2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1975

 

 

                             

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн Х.Лхагвамаа,

улсын яллагч М.Билгүүтэй /томилолтоор/,  

шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Б-ийн И-т холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.И нь 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “****** ” төвийн хойно ******** улсын дугаартай “Toyota Tacoma” маркийн тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Шийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед маш болгоомжгүй үйлдэл хийсэн байна. Маш их харамсаж гэмшиж байна. Хохирогчид шаардлагатай эрүүл мэндийн туслалцаа үзүүлсэн. Хохирогч гомдол, саналгүй гэсэн байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************* дугаартай хэргээс:

Улсын яллагч зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/, хохирогч Б.Шийн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Ггийн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Баяртогтохын гаргасан 2025 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн ЕГ0725/6798 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн 0000910 дугаартай магадлагаа /хх-ийн 64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.И нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно. 

Шүүгдэгч Б.Ит холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.И нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Б.И нь 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “****** ” төвийн хойно ******** улсын дугаартай “Toyota Tacoma” маркийн тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Шийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Нотлох баримтын талаар:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/

- Хохирогч Б.Шийн: “... Би 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн орой танил хүмүүстэйгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд маргааш нь буюу осол болох өдөр 14 цагийн үед 100 айлын ******  төвийн хойд нарийн замд Контейнарын сүүдэрт хөлөө жийгээд сууж байх үед нэг том цагаан автомашин зам дээр буцаж эргээд явах үедээ миний зүүн хөлийг дайраад яваад өгчихсөн. Тэгээд хажуугаар явж байсан хүмүүст би болсон явдлын талаар хэлээд дуудлага өгүүлсэн. Би согтуу байсан тэгээд хөлөө амраах гээд сүүдэр бараадаад сууж байсан. ... Миний эрүүл мэндтэй холбоотой надаас гарсан хохирол байхгүй байгаа жолооч төлж барагдуулсан.... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна, мөн сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би бас өөрийн буруутай үйлдлийг ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

- Хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн: “... Б.Ш талийгаач нь миний төрсөн дүү бөгөөд манайх эхээс 10-лаа ах, эгч дүү нар маань хөдөө орон нутагт байдаг. Би хотод суурин ажиллаж амьдардаг, талийгаач дүү маань манайд амьдардаг байсан, эхнэр хүүхэдгүй, хувиараа ажил хийдэг байж байгаад 2019 онд баруун хөлний хагалгаанд орсоны улмаас ажил хийх чадваргүй болоод, тэрнээс хойш архины хамааралтай болоод ирж яван байдаг байсан. 2024 оны 6 дугаар сард элэгний цирриозийн хүнд хэлбэртэй гэж оношлогдож байсан, Сүхбаатар дүүргийн эмнэлэгт эмчлүүлдэг байсан. Тэгээд сая сүүлд зам тээврийн осолд орсоны улмаас зүүн хөл нь хугарч эмчлэгдэж байгаад эмнэлгээс гараад сувилалд хэвтээд ослын гэмтэл нь гайгүй болчихсон эдгэж байсан, тэгээд 6 дугаар сарын 25, 26-ны үеэр гэрээс гараад явсан байсан, орой нь согтуу гудаманд байхаар нь би аваад гэртээ авч ирсэн. Тэгээд маргааш нь ахиад гараад явчихсан байсан, манай хүүхдүүд явуулахгүй гэсэн боловч эмнэлэг яваад ирье гээд явсан байсан, тэгээд 5 өдөр гэртээ ирээгүй, би Бэлхээр сураглаад явж байтал нэг эзэнгүй хашаанд хэвтэж байсан би очоод гарыг нь татахад хөшчихсөн байсан, тэгээд нас барсан гэдгийг нь мэдсэн, тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний бодлоор элэгний өвчтэй байсан болохоор архи уугаад тэрнээс л болсон байх гэж бодоод байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн: “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Батаагийн Ш /РД:************* /-нь Гэмтэл согог судлалын үндэсний төв болон бусад эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 329,250 / гурван зуун хорин есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 329,250 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2025 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн ЕГ0725/6798 дугаартай: “Б.Шийн биед зүүн шаант ясны зөрөөтэй хугарал, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн “Toyota Tacoma” маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.И нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Б.Ш нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12 б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа /хх-ийн 64-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.И нь 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “****** ” төвийн хойно ******** улсын дугаартай “Toyota Tacoma” маркийн тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 10.1-т заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Шийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Мөн шүүгдэгч Б.И нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Шийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хохирогч нь эмчилгээний төлбөртэй холбоотой шинэ баримтыг ирүүлээгүй,  мөн энэ талаар маргаж байгаа талаар санал, хүсэлтийг илэрхийлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш нь эрүүл мэндийн даатгалын сангаас 329,250 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Иийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон түүний 2,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” саналыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн хэсгийн 1.1-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж тус тус заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Иийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа бүрэн төлж барагдуулсан талаарх баримтууд зэргээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь түүнд холбогдох хэргийн гэм буруугийн үндсэн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх үед мөн адил гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд шүүгдэгч Б.Иийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон түүний хохирогчид 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Б.Иийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Б.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн Б-ийн И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.И-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Б.И-т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Шийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 329,250 төгрөгийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи - 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ