамтран амьдрагч болох Но*** гэх эмэгтэйгийн **** тоот дансаар Г.Б авсан. 2017 оны 11 дүгээр сарын 06, 27-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 08 дугаар сарын 31-ний өдөр 400, 500, 600 доллар авсан энэ талаарх баримт байгаа энэ долларыг Но*** гэх эмэгтэйн *** тоот дансаар Г.Б авсан. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Г.Б Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансааpaa 1800 доллар, 2000 доллар нийтдээ 3800 долларыг авсан, уг нь буцааж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Г.Б нь долларын ханшны зөрүүнээс мөнгө олох гээд байна энэ долларын ханшны зөрүүг арилгах юм бол маш их мөнгө орж ирэх гээд байна та надад 650.000 төгрөг өгчих 2 УА3 469 автомашинаар дүүрэн доллар оруулж ирсэн байгаа гэж хэлсэн. 2021 оны 05 дугаар сард Г.Б нь надад хандаж аав нас барсан харин ээж архины хамааралтай болсон, ээжийн элэг нь өвдсөн учир Хятад улс руу эмчилгээнд явуулах шаардлагатай болсон 1300 доллар хэрэгтэй байна өмнөх ажлуудын ашиг орлого орж ирэхээр танд нэмээд өгнө гэж хэлсэн. Г.Б нь 2019 оноос 2021 оны хороонд өөрийнхөө Худалдаа хөгжлийн эзэмшлийн *** тоот данс рууraa 105 удаагийн үйлдлээр 149.490.400 төгрөгийг бол Эрдэнэт ТӨҮГ-ийн тендер ажлыг зохицуулахад хэрэгтэй мөнгө гэж авч байсан. Би өөрийн Голомт банкны хадгаламжийн данснаас Г.Б-н *** тоот дансанд 49.200.000 төгрөгийг шилжүүлсэн.... Г.Б 2023 оны 4 сард 5.000.000 төгрөгийг миний данс руу хийсэн, өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй, гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 204-205, 2-р хавтаст хэргийн 125-126, 191-192 дахь тал)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-н өгсөн: “...2016 оны дунд үе буюу хавар билүү намар талийгаач надад хандаж Г.Б Америкийн Холливудаас хүмүүс авч ирж байгаа, тухайн хүмүүсийг Монголд Молливууд байгуулах гэж байгаа юм гэж ярьж байсан бөгөөд удалгүй гадаадаас ирсэн гурван хүнтэй *** кино театрт уулзсан. Тэгээд би уулзалтын дараа асуухад Холливудын жүжигчид ирлээ, Баянгол дүүргийн 19 хороо Хуурай мухар гэх газарт молливууд байгуулах зургийг хийж өгье гэж байна гэж хэлсэн. Тэр үед талийгаач дэмжсэн байсан. Тэр үед ирсэн гурван хүн нь жүжигчид юм уу, эсхүл жуулчид юм уу мэдэхгүй. Тэр үед орчуулагчаар Г.Б байсан бөгөөд юу орчуулсан, хоорондоо юу гэж яриад байгааг нь мэдэхгүй байсан. Тэрнээс хойш молливууд байгуулах, холливудын зураг төсөл хийх ажлын мөнгө гэж 50.000 доллар бэлнээр, тэдгээр хүмүүсийг ирж, очих зардал, буудлын мөнгө хэрэгтэй байна гэж Г.Б 55,000,000 төгрөг бэлнээр авсан. Тэдгээр хүмүүс буцсаны дараа нөгөө гадаад хүмүүс инээдмийн кино хийх гэж байна, та хувь оруулаад ашиг хүртэх үү гэж хэлээд 60.000 доллар, дахиад нэмж 28.000 доллар нийт 88.000 доллар авсан. Тухайн үед Холливудад оффистой болно зохиолуудыг нь уншиж хөрөнгө оруулалт хийнэ, ашиг орлого их олно гэх зэргээр ярьж авч байсан. Тэгээд хэсэг хугацаанд чимээгүй алга болсон бөгөөд асуухаар кино хийгдэж байгаа, удахгүй болно, бүтнэ гэж хэлдэг байсан. Ингээд 2017 оны сүүлээр талийгаачийн хамтаар Солонгос улс руу караокены тоног төхөөрөмж авах зорилгоор очоод тэнд таарсан монгол охиноор Эрик Чанг гэх хүний нэрийн хуудсыг өгөөд ажлыг асуугаад өгөөч гэж хэлээд англи хэлтэй охиноор яриулахад би бол зүгээр аялагч би Г.Б гэж хүнээс нэг ч төгрөг аваагүй. Бид нар кино хийдэг хүмүүс биш гэж хэлсэн. Тэгээд Монголд ирээд Г.Б-г олж уулзахад уучлаарай би худлаа хэлсэн юм, танилынхаа ресторанд хөрөнгө оруулчихсан юм, ашиг олохоор таны мөнгийг тун удахгүй төлчихье гэж хэлсэн байсан. Тэгээд бид нар удалгүй мөнгө төгрөгөө асуухад одоо нэг том ажил байна, та энэ ажилд хамрагдах уу би Эрдэнэт үйлдвэрт Белазны шанага нийлүүлэх тендер авчихлаа. Та хөрөнгө оруулаад хамтрах уу? маш их ашигтай, хэрэв хөрөнгө оруулбал таны мөнгийг бүгдийг нь төлж дуусгана гэхээр нь тэр үед гэрээ хэлэлцээрээ аваад ир гэхээр... та мөнгө өгчихвөл танай компанийн нэр дээр гэрээ байгуулна... гэхээр нь тухайн үед буюу 2018 онд 50.000 долларыг Төрийн банкнаас гаргуулаад Г.Б-д бэлнээр нь өгсөн... Тухайн үед мөнгө төгрөгөө өгсний дараа гэрээгээ байгуулах талаар хэлэхэд гэрээ хоёр хувь хийгдсэн, гэрээний нэг нь Эрдэнэт үйлдвэрт харин нөгөө хувийг нь хамтарч ажилласан Канад иргэн аваад явсан гэж хэлсэн. Тэр үед талийгаач би Эрдэнэт үйлдвэрт очъё гэж хэлсэн. Тэгтэл та түр хүлээж бай гэж хэлсэн бөгөөд талийгаач бид хоёр хүлээгээд байж байтал гар утсаа авахаа больчихсон. Тэгээд гэрээ хэлэлцээрийг нь асуухад гэрээгээ олохгүй байна гэж хэлээд үзүүлэхгүй худлаа яриад зөндөө удаан явсан. Тэгээд арай хийж холбоо бариад асуухад Эрдэнэт үйлдвэр нь онцгой байдал зарлаад мөнгө төгрөг, ашиг орлогыг нь өгөхгүй байгаа юм байна, би мөнгөө авах гээд Эрдэнэт хотод хүлээгээд байж байна гэж хэлж байр, хоолны мөнгө төгрөг, ажлаа бүтээхийн тулд хүмүүстэй уулзаж хоол унданд орно мөнгө төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлээд 2.000.000-3.000.000 төгрөгөөр нэлээн олон удаа авсан. Тухайн мөнгийг Г.Б өөрийн дансаараа авч байсан. Тухай хүмүүсийнхээ дансыг өг гэхээр хяналт шалгалт их байдаг юм байна гэж хэлээд өөрийн дансаар авч хамаатан садны данс руу нь хийх юм гэж хэлээд авч байсан. Дараа нь Эрдэнэт үйлдвэр гүйлгээ хийхээ болчихсон юм байна. Бүх гүйлгээг Монгол банк хийдэг юм байна гэж хэлэхээр нь би Монгол банк дээр очиж уулзаад ажилтнаас асуухад Эрдэнэт үйлдвэр манай байгууллагад хамааралгүй... гэж хэлэхээр нь Г.Б-тэй яриад чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гэхэд... миний ярьж байгаа нь үнэн шүү гэж хэлсэн... Тэгээд дараа нь мөнгө авъя гэж хэлэхэд аав Нобелийн шагнал авсан шагналд нь 25.000 доллар өгсөн... манай аавын дүү Казахстан улсын Элчин сайдаар ажилладаг. Казахстан Улсад хар зам тавих тендерийн ажил авсан. Танай компанийн нэр дээр гэрээ байгуулахаар боллоо, нэлээд ашигтай ажил байгаа юм. Хамтарч ажиллая гэж хэлээд бэлнээр болон дансаар удаа дараа мөнгө авч байсан... Тэгээд Казахстан улсад зам худлаа болсон бөгөөд авсан мөнгөө данс руу чинь илгээчихсэн байгаа гэж хэлээд талийгаачийг нэг өдөрт 6 удаа банк руу нь явуулсан... Тэрнээс хойш Г.Б нь ямар нэгэн холбоогүй байсан бөгөөд олж уулзаж чадахгүй утсаар ярихаар ажил хөөцөлдөж байна одоо болох гэж байна гэж хэлээд худлаа ярьж мөнгө төгрөг авч байгаад сүүлдээ утсаа авахгүй алга болсон... Г.Б-д шилжүүлсэн мөнгийг дээр ярьсан ажлуудад хамааруулж өгч байсан. Тэрнээс зээлж өгсөн асуудал байхгүй. Талийгаач нь Голомт банкны дансаар болон бичгийн цаасан дээр Голомт банк гэсэн жижиг тэмдэглэлийн дэвтэр дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Талийгаач болон миний бие Г.Б-д итгэж байсан. Г.Б нь энэ ажлыг хийнэ гэж мөнгө авчхаад 2-3 сар уулздаггүй байсан. Тэгээд гэнэт гарч ирэхээрээ өөр ажил яриад мөнгө авч байсан. Талийгаач нь хэзээ хэдэн төгрөг Г.Б-д өгч байсан талаар бүгдийг нь би мэдэж байгаа бөгөөд талийгаач нь мөнгө төгрөг өгсөн талаар надад хэлдэг байсан... Талийгаач нь дансандаа мөнгөтэй байсан. Тухайн мөнгийг зарцуулах шаардлага гараад мөнгө асуухад надаас нуугаад байсан. Тэгээд удалгүй дансанд байсан мөнгө алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэн авдаг юм, мөнгөө алдчихсан юм уу яаралтай цагдаад хандья гэж хэлээд өргөдөл бичүүлээд цагдаад өгүүлсэн. Талийгаач тухайн үед ийм их мөнгө өгсөндөө санаа нь зовоод дотроо шанлаад надад огт хэлж чадахгүй байсан юм билээ...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 42-46, 196-197 дахь тал),
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.Б гэх хүнийг сайн танихгүй. Манай компанийн захирал Д.Н дээр Г.Б нь ирж уулздаг байсан бөгөөд зарим үед захирал надаас бэлнээр болон миний өөрийн дансанд мөнгө хийлгэж байгаад Г.Б гэх хүний данс руу мөнгө хийлгэж байсан юм. Түүнээс өөрөөр би тэр хүнийг сайн танихгүй. Захирал надад хэлэхдээ би Г.Б-тэй хамтарч ажиллаж байгаа удахгүй бөөн мөнгө орж ирнэ гэж хэлдэг байсан. Г.Б-г юу гэж хэлж мөнгө авдаг байсан талаар мэдэхгүй байна. Захирал тэр хоёр өрөөндөө уулздаг байсан... уулзаад гарч ирээд удахгүй бөөн мөнгөтэй болно гээд Г.Б нь Д.Н захиралд хэлж байдаг...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 212 дахь тал),
Гэрч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Н Г.Б-д шаардлагатай мөнгийг өгч байгаа гэж ярьж байснаас хэдэн төгрөг өгсөн талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан Холливудын иж бүрэн сургууль, кино үйлдвэр байгуулахад Америк улсын Холливуд фирмээс зөвшөөрөл авах шаардлагатай гэж ярьж байсан бөгөөд зөвшөөрөл авахын тулд мөнгө шаардлагатай гэж хэлж байсан. Тухайн үед Г.Б-д өгсөн ч цааш шилжүүлээгүй юм шиг байна гэж надад нэг удаа хэлж байсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 26 дахь тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1360 дугаартай шинжээчийн: “...1. Шинжилгээнд ирүүлсэн 101×142 мм хэмжээтэй “Голомт банк” гэсэн бичиглэлтэй "197" дугаартай баримтад зурагдсан байх 1 ширхэг, “200” дугаартай баримтад зурагдсан байх 2 ширхэг, “201” дугаартай баримтад зурагдсан байх 1 ширхэг, "203" дугаартай баримтад зурагдсан байх 1 ширхэг гарын үсгүүд болон А4 хэмжээтэй “208” дугаартай баримтад зурагдсан байх 1 ширхэг, "209” дугаартай баримтад зурагдсан байх 1 ширхэг, "210" дугаартай баримтад зурагдсан байх 2 ширхэг гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн 101х142 мм хэмжээтэй “Голомт банк” гэсэн бичиглэлтэй "197" дугаартай баримтад зурагдсан байх 1 ширхэг, “200” дугаартай баримтад зурагдсан байх 2 ширхэг, "201" дугаартай баримтад зурагдсан байх 1 ширхэг, "203" дугаартай баримтад зурагдсан байх 1 ширхэг гарын үсгүүд болон А4 хэмжээтэй "208" дугаартай баримтад зурагдсан байх 1 ширхэг, “209” дугаартай баримтад зурагдсан байх 1 ширхэг, "210" дугаартай баримтад зурагдсан байх 2 ширхэг гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Б-н гарын үсгийн гэх загваруудтай тохирч байна..." гэсэн дүгнэлт (3-р хавтаст хэргийн 104-110 дахь тал),
Хохирогч Д.Э-н гэрчээр өгсөн: “...К.Б гэдэг хүнийг би эхнэрээрээ дамжуулж танилцаж байсан, манай эхнэрийн найз нь байгаа юм. Э.У бид хоёр К.Б-тэй танилцаж найзлаад 3 жил орчим хугацаа болж байна. Э.У бид хоёр өөрсдийн бизнесийн хүрээнд нүүрс зөөвөрлөх шаардлагатай болоод ачааны вагон хэрэг болсон. Өмнө нь К.Б нь манай эхнэрт “би вагон тээврийн ажлыг зохицуулж, гэрээ хийлгэж өгч чаддаг, ийм ажил хийж байгаа” гэж ярьсан байсан тул би К.Б-тэй утсаар холбогдож вагон түрээслэх хэрэгтэй байна гэж хэлэхэд тэр би зохицуулж өгч чадна гээд хэсэг хугацааны дараа “М.Т ложистик” ХХК /Б*** Е*** гол ХХК-ийн тээврийн үйл ажиллагааг хариуцдаг компани/ хувийн ачааны вагоноо түрээслэх гэж байна. Тус вагоноос нь түрээсэлж болох юм байна, түрээслэх вагон байгаа гэж байна, найз нь тусалж чадна, дараа нь вагон түрээс чинь бүтэхээр найзыгаа шагнаарай гэж хэлж байсан. Бидэнд К.Б нь “М.Т ложистик" ХХК 200 ширхэг ачааны вагоноо 140,000 ам доллароор түрээслэх юм байна, урьдчилгаанд 35,000 ам долларыг авна гэж байна гэж хэлж надад итгүүлсэн. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр урьдчилгаа 35,000 долларын урьдчилгаагаа авна гэж байна гээд биднээс 35.000 долларыг бэлнээр авч явсан. Түүний дараа К.Б нь гэрээ гарах гээд байна яваад очъё гээд Чингэлтэй дүүрэг, Тэди төвийн урд байрлах “М.Т ложистик” ХХК-нд байрлах “Б*** е*** гол” ХХК-ийн ажлын байранд гадаа очиж үүдэнд нь хүлээсэн. Энэ үед К.Б нь бид хоёртой хамт үүдэнд нь 2 цаг орчим хүлээсэн, өөрөө бидний хажууд хүнтэй утсаар ярьчихаад за удахгүй гэнээ гэдэг байсан бөгөөд мөн нэг удаа утсаар ярьсны дараа гэрээ чинь бэлэн болсон байна, хувь хүнтэй гэрээ хийхгүй зөвхөн компаниар гэрээ хийнэ гэж байна, гэрээ зурагдахад бэлэн болчихож гэхдээ компанийнх нь гүйцэтгэх захирал нь хөдөө томилолтоор яваад ирээгүй байгаа юм байна, гэрээгээ дараа болъё гэж байна гэж хэлээд тэндээс явсан. Ингээд бид ярилцаад найз Э.У ээж Д.У-н "И*** С*** Д**" ХХК-аар гэрээ байгуулахаар шийдвэрлэж, энэ тухай К.Б-д хэлсэн. Дараа нь К.Б нь бидэнтэй дахин уулзаж "М.Т ложистик" ХХК-ийн захиралтай уулзсан “И*** С*** Д***” ХХК-аар чинь гэрээ байгуулахаар болсон, урьдчилгаа 35,000 ам долларыг чинь "И*** С*** Д***" ХХК-ийн нэрээр "М.Т ложистик" ХХК-д тушаасан гэж хэлж байсан. Мөн ачаа тээвэр их гацаж байгаа тул вагон олдохгүй, вагон түрээслэх хүсэлтэй компаниуд их байгаа учраас төлбөрөө бүрэн төлсөн компаниудад л вагоноо түрээсэлж, гэрээ байгуулж байгаа гэж байна гэж бидэнд хэлж итгүүлсэн тул бид 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Central tower”-т уулзаж К.Б-д вагон түрээслэх гэрээний үлдэх төлбөр 105,000 ам долларыг түүнд бэлнээр өгсөн. Түүний дараа К.Б-с бид удаа дараа вагон түрээслэх гэрээ, түрээсийн вагоноо шахаж шаардсаны дараа 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр К.Б-н ***@gmail.com и-мэйл хаягаас "И*** С*** Д***" ХХК-ийн ***@gmail.com и-мэйл хаягт "Ачааны вагон ашиглах гэрээ" гэж гэрээний төсөл ирсэн. Гэтэл түүнээс хойш К.Б нь биднийг хуурч, худал хэлж, биднээс авсан 140.000 ам долларыг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй, худал хэлэх болсон. Түүнээс вагон түрээсийн гэрээ бүтсэн юм уу гэж асуухад одоо бараг болсон, удахгүй гэх зэргээр хэлж өнөөдрийг хүрээд байна. Тэрээр сүүлд уулзаж асуухад Бэхээ гэдэг хүнд мөнгийг нь өгсөн, би өөрөө 40.000 долларыг хувьдаа ашигласан, би өөрөө эргүүлж өгнө, бусад мөнгийг Г.Б гэдэг хүнд байгаа, тэр хүнээс авна гэж хэлсэн. Ингээд тэр өөрийн авсан гэх мөнгө гээд надад 42.000 долларыг 2021 оны 12 сарын 31-ний өдөр өгсөн. Одоо 98,000 долларыг авъя, вагоноо болъё гэхэд Г.Б гэх хүнд байгаа түүнээс авна гэдэг болсон...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 62-64, 66-67 дахь тал),
Д.Э-н хохирогчоор өгсөн: “...Г.Б нь өмнө нь хүмүүст удаа дараа вагон түрээсийн гэрээ хийлгэж байсан ба та нар надад итгэ гээд байсан. Үүнийх нь л дагуу У бид хоёр Г.Б-д 140,000 долларыг өгсөн...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 70-71 дэх тал),
Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.У миний бие болон Д.Э бид багын найзууд бөгөөд К.Б гэх хүнтэй сүүлийн 3-4 жил найзалж байна. Д.Э бид хувийн бизнес эрхэлдэг бөгөөд “Т***” ХХК-ийг хариуцан үйл ажиллагаа явуулдаг, миний бие тус компанийн захирлаар ажилладаг юм. 2021 оны 9 дүгээр сараас эхлээд тээврийн үйл ажиллагаанд вагон шаардлагатай болж, хувийн ачааны вагонтой компаниудад вагон түрээслэхээр хандаж байсан. Энэ тухай К.Б мэдэж байсан. Тэр үед К.Б бидэнд "М.Т ложистик" ХХК /Б*** Е*** гол ХХК-ийн тээврийн үйл ажиллагааг хариуцдаг компани/ хувийн ачааны вагоноо түрээслэх гэж байна. Тус вагоноос нь түрээсэлж болох юм байна, түрээслэх вагон байгаа гэж байна, найз нь тусалж чадна, дараа нь вагон түрээс чинь бүтэхээр найзыгаа шагнаарай гэх зэргээр бид хоёрт итгэл төрүүлсэн. Бидэнд К.Б нь "М.Т ложистик" ХХК 200 ширхэг ачааны вагоноо 140,000 ам доллароор түрээслэх юм байна, урьдчилгаанд 35,000 ам долларыг авна гэж байна гэж хэлж итгүүлсэн. К.Б-г бид урьд нь найз нөхдийн хувьд сайн харилцаатай, итгэлтэй хүн гэж итгэдэг байсан тул 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э бид хоёр К.Б-тэй Улсын их дэлгүүрийн гадна зогсоол дээр уулзаж "М.Т ложистик" ХХК-аас 200 вагон түрээсийн урьдчилгаа төлбөрт 35,000 ам долларыг түүнд бэлнээр өгсөн. Түүний дараа К.Б нь гэрээ гарах гээд байна яваад очъё гээд Чингэлтэй дүүрэг, "Тэди" төвийн урд байрлах "М.Т ложистик" ХХК-нд байрлах “Б*** Е*** гол” ХХК-ийн ажлын байранд гадаа очиж үүдэнд нь хүлээсэн. Өөрөө бидний хажууд хүнтэй утсаар ярьж за удахгүй гэнэ гэдэг байсан бөгөөд мөн нэг удаа утсаар ярьсны дараа гэрээ чинь бэлэн болсон байна, хувь хүнтэй хийхгүй зөвхөн компаниар гэрээ хийнэ гэж байна, гэрээ зурагдахад бэлэн болчхож, гэхдээ компанийнх нь гүйцэтгэх захирал нь хөдөө томилолтоор яваад ирээгүй байгаа юм байна гэх зэргээр хэд хэдэн удаа бидэнд хэлж, итгүүлсэн. Нэгэнт К.Бад урьдын харилцааны явцад бий болсон итгэлээр итгэж, найз гэж бидний хувьд ойлгож байсан тул түүний үгэнд итгээд Д.У-н "И*** С*** Д***" ХХК-аар гэрээ байгуулахаар шийдвэрлэж, К.Б-д хэлсэн. Дараа нь К.Б нь бидэнтэй дахин уулзаж "М.Т ложистик" ХХК-ийн захиралтай уулзсан, "И*** С*** Д***" ХХК-аар чинь гэрээ байгуулахаар болсон, урьдчилгаа 35,000 ам долларыг чинь "И*** С*** Д***" ХХК-ийн нэрээр "М.Т ложистик" ХХК-д тушаасан гэж хэлж байсан. Мөн ачаа тээвэр их гацаж байгаа тул вагон олдохгүй, вагон түрээслэх хүсэлтэй компаниуд их байгаа учраас төлбөрөө бүрэн төлсөн компаниудад л вагоноо түрээсэлж, гэрээ байгуулж байгаа гэж байна гэж бидэнд хэлж итгүүлсэн тул бид 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт уулзаж К.Б-д вагон түрээслэх гэрээний үлдэх төлбөр 105,000 ам долларыг түүнд бэлнээр өгсөн. Түүний дараа К.Б-с бид удаа дараа вагон түрээслэх гэрээ, түрээсийн вагоноо шахаж шаардсаны дараа 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр К.Б-н и-мэйл хаягаас "И*** С*** Д***" ХХК-ийн и-мэйл хаягт "Ачааны вагон ашиглах гэрээ" гэж, гэрээний төсөл ирсэн. Гэтэл түүнээс хойш К.Б нь биднийг хуурч, биднээс авсан 140,000 ам долларыг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй, худал хэлэх болсон. Түүнээс вагон түрээсийн гэрээ бүтсэн юм уу гэж асуухад одоо бараг болсон, удахгүй гэх зэргээр хэлж өнөөдрийг хүрээд байна. Тэрээр сүүлд уулзаж асуухад Бэхээ гэдэг хүнд мөнгийг нь өгсөн, би өөрөө 40.000 долларыг хувьдаа ашигласан, би өөрөө эргүүлж өгнө, бусад мөнгийг Г.Б гэдэг хүнд байгаа, тэр хүнээс авна гэдэг болсон. Би бол Б-тэй уулзаж байсан. Анх бол К.Б нь та хоёрын ажлыг бүтээж өгнө, вагон нааш цааш зохицуулж мэддэг хүн гээд Г.Б-г танилцуулж байсан. Тухайн үед Г.Б нь өөр хоёр хүнтэй хамт явж байсан...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 95-97, 99-100 дахь тал),
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Зайсангийн Номадс рестораны задгай хэсэгт нь Г.Б нартай уулзсан. Г.Б нь үл таних 3 эрэгтэй хүнтэй ирсэн. Тэр үл таних 3 хүний нэг нь казак хүн бөгөөд нэр нь Г.Б гэж байсан. Тэгээд бид нар хоорондоо Б*** Е*** ХХК-д вагон ачих тээвэрлэх талаар гэрээ бүтэх эсэхийг ярилцсан, хэрвээ гэрээ хийж уг ажил нь бүтэх юм бол вагоныг Г.Б, К.Б нар нь авъя гэж өөрсдөө хэлсэн. Өөр зүйл цааш нь ярилцаагүй. Би вагон түрээсийн 140,000 долларын асуудалд нь ямар ч хамааралгүй би одоо анх удаа сонсож байна...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 102 дахь тал),
"М.Т ложистик” ХХК-ийн 22/391 дугаартай “...Э.У, Д.Э нар нь бусдад залилуулсан хэрэгт тайлбар хүргүүлж байна. Дээрх иргэдийг манай компанитай ачааны вагон түрээслэх тухай гэрээ байгуулж өгөхөөр мөнгийг нь авсан гэх Г.Б К.Б наргтай хэлцэл байгуулаагүй, манай компанид ажилладаггүй, өмнө нь гэрээ хэлцэл байгуулж байгаагүй аливаа байдлаар холбоогүй хүмүүс байна...” гэх албан бичиг (4-р хавтаст хэргийн 105 дахь тал),
“Б*** Е*** гол” ХХК-ийн 22/339 дугаартай албан бичиг (4-р хавтаст хэргийн 108 дахь тал),
Яллагдагч К.Б-с гаргаж өгсөн Ачааны вагон шилжүүлэх гэрээ гэх бичиг, уг бичигт Г.Б гэх мэйл хаягаар ирсэн талаарх хуудас 7 хуудас баримт (5-р хавтаст хэргийн 79-85 дахь тал),
Яллагдагч Г.Б-с гаргаж өгсөн захидлын хуулбар (5-р хавтаст хэргийн 106-107 дахь тал) зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Г.Б К.Б нар нь бүлэглэж 2021 оны 9 дүгээр сард хохирогч Д.Э, Э.У нарыг “М.Т ложистик” ХХК-аас вагон тээвэр авах боломжтой, 200 вагон түрээсийн урьдчилгаа, гэрээ байгуулж зохицуулж өгнө гэж хуурч Ачааны вагон ашиглах гэрээ гэх хуурамч бичиг баримтыг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Д.Эгаас 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрт 35,000 ам доллар буюу 99,711,850 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөо Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Централ Тауэрт түрээсийн төлбөр 105,000 ам.доллар буюу 299,195,400 төгрөгийг бэлнээр авч нийт 140,000 ам.доллар буюу 398,907,250 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай хэмжээнд нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч К.Б-н өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...Г.Б нь тухайн ажлыг бүтээж өгч чадна гэх итгэл төрүүлж өөрийн гэмт үйлдэлдээ К.Б-г оруулсан нөхцөл байдал харагдаж байна. К.Б-н хувьд тухайн ажлыг амжилттай болсон тохиолдолд өөрийн ажлыг хөлсийг олж авах санаа зорилготой байсан болохоос Э , У нарыг хохироож, залилах гэсэн санаа зорилгогүй байсан, ...Э , У нарын адил Г.Б-д итгэсэн буюу итгэх нөхцөл байдлыг шүүгдэгч Г.Б нь бүрдүүлсэн... ...К.Б-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал эргэлзээтэй байна...” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд хохирогч Б.Э-н “...Б нь өмнө нь хүмүүст удаа дараа вагон түрээсийн гэрээ хийлгэж байсан ба та нар надад итгэ гээд байсан. Үүнийх нь л дагуу У бид хоёр Г.Б-д 140,000 долларыг өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Э.У өгсөн “...гэтэл түүнээс хойш К.Б нь биднийг хуурч, биднээс авсан 140,000 ам долларыг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй, худал хэлэх болсон. Түүнээс вагон түрээсийн гэрээ бүтсэн юм уу гэж асуухад одоо бараг болсон, удахгүй гэх зэргээр хэлж өнөөдрийг хүрээд байна. Тэрээр сүүлд уулзаж асуухад Г.Б гэдэг хүнд мөнгийг нь өгсөн, би өөрөө 40.000 долларыг хувьдаа ашигласан, би өөрөө эргүүлж өгнө, бусад мөнгийг Г.Б гэдэг хүнд байгаа, тэр хүнээс авна гэдэг болсон...” гэх мэдүүлэг зэргээр уг тайлбар нь няцаагдаж шүүдэгч К.Б-н залилах гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл оролцоо хөдөлбөргүй нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Г.Б нь дангаараа 2015 оны 8 сараас 2021 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр амь хохирогч Д.Н “Монголд Молливуд нээнэ, Эрдэнэт үйлдвэрт том оврын авто машины тоног төхөөрөмж нийлүүлэх тендэрт ялсан, мөн манай аавын төрсөн дүү Казакстан улсад Элчин сайдаар ажилладаг надад авто замын тендер авч өгсөн гэрээг танай С*** ХХК-аар байгуулна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж амь хохирогчоос 141,104 ам.доллар буюу 500,154,903 төгрөг, мөн 146,880,800 төгрөгийг бэлнээр болон дансаар цувуулан авч, нийт 647,035,703 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж Залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай хэмжээнд нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч нараас: “...Г.Б нь Д.Н-тэй гэрээний үндсэн дээр дансаар мөнгө зээлж байсан, хамтарч ажиллана гэж хэлээгүй, иргэний эрх зүйн зээлийн гэрээний маргаан байсан, хохирогч Д.Н-с Г.Б-д бэлнээр өгсөн гэх 141,000 ам.долларын эх үүсвэр тодорхойгүй, үнэхээр тийм хэмжээний мөнгө Д.Н байсан эсэхийг шалгаагүй, хохирогч Д.Н нь Г.Б руу хувийн мөнгөнөөс шилжүүлсэн үү, компанийн мөнгөнөөс шилжүүлсэн үү гэдгийг бүрэн тогтоож байж энэ хэргийн хохирлыг тогтоох шаардлагатай, Д.Н хувийн тэмдэглэлийн дэвтэрт гарын үсэг зурахдаа тухайн мөнгийг авсан гэж зураагүй, цаашдаа ийм байдлаар хамтарч ажиллая гэж гарын үсэг зурсан...” гэх зэргээр маргаж байна.
Мөн хохирогч Н.Д-н өмгөөлөгч нараас: “...Г.Б нь Д.Н-г 2015 оноос хойш хамтарч ажиллах нэрийдлээр залилж, залилж авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж амьдралын эх үүсвэр болгосон...” зэргээр мөн маргаж байна.
Хэрэгт авагдсан хохирогч Д.Н мэдүүлэгт “...Би Г.Б-д бэлэн мөнгө өгөх болгондоо дандаа өөрийн өврийн дэвтэр дээрээ гарын үсэг зуруулаад өгдөг байсан. Би Г.Б-д ...залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаад гомдол гаргаад шалгуулж байх явцад Г.Б надад ахаа би таны мөнгийг төлчихье гээд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн хажуугийн нэг нотариат дээр дагуулж очоод тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ хийж надаар гарын үсэг зуруулж аваад явсан юм. Анх 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Америкийн нэгдсэн улсаас хоёр жүжигчин ирсэн монголд Молливууд нээнэ урьдчилгаа мөнгө 50.000 доллар мөн 60.000 доллар, 28.000 доллар, нийт 138.000 долларыг зөвхөн америк улсаас ирсэн кино найруулагч нарт өгч кино хийлгүүлнэ гэж хэлж авсан. Г.Б-н хэлсэн хоёр америк хүн нь зүгээр жуулчин байсан. Г.Б 138.000 долларыг зарцуулах юм бол дахин маш их орлого олох боломжтой гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Г.Б надад Эрдэнэт ТӨК-д том оврын автомашины тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт ялсан 50.000 доллар хэрэгтэй байна гэрээгээ танай компанийн нэр дээр хийнэ гэж хэлсэн...” зэргээр мэдүүлдэг бөгөөд хохирогчийн мэдүүлэгт дурдсан үйл баримт, нөхцөлд байдлууд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д, гэрч Н.Г, Д.Э нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогддог.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г. Б нь хохирогчоос их хэмжээний мөнгийг нь залилж авахын тулд түүнийг “Монголд Молливууд байгуулна, Эрдэнэт үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлнэ, Казакстан улсад замын тендер авсан зэргээр удаа дараа хуурч мэхлэн, эдгээр зохиомол байдлуудыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчоос авсан тухайн мөнгө валютыг өөртөө шилжүүлж авсны дараа буцааж өгөх, төлөх ямарч санаа зорилгогүйгээр, олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр мөнгийг нь авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж байсан байгаа явдал нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй залилах гэмт хэрэг мөн байна.
Эндээс үзэхэд шүүгдэгч Г. Б нь хохирогч Д.Н-г 2015 оны 8 сараас 2021 оны 11 дүгээр сарыг хүртэлх 6 жил гарны хугацаанд үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх ба энэ хугацаанд Д. Н-с өөр бусад хүмүүсийг эд хөрөнгөөр нь хохироож залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон тийм үйл баримт хэрэгт авагдаагүй, байнга үйлдсэн гэх нөхцөл байдал хавтаст тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Б, К.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.Б, К.Б нарын хувьд амар хялбар аргаар өөрсдөдөө мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн ёс суртахуунгүй, шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ.
Ингээд дээрх бүхий л нөхцөл байдлуудыг дүгнэсний эцэст шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлын тухайд шүүгдэгч Г.Б-г үргэлжилсэн үйлдлээр дангаар болон бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах, шүүгдэгч К.Б-г бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Г.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н 645,035,703 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.Б дээрх хохирол төлбөрөөс 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь тогтоогдсон.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-с 642,035,703 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-д олгох, мөн 279,249,040 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э тус тус олгох нь зүйтэй байна.
Улсын яллагчийн зүгээс хохирогч Б.Э учирсан хохирлоос К.Б-н төлсөн 42,000 долларыг хасаж, үлдэх 98,000 долларын хохирлыг шүүгдэгч К.Б, Г.Б нар нь тэнцүү хуваан гаргуулах санал гаргасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байдал, тэдний гэмт хэрэг хамтран үйлдэл оролцоо зэргийг харгалзан Г.Б-с 279,249,040 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгохоор шийдвэрлэсэн болно.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаан дээр гаргасан талийгаач Д.Н оршуулахтай холбоотой гарсан зардал, шүүгдэгч Г.Б-д олон жилийн турш залилуулж мэхлүүлсний улмаас талийгаач Д.Н-д болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д нарт учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэл нь тодорхойгүй байх бөгөөд энэ талаар гаргасан тооцоолол, нотлох баримт байхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас энэ талаар гаргасан нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхив.
Шүүгдэгч К.Б-н хувьд хохирогч Б.Э залилж хувьдаа авч хэрэглэсэн 40 000 ам доллар дээр Г.Б-с 2000 ам долларыг авч нийт 42,000 ам.долларыг хохирогчид буцаан төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-д 04 жил 06 сарын хугацаагаар хорих ял, К.Бад 19000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч К.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрт ногдох хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл заалтад заасан ялын төрлөөс торгох ял шийтгэж, ялын хэмжээг тогтоохдоо мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Б-н хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй, үйлдсэн хэрэгтээ хандах хандлага зэргийг харгалзан түүнд хорих ял шийтгэж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан хорих ялын хэмжээ болон хорих байгууллагын төрлийг тогтоов.
Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч нарын зүгээс “Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хорих ялыг доод хэмжээгээр тогтоож өгнө үү” гэсэн саналыг гаргасан бөгөөд Г.Б нь хохирогч Д.Н-г 2015 оноос 2021 оны хооронд олон жилийн туршид үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулан залилсан, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлууд бодитой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Б-г үргэлжилсэн үйлдлээр дангаар болон бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах;
К.Б-г бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад шүүгдэгч Г.Б-д 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял;
Шүүгдэгч К.Б-д 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хорих ял эдлэх хугацааг өнөөдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-д оногдуулсан 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-с нийт 921,284,743 /есөн зуун хорин нэгэн сая хоёр зуун наян дөрвөн мянга долоон зуун дөчин гурав/ төгрөг гаргуулж, 642,035,703 /зургаан зуун дөчин хоёр сая гучин таван мянга долоон зуун гурав/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-д, 279,249,040 /хоёр зуун далан есөн сая хоёр зуун дөчин есөн мянга дөч/ төгрөгийг хохирогч Б.Э тус тус олгосугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д болон түүний өмгөөлөгч нараас гаргасан талийгаач Д.Н оршуулахтай холбоотой зардал, түүнчлэн талийгаач Д.Н болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Д нарын сэтгэл санаанд учирсан хохирлын талаар гаргасан нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч К.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч К.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР