| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/03289/И |
| Дугаар | 183/шш2022/02312 |
| Огноо | 2022-08-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 183/шш2022/02312
| 2022 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2022/02312 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Т,
Нэхэмжлэгч: Э.Г нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М , гэрч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Т , Э.Г нар хариуцагч Н холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01908 тоот захирамжаар төлбөр төлөгч Б.Т , Э.Г нараас 164.9330.904,11 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байрны 17 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, 110 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20290069/33 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 20290069/06 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураасан. Дээрх хөрөнгийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-иар үнэлүүлж, тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 379.364.721 төгрөг хэмээн тогтоосон байна. Гэтэл энэхүү үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байх бөгөөд тухайн компани хөрөнгийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан үнэлгээний хандлагын аргуудыг хэрэглээгүй, хамрах хүрээ, газар зүйн байршил, ирээдүйд үнэ хүрэх хандлагыг буруу ашиглан зах зээлийн, өртгийн хандлагаар гэсэн ганцхан хүснэгтээр үнэлгээг гаргаж, хувийн орон сууц болон газрын үнэлгээг хэт доогуур үнэлсэн байна. Иймд төлбөр төлөгч нараас Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хууль заасан хугацааны дотор гомдол гаргаж байна. Түүнчлэн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгч үндэслэлгүйгээр солигдож процессын алдаа гаргасан болохыг шүүх анхаарна уу гэжээ.
2. Хариуцагч Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01908 тоот захирамжаар төлбөр төлөгч Б.Т , Э.Г нараас 164.9330.904,11 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул Б.Т , Э.Г нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, Зайсан гудамж, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 110 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20290069/33 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 20290069/06 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураасан. Талуудад хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцож тогтоох боломжийг олгож, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4-92/9467 тоот албан бичгийг гардуулан өгөхөд төлбөр төлөгч нар эд хөрөнгийг 950.000.000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан. Харин төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь төлбөр төлөгчийн үнийн саналыг зах зээлийн үнээс хэт өндөр байх тул хөндлөгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээчээс эд хөрөнгийг 379.364.721 төгрөгөөр үнэлсэн. Талуудад хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 4-92/10612 тоот мэдэгдлээр танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг миний чөлөөтэй байх хугацаанд 221 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч хариуцан ажиллаж байсан ба би эргэн ажилдаа орсноор миний харьяанд байдаг тус хэргийг би өөрөө хүлээн авч, ажиллагаа хийж байгаа. Иймээс нэхэмжлэгчийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч үндэслэлгүйгээр солигдсон гэх гомдол үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01908 тоот захирамжаар төлбөр төлөгч Б.Т , Э.Г нараас 164.9330.904,11 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байна.
3. Ингээд уг ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Төрбатын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, Зайсан гудамж, 00 дугаар байрны 00 тоотод байрлах, 110 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20290069/33 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 20290069/06 тоот тогтоолоор хураасан.
Ингээд Н 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4-92/9467 тоотоор төлбөр төлөгч, төлбөр авагч нарт эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс эд хөрөнгийг 950.000.000 төгрөгөөр үнэлэх санал, харин төлбөр авагчаас дээрх саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5/4695 дугаар албан бичгээр мэдэгдэж, шинжээч томилохыг хүссэн.
4. Улмаар 92 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/143 дугаар тогтоолоор шинжээч томилж, шинжээчид эрх, үүрэг тайлбарлан өгчээ.
Хөрөнгө эстимэйт ХХК-иас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан-г ирүүлсэн байх ба дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг 379.364.721 төгрөгөөр үнэлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээч Б.Б гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө тухайн эд хөрөнгийн байдалтай биечлэн танилцсан, мөн эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Зах зээлийн хандлага, Орлогын хандлага, Өртгийн хандлага-ыг тус тус харьцуулан гаргаж, хамгийн их үнэлгээтэй гарсан хандлага буюу зах зээлийн хандлагаар гарсан үнийн дүнгээр эд хөрөнгийг үнэлсэн, түүнчлэн ойролцоо орших үл хөдлөх эд хөрөнгүүдийн шинж байдалтай харьцуулах замаар үнийг тогтоосон гэдгээ дурдсан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тайлан-д энэ талаар дэлгэрэнгүй тусгажээ.
Өөрөөр хэлбэл, шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгөтэй очиж танилцсан, орлогын болон зах зээлийн, өртийн үнийн хандлагыг тус тус ашигласан, мөн тухайн хөрөнгийн шинж байдал, орчны байдал, давуу болон сул талуудыг үнэлгээний тайландаа дурдсан буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан дүгнэлтийг гаргасан байна.
Мөн шинжээч нь дээрх үнэлгээг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудтай танилцсан, ямар нэгэн өөр хувийн ашиг сонирхолгүй гэдэг батаглгаагаа гаргасан байх тул дүгнэлтийн хувьд хууль зөрчигдөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нарын зүгээс Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй гаргасан хэмээн тайлбарлаж байгаа боловч тэд тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй.
5. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг хянан хэлэлцэх хүрээ тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдана.
Гэтэл нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 00 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасан байхад ажиллагааны явцад 00 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг хийж, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, үнэлэх ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг зөрчсөн хэмээн дурдсан боловч нэхэмжлэгч нар энэ талаар гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул уг асуудлын талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй болно.
6. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Н холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Т Э.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
8. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2022/11435 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Т , Э.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2022/11435 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА