Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0058

 

   2023            01             17                                      128/ШШ2023/0058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ш /РД:/,

              Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б /РД:/,

                        Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Ч /РД:/, 

Хариуцагч: Б,

Нэхэмжлэлийн шаардлага: “С” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              1. Нэхэмжлэл гаргагч “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б Д.Ш, С.Ч нар нь “С**********” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. “С” ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлага өөрчлөх нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд бүртгүүлэхээр Б*******ийн хэлтэст хандсан боловч холбогдох баримт бичгийн бүрдүүлбэр дутуу тул нэмж бүрдүүлэн дахин хүсэлт гаргахыг тайлбарлаж, татгалзжээ.  

3. Нэхэмжлэл гаргагч С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б Д.Ш, С.Ч нарын зүгээс уг татгалзлыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б Д.Ш, С.Ч нар нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Б нь “С” ХХК-ийн 250 ширхэг буюу 25 хувийн хувьцааг, Д.Ш нь 250 ширхэг буюу 25 хувийн хувьцааг, С.Ч нь 150 ширхэг буюу 15 хувийн хувьцааг, Д.Н******* нь 250 ширхэг буюу 25 хувийн хувьцааг, Д.Г******* нь /нас барсан бөгөөд өв хүлээн авагчгүй/ 100 ширхэг буюу 10 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлын үүргийг хувьцаа эзэмшигч Д.Н******* хэрэгжүүлж байсан.

“С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж компанийн гүйцэтгэх захирал Д.Н*******ийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Д.Шг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон шийдвэр гарч, компанийн удирдлагад өөрчлөлт оруулах  эрх олгож, хувьцаа эзэмшигч нарыг төлөөлөх итгэмжлэл олгосон. Ингээд шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Д.Ш Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, компанийн дүрмийн хүрээнд холбогдох материалыг бүрэн гүйцэт бүрдүүлэн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б*******ийн хэлтэст хандсан. Гэвч тус хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгч компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай өргөдөл, хавсаргасан материалыг хүлээн аваагүй, гүйцэтгэх захирлыг өөрчлөгдсөнийг бүртгүүлэх тухай өргөдөлд компанийн тамга дарагдаагүй, гэдэг үндэслэлээр материалыг хүлээн авахаас татгалзсан. Ингэхдээ хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр өргөдлийн материалыг хүлээн авахгүй, хянахгүй гэж амаар мэдэгдсэн.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Н*******ийг ажлын 2 өдөрт ажлаа хүлээлцэх, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэж өгөх шаардлагыг тавьсан хэдий ч биелүүлэхгүй байгаа тул холбогдох журмын дагуу хуулийн байгууллагад хандсан тухай тайлбарлаж, холбогдох баримтуудыг үзүүлсэн. Ингээд бидний зүгээс 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт буюу дээд шатны албан тушаалтанд Б*******ийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн материалыг хүлээн аваагүйтэй холбогдуулан гомдол гаргасан. Гомдлыг хангахаас татгалзсан хариуг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдан шийдвэрээ гаргаж хүргүүлээд байхад материалыг хүлээн авахгүй, ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаа нь компанийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж, компанийг шинээр томилогдсон гүйцэтгэх захирлаар дамжуулан удирдах эрхийг хязгаарлаж байна. Мөн эрх бүхий этгээдүүдийн шийдвэрээр нэгэнт ажлаас чөлөөлөгдөн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг дуусгавар болгохгүй байх, дураараа авирлах, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд саад учруулах нөхцөл байдлыг үүсгэж хувьцаа эзэмшигч нарын эрх эрх ашгийг хохироож байна.

“С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд болж холбогдох шийдвэрүүд гарсан байдаг. Тус шийдвэрүүдийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.2 дахь хэсэгт зааснаар 15 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлд заасан үр дагавар үүснэ. Б*******ийн хэлтэс дээрх өргөдлийг хүлээн авч, бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь дараах байдлаар хууль зөрчиж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтад “Улсын бүртгэгчид  олгосон эрхэд”, мөн Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл бүртгэх журмын 5.4 заалтад “улсын бүртгэл хөтлөх дараалалд” өргөдлийг хүлээн авахгүй байх эрх хэмжээ, зохицуулалт тусгагдаагүй байна. Харин улсын бүртгэгчийн баримталсан тус журмын 4.1 дэх заалтад “хүлээн авахаас татгалзах, буцаах” эрх олгосон зохицуулалт биш байх бөгөөд хянаж, хүлээн авч, 2 өдрийн дотор шийдвэрлэх агуулга бүхий зохицуулалт байна. Ингэж хүлээн авсан материалыг журмын 5.2.2 дахь заалтаар “тус журмын 4.1 дэх заалтад заасан хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй бол бүртгэхээс татгалзаж” шийдвэрлэхээр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл улсын бүртгэгчид Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3 дахь заалт, Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 2, 5, 8, 12 дугаар зүйлд зааснаар “ирүүлсэн өргөдлийг хүлээн авахгүй байх эрх хууль болон холбогдох журмаар олгогдоогүй” бөгөөд түүнийг хүлээн авах үүрэгтэй, авсны дараа бүртгэх, бүртгэхээс татгалзах, түдгэлзүүлэх зэрэг шийдвэрийн аль нэгийг гаргах зохицуулалттай байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд өргөдлийг хянан үзэхгүй байх, буцаах дөрвөн үндэслэлийг заасан. Захиргааны байгууллага, албан тушаалтан уг дөрвөн үндэслэл бүрдээгүй тохиолдолд өргөдлийг хянан үзэхгүй байх /хүлээн авахгүй/ эрх хуулиар олгогдоогүй билээ.

Хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх захирлаар дамжуулан өөрийн өмчийг удирддаг. Мөн хуульд зааснаар гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх нь хувьцаа эзэмшигчийн /Төлөөлөн удирдах зөвлөлгүй/ бүрэн эрх. Компанийн тухай хууль болон Иргэний хуулиар компанийн хувьцаа эзэмшигч нар нь хувь хүмүүс бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь хувь хүмүүс хамтын удирдлагын зарчмын дагуу олонхын зарчмаар асуудлыг шийдэж буй хэлбэр юм. Иймд хувь хүмүүс гарын үсэг зурсан шийдвэрт компанийн тамга дарахыг шаардахгүй гэж үзэж байна. Харин компанийн хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд байгаа тохиолдолд тус хуулийн этгээдийн тамга дарагдах нь зүйн хэрэг. Иймд хувьцаа эзэмшигчдийн өргөдлийг хүлээн авч, шийдвэр гаргахгүй байгаа нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхгүй, хязгаарласан гэж үзэж байна. Мөн захиргааны байгууллага, албан тушаалтан нь ирүүлсэн өргөдлийг хүлээн авахгүй байх, хянахгүй байх хуулиар тогтоосон хэм хэмжээг хэтрүүлж материалыг хүлээн авахгүй, ямар нэг шийдвэр гаргахгүй байгаа нь иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна. Б*******ийн хэлтсийн Улсын бүртгэгчийн дээрх хууль бус татгалзлын улмаас улсын бүртгэлийг хуулиар тогтоосон хугацаанд хийгээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 15.23 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээнд орж биднийг эдийн засгийн хувьд хохироох нөхцөл байдлыг үүсгээд байна.

Иймд “С” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү...” гэжээ.

5. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хувьцаа эзэмшигчдийн зүгээс хууль журам болон компанийн дотоод журмын дагуу хуралдаад компанийн гүйцэтгэх удирдлагыг солих тухай шийдвэр гаргасан. Хуулийн хугацаанд багтан материалаа бүрдүүлэн Улсын бүртгэлд хандсан боловч бидний материалыг хүлээн авч ямар нэг албан ёсны хариу өгөөгүйд гомдолтой байна. Материалаа хугацаандаа өгөөгүй тохиолдолд торгууль ногдуулах хуулийн заалттай байдаг. Улсын бүртгэгч бидний материалыг хүлээж авахгүй гэж хэлээд өрөөгөө орхин гарсан. Ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бүрдүүлбэр хангасан. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсон байдаг. Уг хурлаар гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Н*******ийг албан тушаалаас нь чөлөөлж Д.Шг гүйцэтгэх захирлаар томилсон. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Н*******той тодорхой асуудлаар шийдэлд хүрээгүй. Д.Н******* нь явахдаа компанийн тамга тэмдгийг аваад явсан байдаг. Энэ талаар Б*******ийн хэлтэст зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тамга, тэмдэг хадгалах журам зөрчсөн байна гэж үзээд  шийтгэвэр ногдуулаад 50,000 төгрөгөөр торгууль оногдуулсан байдаг. Тамгыг одоо хүртэл өгөөгүй. Зөрчлийн тухай хуульд заасан үр дагаврыг бий болгохгүйн тулд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хуралдааны тэмдэглэл, холбогдох нотлох баримтууд, цагдаагийн байгууллага болон улсын бүртгэлийн хэлтэст хандсан албан бичгүүдийн хуулбар, мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Н*******ийг тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ хүлээлгэн өгөх тухай мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б*******ийн хэлтэст хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар хандсан. УБ03 дугаар маягт дээр хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдаагүй учир материалыг хүлээж авахгүй гэсэн үндэслэлээр материалыг огт хүлээж аваагүй. Нэхэмжлэгч нарын зүгээс иргэн хуулийн этгээд өргөдөл, гомдол гаргаж байгаа тохиолдолд тухайн өргөдөл гомдлыг хүлээж авна. Хүлээж аваад бүртгэх эсвэл бүртгэхээс татгалзах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой гэсэн шаардлага гаргаж байгаа. Гэтэл улсын бүртгэгч материалыг хүлээж авахгүй гэдгээ амаар хэлсэн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хандсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас манай бүртгэгчийн хүлээн авахаас татгалзсан үйлдэл нь хуульд нийцсэн байна гэдэг хариу өгсөн. Бидний зүгээс хүлээж аваагүй нь эс үйлдэхүй байна гэж маргаад байдаг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад бүртгэлийн газраас хариу өгсөн учраас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Хувьцаа эзэмшигч гэдэг нь хувь хүмүүс байх ба компанийн гүйцэтгэх удирдлагыг солих асуудал нь Компанийн тухай хуулиар зохицуулагдана. Энэ бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагаас хязгаарлалт тогтоох эсвэл шүүхийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэсэн агуулгатай, шийдвэр байхгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч гүйцэтгэх удирдлагаар төлөөлүүлэх буюу өмч хөрөнгө буюу компаниа удирдах эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна. 

Хоёрдугаарт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар өргөдөл гомдлыг 4 тохиолдолд огт хянан үзэхгүй байх талаар тусгасан байдаг. Энэ тохиолдлууд нь манай тохиолдолд огт хамааралгүй байна. Мөн хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх бүртгэл хөтлөх журам, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3, мөн журмын 2.1, 4.1-т заасан процесс байгаа. Эдгээр зохицуулалтаас үзэхэд тухайн материалд тамга дарагдаагүй бол хүлээн авахгүй гэсэн зохицуулалт байхгүй. Ерөнхий байдлаар тухайн материалыг хүлээж авна. Хууль болон журмыг харахад бүртгэгчийн эрх хэмжээ гэж байгаа. Нэг бол бүртгэнэ, бүртгэхээс татгалзана, зарим тохиолдолд түдгэлзүүлнэ гэсэн эрх хэмжээ байгаа. Огт хүлээн авахгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсан журамд бүртгэлийн маягтад тамга дарсан байна гэдэг зохицуулалт бий. Гэхдээ бидний хүсээд байгаа зүйл нь бидний материалыг хүлээн аваад, шалгаад, нягтлаад тэгээд бүртгэлийн материал дээр нь тамга дарагдаагүй байгаа учраас бүртгэхээс татгалзаж байна гэсэн хариу мэдэгдэл өгсөн бол бид гомдохгүй. Хувь этгээдийн хувьд тамгатай байх эсэх нь өөр эрх зүйн маргааны асуудал байна. Хэрэв бүртгэхээс татгалзсан мэдэгдэл өгсөн бол эс үйлдэхүй гаргасан гэж гомдохгүй байсан. Тиймээс материалыг хүлээн аваагүй эс үйлдэхүй байна гэж үзэж байна. Энэ эс үйлдэхүй нь хууль бус байх тул материалыг хүлээн авахыг даалгаж өгнө үү” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“С” ХХК нь Б*******ийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлага өөрчлөх нэмэлт өөрчлөлтийн бүртгэл бүртгүүлэхээр улсын бүртгэлд хандсан боловч Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Хуулийн этгээд түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлд заасан холбогдох баримт бичгийн бүрдүүлбэр дутуу тул холбогдох баримт бичгийг нэмж бүрдүүлэн дахин хүсэлт гаргах тухай тайлбарласан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох бичиг баримтыг хууль, журамд заасны дагуу бүрдүүлэн дахин хүсэлт гаргаагүй байна. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Ш нартай утсаар холбогдон хуулийн этгээдийн улсын бүртгэлд хандсан бичиг баримтыг И-мэйл хаягаар явуулахыг мэдэгдсэн боловч одоог хүртэл ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн компани нь 5 хувьцаа эзэмшигчтэй. 5 хувьцаа эзэмшигч хуралдаж шийдвэр гаргах ёстой байтал 3 хувьцаа эзэмшигч хуралдаад шийдвэр гаргах боломжгүй. Хуралдаа нөгөө 2 хувьцаа эзэмшигч яагаад ирээгүй, дуудсан эсэх талаар тодорхой бус байна. Манай байгууллагын зүгээс тамга тэмдэг бүрэн дарагдсан тохиолдолд, материал бүрэн бол хүлээн авна. Арилгаж болохгүй зөрчил биш юм. Тиймээс аль аль тал нь хүлээцтэй хандаад материалаа бүрэн өгсөн бол  бидэнд хүлээж авахгүй гэх үндэслэл байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2.Регистрийн дугаарт, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй “С” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд: “хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд Д.Ш, С.Ч, Д.Н*******, Д.Б, Д.Г******* нар нь идэвхтэй, гишүүнээр бүртгэлтэй”, “гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд /тийм/ Д.Н******* 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн”, “үүсгэн байгуулагчийн мэдээлэлд Д.Б, Д.Ш, Д.Н*******, Д.Г*******, С.Ч нар бүртгэлтэй”, “эцсийн өмчлөгчөөр Д.Н*******, Д.Ш, Д.Б, С.Ч нар бүртгэлтэй ба идэвхтэй төлөвтэй”, өлөн гэдэс боловсруулах, цайны газар, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, гадаад худалдаа, барилгын материал үйлдвэрлэх зэрэг эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн мэдээлэлтэй, тус компанийн 250 ширхэг буюу 25 хувийн хувьцааг Д.Б, Д.Ш, Д.Н******* нар тус бүртээ эзэмшдэг бол, С.Ч 150 ширхэг буюу 15 хувь, Д.Г******* /нас барсан/ 100 ширхэг буюу 10 хувийн хувьцаа эзэмшдэг байна. Гүйцэтгэх захирлын үүргийг хувьцаа эзэмшигч Д.Н******* хэрэгжүүлдэг, гэр бүлийн компани ажээ.

3. Маргаан бүхий эс үйлдэхүйтэй холбоготойгоор нэхэмжлэл гаргагч нар нь:

3.1. “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр шийдвэрт “Хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Ш, С.Ч нарын зүгээс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлагыг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гаргаж, гүйцэтгэх захирал Д.Н*******ид 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гардуулан өгсөн авч, Д.Н******* нь ямар нэгэн шийдвэр гаргаж хариу өгөөгүй” байна.

3.2. Иймд хувьцаа эзэмшигч Д.Б, Д.Ш, С.Ч нар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах шийдвэрийг бие дааж гарган Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 45 минутад зохион байгуулах,

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Шг томилох, “С” ХХК-ийн нягтлан бодогч Ш.Б*******гаар компанийн нөхцөл байдал, санхүү тайлан баланс, орлого, зарлага, гэрээ хэлцэл, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсох, шийдвэрлэх, Хувьцаа эзэмшигч нарт хурал хуралдуулах мэдэгдэх өдрийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тогтоож, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах санал, шаардлага, хуралдуулах тухай шийдвэр, зар өгөх, гарах шийдвэрийн төсөл, бусад баримт мэдээлэлтэй хувьцаа эзэмшигч танилцах боломжоор бүрэн хангах ажлыг Ш.Б*******д даалгаж, хугацааг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөр тогтоож, хувьцаа эзэмшигчдийн хурал даргалахыг С.Ч, тооллогын комиссын даргаар Д.Б, гишүүнээр нягтлан бодогч Ш.Б*******г томилжээ.    

3.3. Улмаар “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Гүйцэтгэх захирал чөлөөлж, томилох тухай” 22/01 дугаар тогтоолоор “С” ХХК-ийн захирал Доржпүрэвийн Н*******ийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс тасалбар болгон чөлөөлж, “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Доржпүрэвийн Шг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс томилж, гүйцэтгэх захирлын ажлыг 2 хоногт хүлээлцэхийг Д.Н*******ид даалгаж, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнтэй холбоотой өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг Д.Шд олгож, улсын бүртгэлийн өөрчлөлтийг холбогдох хуульд заасан хугацаанд хийлгэхийг Д.Шд даалгаж,

3.4. “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Компанийн тамга, тэмдэг авах эрх олгох тухай” 22/02 дугаар тогтоолоор Компанийн регистрийн дугаартай тамга, тэмдэг Д.Н*******оос гаргуулан авах, хувьцаа эзэмшигчийн хурлаас тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд холбогдох журмын дагуу хуулийн байгууллагад хандах, гаргуулж авах, шинээр авах, өргөдөл хүсэлт өгөх, гомдол гаргах, тамга тэмдгийг дахин авах материал авах бүрдүүлэх, холбогдох байгууллагад хандаж тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох, дахин авах, лавлагаа авах, хүсэлт гаргах, тамга тэмдгийг захиалан хийлгэх, хүлээн авах эрхийг хувьцаа эзэмшигч Д.Шд олгосон байна.  

3.5. Түүнчлэн “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин гаргуулах тухай” 22/03 дугаар тогтоолоор Компанийн ******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Н*******оос гаргуулан авах, хувьцаа эзэмшигчийн хурлаас тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу компанийн гэрчилгээг дахин авах материал бүрдүүлэх, холбогдох байгууллагад хандаж дахин авах, лавлагаа авах, хүсэлт, гомдол гаргах, хүлээн авах, холбогдох байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах, хүсэлт гаргах, өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэрийг гардан авах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхийг хувьцаа эзэмшигч Д.Шд олгожээ.

4. Ингэснээр С” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 22/04 дүгээр албан бичгээр хариуцагч Б*******ийн хэлтэст хандан:

4.1. “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, компанийн гүйцэтгэх захирал Д.Н*******ийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Д.Шг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон шийдвэр гаргаж, компанийн удирдлагад өөрчлөлт оруулах тухай эрх олгосон тул компанийн гүйцэтгэх захирлаар Д.Шг томилсон өөрчлөлтийг бүртгэж өгнө үү” гэсэн агуулгатай хүсэлт хүргүүлж, хүсэлтэд, хавсралтаар:

  1. УБ-03 маягт бүхий Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл;
  2. УБ-12 маягт бүхий Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл;
  3. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх төлбөр 10,000 төгрөг төлсөн төлбөрийн баримт;
  4. Татварын албаны аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт;
  5. “С” ХХК-ийн шинэчилсэн дүрэм;
  6. Барилга, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрүүд;
  7. Нотариатаар батлуулсан итгэмжлэл, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандсан итгэмжлэл;
  8. Барилга, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 22/02 дугаар тэмдэглэл;
  9. Улсын бүртгэлийн гэрчилгээ;
  10. Өдрийн сонинд зарлуулсан зар зэргийг хавсаргажээ.

5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.“Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 22.3.“Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 22.2.“хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нарын зүгээс хуульд заасан бүрдүүлбэл зохих бүхий л баримтыг хавсралтаар гаргаж, өргөдөл, хүсэлтдээ хавсарган өгсөн гэж маргасан бол,

6. Хариуцагчаас “манай байгууллагын зүгээс тамга тэмдэг бүрэн дарагдсан тохиолдолд материал бүрэн бол хүлээн авна, арилгаж болохгүй зөрчил биш, засагдах боломжтой гэж үзсэн учраас амаар мэдэгдсэн” гэж тайлбарлаж байна.

7. Ийнхүү таван /5/ хувьцаа эзэмшигчтэй ХХК-ийн хувьд нэг хувьцаа эзэмшигч нь 2017 онд нас барснаар /түүний өв нээгдээгүй/ үлдсэн дөрвөн хувьцаа эзэмшигчийн гурван хувьцаа эзэмшигч нар нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг шийдвэрлүүлэхээр хариуцагч Б*******д хандаад амжилт олоогүй байна.

8. Маргаан бүхий асуудлыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 5/4837 дугаар албан бичгээр “...ирүүлсэн 2022 оны 05 дугаар  сарын 24-ний өдрийн гомдолтой танилцлаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахад УБ-03 маягтад тэмдгээ дарж баталгаажуулахаар 2018 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3.2-т заасан. Иймд “С” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах баримт бичгийг хүлээн авахаас татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэр хуульд нийцсэн байна” гэсэн хариу өгснийг тэмдэглэж байна.

9. “С” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай тус компанийн хувьцаа эзэмшигч нарын энэ хэсгийн 4-д заасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч бүртгэх эсэх талаар шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй үндэслэлгүй, хууль бус байна.

10. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4. “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.2. “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3. “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”-аар заасан бол, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “Улсын бүртгэлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 8.1.1.“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд улсын бүртгэл хөтлөх,...”, 18 дугаар зүйлийн 18.1. “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 18.1.1. “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2. “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 18.1.3. “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэж зохицуулсан ба хариуцагч нь эдгээр хуулийн үзэл санаа, зорилгод нийцүүлэхгүйгээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандсан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, ийнхүү биелүүлэхгүй байгаа эс үйлдлээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хүлээж аваад бүртгэх эсвэл бүртгэхээс татгалзах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой, огт хүлээн авахгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй” гэх тайлбар үндэслэлтэй, нөгөөтээгүүр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар өргөдөл гомдлыг дөрвөн тохиолдолд огт хянан үзэхгүй байхаар зохицуулсан, үүний дагуу өргөдлийг хүлээн авахгүй байх үндэслэл огт байгаагүй талаар нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа боловч маргааны зүйлийн хүрээнд илүү нарийвчилсан хуулийн зохицуулалтыг хариуцагчийн зүгээс хэрэгжүүлэх байсан гэж үзнэ.

12. Харин Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зорилтын хүрээнд “төрийн байгууллага харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах” хариуцагчийн нийтлэг үүрэг зөрчигдсөн, түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.“хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн ... дагуу гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 21.6-д заасан хугацаанд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ” гэж заасныг хариуцагч зөрчсөн, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1/ “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах”, 5/ “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх” нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байна.

13. Маргаан бүхий хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлт гаргах үндсэн зорилго нь “хуулийн этгээдийн улсын бүртгэл”-ийн асуудлаар хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг нэг талаас хариуцагч авч хэрэгжүүлэх, нөгөө талаас хүсэлт гаргагч нь үнэн зөв, нотлох баримтад үндэслэн, бүрэн гүйцэд мэдээллээ гаргаж өгөх асуудал байгааг анхаарч, энэ харилцааг хууль болон журмаар тодорхой зохицуулсан байхад чиг үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан нь хариуцагчийн буруутай үйлдэл бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5. “улсын бүртгэлийг мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө”, 14 дүгээр зүйлийн 14.4. “улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй ...” болохыг тэмдэглээд, шүүхээс хариуцагчийн хуульд заасан бүрэн эрхэд шууд халдах үндэслэлгүй, харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2. “Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ” гэж заасны дагуу маргаан бүхий холбогдох асуудалд зохих хариу өгөхийг даалгах нь зүйтэй байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 140400 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс төсвийн орлогод 70200 төгрөгийг хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг төсвөөс, 70200 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэл гаргагч нарт олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.4, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нараас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “С” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тухай өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, зохих хариу өгөхийг хариуцагч Б*******ийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийн төлбөрөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвөөс 70200 төгрөг, хариуцагчаас 70200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэл гаргагч нарт буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН