| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 197/2025/0226/Э/220/2025/0454 |
| Дугаар | 2025/ШЦТ/1999 |
| Огноо | 2025-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1999
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Э.Мөнхболд,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Ц-ын Бод холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим машин ачлаа гэх шалтгаанаар хохирогч Н.Чтай маргалдаж, түүний нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын зүүн хэсэг, нүдний дотор булан, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед цэцэрлэг, сургууль тарах цаг болж байсан. Би 7 буудал руу явж байхад ачлагын машин приус 41 маркийн машин ачиж байсан. Тухайн машины ард хоёр хүүхэдтэй эмэгтэй байсан. Тэгээд би машиныг нь буулгаад өгөөч гэж гуйсан боловч маргалдаад намайг 2-3 удаа машины толь мөргүүлсэн. Мөрдөгч бид хоёрыг “шүүх эмнэлэгт үзүүлээрэй” гэсэн ба маргааш нь би ажилтай байсан тул үзүүлж чадаагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************ дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Н.Чын мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч У.Эрдэнэзаяагийн мэдүүлэгн /хх-ийн 30-31-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13942 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/, хохирогч Н.Чын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 139-140-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/, гэрч Ц.Аын мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, шинжилгээ томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36-37, 47-48-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны албан бичиг /хх-ийн 79-р хуудас/, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 84, 86-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 85-р хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 136-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Ц.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ц.Бод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим машин ачлаа гэх шалтгаанаар хохирогч Н.Чтай маргалдаж, түүний нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын зүүн хэсэг, нүдний дотор булан, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хохирогч Н.Чын: “...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 хороо 6-н буудлын автобусны буудал дээрээс /автобусны карма/ машин ачих гэж байхад автобусны буудлаас хойно байрлан гаднаасаа үйлчилдэг эмийн сангийн орчимд явж байсан “субару порестер” маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн автобусны буудал руу ухарч ирээд бидний ачлагын машиныг хааж зогсоод жолооч нь машинаасаа бууж ирсэн бөгөөд түүнтэй хамт явсан эрэгтэй хүн хамт машинаас нь бууж ирсэн. Тэгээд тухайн машины жолооч нь гэх хүн “хүн нь ирчихсэн байна шүү дээ, машиныг нь буулга” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “жолооч нь биш байна, жолооч нь өөрөө ирээгүй бол ачиж явна” гэж хэлсэн. Тэгсэн чинь тухайн машины жолооч гэх 30-40 орчим насны эрэгтэй хүн нь намайг хэл амаар доромжилсон... Тэгээд тухайн жолооч нь бүр жолоочийн хажуугийн суудалд орж ирж суучхаад намайг заамдаад татсан. Тэр үед машины урагшдах арааг хийчихсэн учраас тухайн тоормос, консноос хөлөө авах л юм бол машин урагшаа явах аюултай байсан учраас тухайн хүнийг намайг заамдаж татах үед нь зөрүүлээд өөр рүүгээ татсан. Тэгээд тухайн хүн нь машинд сууж байхдаа миний нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийн биеийг хамгаалаад түүнийг цааш нь түлхсэн. Ингэж ноцолдож байхад манай машины голын арагшаа харсан толь хугарсан байсан. Тэгтэл тухайн хүн нь машинаас түлхэгдээд гарсан. Тэр үедээ намайг заамдсан байж таарсан бөгөөд намайг татагдаад хажуу тийшээ болох үед миний хамар, нүүр хэсэгт 2 удаа гараа зангидаж байгаад цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
- Гэрч У.Эрдэнэзаяагийн: “...Тэгээд тухайн машинаас бууж ирсэн 2 хүн намайг машиндаа суух гэтэл суулгахгүй нэг нь намайг боогоод машинаас холдуулаад зогсчихсон. Тэр үед нөгөө ах нь миний суух талаар машинд орж суугаад Чыг зодоод байсан. Би тухайн үед машин руу очоогүй болохоор машин доторх үйл явдлыг юу болсныг сайн мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13942 дугаартай: “Н.Чын хамрын зүүн хэсэг, нүдний дотор булан, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/,
- Хохирогч Н.Чын дахин өгсөн: “...Ирээгүй байсан. Бид нар жолоочийн буруутай үйлдэл буюу хориглосон газар зогссон зөрчлийг гаргасан жолоочийн тээврийн хэрэгслийг ачиж журамлахаасаа өмнө 3-с доошгүй удаа чанга яригчаар зарласан байсан. Тухайн үед машин ачна шүү гэж зарлаж байхад эзэмшигч гэх хүн гарч ирээгүй байсан учраас бид уг машиныг нь ачсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 139- 140-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим машин ачлаа гэх шалтгаанаар хохирогч Н.Чтай маргалдаж, түүний нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын зүүн хэсэг, нүдний дотор булан, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Н.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Н.Ч нь эмчилгээний зардалд 400,000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 85-86-р хуудас/ бөгөөд хохирогчид учирсан хохирлыг арилгахтай холбоотой гарсан зардлыг сайн дураар төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөниий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж тус тус заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болох шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа бүрэн төлж барагдуулсан талаарх баримт зэргээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь түүнд холбогдох хэргийн гэм буруугийн үндсэн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх үед мөн адил гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон түүний 2,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Ц-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Бод урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул шийтгэх тогтоолд хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ