| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2022/01978/И |
| Дугаар | 183/ШШ2022/02321 |
| Огноо | 2022-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2022/02321
| 2022 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2022/02321 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Д.Сүхбаатарын гудамж-00, Метро бизнес төв А блок 0 давхарт байрлах, Х.Х.З.Х УТҮГ /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 000 дугаар байр 000 тоотод байрлах, Т.АХХК /РД:00000000/-д холбогдо
Тусгай зөвшөөрлийн төлбөрт 3.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А,
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Х.З.Х Т.АХХК-тай 2015.05.20-ны өдөр 1037БNIIM 000 дугаар харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээг байгуулан Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц суурилуулалт, засвар үйлчилгээ тэр дундаа гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засварын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын дагуу ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө зохицуулах хорооны Голомт банк дахь 0000000000 дансанд шилжүүлнэ гэж заасан. Гэтэл Т.АХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2015.05.20-ноос 2018.05.20-ны өдөр хүртэл 3 жилийн тусгай зөвшөөрлийн төлбөр 3.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Т.АХХК-иас Б ангиллын зөвшөөрлийн гэрээний дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.АХХК нь Харилцаа холбооны зохицуулах холбоотой 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1037Б NIIM 000 тоот харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Б ангилалын зөвшөөрлийн гэрээг байгуулсан байдаг. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтад зөвшөөрөл эзэмшигч нь шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд зөвшөөрлийн төлбөрийг Зохицуулах хорооноос баталсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд зааснаар тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн гэрээ байгуулж, Зохицуулах хорооны Голомт банкин дахь 0000000000 тоот дансанд нэхэмжлэхийн дагуу төлнө гэж заасан. Харилцаа холбооны зохицуулах холбооноос шүүхэд гаргасан нотлох баримтаас үзэхэд, Б ангилалын тусгай зөвшөөрөл нь Т.АХХК-д 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгогдсоноор гарчээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр, Х.Х.З.Хноос гэрээний үүргийн шаардах эрх 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс үүссэн байна. Б ангилалын тусгай зөвшөөрөлд Т.АХХК-д тусгай зөвшөөрлийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгосон гэх боловч, Харилцаа холбооны зохицуулах холбооноос хугацаа хожимдуулсан, гэрээ байгуулагдсанаас хойш Т.АХХК-иас хэд хэдэн удаа тусгай зөвшөөрөл гарсан эсэх талаар асуухад зөвшөөрөл гараагүй, гармагц мэдэгдэнэ гэсэн боловч огт мэдэгдээгүй, тусгай зөвшөөрлийг гардуулж өгөөгүй байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан. Харилцаа холбооны зохицуулах холбоо нь өнөөг хүртэл гэрээний үүргийн шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй тусгай зөвшөөрлийг гардуулж өгөөгүй. Иймд Харилцаа холбооны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 1037 Б NIIM 000 тоот Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ, хавсралт, Б ангилалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, төлбөрийн тооцоо, мэдэгдэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Х.Х.З.Х УТҮГ нь Т.АХХК-д холбогдуулан Б ангиллын тусгай зөвшөөрлийн төлбөрт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ
2. Хариуцагч Т.АХХК манайх тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрөл аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
3. Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Х.Х.З.Х 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1037 Б NIIM 000 тоот харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ байгуулж, 0000 Б NIIM 336 тоот Б ангилалын тусгай зөвшөөрөл Т.АХХК-нд олгож, тус компанитай 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 0000 Б NIIM 336 тоот харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулжээ.
Хариуцагч нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрөл аваагүй гэх боловч хариуцагч Т.АХХК-ийг төлөөлж, Ч.Ц гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Ч.Цнь тухайн үед Т.АХХК-ийн гүйцэтгэх захирал байжээ.
Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн эзэмшигч Т.АХХК байсны хувьд түүний хураамж төлөх үүрэг нь Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-д заасны дагуу үүсэх учир нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа гурван жил байна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч Т.АХХК тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулснаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх хуулийн зохицуулалтад хамаарах бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарах юм.
5. Х.Х.З.Хны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т тусгай зөвшөөрөд авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхийг нэхэмжлэгчид олгохоор хуульчилсан.
Тусгай зөвшөөрөл олгосон цаг хугацаанаас хойш 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж эхлээгүй, одоог хүртэл үйл ажиллагаа явуулаагүй гэх хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар няцаагаагүй тул 2015 оны төлбөр 1.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
2016-2017, 2017-2018 онуудад үйлчлэх тусгай зөвшөөрөл нь дээрх хуульд заасны дагуу хүчингүй болох тул энэ хугацааны 2.000.000 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Т.АХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-д зааснаар хариуцагч Т.АХХК-иас 1.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Х.З.Х улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Х.З.Х УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.АХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО