Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 33

 

Д.Д-ы нэхэмжлэлтэй, Дорноговь

аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Л.Атарцэцэг

                                                    Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/43 тоот “Ажлаас халах тухай” хууль бус актыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах”

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 115/ШШ2017/0018 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0761 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч,

Хариуцагч: Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү нар,  

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 115/ШШ2017/0018 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.9 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дорноговь аймгийн Засаг даргын “Ажлаас халах тухай” 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Д-ыг түүний өмнө эрхэлж байсан ажил, тушаал болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ы хууль бусаар ажилгүй байсан 10 сар 4 хоногийн хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 12,673,686 төгрөг /арван хоёр сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун наян зургаа/-ийг гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад даалгасан байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0761 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 115/ШШ2017/0018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/MA2017/0761 дугаартай магадлалыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардан авч Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 115/ШШ2017/0018 дугаар шийдвэрт хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 115/ШШ2017/0018 дугаар шийдвэр гарахад нөлөөлсөн үндэслэл байгаа нь хариуцагчийн эрх ашгийг зөрчиж байх тул уг хэргийг дахин хэлэлцүүлж доорхи асуудлуудыг тогтоолгох гомдлыг шийдвэрлэж өгнө үү.

4. Маргаан бүхий Замын-Үүд сумын Засаг даргын Б/43 дугаартай захирамж нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гарч улмаар Д.Д-д танилцуулагдсан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 14 дүгээр зүйлд нэхэмжлэл гаргах хугацааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу зохицуулагдсан байхаар хуульчилсан бөгөөд өргөдлийн дагуу маргаан хянан шалгах комиссын дүгнэлт 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гарч Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн тогтоол 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заагдсан хугацааг хэрхэн тооцож ажилласан, дээрхтэй холбоотой хугацаа сунгаж, мэдэгдэж байсан нь тодорхойгүйгээр нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсэн байгаа нь хуулийн 14.2-т заасныг зөрчсөн байгаа зөрчил,

5. Хэргийн материалд Д.Д-аас Ж.Ч-т 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл олгосон бөгөөд тэдгээрийн хооронд ямар нэгэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ бол байгуулагдаагүй байдаг. Хэргийн 117 дугаар хуудсанд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ж-ийн Ч-ээс 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт гаргасан дагуу Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтээр 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нотлох баримт гаргуулах тухай 199 дүгээр /XX-118/, гэрч ирүүлэх тухай 201 дүгээр /ХХ-119/ албан тоотуудыг хүргүүлж улмаар 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр Б.Ч-ийг асууж гэрчийн мэдүүлэг авсан. Хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалт хангагдаагүй байхад өмгөөлөгч хэрэгт оролцуулан нотлох баримтыг бүрдүүлж улмаар Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 115/ШШ2017/0018 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дээрх ажиллагаагаар цугларсан баримтыг үнэлж /шүүхийн шийдвэрийн 12 дугаар хуудас/ улмаар цалин хөлстэй тэнцэх олговрыг тогтоосон байдаг нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь заалтыг зөрчиж байгаа зөрчил,

6. Д.Д-аас Ж.Ч-т 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэл олгосон байдаг нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.4 дахь заалтын шаардлагыг хангаагүй байгаа зөрчил. Учир нь хэргийн материалын 108 дугаар хуудсанд тусгуулсан баримтаар өмнө хугацаанд гаргаж байсан тайлбарыг нотолж, баримтыг хүргүүлсэн бөгөөд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс Д.Д-ыг эрүүгийн хэрэгт холбогдуулан Asap.aspx сангаар дамжуулан улс орон даяар эрэн сурвалжилж байгаа талаар тогтоолгох асуудлыг анхан шатны шүүхэд тавьсныг шийдвэрлээгүйгээс төлөөлүүлэгчийн гарын үсэг зурсан эсэхэд эргэлзээ гарч байгаа, мөн итгэмжлэлд “Энэхүү итгэмжлэлийн дагуу Д.Д-ы нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдох хэрэгт нэхэмжлэгчийг” төлөөлөх эрхийг олгосон байдаг ч тухайн цаг хугацаанд Д.Д-аас Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байгаа, улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гарч буй маргаан нь Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 25-ны 17 дугаар тогтоолоор үүсч байгаагаараа итгэмжлэл нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх заалтыг хангахгүй байна. Итгэмжлэл нь хуулийн тавигдах шаардлагыг хангаж чадахгүй байгаагаараа хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дах заалтаар шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байгааг тогтоох арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай юм.

7. Дээрх төрлийн зөрчлүүд нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг биелүүлээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байна.

8. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 115/ШШ2017/0018 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/MA2017/0761 дугаартай магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаах гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

10. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас халах тухай” Б/43 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Д.Д-ыг “Ажил албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж тамга тэмдгийн эзэмшил хадгалалтын журмыг зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн сахилга батыг сулруулж энэхүү нөхцөл байдлыг зориудаар хөхүүлэн дэмжсэн, төсөв санхүүгийн эрх мэдлийг хэтрүүлэн төсвийг үр дүнгүй удирдан зохион байгуулсан, төрийн албан хаагчийг холбогдох хууль журмыг зөрчин томилсон зэрэг Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “...хууль зөрчсөн, хууль бус тамга тэмдэг ашиглаж төрийн ажлыг цалгардуулсан гэх үндэслэлгүй, ...захиргааны акт гаргах эрх хэмжээгүй этгээд захиргааны акт гаргасан” хэмээн маргажээ.

11. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно”. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2-т “Төрийн  албаны  тухай  хуулийн  26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт  нь  төрийн  захиргааны  албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох”-оор заасан байна.

12. Хариуцагч Замын-Үүд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нь нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 3-т “сахилгын  шийтгэлийг  тухайн албан хаагчийг харъяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн түүнийг ажилд томилсон албан тушаалтны шийдвэрээр ногдуулах”, мөн журмын 4-т “сахилгын шийтгэл ногдуулах  үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай  баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид  урьдчилан танилцуулсан байна” гэснийг зөрчсөн, нэхэмжлэгчийг буруутгаж байгаа холбогдох зөрчлүүдийг шалган тогтоогоогүй гэж  анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шийдвэр, магадлал хууль ёсны болж чадаагүй гэсэн хариуцагчийн гомдол дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Тодруулбал: Нэхэмжлэгч маргаан бүхий актыг хүлээн аваад Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан, хариуг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гардан авч 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-т олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан төлөөлөгчийн бүрэн эрхийг тусгайлан заасан, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хүсэлтээр холбогдох нотлох баримтыг шүүх цуглуулсан нь хуульд харш биш байх тул гомдол үндэслэлгүй байна.

14. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 115/ШШ2017/0018 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0761 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                      ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН