Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 55

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга С.Бат-Очир

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Г.Гүррагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар би Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тасаг овгийн Ганбаатарын Гүррагчаад холбогдох 201617000324 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Уулбаян сумын 5 дугаар багт  оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 27 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар 2 сар 25 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар ЛК89110137,  Тасаг овгийн Ганбаатарын Гүррагчаа

           

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Г.Гүррагчаа нь 2015 оны 12 дугаар сард Зоригт гэх хүний тэмээнд байсан алдуул бор зүсмийн охин торомыг завшиж 500.000 төгрөгийн, 

- 2016 оны 01 сард улсын бүртгэлгүй цэнхэр өнгийн иж-8 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Могч гэх газраас иргэн Ганзоригийн ар хонгондоо зуузай тамгатай, цагаан зүсмийн засаатай 1 тэмээг хулгайлж 450.000 төгрөгийн,

- давтан үйлдлээр 2016 оны 02 сарын 10-ны орчимд улсын бүртгэлгүй цэнхэр өнгийн иж-8 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн Э.Мөнхбаярын шаргал зүсмийн нас гүйцсэн сувай үнээг хулгайлж 500.000 төгрөгийн, 

- 2016 оны 06 сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн Д.Баярсайханы хөх зүсмийн сувай үнээ, улаас зүсмийн нас гүйцсэн сувай үнээг хулгайлж 1.600.000 төгрөгийн, 

- 2016 оны 06 сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн А.Ганболдын эр, им тамгагүй хүрэн халзан даагыг, 2016 оны 08 сард нум суман тамгатай зээрд охин даагыг хулгайлж 500.000 төгрөгийн буюу нийт 3.550.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Г.Гүррагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 сарын сүүлчээр Зоригтын тэмээнээс охин бор тором хэрэглэсэн, 2017 оны 1 сарын 10-ны үед Ганзоригтын тэмээнээс зуузай тамгатай 5 настай тайлга тэмээ хэрэглэсэн, 2017 оны 2 сарын 10-ны үед Дэлгэр овоо гэдэг газраас шарга гүү авч хэрэглэсэн. 2017 оны 6 сарын 10-ны үед эзэнгүй хүрэн даага им тамггагүй байхаар нь  адуундаа нийлүүлсэн. 2 үхрийн үнэ болох 1600000 төгргийг  төлсөн. Ганболдын 2 даагыг эргүүлж өгсөн. Ганзориг ах  адуу хариулж өгөөч гэсэн. Мөнхбаяртай аавыгаа дагуулж уулзсан нэхэмжлэхгүй гэсэн Оюунсайхан эзэнгүй юм нэхэмжлэхгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хулгай хийхгүй  байж чадна гэв. 

 

        - Иргэний нэхэмжлэгч Г.Оюунсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Уулбаян сумын иргэн Г.Гүррагчаагийн 2016 оны 01 сарын үед хулгайлсан гэх 3 настай цагаан тэмээний хохирогчийг тогтоох зорилгоор сумынхаа 5 багийн засаг дарг нарт танилцуулж эрэн сурвалжилсан боловч одоогоор тогтоогдохгүй байгаа тул уг тэмээг Г.Гүррагчаагаас нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / хх-ийн 24 х /

          - Хохирогч Д.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манай мал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Дэрсэн хадаг” гэх газар байдаг 2016 оны 06 дугаар сарын 20-нд гаргаад манай дүү Баяржаргал үхрээс нас гүйцсэн сувай хөх эрээн үнээ, улаан зүсмийн сувай үнээ алга боллоо гэж утсаар хэлсэн. Манай үхрийг Г.Гүррагчаа гэгч хулгайлсан байсан тул хохирлоо 1.600.000 төгрөгөөр төлүүлсэн” гэх мэдүүлэг. / хх-ийн 14-15, 74 х /

         - Хохирогч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манайх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг “Зүүн сүүж” гэх газар өвөлжиж байсан юм. 2016 оны 01 дүгээр сард манай тэмээнээс 5 настай тайлаг тэмээ алга болсон. Гаргах санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. / хх- ийн 16-17 х /

- Хохирогч А.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2016 оны 7 дугаар сард адуунаасаа им тамгагүй хүрэн халзан эр даага, дараа нь 08 дугаар сард нум суман тамгатай зээр охин даага алдсан. Сэжиглэж байгаа хүн байхгүй. Адуугаа олж авмаар байна” гэх мэдүүлэг. / хх-ийн 18-20 х /

        - Хохирогч Э.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Манайх Мөнххаан сумын “Баян-Уул” гэх газар нутагладаг манай адуу уруудаад Уулбаян сумын “Тээг” гэх газар очсон байсан. 2016 оны 01 дүгээ сард очиж авахад зөв талын ташаан дээрээ монгол Б үсгэн тамгатай нас гүйсэн шаргал гүү алга болсон гаргах гомдол санал болон нэхэмжлэх зйл байхгүй” гэх мэдүүлэг. / хх-ийн 21-22, 76-77 х /

        - Гэрч Б.Ихбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би Баярсайхан ахын малыг хардаг юм. 2016 оны 06 дугаар сарын сүүлчээр манай үхрээс хөх эрээн зүсмийн нас гүйцсэн сувай үнээ алга болсон. Сүүл нь Г.Гүррагчаа надаас хөх эрээн зүсмийн үнээ авсан гэж байна гэсэн. Би Г.Гүррагчаад тийм үнээ өгөөгүй” гэх мэдүүлэг. / хх-ийн 24-25 х /

        - Гэрч Ц.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г.Гүррагчаа нь манай том хүү байгаа юм. 2016 оны 1 дүгээр сард ташаан дээрээ зуузай тамгатай бор зүсмийн 3 настай тэмээг мотоцикдиор хөөж авчирсан. Ямар учиртай тэмээ юм гэхэд хүнээс авсан гэхээр нь хамт нядалж идшиндээ хэрэглэсэн. 2016 оэы 02 дугаар сарын эхээр цэнхэр мотоцикльтой олон тооны адуу хөөж ирээд нэг шаргал зүсмийн сувай гүү барьж авсан. Барьж авах гэсэн баригдахгүй болохоор нь адуутай нь хөөгөөд ирлээ гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын эхээр цагаан зүсмийн зөв талын ташаан дээрээ давхар саран тамгатай 3 настай тэмээг мотоцикльтой хөөж ирээд нядлаад Хэнтий аймгийн ченж Цолмон гэх хүнд өгсөн. 2016 оны 06 дугаар сарын сүүлчээр хөх зүсмийн нас гүйцсэн үнээг Гүррагчаа хаанаас авчирсан эсэхийг мэдэхгүй байна. Маннай үхэрт байж байгаад алга болсон байсан. 2016 оны 06 дугаар сард зээрд даага мотоцикльтой хөөж ирээд барьж авсан мөн 2016 оны 08 дугаар сард хүрэн халзан зүсмийн даагыг мотоцикльтой хөөж ирээд барьж авсан. Манай хүү надад хэлэхдээ хүнтэй наймаа хийсэн хөзөр тоглоод өрөндөө авсан гэх мэтчлэн хэлдэг байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 х /

- 2016 оны 12 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, / хх-н 9-13 х /

- Г.Гүррагчаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 35 х /, 

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2012  оны 02 сарын 29-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, / хх-н 4 х /,

- 2017 оны 05 сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэ зургууд, / хх-н 70-73 х /, 

- Хохирогч Д.Баярсайханд хохирол төлсөн баримт, / хх-н 22 х /,

- Эд зүйлийн үнэлгээ, / хх-н 133 х / зэрэг болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Шүүгдэгч Г.Гүррагчаа нь 2015 оны 12 дугаар сард Уулбаян сумын  шивээтийн ширээ гэдэг газар нутаглах  Зоригт гэх хүний тэмээнд байсан алдуул бор зүсмийн охин торомыг завшиж 500.000 төгрөгийн,  2016 оны 01 сард улсын бүртгэлгүй цэнхэр өнгийн иж-8 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Могч гэх газраас иргэн Ганзоригийн ар хонгондоо зуузай тамгатай, цагаан зүсмийн засаатай 1 тэмээг хулгайлж 450.000 төгрөгийн,давтан үйлдлээр 2016 оны 02 сарын 10-ны орчимд улсын бүртгэлгүй цэнхэр өнгийн иж-8 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн Э.Мөнхбаярын шаргал зүсмийн нас гүйцсэн сувай үнээг хулгайлж 500.000 төгрөгийн, 2016 оны 06 сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн Д.Баярсайханы хөх зүсмийн сувай үнээ, улаас зүсмийн нас гүйцсэн сувай үнээг хулгайлж 1.600.000 төгрөгийн, 2016 оны 06 сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн А.Ганболдын эр, им тамгагүй хүрэн халзан даагыг, 2016 оны 08 сард нум суман тамгатай зээрд охин даагыг хулгайлж 500.000 төгрөгийн буюу нийт 3.550.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдоно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Гүррагчаад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч Г.Гүррагчааг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

         Шүүгдэгч Г.Гүррагчаагийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Гүррагчааг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдлоо.   

Хэдийгээр тухайн гэмт хэрэг  2015, 2016 онуудад үйлдэгдсэн боловч 2017 оны 7 сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн  хувьд  эрх зүйн байдал дээрдэж байна.

        Шүүхээс ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд  хүндрүүлэх   нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

        Шүүхээс  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

       Шүүгдэгч Г.Гүррагчаа  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 10 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн тооцож эдлэх ялаас хасаж тооцох үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Г.Гүррагчаа нь  хохирогч Баярсайханы 2 үнээний үнэ 1.600.000 төгргийг нөхөн төлсөн нь мөнгө шийлжүүлсэн баримт болон шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгээр, хохирогч Ганболд, Ганзориг, Мөнхбаяр, Оюунсайхан нар хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн нь тэдний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

           Иймд шүүгдэгч Г.Гүррагчаа нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тул хэрэгт 2017 оны 05 сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн цэнхэр өнгийн иж-8 маркийн мотоцикл,  2017 оны 05 сарын 19-ний өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Бонго маркийн бага оврийн ачааны машин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй,бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

           Харин Аймгийн прокурорын газраас 2002 оны эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд 2002 оны эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх бөгөөд улсын яллагч дээрх үндэслэлээр  яллахаас татгалзаж хэрэгсэхгүй болгох санал тавьсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гүррагчаад ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

         2. Шүүгдэгч Тасаг овгийн Ганбаатарын Гүррагчааг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         3. 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Гүррагчааг 400 / дөрвөн зуун/ цагийн  нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй. 

 

         4. 2015 оны эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан  ялтан Г.Гүррагчаагийн  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгах ялын 8 цагтай тэнцүүлэн тооцож  түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж одоо  эдлэх ялыг 288 цагаар тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Г.Гүррагчаа нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-т зааснаар дээрх ялын биелэлтэнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

           7.  Ялтан Г.Гүррагчаа нь  хохирогч Д.Баярсайханд 2 үнээний үнэ 1.600.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч А.Ганболд, Д.Ганзориг, Э.Мөнхбаяр, Г.Оюунсайхан нар хохирлоо нэхэмжлэхгүй, гомдолгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  тус тус дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн цэнхэр өнгийн иж-8 маркийн мотоцикл,  Бонго маркийн бага оврийн ачааны машин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гүррагчаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.Гүррагчаад авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР