2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1970

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Г.Гармаа /томилолтоор/,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Г-ын Бд холбогдох эрүүгийн ***************  дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

урьд:

- Төв аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2000 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

- 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 231 дүгээр тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр *************** гадаа хохирогч Ч.Оыг газарт унахад нь боссонгүй гэх шалтгаанаар толгойн тус газарт өшиглөж түүний эрүүл мэндэд нь гавлын зүүн зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, зуун чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, аалзан хальсан доор цус харвалт, баруун ухархайн дотор ханын хугарал, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ***************  дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бын мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/, гэрч Т.Бгийн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, гэрч Э.Аийн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 3084 дугаартай дүгнэлт /хх-ийн 97-98-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан 883 дугаартай дүгнэлт /хх-ийн 102-105-р хуудас/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /хх-ийн 114-р хуудас/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн жижүүр эмч Л.Дагвадоржийн тодорхойлолт /хх-ийн 19-р хуудас/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27-р хуудас/, 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-39-р хуудас/, хохирогч Ч.Оын 1110 дугаартай өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 52-96-р хуудас/,  Г.Бын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 120-121-р хуудас/, 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Г.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 123-128-р хуудас/, яллагдагч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 162-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Г.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр *************** гадаа хохирогч Ч.Оыг газарт унахад нь боссонгүй гэх шалтгаанаар толгойн тус газарт өшиглөж түүний эрүүл мэндэд нь гавлын зүүн зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, зуун чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, аалзан хальсан доор цус харвалт, баруун ухархайн дотор ханын хугарал, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Нотлох баримтын талаар:

 - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бын: “...Миний төрсөн дүү Чимэдцэрэнгийн О нь ээжээрээ овголдог харин би ааваараа овголдог. Миний дээр ах байсан нь саяхан нас барсан. Миний дор нэг О гээд нэг эмэгтэй дүү байдаг. Тэгээд талийгаач хамгийн бага нь байсан юм. Манай ээжийг Маамаасүрэнгийн Чимэдцэрэн гэдэг. Манай дүү л ганц ээжээрээ овголсон бөгөөд бусад нь ааваар овоглодог... Манай дүү Архангай аймгийн Чулуут суманд 8 дугаар ангиа төгсөөд хөдөө мал дээр байж байгаад цэрэгт явж ирээд Чулуут суманд нэг жил амьдраад эгч Огийн хамт 1993 онд Улаанбаатар хот руу явсан. Хотод ирээд эгчтэйгээ айлын хашаа хараад амьдардаг байсан. Эхнэр огт аваагүй ганц биеээрээ амьдардаг байсан. 1996 онд нэг удаа Чулуутад очиж байснаасаа хойш би дүүтэйгээ огт уулзаагүй. Дүү маань хотод ирээд л тэр хавийн архи уудаг хүмүүстэй нийлээд архинд орсон сураг байсан. Тэгээд эгчийндээ ч ирэхээ больсон сурагтай байсан. Хааяа сураг гарахаараа энэ тэнд архи уучихсан тэнэмэл байдлаар явж байна гэж сураг гардаг байсан. 2020 онд өөрөө нэг удаа над руу залгаж утсаар ярьсан бөгөөд “Хөдөөгүүр айлын мал зал хариулж байгаа” гэж байсан. “Чи хүрээд ирээ манайхаар бай” гэхэд “Энд айлын мал маллаж байгаа” гэж ярьсан түүнээс хойш огт холбогдоогүй. 2020 онд дүү Огийнд 2-3 удаа ирснээсээ хойш ахиж очоогүй гэж байсан... Тэр хүн нь боломжтой юм болов уу? Боломжгүй юм болов уу? Хэрэв боломжтой бол тэр хүнээс зардал мөнгөө гаргуулан авмаар байна. Хэрэв боломжгүй бол өөр гомдол санал гээд байх зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

- Гэрч Т.Бгийн: “...Би өнөөдөр 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15 цаг 40 минутын үед СУИС-ын баруун талын 44 дүгээр байрны хажуугаар явж байсан.... хогийн савны хажууд нэг хүн хэвтэж байсан. Тэр хүн нүүр ам нь цус болчихсон байсан тул би гар утсаараа 102 руу дуудлага өгсөн... Миний харснаар 40 орчим насны эрэгтэй хүн зүүн талаараа хажуу тийшээ харчихсан хогийн сав руугаа хараад хэвтэж байсан. Ямар ч байсан амьсгаатай, амнаас нь уур гараад байсан. Гадуураа хар бараан өнгийн хувцастай, хувцас нь шороо тоосоор бохирлогдсон байсан харагдсан. Эрүүл согтуу нь мэдэхгүй, харахад тэнэмэл маягийн хүн шиг харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

- Гэрч Э.Аийн: “...Талийгаач О нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай Энэрэл эмнэлэгт ГССҮТ-өөс хүргэгдэн ирсэн. Учир нь манай эмнэлэг нь оршин суух тодорхой хаяггүй, овог нэр тодорхойгүй, асран хамгаалагч, ар гэрийн хараа хяналтаас гарсан, тэнэмэл амьдралтай хүмүүсийг асарч эмчилдэг юм. Амь хохирогч О нь манай эмнэлэгт хүргэгдэн ир ухаантай байсан ч бусдын үйлдэлд хариу үйлдэл үзүүлэх чадваргүй, хоол зажлах чадвар байхгүй, гуурсаар хооллодог, тархиндаа буюу зүүн талын гавал чамархай хэсгийн ясыг авсан хагалгааны шархтай хүргэгдэн ирсэн. Талийгаачийн биеийн байдал сүүлийн 10 хоногт нэлээн муудаж, шээсний шинжилгээ зэрэгт өөрчлөлт гарч эхэлсэн ба эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад 2023 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 08 цагт нас барсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3084 дугаартай: “Ч.Оын биед гавлын зүүн зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, аалзан хальсан доор цус харвалт, баруун ухархайн дотор ханын хугарал, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-98-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 883 дугаартай: “Талийгаач цогцост гэмтэл тогтоогдсонгүй... талийгаач нь ходоодны архаг үрэвсэл, бөөрний уйланхай өвчин, тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн суурийн зөөлрөл архаг өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй... Талийгаач нь 2 уушгины голомтлог хатгалгаа өвчнөөр нас баржээ... Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна... Талийгаач нь О/Л/-р бүлгийн цустай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102-105-р хуудас/,

- Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн: “...Талийгаач Оын задлан шинжилгээгээр талийгаач нь 2 уушгины тархмал хатгалгаа өвчний улмаас нас барсан байна. Тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн суурийн зөөлрөл нь тархины гэмтлийн үед үүсэх ба учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/,

- Шинжээч эмч Ч.Эрдэмболорын: “...Талийгаач Оын биед учирсан 3084 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл. Харин цаашид үхэлд хүргэх эсэхийг нарийвчлан хэлэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-р хуудас/,

- 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн жижүүр эмч Л.Дагвадоржийн тодорхойлолт /хх-ийн 19-р хуудас/,

- 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27-р хуудас/,

- 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-39-р хуудас/,

- Хохирогч Ч.Оын 1110 дугаартай өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 52-96-р хуудас/,

- 2024 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Г.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 123-128-р хуудас/,

- Яллагдагч Г.Бын: “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цагийн үед би Отай хамт яваад түүсэн лаазаа 32-ын тойргийн Цэрэн төвд тушаагаад, 10 гаруй мянган төгрөг болсон байх. Ямар ч байсан 2 шил архи аваад, хэдэн ширхэг тамхи авсан. Тэндээсээ 32-ын тойргийн орчим байдаг далан руу орж 1 шил архиа хувааж уусан. Тэндээсээ дахиад юм түүе гээд хотын төв рүү алхаж байгаад СУИС-ийн ертөнцийн зүгээр зүүн талын байрны урд байсан ногоон өнгийн хогийн цэг дээр ирээд 1 шил архиа хувааж уусан. Тэнд нэг матраас шиг байсан болохоор тэрэн дээр сууж байгаад архиа уусан. Архиа уучхаад, дахиад юмаа түүе гээд явах гэсэн О хогийн цэгний яг хажуу талд хэвтчихээд... Би ядраад байна. Чи өөрөө яв” гэхээр нь би”. Адилхан ядарч явж байж юундаа ялархаад байгаа юм. Адилхан л шөнө өдөргүй түүж явж байгаа биз дээ” гээд уурлаад толгой дээрээс нь хэдэн удаа дэвссэн. Ямар ч байсан 3-4 удаа дэвссэн. Тэгсэн чинь хамраас нь цус гарчихсан. Тэгээд би чи явахгүй юм бол би явлаа” гээд шуудайгаа бариад Доргио баарны хогийн цагийг шалгачхаад буцаад ирсэн чинь О байхгүй болчихсон байсан. Тэрнээс өмнө би Отай маргалдаж, зодолдож байгаагүй. Өмнө нь биед нь учирсан гэмтэл байгаагүй. Хөл нь өвдөөд байна л гэдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 162-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдаг.

Хэдийгээр хохирогч Ч.О нь амь хохирсон байгаа боловч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 883 дугаартай шинжээчийн дүгнэлтээр талийгаач нь ходоодны архаг үрэвсэл, бөөрний уйланхай өвчин, тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн суурийн зөөлрөл архаг өвчтэй байсан бөгөөд 2 уушгины голомтлог хатгалгаа өвчнөөр нас барсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Бын үйлдлийн улмаас нас барсан шалтгаан холбоо тогтоогдоогүй гэж дүгнэсэн болно.

Иймд хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр *************** гадаа хохирогч Ч.Оыг газарт унахад нь боссонгүй гэх шалтгаанаар толгойн тус газарт өшиглөж түүний эрүүл мэндэд нь гавлын зүүн зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, зуун чамархайн дэлбэнгийн эд дэх цус хуралт, няцрал, аалзан хальсан доор цус харвалт, баруун ухархайн дотор ханын хугарал, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хүний амьд явах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь амь хрохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх”  саналыг гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, оролцогч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

11. Шүүгдэгч Т овгийн Г-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ