Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/555

 

 

 

 

  2021              6               2                                             2021/ДШМ/555

 

Б.М, Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан

шүүгдэгч, хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,  

шүүгдэгч, хохирогч Б.Агийн өмгөөлөгч Н.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.М, Б.А нарт холбогдох 2009000001499 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 7 буудал Зунжин чиглэлийн автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн гэрлэн дохио уулзвар орчимд “зам шахаж явлаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Атай маргалдаж, улмаар толгойгоороо мөргөж, гэдэс рүү нь отвёрткаар хатгаж эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн талын зулайн ар, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хэсэгт сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.А нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 7 буудал Зунжин чиглэлийн автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн гэрлэн дохио уулзвар орчимд “зам шахаж явлаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Мтай маргалдаж, улмаар цээж болон нүүр хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд “хамарт шарх, доод уруулын дотор салстад шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.М, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Будмаагийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шангас овогт Батсүхийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М, Б.А нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус бүрт тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.М, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар Б.Агаас 130.000 төгрөгийг гаргуулж хохирог Б.Мд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч Б.М нь шүүгдэгч Б.Агаас, хохирогч Б.А нь шүүгдэгч Б.Маас тус тус хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М, Б.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, Б.М, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт гаргасан. Үүнд:

Хохирогч Б.Агаас “миний хамарнаас цус гаргасан, М отверкаар миний гэдэс рүү 2-3 удаа хатгасан бөгөөд тэр үед нь би хоёр гарыг нь барьсан чинь намайг толгойгоороо нэг удаа мөргөсөн” гэж мэдүүлдэг боловч мөн өөрөө гэрчээр мэдүүлэг өгөхдөө “надад гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэж мэдүүлсэн байдаг.

Гэтэл шүүхээс дээрх “надад гэмтэл учраагүй” гэх мэдүүлгийг ямар үндэслэлээр няцааж байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээрх гэрчээр “гэмтэл учраагүй, гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй” гэсэн мэдүүлгийг хэрэг явдал болсон гэх үеэс 11 хоногийн дараа шүүхэд үзүүлсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 12879 дугаартай дүгнэлтийг харьцуулан, мөн хэргийн газарт дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн “Б.Агийн бие, нүүрэнд гэмтэл харагдаагүй” гэсэн мэдүүлгийг үнэлж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолоос надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч, хохирогч Б.Мын өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед Цагдаагийн албан хаагч Ганхуяг мэдүүлэгтээ “хохирогч Б.Агын нүүрэнд гэмтэл харагдаагүй” гэж хэлснээс гадна гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зайг өөрөөр хэлдэг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоолд “17 дугаар сургуулийн орчим” гэж 2 шүүгдэгчийг буруутгасан боловч Цагдаагийн албан хаагч Ганхуяг дуудлагаар “5 буудал” дээр очсон байдаг. Б.Агийн бүх мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байдаг. Гэтэл нэг удаа нүүрэнд нь мөргөсөн гэж мэдүүлснийг үнэлж шийдвэрлэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Аг ар дагз, чамархайндаа гэмтэл авсан гэж дүгнэсэн. Б.Ад олон удаагийн гэмтэл учирсан бол хэн учруулсан нь эргэлзээ бүхий байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт 10 хоногийн дараа гарсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч, хохирогч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Агийн өмгөөлөгч Н.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Б.А өөрт тохирсон ял шийтгэл авсан. Анхан шатны шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр шийдвэрээ гаргасан. Мөн шүүгдэгч, хохирогч Б.Маас маргааныг эхлүүлсэн хохирогч Б.Ад олон тооны гэмтэл учруулсан нөхцөл байдлыг харгалзаж ялыг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй гарсан. Хэдийгээр 10 хоногийн дараа шинжээч томилж, дүгнэлт гарсан ч үндэслэлтэй. Яагаад тухайн үед шинжээч томилуулаагүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.А дэлгэрэнгүй тайлбар хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинжээч томилж, дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтээр шүүгдэгч, хохирогч Б.Ад учирсан гэмтлүүд хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж үзсэн. Тархи доргилт гэмтэл нь мөргөх үед үүсэх боломжтой талаар шинжээч эмч Эрдэнэболороос мэдүүлэг авч тодруулах ажиллагаа хийгдсэн. “Миний толгой руу мөргөсөн. Отвёрткаар 2-3 удаа гэдэс рүү хатгасан” гэж  Б.А мэдүүлэг өгдөг. Шинжээчийн дүгнэлтээр гэдсэнд сорви байдаг. Гэвч тухайн сорвийг хэзээ учруулсныг тогтоох боломжгүй гэх дүгнэлтийг шинжээч гаргасан. Б.М нь Б.Агийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 7 буудал Зунжин чиглэлийн автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн гэрлэн дохио уулзвар орчимд “зам шахаж явлаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Атай маргалдаж, улмаар толгойгоороо мөргөж, гэдэс рүү нь отвёрткаар хатгаж эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн талын зулайн ар, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хэсэгт сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.А нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 7 буудал Зунжин чиглэлийн автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн гэрлэн дохио уулзвар орчимд “зам шахаж явлаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Мтай маргалдаж, улмаар цээж болон нүүр хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд “хамарт шарх, доод уруулын дотор салстад шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Мын “...Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед 100 айлаас 5 буудал орох гээд 96-12 УНЗ улсын дугаартай Тоёота Приүс загварын бор шаргал өнгийн машинтайгаа 32-н автобусны буудлын ойролцоо нэгдүгээр эгнээгээр явж байтал 2 дугаар эгнээнээс 42-13 байх /дугаарыг нь сайн санахгүй байна/ 7 буудал-Зунжин гэсэн бичигтэй шаргал өнгийн автобус зүүн талаас дохио өгөлгүйгээр дарж орж ирээд намайг баруун тал руу шахаад өөрөө автобусны буудал дээр зогссон. Тухайн үед намайг яг мөргөх гэж байсан болохоор нь өөрийнхөө идэж байсан цайруулсан самарнаас 2-3 ширхэгийг шидчихсэн юм. Тэгсэн чинь самарны яс жолоочийн талын шилийг нь оносон. Би хажуугаар нь өнгөрөхдөө “чи яаж яваад байгаа юм” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд 17-ын автобусны буудлын уулзвар дээр байж байтал тэр автобус араас ирээд жолооч нь автобуснаасаа буугаад миний машиныг хоёр талаас нь өшиглөж, бас гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би тоохгүй сууж байгаад миний машины баруун талын толийг цохиод хумихаар нь би уурлаад машинаасаа буугаад очтол тэр залуу баруун гараараа миний цээж хэсэг рүү нэг удаа, зүүн хөл рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. ...Миний зүүн талын сандал дээр байсан цахилгааны тоолуурыг баруун гартаа барьж байгаад миний нүүр рүү нэг удаа цохьсон. ...” /хх 17-21/,

хохирогч Б.Агийн “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Зунжин ТЭЦ-4 чиглэлийн автобус жолоодож 32-ын тойргоор хойшоо чиглэлтэй явж 32-ын буудал дээр зогссон. Гэтэл жолооч талын цонх руу жинтэй цохих чимээ гарч юм шидэх шиг болсон. ...17-гийн гэрлэн дохио дээр тэр машин зогссон. Тэгээд би ард нь очиж зогсоод автобуснаасаа бууж нөгөө жижиг машин дээр очсон. Жолооч талын хаалгыг нь татахад цоожтой байхаар нь машиныг нь тойрч нөгөө талынх нь хаалгыг татахад бас цоожтой байсан. Тэгэхээр нь толийг нь цохиж хумхичихаад автобус руугаа яваад урд хаалганы хавьцаа ирж байхад жолооч нь машинаасаа буугаад ирсэн. Бууж ирэхдээ зүүн гартаа отвёртка барьсан байсан ба “чамайг ална” гээд хараал урсгаад ирсэн. Тэгээд отвёрткаар далайлгаж “ална” гэж айлгаж байгаад нөгөө гараараа толгой, нүүр рүү нилээн хэдэн удаа цохьсон /хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй байна/. Тэгээд би зуураад отвёрткатай гарын ханцуй хавиас нь барьсан санагдаж байна. Тэр үед гэдэс рүү отвёрткараа 2-3 удаа хатгаж, тэгж зууралдаж байхад миний хамар руу мөргөж, миний хамараас цус гарсан. Тэгээд тэр хүн “машин өнхөрч байна, тавь” гэж хэлсэн. ...Отвёрткаар далайж айлгаж байгаад нүүр рүү болон толгой руу цохиод байсан. Гартаа байсан отвёрткаар гэдэс рүү хатгаад байсан. ...Би тэр хүнийг ганц ч удаа цохиогүй. Цохиж, зодсон асуудал байхгүй. ...” /хх 22-25/,

гэрч Г.Ганхуягийн “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед жижиг Приүс загварын автомашины жолооч 5 буудлын автобусны буудал дээр автобусны жолоочид зодууллаа гэх дуудлага мэдээллийг хүнээс авч очиж шалгахад жижиг автомашины жолооч 5 буудлын гэрлэн дохионы хажууд замын нэгдүгээр эгнээнд зогсож байсан. Жижиг автомашины жолоочийн хамарны дээд хэсгээс хоёр нүдний гол хэсэгт цус гарсан, шалбарсан байсан. Автобусны жолоочид ил харагдах гэмтэл, шарх байхгүй байсан. ...” /хх 29-30/,

яллагдагч Б.Мын “...Тэгээд би хөдлөөд явж байгаад 17-ын гэрлэн дохион дээр зогсоход араас автобус тоормослох чимээ гарсан. Автобус зогсоод жолооч талын хаалга дээр ирээд цохиод машин тойроод цонх цохиод, баруун гар талын толийг хоёроос гурав савж хагалсан байгаа. Машинаасаа буугаад очиход “чи муу яаж байгаа юм бэ пизда минь” гээд байсан. Бид хоёр зууралдаад байж байхад миний машин өнхөрч байсан. Би буухдаа машиныхаа арааг салгаагүй байсан. ...5 буудлын гэрлэн дохион дээр ирэхэд араас автобус ирээд ард зогсоод, жолооч нь бууж ирээд миний хаалгыг онгойлгож шууд цохьсон. Үргэлжлүүлээд цохих гээд хальт цохиод миний урдуур дамнаж орж ирээд жолоочийн хажуу талын сандал дээр байсан тоолуурыг бариад миний хамар руу цохьчихоод буусан. ...Би отвёртка барьж дайрсан, мөргөсөн асуудал байхгүй. ...” /хх 9-12/,

яллагдагч Б.Агийн “...Би тэр М гэх хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. ...Цагдаад “хаалганы эрмэг цус болсон байна, хаалгандаа хамраа цохьсон юм биш үү” гэж хэлж байсан. Уруулын шарх бол намайг 17-гийн уулзвар дээр барьж мөргөсөн тэр үед үүссэн байх. Түүнээс бол би цохиж зодсон зүйл байхгүй. Би ганц ч удаа цохиогүй. ...Отвёрткатай гараараа далайж байгаад нөгөө гараараа намайг цохиод байсан. Отвёрткаг нь авах гээд зууралдаж байхад намайг мөргөж хамраас цус гаргаж, гэдэс рүү отвёрткаар хатгасан. Тэгээд би отвёркаг нь авах гэж зууралдаж байхад “машин өнхөрч байна” гэхээр нь би тавьж машин руугаа гүйсэн. ...” /хх 3-4/,

шинжээч эмч Ч.Эрдэнэболорын “...Тухайн гэмтлүүд нь мөргөх үед үүсэх боломжтой, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /хх 41-42/ гэсэн мэдүүлгүүд болон,

“...Б.Мын биед хамарт шарх, доод уруулын дотор салстад шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12380 дугаартай /хх 31-34/,

“...Б.Агийн биед тархины доргилт, зүүн талын зулайн ар, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, зүүн талын зулайн ар, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 12879 дугаартай /хх 37-39/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Мыг хохирогч Б.Атай маргалдаж, улмаар толгойгоороо мөргөж, гэдэс рүү нь отвёрткаар хатгаж эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн талын зулайн ар, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хэсэгт сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Аг Б.Мтай маргалдаж, улмаар цээж болон нүүр хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд “хамарт шарх, доод уруулын дотор салстад шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.М, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Аг 600 нэгжтэй буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, хохирогч Б.Маас “...эргэлзээтэй нотлох баримтуудыг үндэслэж намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан хохирогч Б.А, гэрч Г.Ганхуяг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Б.Мын үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдсон төдийгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүгдэгч, хохирогч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ        

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ