2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1957

 

 

 

 

 

 

 

 

      2025          8          25                                     2025/ШЦТ/1957

 

 

 

                          

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч П.Ба нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н-ын Дад холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.Д нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны в1 давхарт өөрийн найз охин О.Аийг бусадтай хардсаны улмаас хохирогч Г.Бын хэвлийн тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хажуу дээд талд суганы дунд шугамаар хатгагдсан шарх бүхий гэмтлийг, насанд хүрээгүй хохирогч А.Бын цээж, болон зүүн гуя хэсэгт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь цээжинд 2 тооны, зүүн гуянд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дах заалтад заасан “хоёр хүнийг” гэх хүндрүүлсэн нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед найз охинтойгоо муудалцсан байсан. Хэтэрхий их хайртай байсан. Тухайн хүнээсээ өвчин авсан. Гэрийн түлхүүр авах гээд очтол залуучуудтай хамт байсан. Тэгээд би уулзаж ярилцаад байж байтал араас нь нэг хүн юм бариад гараад ирсэн. Би цохих гэж байна гэж айсан. Түлхүүртэй хамт нэг үзүүртэй зүйл байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************** дугаартай хэргээс:

Улсын яллагч хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13-р хуудас/, хохирогч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 12 дугаар 17-ны өдрийн 584 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч А.Бын мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Бадралын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 576 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/, гэрч О.Аийн мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/, гэрч Х.Тын мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Д нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.Дад холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Н.Д нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны в1 давхарт өөрийн найз охин О.Аийг бусадтай хардсаны улмаас хохирогч Г.Бын хэвлийн тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хажуу дээд талд суганы дунд шугамаар хатгагдсан шарх бүхий гэмтлийг, насанд хүрээгүй хохирогч А.Бын цээж, болон зүүн гуя хэсэгт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь цээжинд 2 тооны, зүүн гуянд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дах заалтад заасан “хоёр хүнийг” гэх хүндрүүлсэн нөхцөл байдалтай үйлдсэн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Нотлох баримтын талаар:

- Хохирогч Г.Бын: “...Анука гэж эмэгтэйн найз залуу “Дөлөө” гэж дууддаг залуу ирж байна гээд Анука түлхүүр өгөх гээд Мөнгөнцэцэг, Нандинцэцэг гурвуулаа хамт гарч түлхүүр өгөх гээд гарсан... Тэгээд орж ирээд байж байхад Анука нь найз залуутайгаа утсаар чат бичээд маргалдаад байх шиг байсан. Анука нь маргалдаж байхдаа найз залуугийнхаа талаар ярихдаа “хутга барьж ирчихсэн намайг хамт байгаа залуучуудтай чинь хутгалан” гээд байна залуучуудтай хутгалъя гээд байна гэж хэлээд удахгүй гарлаа гээд гарсан. Тэгэхэд нь би санаа зовоод Анука гэх эмэгтэй араас гарсан. Тэгээд намайг хаалтаар гадагш гарахад гадна хаалгыг цаад талд 5-6 метр орчим зайд Анука тэр хоёр ярилцаад зогсож байсан. Тэгээд намайг гарч ирэхэд тэр залуу нь намайг харчхаад “писда минь нааш ир” гээд над руу маш хурдан хүрч ирээд баруун гараараа цохих нь дээ гэж бодсон чинь гэнэт нэг юм миний зүүн тал руу хатгаад л орчих шиг мэдрэмж төрсөн. Тэгээд л Анука гэх эмэгтэй нь тэр залуугийн араас ирээд татсан. Тэгээд би буцаад В1 давхар уу найзуудаа ороод “Манийг чинь хатгачих шиг боллоо” гээд хэлэхэд тайвнаа намайг хараад “цус гарч байна” гээд миний цусыг тогтоох гээд гараараа дарж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 584 дугаартай: “Г.Бын хэвлийн зүүн хажуу дээд талд суганы дунд шугамаар хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч А.Бын: “... Би 2024 оны 12 дугаар сарын 06-ний өдөр ажлаасаа тараад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 53 дугаар байр дээрээ 21 цагийн үед ирээд гэртээ хоолоо идээд байж байтал 22 цагийн үед хажуу талын айлд дуу чимээ гараад эхэлсэн. Тэр дуу чимээг ээжийн хамт тоолгүй байж байтал дуу чимээ нь хэсэг зуур намжсан. Тэгээд манай байрны гадна талын хаалгыг хэн нэгэн тогшоод нүдээд байхаар нь өөрийн үеэл болох Ням-Очир ирж байна гэж бодоод гадна талын хаалгыг тайлахаар очоод хаалгыг нээхэд өөдөөс үл таних 20 дээш насны эрэгтэй жижгэвтэр хутга гартаа атгачихсан надад хандан чи хэн юм бэ хөөе гээд гартаа барьж байсан хутгаараа миний зүүн хөлийн гуя хэсэгт үгийн солиогүй дүрчихсэн. Би эргээд гэр рүүгээ гүйх гэхэд миний цээж хэсэгт нэг удаа ахиад дүрчихсэн, арагшаа хараад гүйх гэж байхад ар дал хэсэг рүү ахиад дүрчих шиг болсон. Тэгээд гэртээ ороод ээждээ болсон учрын талаар хэлээд Цагдаа дуудсан. Би тэр хүнийг өмнө харж байгаагүй, түүнтэй маргалдсан зүйл болоогүй шууд намайг хутгалсан. Миний зүүн хөлийн бүдүүн гуяны дээд хэсэгт их өвдөж байна. Цээж хэсэг ар талын зүүн талын дал хэсэг өвдөж байна, алхахад маш хэцүү байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 576 дугаартай: “А.Бын биед цээжинд 2 тооны, зүүн гуянд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,

- Гэрч О.Аий: “...Уугаад сууж байтал манай салсан найз залуу болох Д надтай чатлаж байгаад 100 айлын ахмадын хотхон, 902 дугаар байр, 108 тоот түрээслэн суудаг гэрийнхээ түлхүүрийг авах гээд миний байгаа газар ирсэн. Би түүнийг 23 цагийн алдад Мөнгөнцэцэгийн гэрийн үүдэн дээр ирэхээр нь гараад гэрийн түлхүүрийг нь өгсөн. Тэгээд явсныхаа дараа чатад үг хэл амаар Доромжилж хараахаар нь би бас уур хүрээд дургүй хүрж хэлээд хараасан. Надтай Чатаар ярьж байхдаа Нандинцэцэгийн найз залуу дугарахаар нь намайг хөгшин хүнтэй яваад байна гэж хардаад би наад хүнийг чинь ална, хутгална гэх зүйл яриад эхэлсэн. Би түүнийг тоглоомоор хэлж байна гэж бодоод зэ тэг тэг ал ал гэх утгатай зүйл яриад ахиж уулзах гээд гадагш гараад түүнтэй уулзаж байтал хаана байна тэр хүн чинь энэ тэр гээд хажуугаар явж байсан хүмүүс рүү дайраад байсан. Би түүнд хандан наад хүн чинь биш ээ хоёулаа дотор ороод ярилцъя аа дотор хамт сууя аа гээд хэлж байтал дотроос Нандинцэцэгийн найз залуу Тулгаа гараад ирсэн. Тулгаа манай хуучин найз залуу Д дээрэлхээд байдгийг мэддэг ба намайг өмөөрөх гээд гараад ирэхэд Тулгаагийн баруун хавирганых нь доор хэсэгт бариад явж байсан хутгаараа хутгалчихсан. Тэгээд Тулгаа хутгалуулсан хэсгээ бариад буцаад орчихсон ба би Дд хандан би яаж байгаа юм бэ гээд орилж байтал үүднээс багавтар насны эрэгтэй хүүхэд гарч ирээд юу болоод байгаа юм. Унтаж амармаар байна гэсэн ба миний санахаар тэр хүүхэд гартаа шүүрний ир юм шиг зүйл бариад гарч ирсэн санагдаж байна. Улмаар Д тэр хүүхдийг хутгалчих шиг болсон. Би хутгалсан эсэхийг нь сайн мэдээгүй байсан ба тэр хүүхэд буцаад орчихсон. Тэгээд Д намайг нүүр хэсэгт алгадах, цохих зэрэг үйлдэл хийж байгаад хүнсний 4 дүгээр дэлгүүр чиглэлтэй яваад өгсөн. Би эргээд Мөнгөнцэцэгийн гэр рүү ортол хажуу айлынх нь танихгүй эгч манай хүүхдийг хутгалчихлаа муу сайн юмнууд гээд хараагаад орилоод эхэлсэн. Би цааш яваад Мөнгөнцэцэгийн гэр рүү ортол Тулгаагийн баруун хавирга хэсгийг Мөнгөнцэцэг гараараа дарчихсан сууж байсан ба удалгүй Цагдаа орж ирсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 25-27-р хуудас/,

- Гэрч Х.Тын: “...Манай гэрт манай найз охин Мөнгөнцэцэг түүний найз охин Нандинцэцэг, Нандинцэцэгийн найз залуу Ба, Аэ нар уулзаад юм яриад нэг шил архи уугаад сууж байсан. Би ажлаасаа 20 цагийн алдад ирээд тэд нарийн хамт юм яриад сууж байсан ба Аэ найз залуу гэх эрэгтэйтэй яриад чат бичээд байх шиг байсан. Тэгээд Аэ гадагш гараад гэрийн түлхүүр өгчхөөд ороод ирсэн ба нөгөө найз залуу Гэх Дөлөө яваагүй түүнтэй маргалдаад байх шиг байсан. Тэгээд Ба жаахан халчихсан гадагшаа гартал Д Быг шууд хутгалчихсан гэсэн. Би гадагшаа ерөөсөө гараагүй ба гадаа Ба бас хажуу айлын эрэгтэй хүүхдийг хутгалчихсан бололтой түүний ээж нь орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт хянан хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Н.Д нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны в1 давхарт өөрийн найз охин О.Аийг бусадтай хардсаны улмаас хохирогч Г.Бын хэвлийн тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хажуу дээд талд суганы дунд шугамаар хатгагдсан шарх бүхий гэмтлийг, насанд хүрээгүй хохирогч А.Бын цээж, болон зүүн гуя хэсэгт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь цээжинд 2 тооны, зүүн гуянд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дах заалтад заасан “хоёр хүнийг” гэх хүндрүүлсэн нөхцөл байдалтай үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ба, насанд хүрээгүй хохирогч А.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ба, насанд хүрээгүй хохирогч А.Б нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгахтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 95-96-р хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах” гэх саналыг тус тус гаргасан.

            Шүүх шүүгдэгч Н.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар буюу хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

            Иймд шүүгдэгч Н.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Дад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурал Боржигон овгийн Нямбатын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дыг 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Дад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ба, А.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ОЧБАДРАХ