Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01582

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01582

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дүгээр хороо, Ихтойруу, 00 дүгээр хороолол, Өег тулга ХХК, 000 тоотод байрлах, Н.Л ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Од овогт Ц.Т /РД:ХБ00000000/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 303.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.З, Б.Б,

Хариуцагч: Ц.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч: И.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Н.Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Н.Л ХХК нь иргэн Ц.Ттэй 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр УБ0000-000 дугаартай жилийн 35%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, 150.000.000 төгрөгийн зээл олгох нөхцөлтэй, зээлдэгч Ц.Т нь гэрээнд заасан хугацаанд үндсэн төлбөр, түүний хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөх болзолтой зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Н.Л ХХК нь зээлийн гэрээ байгуулагдсан өдөр болох 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлдэгч Ц.Т-гийн Хаан банкан дахь 0000000000 тоот дансанд 150.000.000 төгрөгийг шилжүүлж зээл олголтыг хийсэн. Зээлдэгч Ц.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 150.000.000 гөгрөг, хүүний төлбөрт 52.500.000.00 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч зөвхөн хүүний төлбөрт 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 47.500.000 төгрөг, зээлийн гэрээний хугацааг 1 жилийн хугацаанд сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан шимтгэл болох 2.500.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн. Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дуусах байсан бөгөөд тус өдөр дээрх гэрээнд зээлдэгчийн хүсэлтийг харгалзан үзэж нэмэлт, өөрчлөлт оруулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл буюу хуанлийн 365 хоногийн хугацаанд ижил нөхцөлтэйгээр сунгасан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болж, тус өдөр зээлдэгч Ц.Т зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн төлбөр, хүү, алданги тооцогдсон тохиолдолд алдангийн төлбөрийн үлдэгдэлгүй байх ёстой боловч Ц.Т нь гэрээний 3-т зээлдэгч нь энэ гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ, хүүгийн хамт төлөх үүрэгтэй. гэж, 4-т зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн хүү эсвэл үндсэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээл болон зээлийн хүүгийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр талууд тохиролцов гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд манай компани нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг Ц.Тгээс шаардсан боловч одоог хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн төлбөрт 150.000.000 төгрөг, хүүний төлбөрт 52.500.000 төгрөг, алданги 101.250.000 төгрөг, нийт 303.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

2. Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.Л ХХК-иас 2019 онд 150.000.000 төгрөг зээлж авсан. Би өөрөө барилга барьдаг. Үйл ажиллагаа явуулж байсан чинь 2020 онд зээлээ төлж чадахгүй нэг удаа сунгуулах хүсэлт өгсөн. Түүнээс хойш ковидоос шалтгаалаад төлбөр тооцоо хийхэд хэцүү байна сунгаад өгөөчээ гэсэн хүсэлт гаргасан. Гэвч хүсэлт гаргаад шийдэж өгөөгүй татгалзсан. Иргэний хуулийн дагуу хүү болон торгуулиа хасуулж төлөх хүсэлтэй байна. Алданги 101.250.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлдсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

3. Нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.04.12-ны өдрийн УБ0000-000 дугаар зээлийн гэрээ, түүний хавсралт, Ц.Тгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020.04.11-ний өдрийн УБ0000-00 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, түүний хавсралт, 2021.09.17-ны өдрийн зээл хаалтын тооцоолол, итгэмжлэл, Ц.Тгийн Новел ликинг ХХК-нд гаргасан хүсэлт зэргийг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нотлох баримт гаргаж өгөөгүй байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Н.Л ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 303.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Ц.Тд холбогдуулан шүүхэд гаргасан.

2. Хариуцагч Ц.Т нь үндсэн зээлийн үлдэгдэл 150.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 52.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 101.250.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Н.Л ХХК, Ц.Т нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр УБ0000-000 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 150.000.000 төгрөгийг жилийн 35 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн байна.

2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн УБ0000-000 тоот гэрээнд үндсэн зээл 150.000.000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 365 хоногийн хугацаатай сунгаж, жилийн 35 хувийн хүүтэй байхаар нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ хуулийн дагуу зээлдүүлэгч зээлийн төлбөрөө зээлдэгчээс шаардах эрхтэй байна.

4. Хариуцагч зээлийн төлбөрөөс үндсэн зээл 150.000.000 төгрөг, хүү 52.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин алданги 101.250.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Иргэний хуульд зааснаар талууд тохиролцож хүү тогтооно, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэж зохицуулсан байна.

Нэгэнт хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 150.000.000 төгрөг, хүү 52.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүх талуудын маргаж байгаа хэсэг болох алдангийн талаар дүгнэлт хийх нь зүйтэй.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй гэх заалтын дагуу алдангиас чөлөөлж өгнө үү гэх тайлбарыг гаргасан ба хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний дагуу зээлийн хүү нь Н.Т-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэх байдал тогтоогдоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан хүүнээс анз тооцохгүй гэдэг заалт талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд хамаарахгүй бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд анзын талаар тохиролцсон байгаа болно.

Харин Н.Л ХХК нь Ковид-19 цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгжийн үйл ажилллагаа явуулахгүй байх хугацаанд алдинги ногдуулсан нь Иргэний эрх зүйн диспозтив зарчимтай зөрчилдөж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алданги 101.250.000 төгрөгийн 50 хувь буюу 50.625.000 төгрөгийг хасаж, үлдэх 50.625.000 төгрөг, үндсэн төлбөр 150.000.000 төгрөг, зээлийн хүү 52.500.000 төгрөг, нийт 253.125.000 төгрөг хариуцагч Н.Т-ээс гаргуулж, Н.Л ХХК-нд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч Ц.Т-гээс 253.125.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Л ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50.625.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Н.Л ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.676.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Т-гээс 1.423.575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Л ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.