| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2022/01881/И |
| Дугаар | 183/ШШ2022/02374 |
| Огноо | 2022-08-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2022/02374
| 2022 оны 08 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2022/02374 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 0 дугаар баг, Цагаан-Овоо хаягт оршин суух, С овогт Х.Ц /РД:ЗИ000000000/,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цагаан-Овоо хаягт оршин суух, Цовогт М.Д /РД:ЗГ00000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 00 дугаар байр, 000 тоот хаягт оршин суух, Х овогт Т. Н /РД:УП00000000/-д холбогдох,
Зээлээр худалдах худалдан авах гэрээний үнэ 8.483.200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Г
Хариуцагч: Т.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагчтай мах өгч авалцаж байсан. Нийт 17.283.09 төгрөгийн махыг хариуцагчид нийлүүлсэн. Төлсөн дүн нь 8.800.000 төгрөг, үлдэгдэл төлбөр нь 8.483.200 төгрөг болсон. Хариуцагч нь эхний ээлжинд өгнө гэсэн боловч сүүлд утсаар холбогдоход төлөхгүй гэж хэлсэн гэв.
2. Хариуцагч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аргун венчурс компани болон Х.Ц, М.Д нарын хоорондын гэрээ байсан. Уг гэрээний дагуу махнуудыг хүлээж авч, өгсөн. Түүнээс би төлөх үндэслэлгүй. Би хувьдаа энэ махыг хэрэглээгүй, компанийн ажилчдын хэрэглээнд зарцуулагдсан тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, зарлагын баримтууд, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дансны хуулга зэргийг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас оршин суугаа хаягийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Ц, М.Д нар нь зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр 8.483.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Н би А ХХК-нд ажилладаг байсан, нийлүүлсэн мах нь тус компанийн ажилчидын хоолонд зарцуулагдсан, түүнээс би хувьдаа авч ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 4, 5, 6 дугаар сарын зарлагын баримтаар А ХХК-нд Ц үхрийн мах нийлүүлж байсан баримт авагдсан бөгөөд Х.Ц деспозит дансны дэлгэрэнгүй хуулгаар махны үнийг Аргун венчурс ХХК төлж байжээ. /хх-ийн 5-14 дүгээр тал/
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу А ХХК, Х.Ц нарын хооронд зээлээр худалдан худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Т.Н зээлээр худалдан авсан махыг хүлээж авснаар төлөх үндэслэлгүй бөгөөд зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна.
Иймд Т.Н холбогдох 8.483.200 төгрөг гаргуулах тухай Х.Ц, М.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 150.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Т.Н холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үнэ 8.483.200 төгрөг гаргуулах тухай Х.Ц М.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Х.Ц шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО