Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/02063

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/02063

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 2.400.000 төгрөг, автомашины засвар үйлчилгээний зардал 1.375.000 төгрөг, нийт 3.775.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 04-ний иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. ан

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т , хариуцагч Б. М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Т.Ө  нь хариуцагч Б.М холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 2.400.000 төгрөг, автомашины засвар үйлчилгээний зардал 1.375.000 төгрөг, нийт 3.775.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Т.Ө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 000000 УБО улсын дугаартай, Мицубиши Челлэнжер маркийн суудлын автомашиныг 11.000.000 төгрөгөөр худалдан авахаар Б.М тохиролцохдоо автомашинд тодорхой хэмжээний засвар үйлчилгээ шаардлагатай байсныг харгалзан 2.000.000 төгрөгийг хасч, 9.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Тухайн өдрөө 7.500.000 төгрөгийг бэлнээр Б.М  төлсөн. Улмаар автомашиныг Аз амортизатор сервис засварын төвд үзүүлж оношлогоо, засвар хийлгэсэн. Уг засварын газарт байхгүй сэлбэг, хэрэгслийг хайж явах үедээ автомашины аралын дугаар нь гэрчилгээн дээрхтэйгээ таарахгүй байгааг олж мэдсэн. Ингээд уг автомашиныг худалдан авахаас татгалзаж, мөнгөө Б.М  буцаан авахаар болсон. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5.100.000 төгрөгийг Б.М  буцаан шилжүүлсэн боловч үлдэгдэл мөнгийг өгөөгүй. 2019 оны 5 дугаар сард /яг хэдний өдөр байсныг санахгүй байна/ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруугийн 43 дугаар байрны гаднаас шөнийн цагаар Б.М  ирж автомашиныг аваад явсан байсан ба тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь надад үлдсэн. Уг явдлаас хойш миний хохирлыг барагдуулахгүй байх тул Б.М  төлбөрийн үлдэгдэл 2.400.000 төгрөг, автомашины засвар үйлчилгээний зардал 1.375.000 төгрөг, нийт 3.775.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.М  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Ө  9.000.000 төгрөгөөр Мицубиши Челлэнжер маркийн автомашинаа худалдахаар тохиролцож, 7.500.000 төгрөгийг аваад өөрийн бусдад төлөх өр төлбөртөө өгсөн байсан. Т.Ө  өөрийн найзын хамт ирж үзээд, аваад явсан. Би машинаа буцаан аваад зарсан. 2019 онд 5.100.000 төгрөг өгсөн. Мөн сүүлд буюу 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн. Энэ авсан 500.000 төгрөгөө Т.Ө тооцоонд оруулаагүй байна. Т.Ө  ах автомашиныг авч яваад ямар нэгэн сураг байхгүй, алга болсон. Аргаа ядаад байрны гаднаас илүү түлхүүрийг нь ашиглан автомашинаа авсан. Энэ хугацаанд Т.Ө  намайг болон миний аавыг элдэв үгээр хэлж, доромжилсон учир ярьж тохирсноороо үлдэх төлбөрийг буцаан өгөөгүй. Харин Т.Ө  автомашинд засвар үйлчилгээ хийсэн гэдэг нь худал бөгөөд тухайн автомшинд засвар шаардлагатай байгаагүй. Надад засвар хийсэн гэж огт хэлж байгаагүй. Хэрэгт аагдсан баримтад дурдсан тахир гол ажиллахгүй байсан бол машин угаасаа явах ч үгүй байсан. Тахир гол солиулсан, босоо болон хэвтээ тэнцүүлэгч авч хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аав маань тухайн автомашиныг 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр худалдан борлуулсан бөгөөд одоо хүртэл автомашинд ямар нэгэн доголдол байсан гэдгийг худалдан авсан тал мэдэгдээгүй, тэгэхээр хэвийн ашиглах боломжтой автомашин байсныг гэрчилж байна. 2.400.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг төлсөн тул одоо нэхэмжилж буй мөнгөн дүнгээс 1.900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин автомашинд засвар хийсэн гэх 1.375.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, тухайн автомашинд уг засвар хийгдсэн эсэх нь тодорхойгүй, баримт шаардлага хангахгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 75.350 төгрөг төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А ХХК-ийн зарлагын баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 0000 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, автомашины гэрэл зургийн хуулбар, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт, Т.Ө  Т.Т олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас Хаан банк ХХК дахь 5000000000 тоот дансны хуулга, автомашины гэрэл зургийн үзүүлэлт 4 ширхэг, 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2393 дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т.Ө  болон хариуцагч Б.М  нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, 0000000 УБО улсын дугаартай, Mitsubishi Pajero /Мицубиши Пажеро/ маркийн, 1999 онд үйлдвэрлэгдэж, 2001 онд Монгол Улсад орж ирсэн суудлын автомашиныг 9.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохирч, тухайн өдрөө Т.Ө 7.500.000 төгрөгийг Б.М  бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Гэвч нэхэмжлэгч Т.Ө  худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 7.500.000 төгрөгийг буцаан төлөхийг Б.М  шаардсаны дагуу Б.М  5.100.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн талаар талууд маргаагүй.

 

Ингээд гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 2.400.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардсан ба хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Хаан банк ХХК дахь 5063392179 тоот дансны хуулгаас үзэхэд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100.000 төгрөгийг 5011246505 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул үлдэх 1.900.000 төгрөгийг хариуцагч Б.М  гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

3. Харин нэхэмжлэгч автомашинд 1.375.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн хэмээн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А  ХХК-ийн зарлагын баримтыг ирүүлсэн боловч тухайн сэлбэг хэрэгслийг 0000 УБО улсын дугаартай, Mitsubishi Pajero /Мицубиши Пажеро/ маркийн автомашинд суурилуулсан эсэх нь тодорхойгүй, зөвхөн сэлбэг хэрэгслийн нэрсийг дурдсан буюу засвар үйлчилгээний ажлын хөлс дурдагдаагүй байх тул уг үйлчилгээ дээрх автомашинд хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 41-41 УБО улсын дугаартай, Мицубиши Челлэнжер маркийн суудлын автомашиныг 11.000.000 төгрөгөөр худалдан авахаар Б.М  тохиролцохдоо автомашинд тодорхой хэмжээний засвар үйлчилгээ шаардлагатай байсныг харгалзан 2.000.000 төгрөгийг хасч, 9.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэж дурдсан буюу тэрээр анх автомашиныг худалдан авахдаа автомашинд хийгдэх засварын зардлыг хасаж тооцсон болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчаас засвар үйлчилгээний зардал гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б.М  худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ө олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.875.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Өрнөлтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М  1.900.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ө олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б.М  худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ө  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.875.000 /нэг сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Ө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.350 /далан таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М  45.350 /дөчин таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ө  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА