2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1948

 

   2025          8         18                                    2025/ШЦТ/1948

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Н.Түвшинбаяр,  

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга овгийн Мөнхболдын Эд холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 32 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********* ” зочид буудлын 1 давхрын гадаах хаалганы шилийг нохойны гинжээр цохиж хагалсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 535,900 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ********* дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аын мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/, гэрч Т.Бий мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-20-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Э нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно. 

Шүүгдэгч М.Эд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 32 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********* ” зочид буудлын 1 давхрын гадаах хаалганы шилийг нохойны гинжээр цохиж хагалсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 535,900 төгрөгний хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аын: “...2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 14 цаг 40 минутын үед манай Премиус Паласын 1 давхрын гадна хаалганы хажуу талын шил хагарсан байна гээд намайг доор дуудсан. Би доошоо буугаад очтол шилийг хагалсан гэх хүнийг цагдаа нар аваад явсан байсан... тухайн шил нь 820,000 төгрөгийн үнэтэй байгаа учраас энэ үнээр нь үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

- Гэрч Т.Бий: “...2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр манай зочид буудалд өндөр цагаан цамцтай, чихэвч зүүсэн эрэгтэй 11-12 цагийн үед ганцаараа орж ирээд коридор хэсгээр бүжиглээд бага зэрэг хашгираад яваад байсан. Хэсэг хугацааны дараа манай хамгаалагч тэр залуугийн төлбөрийг нь өөрөөр нь хийлгүүлчхээд барилгаас гаргасан байсан. Ингээд 14 цагийн үед манай хамгаалагч Идэрээ юм зөөх гээд намайг камер хараад хаалт онгойлгоод сууж бай гэхээр нь би камер хараад сууж байсан юм. Гэтэл нөгөө өндөр залуу гинжтэй том нохой дагуулчихсан манай буудал руу орох гэж үзсэн. Тэгэхээр нь би очоод тэр залууд манай байгууллага руу нохойтой орж болохгүй гэж хэлсэн. Тэр хүн надтай тэмцэлдээд намайг түлхээд орох гэж үзээд байхаар нь би хүчээр чирч байгууллагаас гаргасан. Ингээд гаргаснаас 5 минутын дараа тэр залуу нохойныхоо том гинжээр манай байгууллагын үүдний шилийг 2 удаа цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

-  “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 32 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********* ” зочид буудлын 1 давхрын гадаах хаалганы шилийг нохойны гинжээр цохиж хагалсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 535,900 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ат 535,900 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.Э нь төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болох Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 58-р хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгч М.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний мөрдөгч, прокурорын дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэлгүй мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулсан хувийн байдал зэргийг харгалзан үзээд нийтэд тустай жил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Эд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий флаш диск – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн М-ын Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх хялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий флаш диск – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              М.ОЧБАДРАХ