Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 56

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цолмон,

Улсын яллагч Г.Амарсайхан

Хохирогч Х.Энхмягмар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Ч.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар би Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэгмид овгийн Чинболдын Нямдоржид холбогдох 201717000120 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 3, 2 хүүхдийн хамт Уулбаян сумын 5 дугаар багт  оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 2 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, регистрийн дугаар ТЯ86102417, Цэгмид овгийн Чинболдын Нямдорж

           

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ч.Нямдорж нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Бичигт боомтод байх “Андын элч” ХХК-ны байранд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө иргэн Х.Энхмягмарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ч.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 сарын 10-нд Бичигтийн боомтод шөнийн 01 цагийн үед ачаагаа ачиж дуусаад байрлаж байсан байрандаа Батхүрэл бид хоёр хамт орж ирсэн. Бид орж ирээд уурхайн ажил хэзээ эхлэх бол гээд ярьж байхад Энхмягмар ах согтуу сууж байгаад бидний яриан дундуур орж “танай ах эгч нар чинь хужаагийн бөгс долоогоод явж байгаа биз” гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би салаавч гаргахад намайг заамдаж авахаар нь би заамдаж аваад намайг цохих гэж байна гэж бодоод цохичихсон. Манай байр цементэн шалтай. Энхмягмар ах шалан дээр савж унасан. Маргааш  өглөө нь бид хоёр эвлэрсэн гээд дэлгүүрээс нэг шил архи авчирч уусан. Орой нь би хоол хийж байгаад хоол ид гэхэд татаад байсан. Бид Эрдэнэцагаан сумаас эмч дуудаж эмч ирээд тариа хийгээд Энхмягмар ахыг эмнэлэг рүү аваад явсан. Би энэ хэргээс хойш уулзаж чадахгүй байж байгаад эмнэлгээс гарахаар нь уулзсан. Ийм хэрэг болсонд уучлалт гуйж байна, маш их гэмшиж байна гэв. 

 

        - Хохирогч Х.Энхмягмарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би өвөлдөө Андын элч гэдэг компанид галчаар ажилладаг. Тэгээд галчаар ажиллаж байгаад 2017 оны 04 сарын 09-ний өдөр сумын төвд морины уралдаалга болж байсан болохоор чөлөө аваад уралдаалга үзчихээд найзуудтайгаа хамт нэг шил архи уугаад жаахан согтоод шөнийн 01 цагийн үед ажил руугаа очсон. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна. Маргааш өглөө нь Нямдоржтой хамт нэг шил архи уусан. Тэгээд маргааш нь татаж эхлээд эмч дуудаж эмнэлэгт хэвтсэн. Би Нямдоржоос 1.100.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 1.500.000 төгрөгийг Нямдорж өгнө гэсэн. Тиймээс би гомдолгүй, энэ хэрэгт миний буруутай үйлдэл байгаа. Согтуудаа хүнийг хэл амаар доромжилсон. Иймээс хэргийг хамгийн хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

        - Хохирогч Х.Энхмягмарын мөрдөн байцаалтанд өгсөн:... Би Ч.Нямдоржийг сайн танина. Энэ хүнтэй хамт ажилладаг тул нэг өрөөнд цуг амьдардаг. 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр суманд болсон морины уралдаалаг үзчихээд Энхбаатар, Хүрэлээ бид гурав 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво хувааж уучихаад би байрандаа ирэхэд Батпүрэв ганцаараа сууж байсан. Гэтэл гаднаас манай өрөөний Нямдорж гэдэг залуу, Өрнөл өвгөн хоёр 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архитай орж ирсэн. Тэр архинаас Батпүрэв уугаагүй. Нямдорж, Өрнөл бид гурав хувааж уугаад би согтоод унтсан. Нэг сэрэхэд өглөө 08 цаг болсон байсан. Би орон дээрээ хувцастайгаа унтаж байсан ба миний баруун нүдний зовхи бага зэрэг хөхөрч, зулгарсан шархтай, хүзүүгээр улайсан, хоёр чих хавантай, зүүн талын шанаа толгойн хэсэг бага зэрэг хавантай хөндүүр, мөн цээж бага зэрэг хөндүүр байсан. Тэгэхээр нь эхнэр рүүгээ утсаар холбогдож би урьд шөнө хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Би Нямдорж, Өрнөл нартай архи уугаад согтоод орон дээрээ сууж байтал Нямдорж орон дээр ирж суугаад миний дээр гарч боож унагаад дарсан байхыг нь санаж байгаа юм. Намайг Нямдорж зодож гэмтэл учруулсан тул эмчилгээний зардал 2.400.000 төгрөг нэхэмжилнэ. ...Ч.Нямдорж эмчилгээний зардалд 1 сая төгрөг өгсөн тул үүнийг хасаад одоо 1.665.552 төгрөг нэхэмжилнэ баримт нь байгаа миний хувьд Ч.Нямдоржид гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 х /

 

- Гэрч Ц.Батпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн:... 2017 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө 00 өнгөрч байхад Нямдорж, бид хоёр өвс ачсан машины татлагыг чангалаад байрандаа орж ирэхэд Ч.Энхмягмар буюу Амараа ах өрөөндөө согтуу сууж байсан. /Энхмягмарыг хүмүүс Амараа гэж дууддаг тул би түүнийг бас Амараа гэж дууддаг/ Нямдорж, бид хоёр хоорондоо дарга нар урагшаа явсан ажил нь яаж байгаа юм бол гээд ярьж байтал Амараа ах танай тэр хоёр дарга чинь урагшаа хятадуудын бөгсийг долоох гээд явсан сайн долоож чадвал мөнгөтэй ирээд ажил нь эхлэх байхдаа гэж хэлсэн чинь Нямдорж чи ингэж яваагүй бол болоо гээд гараараа салаавч гаргаад Амараа ахыг аманд тулгасан гэтэл Амараа ах босч ирээд Нямдоржийг заамдаж авсан чинь Нямдорж зөрүүлээд Амараа ахыг заамдаж гараараа нүүрлүү нь нэг удаа зохьсон чинь Амараа ах газар унасан тэгээд би Нямдоржыг ингэж болохгүй. Тэгээд ч Амараа ах чинь бие муутай хүн гээд орон дээр нь хэвтүүлж амраасан. Маргааш нь Нямдорж, Амараа ах хоёр эвлэрч байна гээд нэг шил архи хувааж уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 х /  

 

- Гэрч О.Өрнөлийн мөрдөн байцаалтанд өгсөн... Би 2017 оны 04 дүгээр сарын 096-ний шөнө 21 цаг өнгөрөөгөөд намайг өрөөндөө унтаж байхад Энхмягмар буюу Амараа нь нилээд согтуу орж ирээд надтай гар бариад зурагт үзээд сууж байтал гаднаас Нямдорж, Батпүрэв нар орж ирээд хоорондоо янз бүрийн юм яриад байж байхад Энхмягмар нь дундуур нь орж танай ах эгч хоёр чинь урд Хятадын бөгс долоогоод явж байгаа байлгүй гэж хэлээд Нямдоржтой маргалдсан. Нямдорж нь Энхмягмарыг нэг удаа шанаадаад унагаасан тэгээд больцгоогоод унтацгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 х /

 

- Гэрч Ц.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 04 дүгээр сарын 10-ний өглөө 06 цагийн үед манай нөхөр Энхмягмар надруу утсаар яриад би хүнд зодууллаа гэж ярьсан. Тэгэхээр нь би сумаас эмч Отгонжаргалыг аваад Бичигт боомтруу очиход манай нөхөр байрандаа хэвтэж байсан. Манай нөхрийн нүүр, зүүн шанаа, чихэн дотроо шалбарсан нэг нүд нь хөхөрсөн, хүзүү нь бас шалбарсан байдалтай орон дээрээ хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25 х /

 

- Гэрч Х.Отгонжаргалыг мөрдөн байцаалтанд өгсөн:... Намайг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед Бичигт боомтод хүн ухаангүй байна гэсэн дуудлагаар очиход Андын илч ХХК-ний ажилчдын байранд Х.Энхмягмар гэдэг хүн орон дээрээ биеийн байдал хүндэвтэр байдалтай хэвтэж байсан. Түүний биеийг үзэхэд гадгы нөлөөтэй хүнд зодуулсан юм шиг шанаа нь хавдчихсан, хоёр чих нь улайж хөхөрсөн, хоолой нь ганц хоёр зулгарсан, баруун нүдний зовхи нь хөхөрсөн, нүүрэндээ шалбарсан шархтай байсан тэгээд Энхмягмарыг таталтаас сэргийлж өвчин намдаах тариа хийхэд дахин таталт өгсөн тул сумын эмнэлэгт авчирч хэвтүүлсэн’ гэх мэдүүлэг /хх-ийн 26 х /

 

- Гэрч М.Амараа, Х.Гарамцоо, Н.Урнаа нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг  

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар дүгнэлтэнд: 

1. Чамархай дунд хэсгийн цусан хураа, тархи няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүүр хүзүүнд зулгарсан шархууд, 2 чихний цус хуралт гэмтэлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ

3. Дээрх тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи дух, чамархайн дунд хэсгийн цусан хураа, тархи няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүүр хүзүүнд зулгарсан шархууд, 2 чихний цус хуралт гэмтэлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ / хх-н 34 х / зэрэг болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Шүүгдэгч Ч.Нямдорж нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Бичигт боомтод байх “Андын элч” ХХК-ны байранд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө иргэн Х.Энхмягмарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээч эмчийн 152 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдоно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Нямдоржид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч Ч.Нямдоржийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 Шүүгдэгч Ч.Нямдоржийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Нямдоржийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учраас 2015 оны эрүүгийн хуулийн  11.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хэдийгээр тухайн гэмт хэрэг  2017 оны 04 сард үйлдэгдсэн боловч 2017 оны 7 сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн  хувьд  эрх зүйн байдал дээрдэж байна.

 

       Шүүхээс ял шийтгэл оногдуулахад хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн нь  эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

        Шүүгдэгч Ч.Нямдорж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, болохыг дурдах нь зүйтэй байна. Хохирогч эмчилгээний зардал 2.600.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ч.Нямдорж 1.100.000 төгрөгийг төлсөн нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгээр нотлогдох бөгөөд үлдэх 1.500.000 төгрөгийг шүүгдэгч төлөхийг маргаагүй байна. Иймд шүүгдэгчээс 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн шүүх хуралдаанд гаргасан “...шүүгдэгч  Ч.Нямдоржийг өрх толгойлсон эрэгтэй 3 нас хүрээгүй хүүхэдтэй тул 2002 оны эрүүгийн хуулиар  түүнд оногдуулсан хорих ял биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: хэрэгт авагдсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 2017 оны 05 сарын 04-ны өдрийн 475 тоот тодорхойлолтонд шүүгдэгч Ч.Нямдоржийг ам бүл 5,  Алтан өлгий 2-16 тоотод  оршин суудаг гэснээс дүгнэлт хийхэд түүнийг өрх толгойлсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цэгмид овгийн Чинболдын Нямдоржийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Нямдоржийг  2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар  Ч.Нямдоржид оногдуулсан 2 жилийн хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4.Ялтан Ч.Нямдорж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон  мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Х.Энхмягмар гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. 1, 505 дугаар зүйлийн 505.1 т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Нямдоржоос 1.500.000 төгрөг гаргаж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн иргэн Хүрэлбаатарын Энхмягмарт олгосугай.

 

             6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нямдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ч.Нямдоржид авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР