Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/00885

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр                     Дугаар 183/ШШ2022/00885                            Улаанбаатар хот

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 00А-0000 тоотод оршин суух, Б овогт Г.Б /РД:ТЛ00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил, 00 дүгээр байр, 5 тоотод оршин суух, И-О овогт Б-О.Л /РД:ШЗ00000000/-д холбогдох

Гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Г.Б-ой байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2-т заасан 60 хувь буюу 12.000.000 төгрөгийг хэргийг эцэслэн шийдвэрлэхээр төлүүлнэ гэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах, урьдчилгаанд өгсөн 8.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч:Г.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Анар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ч

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.        

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. НэхэмжлэгчГ.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Г.Б би 2019 оны 04 сарын 01-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Өмгөөлөгч Б.Ол нь гэрээн дээр гарын үсэг зурсан боловч өмгөөллийн үйл үзүүлж ажиллаагүй ба миний бие Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн нэхэмжлэгч Б.Л-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Тэнхлэг ус” ХХК-ийн холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Миний бие хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцсон. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангуулж заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн байна. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байсан Б.Л-ийн гомдолтой “Тэнхлэг ус” ХХК-ний гүйцэтгэх дарга нарт холбогдох хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Миний бие удаа дараа өмгөөллийн төлбөрийг нэхсэн боловч хариу өгөхгүй ямар нэг шүүдэл гаргахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 12.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэв.

2. Хариуцагч Б.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 онд Г.Б гэгч нь намайг залилан 220.000.000 төгрөг авсан Энхтайван гэгчийн өмгөөлөгч гэж надтай уулзсан. Тэр үед таны хохирлыг би гаргуулаад дуусгая харин танд өмгөөлүүлэх ажил байна уу дүү нь ажиллаад өгч чадна шүү гэсэн. Хэрэв миний хохирлыг барагдуулбал 1 хэрэг дээр явуулъя гэсэн. Тэгээд миний хохирлыг барагдуулж дуусахад танд ямар ажил байна дүү нь явъя л даа гэсэн. Би тухайн үед Баянгол дүүргийн шүүхэд “Тэнхпэг ус” ХХК-ийн хувьцаагаа нэмэгдүүлэх нэхэмжлэл гаргахаар болсон тухай хэлж “Тэнхпэг ус” ХХК-н 43%-н хувьцааг би эзэмшдэг юм гэтэл 53%-н хувьцаа эзэмшигч талынхан ТУЗ-н хурлаар оруулж,хэлэлцэж шийдвэрлэхгүйгээр дур мэдэн эд хөрөнгө машин техникийг зарж үрэгдүүлээд хувьдаа ашиглаж завшаад надад хэлэхгүй нуугаад байна. Энийг нь би БГД-н Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан байгаа хэрэг бүртгэл нээгдсэн байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь ахаа БГД-ийн 1-р хэлтсийн орлогч дарга нь манай ах наадахыг чинь найдвартай хэрэг болгоод шүүхэд хүргүүлнэ. Ядаж завшсан хөрөнгийг нь шүүхээр тогтоолгоод нөгөө талын хувьцаанаас нь төлбөр мөнгийг нь гаргуулаад тань' хувьцааг нэмэгдүүлээд авчиж болохоор юм байна Мөн таны тус компанийн газар дээр барьсан эд хөрөнгийг чинь үнэлүүлээд таныг 51% -аас дээш хувь эзэмшигч болгочхож би чадна гэсэн. Мөн Баянгол дүүргийн шүүхэд дүү нь найдвартай шийдүүлж чадна наад хэрэг дээр чинь би ажиллая нэхэмжлэл гаргаад хулхийг нь буудгаад өгнө ахаа гэж надад итгэл төрүүлэн үнэмшилтэй ярьсан.Таны хохирлыг чинь барагдуулж найдвартай чадна, БГД-ийн шүүх цагдаад танилууд байна асуудалгүй шийдүүлээд өгье ахаа гэсэнд итгээд гэрээ хийж өмгөөлөгчөөр ажиллуулсан. Гэтэл Г.Б нь тэр ярьж байсан шигээ ажиллаагүй. Хэрэг ямар шатандаа явж байгаа талаар ямар ч мэдээлэл өгөлгүй, ирж уулзахгүй алга болдог байсан. Хэргийн эцсийн шат дээд шүүхэд ч гомдол гаргаагүй бас цагдаагийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгуулахад эд хөрөнгийг нь бүрэн сайн шалгуулж тогтоолгоогүй зөвхөн нягтлан, гүйцэтгэх захирал 2-оос нь мэдүүлэг аваад л хаасан байсан. Нягтлан нь компанийн эд хөрөнгийг үрэгдүүлж зарсан гэсэн боловч ямар ч санхүүгийн баримт, акт байхгүй байсан тэгээд ямар ч тайлбар өгөөгүй байсан.Энэ бүхнийг хөөцөлдөж яваагүй нөгөө Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн орлогч даргад нь хэлээд эрүүгийн хэрэг болгоно гэсэн нь худлаа байсан.Г.Б нь “Тэнхлэг Ус” ХХК-н хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байж тэр олон машин техник хэрэгслийг юунд зарж үрэгдүүлсэн, мөнгийг нь юунд зарцуулсан зэргийг нь баримтын шалгалт оруулан тогтоолгож хөөцөлдөж яваагүй, ямар ч хүсэлт санал гомдол гаргаж ажиллаагүй зөвхөн хэрэгсэхгүй болгосон үед нь прокурорт гомдол гаргасан төдий л ажилласан.Г.Б нь гэрээгээр олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд өөрөө санаачлан үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхолд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулаагүй, үйл явцын талаар тухай бүрд нь мэдээлээгүй, үйлчлүүлэгчийн мэдээлэл хүссэн үндэслэл бүхий хүсэлтийг хангаж ажиллаагүй. Компанийн тайланг шүүхээс гаргуулах шийдвэрийг л гаргуулсан боловч бүрэн гаргуулаагүй ба тайланг үндэслэж баримтын хяналт шалгалт хийлгээд бусад үрэгдүүлж ашиглаж шамшигдуулсан тоног төхөөрөмж машин техникүүдийн хохирлыг тогтож гаргуулаагүй, мөн уг компанийн эздийн өмч 569,9 сая төгрөг эргэлтийн хөрөнгө 336 сая хуримтлагдсан ашиг^.. зэргийг хэрхэн яаж үрэгдүүлж ашиглаж завшсаныг тогтоолгож шүүхээр нэхэмжлэл гарган манай салд ногдох /43%-д ногдох/ хөрөнгийг нэмэгдүүлж 51%-аас дээш хувьцаа эзэмшигч болгоно гэж амлаж байснаа биелүүлээгүй, огт явж хөөцөлдөөгүй нэхэмжлэл гаргаагүй харин намайг хуурч мэхлэн залилан шүүх цагдаа дээр шовгор орно гээд 20 саяар дүү нь яваад найдвартай дуусгана гэж хуурч 8 сая төгрөгийн урьдчилгаа гэж авсанд нь би гомдолтой байна. Мөн гэрээний 4.2 дахь хэсэгт үлдсэн 60% буюу 12,000,000 төгрөгийг шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд төлнө гэж заасан байх боловч хэргийг хэрхэн яаж шийдвэрлэгдэж тодорхой ямар нэгэн үр дүнд хүрсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөх тухай тодорхойгүй байгаа нь иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй мөн хуульд заасан дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас Иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Итгэмжлэл, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Итгэмжлэл, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00000 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 000 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0/00 дугаар Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас,

Нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаартай хэрэгт үзлэг хийх, Б.Л-тэй Facebook чатаар харилцаж, мэдээлэл авч холбогдох баримтыг өгч, авч байсныг тодруулахаар өөрийн гар утсанд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, тус баримтыг шүүх бүрдүүлсэн болно.

Хариуцагч талаас: Итгэмжлэл,Г.Бын дансанд мөнгө шилжүүлсэн баримт,  2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 000 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагчийн зүгээс Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 00 тоот маргаан шийдвэрлэх тогтоолыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, тус баримтыг шүүх бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Г.Б нь Б.Л-д холбогдуулан гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, Б.Л нь Г.Б-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2-т заасан 60 хувь буюу 12.000.000 төгрөгийг хэргийг эцэслэн шийдвэрлэхээр төлүүлнэ гэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах, урьдчилгаанд өгсөн 8.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

2. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөрГ.Б, Б.Ол, Б.Л, Д.Э нар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Б.Л, Д.Э нарын эзэмшлийн Тэнхлэг ус ХХК-д  оруулсан хөрөнгө оруулалтыг үнэлүүлэн тус компанийн хөрөнгөд бүртгүүлэх, тус компанид эзэмших хувьцааг 51 хувь болгоход хууль зүйн туслалцааг бүх талаар үзүүлэхээр тохирчээ.

3. Гэрээний 4.1-д зааснаар энэ гэрээнд хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 20.000.000 төгрөгийн өмгөөллийн хөлс авахаар талууд тохиролцож, хөлсний 8.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдсэн 60 хувийг буюу 12.000.000 төгрөгийг шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд тус тус төлөхөөр заасан байна.

4. Нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2019.05.08-ны өдөр Б.Л, Д.Э нараас итгэмжлэл авч, Тэнхлэг ус ХХК-нд холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд оролцжээ.

5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00000 дүгээр шийдвэртэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Б оролцож, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан Тэнхлэг ус ХХК-ийн 2008-2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан гаргуулах шаардлагыг хангаж, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Тэнхлэг ус ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүйд тооцуулах, Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол,  дунд голын ард, Үйлдвэрийн төвийн бус, Энгельсийн гудамжны 31 тоотод байршилтай компанийн эзэмшлийн газарт баригдсан төмөр бетонон ханатай, тоосгон ханатай, 24 метр х 54 метр хэмжээтэй 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй 24 метр х 30 метр хэмжээтэй 720 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, 15 метр х 30 метр хэмжээтэй 450 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулахыг Тэнхлэг ус ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Тус шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б гомдол гаргаж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 000 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00000 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ.

8. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Тэнхлэг ус ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэлээс үзвэл уг хуралд нэхэмжлэгчГ.Б, хариуцагч Б.Л нар оролцсон байна.

9. Талуудын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагууГ.Б Тэнхлэг ус ХХК-нд холбогдох иргэний хэрэгт оролцож, гэрээний 1.4-т “талууд гэрээнд гарын үсэг зурж, өмгөөллийн хөлсийг төлснөөр гэрээний үйлчлэл эхлэх ба хууль зүйн туслалцаа үзүүлж буй эрүү, иргэний хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэснээр дуусгавар болно” гэж заасны дагуу гэрээний үйлчлэл дуусгавар болсон байна.  

10. Иймд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагууГ.Бын ажил үйлчилгээ шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсноор дуусгавар болсон тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Б.Л гэрээнд заасны дагуу хөлсөө төлөх үүрэгтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

11. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах үедГ.Б хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаар Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний тогтоолоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэг, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дүүдээ овогт Г-ын Б-ын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай хүчингүй болгожээ.

12. Хариуцагч Б.Л нэхэмжлэгчГ.Бод 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр итгэмжлэл өгсөн бөгөөд үүнээс хойш буюу 2019.10.04-ний өдөр түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх нь хүчингүй болсон ч зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу Тэнхлэг ус ХХК-нд холбогдох иргэний хэрэгт оролцож, шүүхийн эцсийн шийдвэр гарсан байна.

13. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д “хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн” гэж заажээ. Өөрөөр хэлбэл хэлцэлд оролцогч талууд хэлцлийн объектив агуулгыг иш болгон баримтлах ёстой бөгөөд хэлсэн үг, үйлдэл нь нөгөө талын эрх мэдэл, мэдээллийн цар хүрээнд ойлгож хүлээн авснаас өөр субъектив утга санаатай тулгаж болохгүй юм.

14. Хариуцагч Б.Л хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2 дахь заалтыг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлож чадаагүй байна.

15. Талуудын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хүчин төгөлдөр үйлдэгдэж, хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу үйлчилгээ авсан нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдож байх тул Б.Лгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Б.Лгээс 12.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчГ.Бод олгосугай.

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2-т заасан 60 хувь буюу 12.000.000 төгрөгийг хэргийг эцэслэн шийдвэрлэхээр төлүүлнэ гэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах, урьдчилгаанд өгсөн 8.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаарГ.Бын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөг, хариуцагч Б.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лгээс 206.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчГ.Бод олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО