Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/88

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч Х.Л*******н нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Л*******нд холбогдох эрүүгийн 2415003200011 дугаартай, 304/2025/0036/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж******* овогт Х*******гийн Л*******н, Булган аймгийн Г******* суманд 1987 оны 11 дүгээр сарын 25-ны төрсөн, Булган аймгийн Г******* сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Шүүлт мал эмнэлэг газрыг хувиараа ажиллуулдаг, ам 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, эрэгтэй, 37 настай РД:*******,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүгдэгч Х.Л*******н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчим Булган аймгийн Хөгнө 5 дугаар багт оршин суух Н.Б*******ийн гэрт мах идэж байхдаа хохирогч Э.У*******ын цээжний зүүн талд 7, 8 дугаар хавирганы түвшинд 1 удаа хутгалж цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2415003200011 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.Л*******н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчим Булган аймгийн Хөгнө 5 дугаар багт оршин суух Н.Б*******ийн гэрт мах идэж байх явцдаа хохирогч Э.У*******ын цээжний зүүн талд 7, 8 дугаар хавирганы түвшинд нэг удаа хутгалж цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Л*******н өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Хохирогч Э.У*******ын өгсөн: “... Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр 17 цагийн үед байхаа Хөгнө 5 дугаар багт манай том ахын хүү болох Б*******ийн гэрээс адууны ногт авахаар очсон юм намайг очиход Б*******ийн гэрт Б, Лхагвадорж, Цэндээ гуайн Сандагаа нар архи уугаад идэшээ хийгээд байж байсан тэгээд би тэдгээр залуустай нийлээд нэг шил архины тал хувааж уусан юм тэгээд удаагүй хоорондоо хэрүүл маргаан гаргаагүй байж байтал Л*******н гэнэт миний хажууд сууж байснаа босож явснаа гэнэт хутга гаргаж ирээд дүрчих шиг болсон. Тэгээд би өвөртөө гараа хийгээд үзтэл гар маань цус болсон байсан. Тэгээд би эхнэрээ дуудаад сумын төв рүү эмнэлэг дээр ирээд 2 оёдол тавиулсан юм. Тэгээд тухайн үед гарч байсан эмч Улаанбаатар хот руу явахыг зөвлөөд тэр оройноо Улаанбаатар хот яваад Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн юм. Л*******н тухайн үед нэлээн согтуу байсан бид 2 ерөөсөө хэрүүл маргаан хийгээгүй тэнд байсан хүмүүстэй ч маргалдаагүй ямар ч шалтгаангүй хутгалсан... тэнд ерөөсөө өөр маргалдаж зодолдох асуудал гаргасан зүйл огт болоогүй. Намайг хутгалсан гэх хутгийг ямар хутга байсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан урт хутга байсан байх. Намайг Л*******н хутгалахыг Б болон Сандагаа нар харсан байх. Л*******н манай ойр хавийн айлууд Лхагваа гэж дууддаг би бүтэн нэрийг нь Лхагвадорж гэдэг шиг санаад тийм мэдүүлэг өгсөн юмаа. Л*******н тухайн үед нэлээн согтуу байсан бид 2 ерөөсөө хэрүүл маргаан-хийгээгүй тэнд байсан хүмүүстэй ч маргалдаагүй тэд нар идшээ хийгээд мах чанасан байсан тэгээд мах идэж байгаад хутга нь халтираад намайг хутгалчих шиг болсон. Надад сэтгэл санаанд учирсан хохирол гаргуулах шаардлагагүй, надад Л*******н эмчилгээний зардал болох 15 сая төгрөгийг манай эхнэр болох О*******ийн 5285099575 дансаар бүрэн төлж барагдуулсан. Мөн хотод хувийн "Зүтгэл найдвар" гэдэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухайн гарсан зардал 1,200,000 төгрөгийг Л*******н төлсөн... миний хувьд гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Би утга найруулгын хувьд сандраад алдаатай мэдүүлэг өгсөн байж магадгүй тэрнээс худлаа мэдүүлэг өгсөн зүйл огт байхгүй... нэг харахад Л*******н хүзүүний мах аваад нугалах гээд байгаа харагдсан би ч анзаараагүй юм яриад сууж байсан. Тэгтэл зүүн хажуугаас цохих шиг болсон тэгэхээр нь би Л*******нг яаж байна өвгөөн гээд буцаж хараад сууж байхад гэнэт халуун оргиод байхаар нь гараа хийгээд хартал цус болсон байсан. Тэгтэл Л*******н уучлаарай хөгшөөн хүзүү нугалах гэж байгаад байгаад халтираад хатгачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 21-22, 25-26, 28, 201-202 дахь тал/,

   2. Хохирогч Э.У*******ын дахин өгсөн мэдүүлэгт: “...Би эрх үүрэгтэйгээ танилцсан асууж тодруулах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө. Би уншиж чадна, бичихдээ алдаатай бичдэг би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх хүсэлтэй байна. Би бичиг үсэг сайн мэдэхгүй гэхдээ ойр зуурын юм уншаад гарын үсэг зураад банкнаас мөнгө аваад байдаг юм. Л*******нг манай ойр хавийн айлууд Лхагваа гэж дууддаг би бүтэн нэрийг нь Лхагвадорж гэдэг шиг санаад тийм мэдүүлэг өгсөн юмаа. Би 1996 оноос 1999 он хүртэл Булган аймгийн Г******* сумын ЕБС-ийн 4-ийн А ангид Пүрэвжаргал багшийн ангид 4 дүгээр анги хүртлээ сураад төгсөөгүй сургуулиас гарсан юм. Тухайн хэрэг болдог газар Хөгнө 5 дугаар багт болсон Би гэрийн хаалгаар дөнгөж ороод баруун гар талд буюу ертөнцийн зүгээр гэрийн зүүн хэсэгт сууж байсан миний доод талд Л*******н сууж байсан одоо тухайн хэрэг болсон гэх айл нүүгээд өвөлжөөндөө буусан гэсэн Би урьд өмнө өгсөн мэдүүлэгтэй тодорхой ярьсан байгаа хамаатны дүү болох Б*******ийн гэрт адууны ногт авахаар очсон юм намайг очиход Л*******н, С, Б нар байсан өөр хүн бол байгаагүй тэд нар гадаа идшээ хийгээд байж байсан гэр дотор бол Л*******н болон Б, С нар байсан санагдаж байна. Л*******н тухайн үед нилээн согтуу байсан бид 2 өөрөөсөө хэрүүл маргаан хийгээгүй тэнд байсан хүмүүстэй ч маргалдаагүй тэд нар идшээ хийгээд мах чанасан байсан тэгээд мах идэж байгаад хутга нь халтираад намайг хутгалчих шиг болсон тухайн үед Л*******н их согтуу хяналтаа алдсан байсан тэгээд би яаж байна гэтэл мань хутга халтирчихлаа гэж байсан Л*******н бид 2- ийн дунд өр авлага өс хонзон байхгүй. Л*******н тэнд ерөөсөө өөр хүнтэй маргалдаж зодолдож асуудал гаргасан зүйл огт болоогүй. Тухайн үед бүгд уусан байсан байх ямар ч байсан Л*******н бид 2 тэр тал архийг хувааж уусан. Намайг хутгалсан гэх хутгийг ямар хутга байсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан хутга байсан байх. Намайг Л*******н хутгалахыг Б болон Сандагаа нар харсан байх. Надад сэтгэл санаанд учирсан хохирол гаргуулах шаардлагагүй надад Л*******н эмчилгээний зардал болох 15 сая төгрөгийг манай эхнэр болох О*******ийн 5285099575 дансаар бүрэн төлж барагдуулсан мөн хотод хувийн эмнэлэгт хэвтсэн зардлыг төлсөн байгаа надад ямар гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Би хувийн Зүтгэл найдвар гэдэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухайн гарсан зардал 1 сая 200 мянган төгрөгийг Л*******н төлсөн.... гэх мэдүүлэг     

3. Хохирогч Э.У*******ын дахин өгсөн мэдүүлэгт: “...Би утга найруулгын хувьд сандраад алдаатай мэдүүлэг өгсөн байж магадгүй тэрнээс худлаа мэдүүлэг өгсөн зүйл огт байхгүй. Эхний өгсөн мэдүүлэгт би Улаанбаатар хотод улсын болон хувийн эмнэлэгт 16-17 хоног хэвтэж гараад сумандаа ирсэн өдрөө хэсгийн төлөөлөгч дуудаад мэдүүлэг өгсөн. Тухайн үедээ бие хаа өвдөөд сэтгэл санаа үймрээд дөнгөж эмнэлгээс гарсныг ч хэлэх үү, өмнө мэдүүлэг өгч байгаагүй болохоор сандраад ямар ч байсан Л*******н намайг хутгалсан гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Дараа нь би юу болсон талаар бодоод байхад Л*******н миний хажууд зэрэгцээд түмэнтэй мах идээд сууж байгаад нэг нь түмпэнтэй махыг аваад Л*******н босоод аяга хийдэг шүүгээнээс юм аваад суусан би юу авсныг хараагүй. /тэгэхэд хүзүү нугалах гэж хутга авсан юм бол уу гэж бодсон/ Тэгээд би Стой адуу мал яриад нэг харахад Л*******н хүзүүний мах аваад нугалах гээд байгаа харагдсан би ч анзаараагүй юм яриад сууж байсан.Тэгтэл зүүн хажуугаас цохих шиг болсон тэгэхээр нь би Л*******нг яаж байна өвгөөн гээд буцаж хараад сууж байхад гэнэт халуун оргиод байхаа нь гараа хийгээд хартал цус болсон байсан. Тэгтэл Л*******н уучлаарай хөгшөөн хүзүү нугалах гэж байгаад байгаад халтираад хатгачихлаа гэж хэлсэн тэгээд намайг аваад гэрт ирээд сумын эмнэлэг ороод Улаанбаатар хотод хүргэж өгсөн. Болсон асуудал ерөөсөө энэ эхний мэдүүлэгт өгсөн босоод хутга аваад хутгалсан гэдгийг сандраад буруугаар ойлгуулсан байж магадгүй. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг,

4. Гэрч А.О*******ийн дахин мэдүүлэгт:... Би Л*******нг бүтэн нэрээр нь мэдэхгүй сүүлд Л*******нд гомдолгүй гэж өргөдөл бичихдээ л мэдсэн юм. Манай тэр хавийн хүмүүс дандаа Лхагваа гэж дууддаг. Манай нөхөр болон Л*******н нарын дунд эртний өс хонзон байхгүй гайгүй хоорондоо найзууд байдаг байсан надтай бол маргалдаж хэрэлдэж байсан удаа байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй Л*******н манай хохирлыг бүрэн барагдуулсан эмчилгээний зардал болох 15 сая төгрөг миний 5285099575 гэсэн миний дансаар шилжүүлсэн....гэх мэдүүлэг,

5. Гэрч А.О*******ийн дахин мэдүүлэгт:“...Манай нөхөр ер нь үг дуу цөөтэй олон юм яриад байдаггүй хүнд юмаа ойлгуулахдаа тааруу хүн байдаг. Би хэргийн талаар сүүлд асууж тодруулсан тэгэхэд тэнд хэрүүл маргаан зодоон цохио болоогүй Л*******н бид хоёр зэрэгцээд сууж байсан би мах идээд хүнтэй юм яриад сууж байхад Л*******н нэг харахад мах идээд хүзүү нугалах гээд байгаа харагдсан тэгээд би анзаараагүй юм яриад байж байхад араас цохих шиг болсон тэгээд хэсэг байж байгаад халуун юм урсаад ирсэн тэгээд гараа хийгээд үзэхэд цус гарсан байсан гэж ярьж байсан тэгээд гэртээ ирсэн гэж хэлсэн. Тухайн үед манай нөхрийг Л*******н гэрт хүргэж ирэхэд нь би юу болсон юм гэхэд би мах идэж байгаад санамсаргүй хатгачихлаа гэж хэлж байсан. Тиймээ би санаж байна 2025 оны 01 сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг байгаа юм төлөөлөгч 2025 оныг 2024 он гэж андуураад бичсэн байсан ... гэх мэдүүлэг,

6. Иргэний нэхэмжлэгч Б.Аын өгсөн: “... Манай байгууллагын зүгээс Эрүүл мэндийн даатгалын сангаас Э.У*******т зарцуулагдсан 1,411,116 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дансанд төлүүлсэн учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-32, 37 дахь тал/,

   7. Гэрч А.О*******ийн  өгсөн: “... 2024 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр манай нөхөр болох У******* гаднаас 20 цагийн үед Л*******нгийн хамт хутгалуулчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуутал Лхагвадорж намайг хутгалсан гэж байсан, тэгээд би дээл хувцсыг нь сольж өгөөд цуг сумын төвийн эмнэлэг оруулж 2 оёдол тавиулаад сумын төвийн эмчийн зөвлөснөөр Улаанбаатар хот руу Лхагвадоржтой цуг явсан юм өөр юу болон талаар мэдэх зүйл алга байна. Манай нөхөр өдөр гэрээсээ гарахдаа архи уугаагүй гарсан гэртэй ирэхдээ халамцуу хутгалуулчихлаа гээд ороод ирсэн өөр мэдэх зүйл алга.. Лхагвадорж бол нэлээн согтуу байсан. Би хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. Би хэргийн талаар сүүлд асууж тодруулсан тэгэхэд тэнд хэрүүл маргаан зодоон цохион болоогүй Л*******н бид хоёр зэрэгцээд сууж байсан би мах идээд хүнтэй юм яриад сууж байхад Л*******н нэг харахад мах идээд хүзүү нугалах гээд байгаа харагдсан. Тэгээд би анзаараагүй юм яриад байж байхад араас цохих шиг болсон тэгээд хэсэг байж байгаад халуун юм урсаад ирсэн. Тэгээд гараа хийгээд үзэхэд цус гарсан байсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41, 198-199 дэх тал/,

   8. Гэрч Ц.Сийн өгсөн: “... Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай найз болох Б******* намайг дуудаад идэш хийлцээд өгөөч гэж дуудсан юм тэгээд бид нар идшээ хийгээд дуусаж байхад Л*******н ирээд дараа нь У******* ирсэн юм. Тэгээд бид нар махаа зөөж байгаад гэрт ортол У******* ах Л*******н намайг хутгалчихлаа гээд байсан. Тэгээд У*******ыг С гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Бид нар гадаа мал янзалж байсан болохоор надад өөр мэдэх зүйл алга байна Тухайн үед гэрт У******* болон Л*******н 2 байсан архи уугаад байж байсан. Тэнд ерөөсөө хэрэлдэж маргалдсан хүмүүс байгаагүй тэр 2 хоорондоо маргалдаагүй гэсэн. Би тухайн хутгыг хараагүй ямар хутга байсныг мэдээгүй ямар ч байсан гэрт ороход У******* ахын зүүн хавирга хэсэгтэй хутгалуулсан юм шиг зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-50, 236-237 дахь тал/,

   9. Гэрч Н.Б*******ийн өгсөн: “... Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн найзууд болох С, Б нарын хамт ах эгчийн өвлийн идшийг бэлтгэж байтал манай хамаатны ах болох Л*******н оройн 18 цагийн үед ирсэн тэгээд удаагүй 19 цагийн үед У******* ах ирсэн тэгээд манайд өдөр хүмүүс ууж байгаад үлдээсэн байсан 75 гармын архины тал байсан юм тэрийгээ 2 ахад гаргаж өгөөд бид нар гадаа идшээ янзлаад гэр лүүгээ ортол У******* ах Л*******н намайг хатгачихлаа гэсэн тэгэхээр би дээлийг нь тайлаад хартал 2 хуруу зайтай исгэсэн юм шиг харагдаж байсан. Тэгээд би У******* ахыг гэрт нь хүргэж өгсөн юм. Намайг гэрт орох үед У******* болон Л*******н ах нар миний гаргаж өгсөн тал архийг бүгдийг нь хуваагаад ууцан байсан. Тухайн хутга нь манай хутга байгаа юм би идэш хийж байсан болохоор мах чанасан байсан, тэр 2 манайд мах идэж байгаад тийм зүйл болсон юм шиг байна лээ тэр хутгыг үүд рүү усны савны зүг шидсэн байсан. У*******, Л*******н 2 хэрэлдэж зодолдсон асуудал байхгүй гадаа мал гаргаж байхад гэрт хэрэлдэж ноцолдсон ямар нэг дуу чимээ гараагүй өөр надад мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

   10. Гэрч Д.Эийн өгсөн: “... 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн үед манай Эрүүл мэндийн төвд хутгалуулсан хүн ирлээ гэсэн тэгээд би үл таних залууд үзлэг хийхэд амин үзүүлэлт хэвийн зүүн хавирганы дээр зүсэгдсэн, хатгагдсан ил шархтай залуу байсан тэгээд ариун багаж хийж шалгахад 2-3 см гүн шархтай нэлээн халамцуу залуу байсан ингээд би 2 оёдол тавьж шинж тэмдгийн эмчилгээ хийж Улаанбаатар хот руу явахыг зөвлөөд явуулсан өөр мэдэх зүйл алга байна. У******* нь өөрөө хөлөөрөө алхаад орж ирсэн ухаан санаа эрүүл байсан. Тухайн залууд эмчилгээ хийхэд архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57- 58 дахь тал/,

   11. Гэрч Б.Бийн өгсөн: “... Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн найз болох Б*******ийн гэрт идэш хийлцэхээр очсон юм. Тэгээд бид нар идшээ хийгээд дуусаж байтал эхлээд Л*******н ах ирээд дараа нь У******* ах ирээд тэнд архи уух хүмүүс нь уугаад, уухгүй нь гадаа мал янзлаад байж байсан. Тэгээд гэр дотор У*******, Л*******н ах болон миний бие байж байтал тэр 2 хоорондоо юм яриад инээлдээд байж байснаа би ерөөсөө анзаараагүй гэнэт У******* ах Л*******н чи яаж байна чи намайг хатгачихлаа шүү дээ гээд босоод ирсэн. Тэгээд У******* хувцсаа тайлсан чинь цус болсон байсан. Тэгээд Л*******н ах, Б******* нар У*******ыг гэр лүү нь дагуулж яваад эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн. Тухайн үед гэр дотор би болон У*******, Л*******н нар лав байсан бусад хүмүүс орж гараад байж байсан архийг бол уух нь уугаад уухгүй нь орж гараад явж байсан. У*******, Л*******н нар бол намайг харж байхад 2 уулаа нэг дөрвөлжин шилтэй архи хувааж уусан ямар архи гэдгийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан тэнд хэрэлдэж маргалдсан асуудал болоогүй юунаас болж хутгалсанг бол хараагүй миний хувьд өдөр мал янзалж байхдаа ганц нэг татсан. Тухайн хутга нь Б*******ийн гэрт байсан шар иштэй нарийхан хутга байх шиг байсан тэгээд хутгаа үүд рүү шидэх шиг болсон...” гэх мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн 61-62,233-234 дэх тал/,

   12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 159 дугаартай шинжээчийн “... Э.У*******ын биед цээжний зүүн талд 7, 8 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт (600.0 мл) гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 99-101 дэх тал/,

   13. Хутга, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн  4-12 дахь тал/,

   14. Яллагдагч Х.Л*******нгийн өгсөн: “... 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би хөдөөгүүр малд тариа хийж байгаад нутгийн айл болох  Б******* гэх айлд очсон... Улмаар У******* бид хоёр архи ууж согтсон байсан бөгөөд мах идэх гээд хутга барьцгаагаад ор нь дээр зэрэгцээд сууж байсан. Тэгээд би хүзүү нугалах гээд хутгатай гараараа хүчтэй хүзүүний заадас руу хатгаад таттал зэрэгцээд сууж байсан У*******ын зүүн цээж хэсэг рүү хутгаараа хатгачихсан юм. Улмаар гадаа байсан залуучууд орж ирсэн бөгөөд би У*******ыг яаралтай аваад машинд суулгаад улмаар хөдөө гэрээр нь дайрч У*******ын эхнэрийг аваад сумын төвийн эмнэлэгт хүргэж өгсөн. Улмаар би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж У*******ын эмчилгээний бүх зардлыг төлж барагдуулсан бөгөөд сэтгэл санааны хохиролд 15 сая төгрөгийг төлөөд байгаа юм. Одоо У******* нь надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал/,

   15. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, туршилт хийх үеийн бичлэг /1 дүгээр хавтаст хэргийн 203-207 дахь тал/,

   16. Хохирогч Э.У*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 208-215 дахь тал/,

   17. Шинжээч эмч Ц.Бадралын өгсөн: “Анх хутгалуулсны дараах үеийн шархны чиглэл, ир үзүүр ир хаашаа харсан эсэхийг анх шарханд оёдол тавьж, цэгцэлгээ хийсэн болон мэс заслын үед тогтоох боломжтой. Шинжлүүлэгч Э.У*******ыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ГССҮТ эмнэлгийн хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмчлүүлэгсдийн өрөөнд очиж үзэхэд цээжний зүүн талд мэс заслын цэвэр боолттой байсан ба мэс заслын хагалгааны дараах байдалтай байсан учир чиглэл, ир үзүүрийг аль талдаа харсан эсэхийг тогтоох боломжгүй юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 219 дахь тал/,

   18. Шүүх сэтгэц эмгэг судлалын №13 дугаартай шинжээчийн “... Э.У******* нь боловсролын түвшин доогуур боловч сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй эрүүл болно...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 225 дахь тал/,

   19. Гэрч Д.Эийн өгсөн: “... У*******ын зүүн хавирганы доод хэсэгт 2 оёдол тавьсан шархны урт 2.5-3 см урттай 1 удаагийн шархтай байсан, хутганы чиглэл нь биеийн зүүн хэсгээс 2-3 дугаар хавирга хавьцаа цээжний хөндий рүү нэвтэрсэн байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 240 дэх тал/,

   20. Гэрч И.Эын өгсөн: “... 2024 оны 11 сарын 23-ны өдөр орой хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна хутгалуулсан хүн ирсэн гэх дуудлагаар очиж биеийн байдлыг үзсэн. Тэгэхэд дээлтэй бор царайтай ах байсан зүүн хойд талдаа хутганы шархтай цус алдсан байдалтай байсан ба шингэн хийж, зүрх дэмжих тариа, хүчил төрөгч өгч амин үзүүлэлтийг хянаж биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээ хийсэн. Тэгээд суманд хагалгаа хийх боломжгүй тул Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр тээвэрлэсэн. 04 цаг өнгөрч байхад хүлээлгэн өгч цээжний зураг авхуулж хэвтсэн... тухайн үед цусыг нь хурдан тогтоогоод амин үзүүлэлтийг тогтворжуулах гээд шархны чиглэлийг хараагүй. Шархны ойр орчмыг цэвэрлэж ариутгаад боолт хийлгэсэн, тэгээд оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 245- 246 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

         

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.У*******, иргэний нэхэмжлэгч Б.А, гэрч А.О*******, Ц.С, Н.Б*******, Д.Э, Б.Б нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 159 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдан шалгах туршилт хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад,

 Шүүгдэгч Х.Л*******н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчим Булган аймгийн Хөгнө 5 дугаар багт оршин суух Н.Б*******ийн гэрт мах идэх явцдаа болгоомжгүйгээр  хохирогч Э.У*******ын цээжний зүүн талд 7, 8 дугаар хавирганы түвшинд нэг  удаа хутгалж цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь  хүнд хохирол  учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Хохирогч Э.У*******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүнд хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Л*******н нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн ба гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэг нь “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байдлыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан ...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Х.Л*******нгийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүнд болгоомжгүй хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Л*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х.Л*******н болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Л*******н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 16.300.000 төгрөгийг хохирогч Э.У*******т хүлээлгэн бөгөөд хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор дүгнэлт гаргуулахгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Мөн шүүгдэгч Х.Л*******н нь эрүүл мэндийн даатгалын санд  учирсан 1.411.116 төгрөгийг  эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Л*******нг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

1 дүгээр хавтаст хэргийн 119-128 дугаар талд авагдсан Булган аймгийн Г******* сумын Хөгнө багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа гарын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар шүүгдэгч Х.Л*******н нь Булган аймгийн Г******* сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Шүүлт мал эмнэлэг газрыг хувиараа ажиллуулдаг, ам 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүгдэгч Х.Л*******нгийн хувьд болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр харилцан маргадаггүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Тухайн зүйл хэсэгт эрх хасах ялыг хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулна гэж хуульчилсан. Иймд шүүгдэгч бусдын эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл ашиглаж хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогддог. Иймд шүүдэгч Х.Л*******нг галт зэвсэг ашиглах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнцэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг тус тус гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө нэмэгдэл эрх хасах ялтай. Тухайн үед шүүгдэгч Х.Л*******н нь зэвсгийн чанартай хутга хэрэглэж уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал байдаг. Тийм учир улсын яллагчтай санал нэг байна. Галт зэвсэг хэрэглэхийг 2 жилийн хугацаагаар хасаж өгнө үү  гэх саналыг,

 

Шүүгдэгч Х.Л*******н нь  тусгайлан гаргах саналгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх  нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Л*******н нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай, бариулын нэг тал хугарч эвдэрсэн, шаргал өнгийн иштэй  хутга нэг ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж******* овогт Х*******гийн Л*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л*******нгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л*******нд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Л*******нг оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг болон хязгаарлалтыг зөрчсөн, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Л*******нд сануулсугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч Х.Л*******н нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Л*******нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч Х.Л*******н нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай, бариулын нэг тал хугарч эвдэрсэн, шаргал өнгийн иштэй хутга нэг ширхгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хохирогч гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ