Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0047

 

   2023           01             13                                      128/ШШ2023/0047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: “Б******* *******” ХХК, /РД:*******/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Б,

Гуравдагч этгээд: “Б******* *******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” 3483 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б*******маа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б**************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б******* *******” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” 3483 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газарт иргэн Ж.Б*******оос “манай компани 1998 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Б******* *******” ХХК нь ******* регистрийн дугаартай, 35/3797 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг 2013 оны 9 дүгээр сард хийлгэсэн. Компанийн нэр давхардсан асуудлыг шалгаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргаснаар уг хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Б хянан шалгаж 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 3483 дугаар дүгнэлтээр Хуулийн этгээдийн мэдээллийн санд ******* регистртэй “Б******* *******” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

3. Нэхэмжлэгч нь дээрх актыг эс зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...“Б******* *******” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт компани үүсгэн байгуулах бичиг баримтаа бүрдүүлэн “Б******* *******” нэрийг баталгаажуулан авч, уг нэрээр “Б******* *******” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Анх хуулийн этгээдийн нэр авахдаа хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ажилтанд шалгуулж, мэдээллийн сангаас хайлгуулсны үндсэн дээр “Б******* *******” гэдэг нэрийг авсан. Тухайн үед нэр давхардсан талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, хэрэв нэр давхардсан бол уг нэрийг авах боломжгүй байдаг. Гэтэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, дүүргийн санхүү татварын албанд хуулийн дагуу тайлан гарган өгч байхад ч нэр давхацсан тухай ямар нэгэн мэдээлэл байгаагүй атлаа сүүлд 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Б******* *******” гэдэг нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхацсан гэх албан мэдэгдэл ирсэн. Хуулийн этгээдийн нэр давхацсан эсэх тухай анх үүсгэн байгуулахад хэлээгүй атлаа олон жилийн дараа ийнхүү мэдэгдэл ирүүлж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын өөрсдийнх нь буруу гэж үзэж байна.

“Б******* *******” ХХК нь энэ хугацаанд компанийн нэрээр олон байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан, мөн энэ нэрээр реклам сурталчилгаа, маркетингийн зардал маш их гаргасан гэх мэт эдийн засгийн хувьд үзүүлэх нөлөө их байтал төрийн байгууллагын хайхрамжгүй буруутай үйлдлийн улмаас компани хохирох ёсгүй гэж үзэж байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 3483 дугаар “хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон” дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б*******маа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...манай “Б******* *******” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэл дээр очиж нэрээ авсан. Манай компани мах махан бүтээгдэхүүн, гадаад дотоод худалдаа, *******ийн үйлчилгээ явуулдаг. Энэ нэрийг байгаа гэж бидэнд өгсөн. 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны 6 дугаар сараас эхлэн манай компанийн нэрийг хүчингүй болгоод ажилчдадаа цалингаа тавих болон зээл авах боломжгүй болоод байна. Иймд тухайн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн бөгөөд тухайн өдрөө улсын ахлах бүртгэгч Ч.Б*******ээс оноосон нэрийн баталгаажуулалтаар “Б******* *******” нэрийг аваад 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан. Тухайн үед “Б******* *******” нэр бүртгэлгүй байна гээд тус нэрийг улсын бүртгэлийн газраас холбогдох бичиг баримтыг авсан. Үүнээс хойш тасралтгүй 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл 6 жилийн дараа “Б******* *******” гэдэг нэртэй өөр компани байдаг гэсэн улсын бүртгэгчийн дүгнэлтээр манай гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ хугацаанд яагаад ижил нэртэй өөр компани байгаа талаар гаргаж ирээгүй вэ? Анх өгөхдөө энэ нэрийг яагаад шалгаж үзээгүй вэ? Бид зөвхөн улсын бүртгэлийн газартай энэ нэрээр харилцаагүй. Татвар болон бусад төрийн байгууллагуудтай, холбогдох банк, аж ахуйн нэгж байгууллагатай харилцаж байсан. Улсын бүртгэгч Ч.Б*******ийн бүртгэл алдаатай байсан юм бол улсын бүртгэл дээр яагаад энэ асуудлыг шийдвэрлээгүй вэ? Өдий хүртэлх хугацаанд яагаад мэдэгдээгүй вэ? Хэрэв мэдсэн бол бид гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байх боломж байсан. Мөн өдийг хүртэл бид маш их  маркетингийн зардал гаргасан. “Б******* *******” гэсэн пэйж хуудас хөгжүүлээд, bolorimpex.com гэсэн цахим хаяг нээгээд үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын бүртгэлийн байгууллага анхнаасаа энэ нэрийг өгөөгүй байсан бол манайх хэн нэгний эрх ашгийг хөндөхгүй байсан. Энэ нэрээр бид хүмүүст танигдсан, энэ нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа, бизнесийн ашиг орлогоо энэ нэрээр олдог болсон байгаа. Мөн хэрэгт авагдсан баримтаар бид 26 сая төгрөгийн мах махан бүтээгдэхүүнийг боловсруулж гаргахтай холбоотой зардал гаргасан. Хоёрдугаарт, манай байгууллагад хүний нөөцийн асуудал бий болоод байна. Цалингаа тавихад саад болоод тогтворгүй байна. 6 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэртэй холбогдуулан байгууллагын банкны данс хаагдсан байгаа. Тиймээс бид ажилчдадаа банкаар цалинг нь тавих боломжгүй болоод бэлнээр цалингаа тавьж байгаа. Үүнээс болоод ажилчид маань зээл авах боломжгүй болоод байна гэдэг шалтгаанаар ажлаасаа гарлаа гэдэг, хүний нөөцийн тогтворгүй байдал үүсээд байна. Бизнесийн үйл ажиллагаа явуулахад саад болоод байна. Өнөөдрийн байдлаар бэлэн мөнгөнөөс татгалзаад аж ахуйн нэгжтэй харилцахад данс шаарддаг. Гэтэл байгууллагын данс маань тухайн асуудлаас болоод хаагдсан. Бид бизнесийн үйл ажиллагаагаа дэлгэрүүлнэ гэхээр энэ байдлаар хүндрэл үүсээд байна. Өөр компани аж ахуйн нэгжүүдтэй бид бэлэн мөнгөөр тооцоо хийнэ данс хаагдсан гэдэг асуудалтай байдаг. Зөвхөн нэрээс болж манай компанид төвөгтэй нөхцөл байдлыг үүсгээд байна. Тиймээс тус дүгнэлтийг хүчингүй болгож манай компанийн хэвийн үйл ажиллагааг хүчин төгөлдөр үлдээж өгнө үү...” гэв.

7. Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...иргэн Ж.Б*******оос манай компани 1998 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Б******* *******” ХХК нь ******* регистрийн дугаартай, 35/3797 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг 2013 оны 9 дүгээр сард хийлгэсэн. Компанийн нэр давхардсан асуудлыг шалгаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх өргөдлийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан хяналт шалгалтын ажиллагаа явуулахад Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3. “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна” гэж заасныг тус тус зөрчсөн нь холбогдох  нотлох баримтуудаар тогтоогдсон учир Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасныг тус тус баримтлан 2021 оны 3483 дугаар дүгнэлтээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд ******* регистртэй “Б******* *******” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

8. Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...хяналт шалгалтаар иргэн Ж.Б*******оос манайх 1998 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Б******* *******” ХХК /*******/ нь 35/3797 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг 2013 оны 9 дүгээр сард хийлгэсэн, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нэр давхардсан гэсэн асуудлыг хэлж өргөдөл өгсөн. Энэ дагуу холбогдох бүртгэлийг мэдээллийн сан болон архивд шалган үзэхэд ******* регистрийн дугаартай “Б******* *******” ХХК-ийн хувийн хэрэгт 1998 оны хяналтын тайлан, компанийн дүрэм, дүрмийн сангийн хөрөнгийн үнэлгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, 2002 оны компанийн дүрэм, аялал жуулчлалын газрын тодорхойлолт, тусгай зөвшөөрөл гэх баримтууд авагдсан байсан. Мөн Ж.Б*******ын гар дээр Монголын Татварын албаны 2010-2020 оны аж ахуйн нэгж байгууллагын тодорхойлолт, 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр олгосон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр компанийн нэр дээр олгосон Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ зэрэг байсан. Ж.Б*******ын гаргасан өргөдөл гомдолтой холбогдуулаад 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* регистрийн дугаартай “Б******* *******” ХХК-ийн бүртгэлийг шалгаж үзэхэд холбогдох дүрэм журамд заасан баримтуудыг бүрдүүлээд компаниа байгуулсан байсан. Үүнтэй холбогдуулан улсын бүртгэгч Ч.Б*******ээс мэдүүлэг авсан.

Тухайн үеийн холбогдох материалаа бүрдүүлэн компаниа байгуулсан 1998 онд байгуулагдсан Ж.Б******* гүйцэтгэх захиралтай “Б******* *******” ХХК-ийн болон М.Б*******маа захиралтай “Б******* *******” ХХК-ийн нэрс давхардсан талаар мэдүүлэг авахад 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр М.Б*******маад нэрийг баталгаажуулан олгох үед хуулийн этгээдийн нэрийн санд “Б******* *******” гэх хуулийн этгээдийн нэр, нэрийн санд байгаагүй. Улсын бүртгэлд заасан хугацаанд нэрийн баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд хүчингүй болдог журмын дагуу хасагдсан байх магадлалтай байна гэсэн.

1998 онд байгуулсан Ж.Б******* гүйцэтгэх захиралтай компанийн нэр хүчинтэй байгаа. Компанийн нэр олгох журмын дагуу ижил төсөөтэй нэр байж болохгүй учир нэр давхардсан талаар М.Б*******маа захиралтай нэрээ өөрчлүүлэх тухай мэдэгдэж, нэр өөрчлөх талаар хэд хэдэн удаа ярилцсан. Манай байгууллагын хуулийн хэлтсийн дарга Лхагвасүрэнтэй уулзсан байдаг. 1998 онд байгуулагдсан тухайн компани байхад сүүлд байгуулагдсан компани нэрээ өөрчлөхөөс өөр аргагүй байна гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Тухайн үед Татварын хэлтсээс Ж.Б******* захиралтай “Б******* *******” ХХК нь тайлангаа тогтмол төлдөг эсэх талаар тодруулж өгнө үү гэсний дагуу Ж.Б*******оос тайлангаа тогтмол төлдөг талаар тодруулж М.Б*******маад үзүүлсэн байгаа. Хяналт шалгалтын ажиллагааг хийгээд нөхцөл байдлыг шалгаж үзэхэд 2015 онд ******* регистрийн дугаартай “Б******* *******” ХХК болон 1998 онд байгуулагдаад 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд хамруулахаар нэрээ баталгаажуулж авсан боловч шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж хуулийн этгээдийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүйн улмаас 2015 онд улсын бүртгэгч Ч.Б******* нь мэдээллийн сангаа шалгаад мэдээллийн санд нэр нь байхгүй байсны улмаас М.Б*******маад “Б******* *******” ХХК нэрийг давхардуулан олгосон байна. Энэ нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна гэж заасныг тус тус зөрчсөн байсан. “Б******* *******” ХХК-ийн нэрийг давхардуулан олгосон 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. М.Б*******маа захиралтай “Б******* *******” ХХК нь нэр өөрчлөх хүсэлтээ Улсын бүртгэлийн харьяа байгууллагад гаргах эрхтэй болохыг дурдсан...” гэв.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б************** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б******* *******” ХХК /РД:*******/ нь 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж 35/3797 тоот гэрчилгээг авч, хууль этгээдийн үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл тогтвортой, тасралтгүй эрхлэн явуулж, хууль тогтоомжийн дагуу аж ахуйн үйл ажиллагааны албан татвараа төлсөөр ирсэн. Манай компани 1998 онд хэд хэдэн нэрээс “Б******* *******” нэрийг сонгон улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Уг оноосон нэрийг 1998 оноос өнөөдрийг хүртэл нэг ч удаа сольж, өөрчилж байгаагүй. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудаст 1998 онд “Б******* ******* энд интертур” гэх нэрээр баталгаажуулалтын хуудсыг өгсөн байна. Уг нэрийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2013 онд Улсын бүртгэлийн байгууллагаас нэрээ баталгаажуулаарай гэсний дагуу нэрийн баталгаажуулалтыг хийлгэсэн, ямар нэгэн өөрчлөлт хийлгээгүй. 1998 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад улсын бүртгэлийн газраас “Б******* *******” ХХК /РД:*******/-ийг хуулийн этгээдийн нэрийн санг бүртгэл мэдээллээс хасах шийдвэр эрх бүхий байгууллагаас гаргаж байгаагүй болно. Манай компани 1998 оноос аялал жуулчлалын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтмол, тасралтгүй явуулж байгаа.

Хуулийн этгээдийн нэр давхардсан буюу “Б******* *******” ХХК /РД:*******/ 1998 онд бүртгүүлсэн хуулийн этгээд, хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж байхад улсын бүртгэгч тухайн оноосон нэрийг 2015 онд давхардуулан олгож бүртгэсэн нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.7, Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралт “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах” журмын 3.10 дахь заалтыг тус тус зөрчиж улсын бүртгэгч шийдвэр гаргасан гэж үзэж байна. “Б******* *******” ХХК /РД:*******/ нь 2021 оны 3 дугаар сард компанийн үйл ажиллагааны чиглэл нэмэх, гүйцэтгэх захирал шинээр томилсон өөрчлөлтүүдийг бүртгүүлэх хүсэлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд гаргасан. Гэвч оноосон нэр давхардуулан олгосон талаарх асуудлаар 2021 оны 9 сард хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. “Хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр нэгдмэл байна”, 9.2. “Хуулийн этгээдийн хувийн хэргийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд хөтлөхөд улсын хэмжээний бусад мэдээллийн систем, сүлжээтэй харилцан уялдаатай байх, мэдээлэл шуурхай солилцох зарчмыг удирдлага болгоно” гэж тус тус хуульчилсан байна. Үүнээс үзвэл мэдээллийн санг бүртгэх хөтлөх үүрэг нь эрх бүхий байгууллагад олгогдсон. Улсын мэдээллийн систем, сүлжээтэй уялдаатай байх тул манай компани мэдээллийн санд бүртгэгдээгүй, байхгүй байсан, хасагдсан байх гэдэг ор үндэслэлгүй гэж үзэхээр байна. Хэрэв уг тайлбар үндэслэлтэй байсан бол 1998 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Татварын хэлтэс татвар төлөгчөөр бүртгэхгүй байх байсан. Голомт банк 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Б******* *******” ХХК-ийн нэр дээр данс нээхгүй байх байсан. Мөн 2006, 2011, 2016 онуудад аж ахуйн нэгж байгууллагын тооллогод хамруулахгүй байх байсан. “Б******* *******” ХХК /РД:*******/ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй хуулийн дагуу үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай” 3483 дугаар дүгнэлтийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

10. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Б******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Манай компани 1998 онд байгуулагдсан. Анх ус савлах үйл ажиллагаа болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Горхи тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн Б*******т гэх газраас ус савлан Б*******той ус гэж үзээд “Б******* *******” нэрээр байгуулсан. Түүнээс хойш өдийг хүртэл тогтвортой үйл ажиллаагаа явуулж холбогдох бүх тайлангаа өгч байсан. Миний эцэг нас өндөр болсон тул намайг компанийн гүйцэтгэх захирлаар томилохоор 2020 онд материалаа бүрдүүлж очихдоо нэр давхардсан талаар анх мэдсэн. Үүнтэй холбогдуулан улсын бүртгэлд яагаад нэр давхардсан талаар гомдлыг гаргаад өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж ойлгож байна. Миний бодлоор хэвийн үйл ажиллагаа явуулж байсан 2 аж ахуйн нэгж улсын байгууллагын системийн болон хоорондын харилцаа хамааралгүй ажилладаг учир дутагдалтай үйл ажиллагаанаас болоод ийм байдалд хүрээд байна. Харамсалтай нь аль нэг тал нь хохирох нөхцөл байдал үүсээд байна. Бидний зүгээс үйл ажиллагаа явуулж байгаа ******* регистрийн дугаартай “Б******* *******” ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэв.

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б************** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Б******* *******” ХХК нь 1998 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд холбогдох тайланг Татварын байгууллагад хүргүүлсээр байгаа. Энэ хугацаанд манай компани нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгаа. Үйл ажиллагаагаа явуулах хугацаанд улсын бүртгэлийн байгууллагаас танай компанийн нэр давхардсан, танайх шинэчилсэн бүртгэлээ хийлгээгүй гэх үндэслэлээр хуулийн этгээдийг татан буугдах шийдвэр өнөөдрийг хүртэл гарч байгаагүй. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас компанийн нэр давхардсантай холбоотой мэдээллийн сангаас нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгуулах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарч байгаагүй. 2015 онд “Б******* *******” ХХК ******* регистрийн дугаартай компанид нэр олгох байсан бол тухайн нэр давхардаагүй, анх удаа нэр олгож байгаа компани гэж үзэхээр байсан бол 2002, 2004, 2011, 2016 онуудад аж ахуйн нэгжийн тооллого статистикийн хорооноос явагдсан. Энэ тооллого явагдаж байх хугацаанд энэ аж ахуйн нэгж байдаг юм байна гээд бүртгэл хийгээд тооцоод явсан баримтууд хавтаст хэрэгт байгаа. Манай компанийн хувьд 2005 оноос өмнө байгуулагдсан хуулийн этгээдүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар хууль, дүрэм журам батлагдаад шийдвэрүүд гарсан. Энэ шийдвэрүүд гарсантай холбоотойгоор шинэчилсэн бүртгэл хийлгээгүй хуулийн этгээдүүдийг Улсын бүртгэлийн газраас шүүхэд нэхэмжлэл гаргаад тухайн хуулийн этгээдүүдийг татан буулгах шийдвэр гаргаж байсан. Ийм шийдвэр гараагүй байхад Улсын бүртгэгч хуулийн этгээдийн нэрийг нэрийн сангаас хасагдсан байх магадлалтай гэж хянаж, нягтлан шалгаагүй асуудал үүссэн. Улсын бүртгэлийн буруутай үйл ажиллагаа байгаа гэж харж байна. Өнөөдрийг хүртэл тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулж, нэрийн баталгаажуулалтаа хийлгэсэн байгаа. Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад “Б******* ******* энд интертур” гэсэн нэр байгаагүй. Анхнаасаа “Б******* *******” гэдэг нэрийг авсан. Тухайн хуулийн этгээдийн татан буугдсан эсэх талаар хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас харах боломжтой. Тухайн лавлагаанаас “Б******* *******” ХХК нь нэг  ч удаа татан буугдаж байгаагүй. Эрх бүхий байгууллагын шийдвэр гараад эсвэл Улсын бүртгэлийн байгууллагаас нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгоод үүнтэй холбоотойгоор хориг тавьсан асуудал үүсээгүй.

Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Б******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч “Б******* *******” ХХК-д хамаарах үйл баримтын тухайд.

2.1. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргаснаар үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар М.Б*******мааг томилсныг бүртгэж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр УБ-08-г гаргаж, улсын бүртгэлийн 9011575061 дугаарт, регистрийн ******* дугаарт бүртгэж, 0000109123 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор аж ахуйн үйл ажиллагааг мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, гадаад худалдааны чиглэлээр явуулж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр УБ-05 өргөдлийг гаргаж, үйл ажиллагааны чиглэлд “*******ийн үйлчилгээ”-г нэмж оруулжээ.

2.2. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд авагдсан, Стандарт, хэмжил зүйн газрын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тохирлын гэрчилгээ, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил, үйлчилгээний тухай” 02-03-225/576 дугаар дүгнэлт, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх 2022 оны 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0002278 дугаар гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон Бүтээгдэхүүний загварын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2634 дугаар патент,  Бүтээгдэхүүний загварын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2630, 2631, 2645 дугаар патентууд, ХААН банкны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022120100122 дугаар тодорхойлолт,  “Б******* *******” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацааны материалын товчоо тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0046284 дугаар гэрчилгээ, Монголын Татварын албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт”-ууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гарган өгч, компанийн нэр олонд танигдаж, үйл ажиллагаагаа тогтмол явуулж, өөрийн гэсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй болсноо илэрхийлж байна.

3. Гуравдагч этгээд “Б******* *******” ХХК-д хамаарах үйл баримтын тухайд.

3.1. 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргаснаар гүйцэтгэх удирдлагаар Ж.Б*******ыг томилсныг бүртгэж, 1998 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэрийг гаргаж, улсын бүртгэлийн 35/3797 дугаарт, регистрийн ******* дугаарт бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор гадаад дотоод худалдаа, цэнгэг ус савлах үйлдвэр эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулж, улмаар 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэмэлт өөрчлөлтийг, 2003 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Голомт банкны данс нээснийг, 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод хамрагдсаныг, 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Голомт банканд валютын данс нээснийг тус тус бүртгүүлж байжээ.

3.2. Гуравдагч этгээд болох хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд авагдсан, Байгаль орчныг хамгаалах албаны дархан газрын товчооны 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3/615 дугаар албан бичгээр: “Хан хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “Б******* *******” ХХК-ийн Горхийн баруун салаа Гялалзахын аманд байгаа хуучин өрөмдлөгийн цооногийг сэргээн ашиглаж, цэнгэг ус савлах хүсэлт”ийг дэмжсэн, 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрчилгээ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ““Б******* *******” ХХК /улсын бүртгэлийн гэрчилгээ №35/3797/ манай байгууллагад аялал жуулчлалын ажил үйлчилгээ эрхлэх албан ёсны хүсэлтээ тавьсан бөгөөд хууль ёсны дагуу тавигдаж байгаа стандартын бүх шаардлагыг хангасан компани болохыг тодорхойлсон” 181 дүгээр албан бичиг, 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Аялал жуулчлалын ажил үйлчилгээ эрхлэх “Б******* *******” ХХК-д олгосон 365 дугаар тусгай зөвшөөрөл, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн даргын баталсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай”  2003 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 067 дугаар гэрчилгээ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 04/0904 дугаар тусгай зөвшөөрөл,  Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/1340 дугаар “харилцагч “Б******* *******” ХХК /РД:*******/ нь 1998 оны 05 дугаар сарын 27-ны өдөр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай” албан бичиг, Голомт банкны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Б******* *******” ХХК нь 2003 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр данс нээлгэсэн болохыг тодорхойлсон” 11/1444 дүгээр албан бичиг, Монголын Татварын албаны “Аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт”-ууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гарган өгч, өөрийн “Б******* *******” нэрээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж ирснээ илэрхийлж байна.

4. Ийнхүү дээр дурдсан үйл баримтаар 1998 онд бүртгэгдсэн байсан оноосон нэр ижил хуулийн этгээдийн бүртгэл байгааг баримтаар шалгахгүйгээр давхардуулан 2015 онд тухайн оноосон нэрээр хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийж бүртгэсэн улсын бүртгэгчийн үйлдлийг хянан шалгаж, маргаан бүхий дүгнэлтийг хариуцагчаас гаргасныг хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж шүүх дүгнэв.

5. Тодруулбал, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн маргаан бүхий 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай” 3483 дугаар дүгнэлтээр,

5.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дугаар тушаалаар баталсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 14.1-д заасныг тус тус үндэслэн “...иргэн Ж.Б*******оос ирүүлсэн манай компани 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан, “Б******* *******” ХХК нь ******* регистрийн дугаартай, 35/3797 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг 2013 оны 9 дүгээр сард хийлгэсэн. Энэ нэр давхардсан асуудлыг шалгаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдлийн дагуу холбогдох бүртгэлийг хянаад,

5.2. “...2015 онд улсын бүртгэгч Ч.Б******* нь иргэн М.Б*******маад “Б******* *******” ХХК /*******/ нэрийг баталгаажуулан оноосон нэр давхардуулан олгосон нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтыг тус тус зөрчсөн” гэж үзэж,

5.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5. “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасныг баримтлан,

5.4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд ******* регистртэй, “Б******* *******” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгож, “Б******* *******” ХХК /*******/ нь нэр өөрчлөх хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллагад харьяалал харгалзахгүй гаргах эрхтэй болохыг, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу “Б******* *******” ХХК /*******/-д уг дүгнэлтийг мэдэгдэхийг тус тус зааж шийдвэрлэжээ.

6. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нэртэй болж, тухайн нэрийг авахаар бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаснаар эрх бүхий улсын бүртгэлийн ажилтнаас нэр баталгаажуулах ерөнхий шаардлагыг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 27 дугаар зүйл, гарчиг нь “Хуулийн этгээдийн нэр”, 27 дугаар зүйлийн 27.1. “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна”, 27.2. “Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна”, 27.3. “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй”, 27.4. “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд ашиглахыг хориглоно”, 27.5. “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ” гэсэн эдгээр шаардлагуудыг хангасан эсэхийг тогтоосон баримт байхгүй, зөвхөн мэдээллийн санд “Б******* *******” гэсэн нэр байхгүй гэж үзэж, нэрийн баталгаажуулалт хийсэн нь маргаан гарах үндэслэл болжээ.

7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/9189 дугаар албан бичгээр “Б******* *******” ХХК /РД:*******/-ийн болон “Б******* *******” ХХК /РД:*******/-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбарыг ирүүлсэн ба дээрх хуулийн этгээдүүдийн оноосон нэр давхардсан болох нь тогтоогдож байна.

8. Улсын бүртгэлийн байгууллагаас М.Б*******маа захиралтай, ******* дугаар регистртэй, “Б******* *******” ХХК-д нэрийн баталгаажуулалт хийх үед 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан ба уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. “шинээр...болон хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, 14.2. “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна”, 14.2.1. “хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэртэй давхардаагүй”, 14.2.2. “хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан”, 14.2.3. “кирил үсгээр илэрхийлэгдсэн”, 14.2.4. “бусад хуулиар хориглоогүй” гэж заасан.

9. 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж зааснаар Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Журам батлах тухай” А/41 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан журмаар Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар журамласан ба уг А/41 дүгээр тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3519 дугаарт бүртгэгдэн хүчинтэй байснаар хожим буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Тушаал хүчингүйд тооцох тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/194 дүгээр тушаалаар дээрх А/41 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсон байна.

10. Энэхүү “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ын дагуу хуулийн этгээд нь хуулийн этгээдийн оноосон нэрийн баталгаажуулалт хийлгэх хүсэлтийг тус журмын 2 дугаар зүйлд зааснаар гаргах эрхтэй байх бөгөөд журмын 3 дугаар зүйлд “хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулахад тавигдах шаардлага”-ыг тогтоосон, үүнд: 3.1. “хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг хориглоно” гэж заасан. Түүнчлэн журмын 4 дүгээр зүйлийн 4.1. “...журмын 2 дугаар зүйлд заасан хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хуулийн этгээдийн нэрийг шалгаж, холбогдох хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд баталгаажуулна”, мөн зүйлийн 4.5. “...хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдөр хадгална”, 4.6. “хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг энэ журмын 4.5-д заасан хугацаанд гаргаагүй бол нэрийн баталгаажуулалт хүчингүй болно” хэмээн зохицуулжээ.

11. Тэгвэл одоо хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2018 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. “хуулийн этгээдийн нэр гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг” ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.1. “шинээр, ...хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд нэр авах хүсэлтийг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд улсын бүртгэлийн байгууллагад нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй гаргана”, 13.3. “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна”, 13.3.1. “кирилл үсгээр илэрхийлэгдсэн”, 13.3.2. “бусад хуулиар хориглоогүй” гэж хуульчилж,

12. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.7. “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах талаар иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргах, түүнд тавигдах шаардлага, хязгаарлалт, нэр баталгаажуулахтай холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам батлах тухай” 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журам, тус журамд Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 245 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг ба уг журмын 3 дугаар зүйлийн 3.10. “хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй бөгөөд дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй” гэж, түүнчлэн журмын 4 дүгээр зүйлийн 4.3. “Улсын бүртгэгч энэ журмын 2.1-д заасан этгээдийн хүсэлтийн дагуу тухайн сонгосон нэрийг хуулийн этгээдийн нэрийн санд шалгаж, холбогдох хууль тогтоомж, энэ журамд нийцсэн тохиолдолд баталгаажуулна”, мөн зүйлийн 4.5. “...баталгаажсан хуулийн этгээдийн нэр ...30 хоногийн дотор хүчинтэй байна” хэмээн зохицуулжээ.

13. 2015 оны болон 2018 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн үзэл санаа, агуулга нь энэхүү маргааны тухайд ижил буюу аливаа хуулийн этгээд шинээр болон өөрчлөн зохион байгуулагдах аль ч тохиолдолд хуулийн этгээдийн нэрээ баталгаажуулахдаа Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага хангасан байхыг шаардахаар, улсын бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа эрх бүхий албан тушаалтны зүгээс хууль болон журамд заасны дагуу нэр давхардсан эсэхийг шалгаж тогтоох, ингэснээр хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчим хангагдахаар зохицуулагдсан байна.

14. Иймд хуулийн этгээдийн /улсын хэмжээний/ нэрийн мэдээллийн санд ижил оноосон нэртэй хуулийн этгээд байж болохгүй талаар дүгнэсэн хариуцагч хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.“хуулийн этгээдийн улсын бүртгэл” нь хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгохоор заасны дагуу гуравдагч этгээдээр татагдсан хуулийн этгээдийн түрүүлж үүссэн анхдагч эрхийг хамгаалах явдал нь хууль ёсны бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5. “улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 4.1.4. “улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх”, 4.1.3 “улсын бүртгэл хараат бус байх” зарчмуудыг хангуулахад чиглэсэн, нэгэнт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль болон журмын зохицуулалтыг хэрэгжүүлсэн нь хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцжээ.

15. Хэргийн нөхцөл байдал, Тодорхойлох хэсэгт болон Үндэслэх хэсэгт бичигдсэн үйл баримтуудад дүгнэлт хийж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.“Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина”, 18.7. “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1. “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж зааснаар хариуцагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан маргаан бүхий дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй, үүгээрээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэв.

 16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай  хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.2.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.7-д заасныг баримтлан “Б******* *******” ХХК /РД:*******/-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Бд холбогдуулан гаргасан “хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай” 3483 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН