Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2022/1080/3 |
Дугаар | 128/ШШ2023/0108 |
Огноо | 2023-01-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2023/0108
2023 01 31 128/ШШ2023/0108
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***, хариуцагч Э.С***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*** нарыг оролцуулан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.С***д холбогдох Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.С***ы дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.С***аас тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.С***гийн СЗХ-30 дугаартай гомдолд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан хялбаршуулсан журмаар шалгаж, зөрчлийн холбогдогч “Х***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.О***ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 0215128 дугаартай шийтгэлийн хуудсаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Холбогдогч “Х***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.О***ыг хариуцагчийг таньж мэдэх, харилцагчийн хийсэн гүйлгээ, данс болон харилцагчийн талаар олж авсан мэдээлэл, баримт бичгийг тухайн данс хаагдсан, эсхүл гүйлгээ хийгдсэнээс хойш 5-аас доошгүй жил хадгалах үүргийн биелүүлээгүй гэх зөрчилд холбогдуулан шалгаж, хэрэг бүртгэлийн ажиллагаагаар тогтоогдсон баримтад үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 0215128 дугаартай шийтгэлийн хуудсаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох үндэслэлгүй байна.
Хэдийгээр “Х***” ХХК нь харилцагчийг таньж мэдэх, харилцагчийн хийсэн гүйлгээ, данс болон харилцагчийн талаар олж авсан мэдээлэл, баримт баримт бичгийг тухайн данс хаагдсан, эсхүл гүйлгээ хийгдсэнээс хойш 5-аас доошгүй жил хадлагах үүргийг биелүүлээгүй болон нь хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон боловч Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.18 дахь хэсэгт заасан зөрчил шалгах харъяаллыг зөрчсөн байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.С***гийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 0215128 дугаартай шийтгэлийн хуудсар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт бичив” гэжээ
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, эвлэрэх саналтай байна.
Тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байгаа бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооны харъяалан шийдвэрлэх зөрчлийн шинжтэй үйлдлийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд харъяалан шийдвэрлэх, Монголбанкны харъяалан шийдвэрлэх зөрчлийг хуульд зааснаар харъяаллын дагуу шилжүүлэх, ажиллагааг хийх болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.С***аас Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.С***д холбогдуулан, улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 0215128 дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлт бичсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяалал”, 6 дахь хэсэгт “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.18-д “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 10.11, 11.5, 11.6, 11.8, 11.9, 11.10, 11.11, 11.13, 11.14, 11.15, 11.16, 11.23, 11.26 дугаар зүйл, 11.28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.29 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дахь хэсэг, 11.30, 11.33, 11.34, 11.35, 13.3, 13.6, 13.8 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил”, 6.19-д “Монголбанкны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 11.3, 11.4, 1.18 дугаар зүйл, 11.12 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 11.17 дугаар зүйл, 11.28 дугаар зүйлийн 2, 3 ,4, 5, 6, 7 дахь хэсэг, 11.29, 11.30, 11.31, 11.32, 11.35 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 26 дахь хэсэгт заасан зөрчил” хэмээн тус тус заасан.
Үүнтэй холбогдуулан хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.С*** нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа болохоо 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд хандан бичгээр илэрхийлж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.С***д холбогдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.С***ы 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/03 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.С***гийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 0215128 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.С***д холбогдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.С***ы 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/03 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА