Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 106

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

      Прокурор                                                   А.Энхтуяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        А.Ариунзаяа

      Хохирогч                                             Д.Энхтүвшин

      Нарийн бичгийн дарга                          С.Энхтайван нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далай овогт Сашкагийн Наранцогтод холбогдох 1731000110006  тоот  хэргийг  хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 02-нд Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Хуурч 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 034 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 1-р шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 05 жил 03 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн 2009 оны 08 сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Далай овогт Сашкагийн Наранцогт /РД:МЖ 87090213/

 

  Шүүгдэгч С.Наранцогт нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт Чансаа маркийн мотоцикль жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.1 а тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 9.1-д ... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Д.Энхтүвшингийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч С.Наранцогтын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 06 сарын 18-ны өглөө 10 цагийн үед манай нутгийн ах Энхтүвшинд үнээний сүү өгөх гээд очсон юм. Сүүгээ өгчихөөд явах гэж байхад Энхтүвшин намайг “2-лаа сумын төв ороодохъё, би хүнээс мотоциклийн карбератор авах хэрэгтэй байна” гэж хэлээд надтай хамт миний мотоциклоор бид 2 сумын төв рүү явсан. Сумын төв рүү ороод Энхтүвшин ах нөгөө мотоциклний сэлбэг авах гэж байсан айлдаа очсон чинь тэр айл нь эзгүй байсан. Тэгсэн Энхтүвшин ах “надад нэг шил архины мөнгө байна, ийшээ дэлгүүр оръё” гэж бид 2 явсан. Энхтүвшин ах дэлгүүр ороод гарч ирэхдээ 1 шил 0.75 граммын  Ерөөл архи авч гарч ирсэн. Тэгээд шууд хорооллын зах руу хүнгүй газар очиж байгаад тэндээ бид хоёр хувааж уусан. Тэгээд архиа дуусчихаад мотоцикльтойгоо харихаар явсан. Зүүнбүрэн сумын төвийн сайжруулсан шороон зам дээр явж байхад мотоцикль шарваад, арын бөгсөө шидээд газар унасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60-р ху/,

2. Шүүгдэгч С.Наранцогтын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор анхаарал болгоомж муутай явж байснаас онхолдож осолдсон гэж бодож байна. Замд явж байхад гэнэт л мотоциклний арын хэсэг шарваад хажуулдаж онхолдсон. Хөндлөнгөөс осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй.....гэх мэдүүлэг, /хх-ийн 63-64-р ху/,

3. Шүүгдэгч С.Наранцогтын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  Хэрэг болдог өдөр би Д.Энхтүвшин ахынд сүү аваачиж өгөхөөр очоод Энхтүвшин ахыг гуйхаар нь бид хоёр мотоциклийн сэлбэгэнд сумын төв явсан юм. Сэлбэг авах айлд нь очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь буцах замдаа Энхтүвшин ах  0.75 граммын архи авч түүнийг нь хувааж уусан. Тэгээд явж байхад Зүүнбүрэн сумын сайжруулсан зам дээр мотоцикль шарваж унасан. Тэгээд эмнэлэг дуудсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй. Мотоцикль миний өөрийнх, 2016 оны 07 дугаар сард худалдан авсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ. Эмчилгээний зардалд эд зүйлсээр тусалсан. Надад оногдох ялыг хөнгөрүүлж өгнө үү.  ...гэх мэдүүлэг,

4. Хохирогч Д.Энхтүвшингийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 сарын 18-ны өглөө би гэртээ байж байхад нутгийн залуу болох Наранцогт нь сүү өгөх гээд өөрийнхөө улсын дугааргүй Чансаа маркийн мотоцикльтой ирсэн. Наранцогт нь манайд өглөө бүр үхрийнхээ сүүг өгдөг юм. Би Зүүнбүрэн сумын төвөөс хүнээс мотоцикльний карбератор авах байсан юм. Тэгээд Наранцогтын хамт араар нь суугаад сумын төв явсан.  Сумын төв ороод нөгөө айлдаа очтол хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би дэлгүүр ороод 0.75 граммын “Ерөөл” архи аваад Наранцогт бид хоёр хорооллын цаана хамтдаа хувааж уусан. Тэгээд бид хоёр замдаа явж байхад мотоцикль шарваад хойд талын бөгсөө шидээд би газар унасан. ....гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р ху/,

   5. Хохирогч Д.Энхтүвшингийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Миний мэдэж байгаагаар айхтар хурдтай яваагүй. Би нилээн согтсон Наранцогт гайгүй байсан байх гэж бодож байна. Зүүнбүрэн сумын төв сайжруулсан шороон зам нь гуу жалга, эвдрэл гэмтэл байгаагүй. Үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа нартай үдээс хойш 18 цагийн үед санагдаж байна. Хөндлөнгөөс саад болох зүйл байгаагүй.....гэх мэдүүлэг, / хх-ийн 21-22-р ху/,      

6. Хохирогч Д.Энхтүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: : С.Наранцогт айлд сүү өгнө гэж манайд ирсэн. Миний мотоциль эвдэрсэн байсан тул С.Наранцогттой хамт яваад сүү өгөх гэж байгаа айлаас мотоциклийнхоо сэлбэгийг асууя гээд хамт явсан. Яваад очтол тэр айлд хүн байгаагүй. Би буцах замдаа ганц шил архи уучихъя гэж С.Наранцогттой тохиролцоод авсан Тэгээд буцах замдаа дэлгүүрээс 0.75 литр архи авч хувааж уугаад явж байгаад Зүүнбүрэн сумын сайжруулсан зам дээр сул хайрган дээр шарваж осолдсон. Зам сул хайрга ихтэй байснаас зам тээврийн осол гарсан гэж бодож байна. Тэгээд түргэн дуудаж эмнэлэг дээр очсон. С.Наранцогт надад зах зээлийн үнээр 200.000 төгрөг орчим болох эд зүйл өгсөн. Одоо биеийн байдал сайжирч байгаа. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. С.Наранцогтод аль болох хөнгөн ял оноож өгнө үү.  ...гэх мэдүүлэг,

7.Гэрч Ж.Эрдэнэчулууны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Наранцогт бид хоёр Зүүнбүрэн сумын “Бойны тохой” гэх газар хөдөө мал малладаг. Мотоцикльтой явж байгаад онхолдсон гэж намайг гэртээ байхад эмнэлгээс залгаж ярьсан. Өөрийнх нь хэлж байгаагаар шороон зам дээр явж багаад онхолдсон гэж сонссон....гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,

8. Шинжээч Н.Даваатулгын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймаг дахь Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Сүхбаатарын шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу 2017 оны 07 сарын 04-ний өдөр 48 дугаартай дүгнэлт гаргасан. С.Наранцогтын мотоцикль жолоодон явсан хурдыг тогтоох боломжгүй. Миний дүгнэлтэн дээр тусгасан замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт бол “замын нөхцөлд хурдыг тааруулж явна, сонгож явна” гэсэн байгаа. Энэ нь зам муу бол хурдыг багасгаж, бага хурдтай хөдөлгөөнд орох ёстой гэж үзэж байна.С.Наранцогт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзэж байна....гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/,

9.Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №48 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:.

1.Нийтийн эзэмшлийн замд гарсан учир энэ нь авто тээврийн осол мөн.

2.Чансаа маркын улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Далай овогт Сашкагийн Нранацогт нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.1-д Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн.

3. Чансаа маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч С.Наранцогт нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн үйлдлээс зам тээврийн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав....гэх дүгнэлт /хх-ийн 28-р ху/,

10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  № 222 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1.Д.Энхтүвшингийн биед сүүж ясны хугарал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.                

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....гэх дүгнэлт,  /хх-ийн 33-р ху/,

11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  № 221тоот актын дүгнэлт хэсэгт:

      1. С.Наранцогтын биед хамар ясны хугарал, тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал  бүхий гэмтэл тогтоогдлоо.       

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Уг гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт,  /хх-ийн 37-р ху/,

         12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн № 6248 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Энхтүвшингийн гэх СОО137557 дугаартай хуруу шилтэй цусанд 2.6 промилли спиртийн агууламж илрэв.

     2. Цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 43-р ху/,

        13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн № 6247 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн С.Наранцогт гэх хаягтай цусанд 2.1  промилли спиртийн агууламж илрэв.

  2. Цусанд 2.1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 46-р ху/,

   14.”Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ,/хх-ийн 54-р ху/,

     15.Шүүгдэгч С.Наранцогтын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 93-р ху/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-80-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 59-60-рху/, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 62-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх-ийн 63-64-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 30, 34, 44, 52-р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 29, 35, 38, 47, 51–р ху/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р ху/, мотоцикльд үзлэг хйисэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-14-р ху/,  шинжилгээнд зориулж дээж авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 16-17-р ху/, зэрэг болно.

       Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Наранцогтыг 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт Чансаа маркийн мотоцикль жолоодож яваад зам тээврийн осол гарган иргэн Д.Энхтүвшингийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын хэргийн талаархи мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл,  хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  мотоцикльд үзлэг хйисэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  шинжилгээнд зориулж дээж авсан тухай тэмдэглэл  зэргээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгчийг 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт Чансаа маркийн мотоцикль жолоодож яваад зам тээврийн осол гарган иргэн Д.Энхтүвшингийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  нь зүйтэй.

        Шүүгдэгч С.Наранцогт нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

            Шүүгдэгч С.Наранцогт нь үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохиролыг нь төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх  нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,  3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Далай овогт Сашкагийн Наранцогтыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчих” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Далай овогт Сашкагийн Наранцогтыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, ял оногдуулахгүйгээр 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид  хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч  Д.Наранцогтыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч Д.Наранцогт биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Д.Наранцогт нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6.Шүүгдэгч Д.Наранцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН