Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 976

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00976

 

 

 

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00876 дугаар шийдвэртэй Н.Э-ын нэхэмжлэлтэй “М ” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлуулж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Н.Э нь “М ” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтнаар ажиллаж байсан ба “М ” ХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөлөө гэмтээсэн тул хөлөндөө гипс тавиулан өнөөдрийг хүртэл өвчтэй байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “...эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа...” гэж заасныг зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй. Иймд “М ” ХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, “М ” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор болох халагдсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх нөхөн олговорт 7 641 919 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т  шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан хамгаалалт хамаарахгүй. Н.Э-ыг ажлаас халсан тушаалын үндэслэлийн талаар нэхэмжлэгч тал маргаагүй. Уг тушаалд бичигдсэн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг зөрчөөгүй, тушаал буруу гарсан гэж маргаагүй учир ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөлөө гэмтээсэн, эмнэлгийн чөлөөтэй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн нь буруу гэж маргадаг. Өөрөөр хэлбэл, “намайг ажлаас халсан тушаалын бүх үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Гол нь намайг эмнэлгийн чөлөөтэй байхад халж болохгүй байсан” гэсэн агуулгаар маргасан. Нэхэмжлэгч нь н.О  гэдэг хүн гаргах ёстой байсан, өөр хүн гаргасан нь буруу гэж нэхэмжлэлийн үндэслэлийг гаргасан бол бид маргана. Н.Э “би архи уугаагүй байхад архи уулаа гээд халчихлаа” гэсэн бол бид “Н.Э архи уусан, архи уусан баримтууд байгаа” гээд гаргана. Архи уугаагүй гэж маргаагүй байхад бид нотлох баримт гаргахгүй. Нэхэмжлэгч Н.Э-ыг “М ” ХХК-ийн захирал 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан зөрчлийг үндэслэж 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус зөрчлийг шалгаж Хөдөлмөрийн тухай хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан журмын дагуу “сахилгын зөрчил” гаргасан бол сарын дотор шийдвэрлэнэ гэснийг үндэслэж тушаал гаргасан. Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зөрчил гарснаас хойш 2 хоногийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эмнэлгийн магадалгаа авч ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болохгүй гэх агуулга биш үүнийг нэхэмжлэгч буруу ойлгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Э-ыг “М ” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд Агуулахын ахлах ажилтны ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5 419 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 222 219 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Э-ыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “М ” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Э нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 50 505 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т  давж заалдах гомдолдоо: Н.Э нь шүүхэд хандахдаа “...миний бие 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөлөө гэмтээсэн тул хөлөндөө гипс тавиулан өнөөдрийг хүртэл өвчтэй байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т ...эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа... заасныг зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, маргасан. Хариуцагч талын хувьд “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заагдсан хамгаалалт Н.Э-т хамаарахгүй буюу тэрээр уг хуулийн 35.1.3-т заасан зохицуулалтаар хамгаалагдахгүй” гэсэн тов тодорхой үндэслэлээр хууль хэрэглээний хувьд татгалзлаа тодорхойлж маргасан. Учир нь эмчийн магадалгаагаар чөлөөтэй байсан явдал, хугацаа нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болоогүй юм. Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хууль хэрэглээний хувьд тодорхойлсон, хариуцагч тал ч татгалзлын үндэслэлээ хууль хэрэглээтэй холбогдуулан тодорхойлсон тул хууль хэрэглээний асуудлыг нотлох боломжгүй буюу зөвхөн аль аль талын маргаж байгаа ганц цэг болох хуулийн зохицуулалтыг хэрхэн ойлгож, хэрэглэхийг тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх ёстой байсан.

“М ” ХХК нь нэхэмжлэгч Н.Э-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн, дур мэдэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр кемпээс гарч явсан, ажлын байраа дур мэдэн орхин явсан, ажил тасалсан гэх зөрчил гаргасан учир ажлаас чөлөөлсөн. Энэ талаар тушаалд тодорхой заасан. Гэтэл Н.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тушаалын дээрх үндэслэлүүдтэй огт маргаагүй буюу согтууруулах ундаа хэрэглээгүй, дур мэдэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр кемпээс гарч яваагүй, ажлын байраа дур мэдэн орхин яваагүй, ажил таслаагүй гэж огт маргаагүй бөгөөд Н.Э нь ажлаас халсан тушаалыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчиж халсныг зөвшөөрөхгүй гэж маргасан. Нэгэнт нэхэмжлэгч гаргасан зөрчлүүд дээр маргаагүй, тухайн зөрчлүүдийг гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч тал тушаалын үндэслэлээ нотлох, нотлох баримт бүрдүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Архи уугаагүй гэж маргахгүй байхад түүний архи уусныг нотлох ёстой байсан гэж анхан шатны шүүх үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн шийдвэр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл нь жам ёсны, хууль ёсны тохиолдлуудыг нэрлэн заах замаар ажил, албан тушаалыг хэвээр хадгалах зорилго бүхий зохицуулалт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан тухайн тохиолдлуудыг зөрчил гэж үзэж болохгүй гэсэн агуулга бүхий зохицуулалт болохоос бус архи ууж согтуурчхаад, ажлаа тасалж явчхаад эмчээс бичиг авчих юм бол гаргасан зөрчлийг авч хэлэлцэж, хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн агуулга бүхий зохицуулалт биш юм. Уг агуулгаар нь ажил олгогч Н.Э-т 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан зөрчилд нь хариуцлага хүлээлгэсэн бөгөөд түүний эмчийн магадалгаатай байсан үйл баримтыг зөрчилд тооцоогүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч “М ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Н.Э нь “М ” ХХК-ийн Хөшөөтийн уурхайд агуулахын ахлах ажилтнаар ажиллаж байсныг “М ” ХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 043/19 дүгээр тушаалаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журам, Сахилгын болон Компанийн дүрмийн зохих заалт, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг тус тус баримталсан бөгөөд ажилтан нь согтууруулах ундаа хэрэглэсэн, ажил тасалсан гэх үндэслэл заажээ. /хх-ийн 4 дүгээр тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эмчийн магадалгаагаар чөлөөтэй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчиж ажлаас буруу халсан гэж тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд талууд нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нөхцөл байдлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөх цуглуулах замаар хангалттай мэтгэлцэж чадаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, ажил олгогч өөрийн татгалзлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн тодорхойлж байх ба ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх үйл баримтыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Энэхүү үйл баримтыг нотолсон, үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй байна.

Хэдийгээр хуульд хэргийн зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,  түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан ч энэ нь нэг талаас үүрэг мэт боловч нөгөө талаас түүний мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр болдог. Хэргийн оролцогч шаардлагатай гэсэн нотлох баримтыг шүүхэд  бүрэн хангалттай гаргаж өгснөөр хэргийг зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно. Өөрөөр хэлбэл, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байсан, ажил олгогчийн тушаал үндэслэлтэй эсэх нь тогтоогдоогүй, энэ талаар харилцан мэтгэлцээгүй байна.

Дээрх үйл баримтыг тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл болж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлийг хамааруулах эсхүл үгүйсгэх эсэхийг дүгнэх боломжгүй бөгөөд шүүх зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг үндэслэл болгон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь талуудын маргаанд хамааралтай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, тэдгээрт тайлбар өгөх хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, шүүх хэргийн оролцогч,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгох давж заалдах гомдлыг хангах боломжтой.

Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг эрх бүхий этгээд гаргасан эсэх гомдлыг зөвхөн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн атал шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. Энэ асуудлыг нөгөө талд танилцуулах, хариу тайлбар гаргах, няцаалт хийх боломжоор хангах үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно. /хх-ийн 57 дугаар тал/

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрх зөрчигдсөн гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00876 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 50 505 төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                Б.НАРМАНДАХ