Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/01408

 

 

2022 оны 05 сарын 09 өдөр                         Дугаар 183/ШШ2022/01408                      Улаанбаатар хот  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодь цамхаг интернэшнл ХХК-ийн байранд байрлах, Г.Б ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 00 дүгээр байр 00 тоотод оршин суух, Ш овогт Д.Д /РД:ИЭ00000000/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5.034.075,34 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Г,

Хариуцагч:Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Д.Д 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Г.Бтай ЗГ/КР/000000000 тоот зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 3.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан. Кредит картны үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан. Зээлдэгчийн кредит картны гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дууссан боловч эргэн төлөлт хийлгүй үндсэн зээл, хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар бэлэн гүйлгээний төлбөрт 529.558,29 төгрөг, бэлэн бус гүйлгээний төлбөрт 2.332.391,69 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1.432.120,25 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 524.067,41 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 215.937,70 төгрөг, нийт 5.034.075,34 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. ХариуцагчД.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие хоол үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг байсан. Энэ хугацаанд Г.Бнаас 2017.05.23-ны өдөр 3 сая төгрөгийн эрхтэй кредит карт эзэмших эрх авсан. Тус картын сарын хүү 2-3.5 хувь байсан. Би 2017-2019 оны хугацаанд хүү, үндсэн төлбөрөө тогтмол төлж байсан. 2019 онд ажлын байрны түрээс өссөний улмаас ажлын байраа орхих болсноос зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Ингээд Г.Б-ны зээлийн эдийн засагч Б-О, Гантогтох нарт бичгээр болон амаар байнга уулзаж, гэрээнд өөрчлөлт оруулж хүсэлт тавьж байсан. Гэтэл Г.Б үл зөвшөөрч бүрэн төлөлт хийхийг шаардаж, хүсэлтийг хүлээн авах боломжгүй, хүүг өсгөж, 10 сая хүргэж ч чадна гэж заналхийлдэг байсан. Би зээлийг 3.7 сая орчим байхад хүүг битгий өсгөөч гэж маш олон удаа гуйж байсан. Удалгүй цар тахал гарч, бүр хэцүү байдалд орсон. 3 сая төгрөгийн зээлийн хүүг урьд нь хангалттай төлж байсан. Одоо бол энэ өндөр хүүг төлөх боломж үнэхээр алга. 3 сая төгрөгийг яаж ийж байгаад төлнө гэв.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, захирлын тушаал, 2017.05.23-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, зээлийн картны тооцооллын хүснэгт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримт ирүүлээгүй болно. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б ХХК хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5.034.075,34 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2. Хариуцагч Д.Д нэхэмжлэлийн шаардлагаас 3 сая төгрөгийг төлнө, үлдэх төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.  

3. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Д-г кредит картын гэрээгээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлөөгүй тул бэлэн гүйлгээний төлбөрт 529.558,29 төгрөг, бэлэн бус гүйлгээний төлбөрт 2.332.391,69 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1.432.120,25 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 524.067,41 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 215.937,70 төгрөг, нийт 5.034.075,34 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцаг ч Д.Д-тэй 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/КР/000000000 тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 3 сая төгрөгийн эрхтэй, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын буюу 2 жилийн хугацаатай ашиглах нөхцөлтэй байгуулсан болох нь тогтоогдож байна.

6. Талуудын маргааны зүйл нь зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс хүүг төлөх талаар байх бөгөөд кредит картын гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авч, ашигласан талаараа маргаагүй байна.

7. Зохигч талууд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/КР/000000000 дугаартай зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Б ХХК нь 3.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг хариуцагчД.Дд шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.

          9. Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн кредит картын гэрээний хугацаа нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дууссан ба үүнээс хойш зээлийн төлбөр төлөөгүй талаараа хариуцагч тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан кредит картын гэрээний 2.1, 3.5, 4.3, 5.2.1-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

10. Мөн хариуцагч нь 2019 онд ажлын байрны түрээс өссөний улмаас ажлын байраа орхих болсон, мөн цар тахалтай холбоотой зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн гэж маргасан боловч талуудын байгуулсан Г.Бны зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүү болон торгууль тооцох аргачлалын талаар харилцан тохиролцсон, хариуцагч маргаж байгаа үндэслэлийнхээ талаар баримтаар нотлоогүй, шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтуудыг гаргаж ирүүлээгүй болно. 

11. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний эрхийн үндсэн нөхцөлд зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэхгүй байх тул хугацаа хэтрүүлсэн хүү 524.067,41 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 215.937,70 төгрөг, нийт 740.005 төгрөгийн 0.5 хувь болох 123.334 төгрөгийг хангаж, үлдэх 616.671,77 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Иймд хариуцагчД.Дгээс бэлэн гүйлгээний төлбөрт 529.558,29 төгрөг, бэлэн бус гүйлгээний төлбөрт 2.332.391,69 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1.432.120,25 төгрөг, хүү 123.334, нийт 4.417.404,23 төгрөг гаргуулж, Г.Б ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 616.671,71 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д-гээс 4.417.404,23 төгрөг гаргуулж, Г.Б ХХК-нд олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г.Б ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гээс 85.628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО