Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Б.М******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М*******т холбогдох эрүүгийн 2515000000074 дугаартай, 304/2025/0091/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш******* овогт Б*******ийн М*******, Булган аймгийн Х******* суманд 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, Булган аймгийн Х******* сумын ******* 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг,

Урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж байсан, 31 настай, эрэгтэй *******.

 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М******* нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багт оршин суух Ц.Л*******гийн гэрт байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б*******тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зүүн нүд рүү нь цохиж, өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Х******* сумын ******* 4 дүгээр багт оршин суух Д.Хиы гэрт байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б*******гийн бие эрх чөлөөнд халдан зүүн хацар хэсэг рүү нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515000000074 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.М******* нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багт оршин суух Ц.Л*******гийн гэрт байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б*******тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зүүн нүд рүү нь цохиж, өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Х******* сумын ******* 4 дүгээр багт оршин суух Д.Хиы гэрт байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б*******гийн бие эрх чөлөөнд халдан зүүн хацар хэсэг рүү нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Б*******гийн өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Х******* сумын ******* 4-р баг Цагаан голын ар гэх газарт хамтран амьдрагч М******* бид хоёр Хи ахынд байхад Хи ах сумын төв орж ганц шил архи аваад ирье гэж хэлэхээр нь М******* бид 2 айлд ямаа самнаад мөнгөтэй байсан болохоор 1 шил архины мөнгө өгөөд явуулсан. Тэгээд 15 цагийн Хишигсүрэн ах сумын төвөөс ирэхдээ 0.75 литрийн Хараа нэртэй 2 шил архи авч ирээд тухайн архийг М*******, Хи, У эгч бид 4 хувааж уугаад би түрүүлээд хэсэг унтаж байгаад босоод ирсэн чинь Хи ах У эгч 2 унтаж байсан. Харин М******* ширээний зүүн талд сууж байснаа босоод миний унтаж байсан баруун талын ор луу ирээд намайг шууд өшиглөхөөр нь би боль гэж хэлэхэд миний цамцны захнаас барьж мушгиад хоолой боох гээд байсан. Тэгэхээр нь би боль гэж цааш нь түлхээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Тэгээд 19 цагийн үед сумын төвөөс 3 цагдаа ирээд намайг Х******* сумын эмнэлэг оруулж эмчид миний биеийг үзүүлээд эмчилгээ хийж өгсөн. М******* нь миний зүүн талын эрүү рүү 1 удаа өшиглөсөн бас намайг цамцны захаар боох гэж оролдсон юм. М******* нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Х******* сумын төвд Лхагваа гэх айлд хонож байх үед миний зүүн талын нүд рүү эхлээд 1 удаа гараараа цохисон дараа нь удалгүй 1 удаа нүд рүү өшиглөсөн. Тухайн үед би хамт амьдарч байгаа юм чинь гэж бодоод цагдаад мэдэгдэлгүй өнгөрч байсан. Эхлээд намайг зодоход Лхагваа гэх ах бид 3 байсан, дараа нь сая зодох үед Хи, У, М******* бид 4 байсан. ...М******* нь огцом ууртай, архи их уудаг. Архи уухаараа намайг байнга хэл амаар доромжилно бас болох болохгүй хүнтэй хардана. ...Би Х******* сумын эмнэлэгт үзүүлээд даралтны эм, зүрхний эм, өвчин намдаах тариа хийлгэсэн. ...2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр М******* намайг зодохоос өмнө Хи ахынд байх үедээ би өөрөө гэрээс нь гарч шээх гэж байгаад үүднийх нь босгонд бүдрээд толгой хэсгийн духны баруун талд зулгаралт учруулсан юм. Миний биед одоо зүүн талын нүд болон шанаа хэсгээр өвдөөд байгаа. ...Би сэтгэцэд учирсан хор уршгаа тодорхойлуулахгүй. ...Миний зүүн нүд болон нүүр хэсэгт эмчилгээ хийж өгвөл би М*******т гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

3.Иргэний нэхэмжлэгч Б.Аын өгсөн: “...Г.Б******* эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 136,400 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан. Тухайн зарцуулсан 136,400 төгрөгийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 21-22 дахь тал/,

4. Гэрч Б.Цын өгсөн: “...2025 оны 04 дүгээр 03-ны өдөр 18 цаг 30 минутын үед аймгийн Цагдаагийн газраас шуурхай жижүүрийн 102 дугаарын утаснаас “гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирээд байна дугаар луу залгаад хаягийг нь тодруулаад очиж шалга” гэсний дагуу залгахад 1 эмэгтэй хүн авахаар нь юу болсон талаар асуухад “манай нөхөр намайг зодоод байна” гэж хэлсэн. Тэгээд хаягийг нь асууж зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбадорж, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Т.Баттөмөр нарын хамт Х******* сумын ******* 4-р баг Хи гэх айлд очсон. Б******* гэх эмэгтэйг нөхөр нь бололтой М******* гэх хүн зодсон байсан. Тэгээд бид нар Б*******г авч яваад сумын Эрүүл мэндийн төвд биеийн байдлыг нь үзүүлсэн. Дуудлагад очиход Б*******гийн биед ил харагдсан зүйл гэвэл духны баруун хэсэгт халцарсан, зүүн нүд нь хавдсан байсан. Б******* надад хэлэхдээ “Хи ахын гэрт нь баруун талын орон дээр сууж байхад, малгайтай цамцнаас татаж боогоод нүүр хэсэг рүү өшиглөсөн” гэж хэлсэн. Бид нарыг дуудлагад очиход Хиы гэрт Г.Б*******, Б.М*******, Хи, Хиы эхнэр нь бололтой 1 эмэгтэй хүн байсан. Энэ хүмүүс бүгдээрээ архи уучихсан согтуу байсан. Би тухайн үед Б*******гийн зодуулсан хэсгийн ил харагдах нүүрний хэсгийн зургийг авсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

5. Гэрч Я.Уийн өгсөн: “...0,75 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг авсан байсныг Д.Хи, Б.М*******, Г.Б******* бид 4 хамт хувааж уугаад. Би унтаж байгаад сэрэхэд “цагдаа ирчихсэн Г.Б*******г эмнэлэг рүү аваад явсан” гэж М******* надад хэлсэн. ...Б.М******* Г.Б*******г өшиглөсөн гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

6. Гэрч Д.Хиы өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Х******* сумын ******* 4 дүгээр багт гэртээ эхнэр У, М*******, Б******* нарын хамт байж байгаад би сумын төв рүү архинд явахаар болсон. Тэгээд Батсүрэн гэх хүнийг дуудаж хамт яваад дэлгүүрээс 0.75 литрийн хараа нэртэй архи 2 шилийг авч ирээд У, М*******, Б******* бид 4 хамт хувааж уугаад би унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь цагдаа ирчихсэн байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад М*******, Б*******г зодоод цагдаа дуудсан байсан. Тэгээд Б*******г цагдаа нар аваад эмнэлэг рүү явсан. ...М******* нь Б*******г өшиглөсөн гэж байсан. Тухайн үед би унтаж байсан болохоор болсон асуудлыг нь хараагүй. ...Би дэлгүүрээс архи авч ирээд М*******, Б*******, У бид 4 уухад Б*******гийн биед ил харагдах шарх байгаагүй юм. Харин унтаж байгаад сэрээд цагдаа нар ирчихсэн байхад Б*******гийн духны баруун талд шалбараад хавдчихсан байсан. ...М*******, Б******* 2 цагаан сарын дараа буюу 2025 оны 03 дугаар сарын дундуур манайд ирсэн. Би одоо өдрийг нь сайн санахгүй байна. Манайд ирэхэд Б*******гийн зүүн талын нүд нь хавдчихсан байсан. Манай эхнэр юу болсон талаар нь асуухад “М******* өшиглөсөн” гэж манай эхнэрт хэлсэн. Манайд энэ 2 хүн 1 сар гаруй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

7. Гэрч Б.Цийн өгсөн: “...Г.Б*******, М******* нь манай сумаас Булган аймгийн Хутаг-өндөр сум руу яваад 2 сар гаруй болж байна. Анх М******* нь аавынхаа цагаан сарыг буузыг хийж өгнө гээд Б*******г 3 настай охиных нь хамт аваад явсан. Тэгээд хааяа л нэг холбогдож байгаад сая 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б******* нь над руу залгаад “ээж би М*******т зодуулаад, цагдаад гомдол гаргасан байгаа” гэж хэлж байсан. Би Б*******тай фейсбүүкээр видео калл хийхэд зүүн нүд нь хавдчихсан байсан. Б*******тай одоо хүртэл уулзаагүй байгаа. Аймаг дээр Шүүх эмнэлэгт үзүүлж яваа байх. Б*******, М******* 2 хамт амьдраад 2 жил гаруй болж байгаа. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

8. Гэрч Ц.Бийн өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой 18 цагийн үед *******ийн гол дээр гүүрний хоолой тавиулах ажилтай байх үед манай сумын цагдаагаас Ц, Баттөмөр, Бямбадорж нар Хи гэдэг айлыг хаана байдаг талаар асуусан бас зам заалгуулаад явсан. Би юу болсон талаар асуухад “Хи гэдэг айлд дуудлага ирсэн” гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед би эрүүл мэндийн төв орж хүнд цай хоол өгөхөд эмнэлэг дээр Г.Б******* ирчихсэн эмчид биеэ үзүүлж байсан. Б*******гийн зүүн нүд нь хавдчихсан байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй. М******* нь архи бол байнга уудаг. Бусад байдлыг нь бол сайн мэдэхгүй байна. Ямар нэг тогтсон ажил төрөл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

9. Гэрч Ц.Л*******гийн өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр М*******, Б******* 2 манайд ирж хоносон. 2025 оны 03 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед манайд М******* нь 1 эмэгтэй хүнтэй видео калл хийгээд яриад байсан. Тэгсэн Б******* нь хардсан юм шиг байна лээ, хоорондоо хэрүүл маргаан хийгээд маргалдаж байснаа М******* нь Б*******г цохиод авсан. Тэрийг нь бол харсан. Би тухайн үед архи уусан байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байна. Тэгээд манайд хоноод маргааш нь явсан дахин манайд ирээгүй. М******* нь гараараа нэг удаа Б*******гийн зүүн нүдэнд цохисон. Маргааш нь манайхаас явахад Б*******гийн зүүн нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

10. Гэрч Н.Эийн өгсөн: “...Би иргэн Г.Б*******гийн биеийн байдлыг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед үзсэн. Тухайн хүн нь манай эрүүл мэндийн төв дээр ирэхдээ дуудлага өгсөн гээд сумын цагдаа нартай хамт ирсэн. Тухайн үед Г.Б******* нь амин үзүүлэлт хэвийн, зүүн талын нүд нь хөхөрсөн дух хэсгээрээ баруун талаараа халцарсан ба нэлээн хавдартай байсан. Би өвчин намдаах тариа хийж өгөөд тухайн өдөр амралтын өдөр байсан болохоор “маргааш өглөө нүдний эмнэлэгт үзүүлээрэй” гэж зөвлөгөө өгөөд явуулсан. ...Г.Б******* нь надад хэлэхдээ “миний зүүн нүдийг бол хэд хоногийн өмнө манай нөхөр цохисон тухайн үед хавдаад юм харж чадахгүй байсан, одоо харин арай гайгүй болж байна, гэхдээ нүд маань бүрэлзээд юм муу харж байна. Харин өнөөдөр намайг бас өшиглөсөн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь мэдүүлэг/,

11. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 149 дугаартай “...Г.Б*******гийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүснэ. Тогтоогдсон зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоно. Духанд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т хохирлын зэрэг тогтоохгүй. Магадлуулагчийн биед тогтоогдсон гэмтэлд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6.2-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-68 дахь тал/,

12. Яллагдагч Б.М*******ын өгсөн: “...Би урд нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би хамтран амьдарч Г.Б*******г зодож биед нь гэмтэл учруулсан. Энэ талаараа урд нь би 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэг өгсөн тул тэр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би хамтран амьдрагч Г.Б*******г зодож биед нь ханган гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

13. Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10/50 дугаартай албан бичиг, судалгаа /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

14. Яллагдагч Б.М*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 89-95, 97-99, 102-112 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Б*******, иргэний нэхэмжлэгч Б.А, гэрч Б.Ц, Я.У, Д.Хи, Б.Ц, Ц.Б, Ц.Л*******, Н.Э нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Б.М******* нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багт оршин суух Ц.Л*******гийн гэрт байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б*******тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зүүн нүд рүү нь цохиж, өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Х******* сумын ******* 4 дүгээр багт оршин суух Д.Хиы гэрт байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б*******гийн бие эрх чөлөөнд халдан зүүн хацар хэсэг рүү нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан.

Тодруулбал учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох үед хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.

           Мөн Б.М******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Г.Б******* нь шүүгдэгч Б.М*******тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь тогтоогдсон бөгөөд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  гэх хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.М*******ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Б******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.

Иргэний нэхэмжлэгч Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал гаргасан 136.400 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлж баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч Б.М*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.М*******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч Б.М*******ыг улсын яллагчийн санал гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 89-95, 97-100 дугаар талд авагдсан Булган аймгийн Х******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.М******* нь Булган аймгийн Х******* сумын ******* 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.М******* нь цагдан хоригдсон хоноггүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш******* овогт Б*******ийн М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******ыг  1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Б.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ