Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/97

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч У.О*******р нарыг оролцуулан

******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.О*******рт холбогдох эрүүгийн 2515000260038 дугаартай, 304/2025/0092/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* оршин бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 42 настай, эрэгтэй урьд ял шийтгүүлж байгаагүй, И******* овогт У*******гийн О*******р РД:/*******/

 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч У.О*******р нь 2025 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 5 дагуур багийн нутагт орших 20 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч Д.Г*******ийг “чи архи уулаа” гэж уурлан, хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа алгадаж эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515000260038 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч У.О*******р нь 2025 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 5 дагуур багийн нутагт орших 20 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч Д.Г*******ийг “чи архи уулаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.О*******рын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хэргийн талаар үнэнээ хэлсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг,

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Г*******ийн өгсөн: “... 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр манай ажлын хүн гэртээ акттай байсан болохоор ажлынхаа хэдэн хүмүүстэй гэрт нь эргэж очсон. Бид хэдийг хоол цай хийж өгөөд дайлаад нэг том шилтэй архи гаргаж өгсөн, нэрийг нь мэдэхгүй байна. Би нэлээд согтсон байсан. Гэрээс нь гарахдаа нөхөр болох О*******рыг “ирж ав” гэж утсаар ярьсан. Удалгүй манай нөхөр ирсэн. Ирэхдээ 1 шил архи авч ирэхээр нь бид хэд хувааж уусан. Манай нөхөр архи уудаггүй болохоор нэлээд согтсон. Тэгээд тухайн “Нарлаг өргөө” байрнаас гараад бид хоёр гэр лүүгээ харих замд манай нөхөр “чи архи уулаа” гээд уурлаад байсан. Тэгээд ******* сумын 5 дугаар багийн 20-р байрны 1 дүгээр орцонд байх гэртээ орох гээд явж байхдаа миний зүүн талын хацар болон нүд хэсэг рүү алагдсан. Тэгээд гэртээ ороод толинд харсан чинь нүд сонин болсон байхаар нь Улаанбаатар хотод байдаг дүү рүүгээ яриад “О*******р намайг зодчихлоо” гэж хэлсэн юм. ...О*******р нь манай нөхөр байгаа юм. ...Би 2 шил архи ажлынхаа хүмүүс болон О*******ртай хувааж уусан. Манай нөхөр О*******р бид 2 архи уудаггүй болохоор нэлээд согтсон байсан. ...Манай нөхөр О*******р баруун гараараа миний зүүн талын нүд болон хацар хэсэг рүү нэг удаа алгадсан. ...Миний зүүн нүд болон хацар хавдсан. ... О*******р намайг “архи уулаа” гэж зодсон. ...Тухайн үед гэрийнхээ орцонд байсан болохоор өөр хүн байгаагүй. ...Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй гомдол санал байхгүй...”  Мөн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн “...Намайг урьд өмнө зодож цохиж байгаагүй. Манай нөхөр О*******р нь анх удаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 10-ны 03 цагийн орчимд нэг удаа нүүр хэсэг рүү цохисон. Өөр миний биед халдаж, цохисон зүйл байхгүй. ...Миний хамар луу хүн цохиж байгаагүй. Өөрөө бас унаж эсвэл санамсаргүй бэртээж байгаагүй. 2025 оны 01 сарын 10-ны өдөр эмнэлэгт үзүүлэхдээ энэ талаар мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35, 103-104-дэх тал/,

3. Гэрч Д.Э*******ийн өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө хэдэн цагийг нь мэдэхгүй байна. Улаанбаатар хотод гэртээ байж байхад ******* аймгаас манай эгч Г******* миний утас руу залгаад “би нөхөртөө зодуулчихлаа” гээд уйлаад байсан. Би ******* аймгийн цагдаагийн газрын утас руу залгаад “манай эгч болох Г*******ийг нөхөр болох О*******р нь агсам тавьж биед нь халдсан” гэж дуудлага өгсөн. ...Эгч Г******* нь “намайг алгадан чинь зүүн нүд сонин болчихлоо” гэж уйлаад ярьсан. ...Бид хэд тустаа амьдардаг болохоор өмнө нь зодож байсан эсэхийг мэдэхгүй байна. Манай хүргэн О*******р нь архи, дарс уудаггүй хүн байгаа юм. Урьд өмнө манай эгч зодуулчихлаа гэж ерөөсөө ярьдаггүй байсан. ...Г*******, О*******р хоёр 17-18 жил хамт амьдарч байгаа байх. Дундаасаа хоёр хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

4. Иргэний нэхэмжлэгч Б.Аын өгсөн: “...Д.Г******* нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс хойших хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан байна. Нийт 129253 төгрөгийн зардал гаргуулж тусламж үйлчилгээ, эмчилгээ хийлгэсэн байна. ...мөнгийг буруутай этгээдээс буцаан авч эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

5. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дугаартай: “...Д.Гийн биед зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

6. Шинжээч эмч нарын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 9 дугаартай “...2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Гийн биед зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэл, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хамрын таславчийн мурийлт нь мохоо зүйлийн үйлчлэл, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой, хуучин гэмтэл ба хэзээ үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 114-115 дахь тал/,

7. Яллагдагч У.О*******рын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 44-47 дэх тал/,

8.Яллагдагч У.О*******рын өгсөн: “...Би дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. ...Би үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. ...Бид хоёр одоо хэвийн харилцаатай нэг гэртэй амьдарч байгаа надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн, сар шинэ болох гээд бэлтгэл ажил базаагаад л явж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч У.О*******р нь 2025 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 5 дагуур багийн нутагт орших 20 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч Д.Г*******ийг “чи архи уулаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Г*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан  нь тогтоогдсон бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч У.О*******рын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

У.О*******рын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн У.О*******р нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч У.О*******рын бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх  эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч У.О*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

Шүүгдэгч У.О*******рын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.Г******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

 Иргэний нэхэмжлэгч ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд /Б.А / учирсан эмчилгээний зардал 129.253 төгрөгийг шүүгдэгч 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн талаархи баримтыг шүүхэд гаргаж өгсөн  тул шүүгдэгч У.О*******рыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч У.О*******рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч У.О*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүгдэгч У.О*******р нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд  шүүгдэгч У.О*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Хавтаст хэргийн 44, 46-47 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч У.О*******р нь ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* оршин бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 42 настай, эрэгтэй урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.О*******рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч У.О*******р нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И******* овогт У*******гийн О*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О*******рыг  700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч У.О*******р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ