Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 49

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, шүүгч Х.Санжидмаа, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Иргэдийн төлөөлөгч Ж.Тунгалагтуяа

Улсын яллагч Г.Амарсайхан

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, 

Шүүгдэгч Г.Гомборагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар Г.Гомборагчаад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201617000176 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Наран суманд 1987 оны 03 сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Баруун-Урт сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдэж  байсан, ЛЕ87031913 регистрийн дугаартай, Хээрнүүд овгийн Гансүхийн Гомборагчаа 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

 

Шүүгдэгч Г.Гомборагчаа нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед Эрдэнэцагаан сумын нутаг “Улаан хонхор” гэх газарт Истана маркын 73-93 СҮА улсын дугаартай машинтай явж байгаад Фургон маркийн 92-49 УНР улсын дугаартай машинтай мөргөлдөж А.Алтантогос, Г.Бүрэнтэгш, Г.Өлзийсайхан нар нас барж, Б.Ганхуяг, Б.Батжаргал, Э.Батмөрөн, М.Отгонтөгс, Г.Мөнхтөгөлдөр, Г.Гомборагчаа, Б.Алтанзаяа, С.Энхтуяа, Б.Алтантуул, Б.Чимэддорж нарт гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

 - Шүүгдэгч Г.Гомборагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 06-ны өдөр Эрдэнэцагаан сум руу Истана машинаар хүн аваад явж байгаад өөдөөс нэг фургон машин ирж байгааг харсан. Би ойртож очоод замаас гаръя гэж бодоод ойртоод замаас гартал фургон машин хажуу талаас ирээд хаалга талаас мөргөж унагасан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, бүх өр төлбөрийг барагдуулна гэж хэлмээр байна. Би хохирогч нараас уучлалт гуймаар байна. Ямар ч байсан би хүмүүсийн төлбөрийг барагдуулна. Би Алтанцэцэг эгчид миний машинд явж байсан барааны үнэ болон оршуулгын зардалд 8.000.000 гаруй төгрөг өгсөн. Өөр хэлэх үг байхгүй гэв. 

 

  - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэгтээ: Манай нөхөр Бүрэнтэгш нь 2016 оны 06 сарын 06-ны өдөр өдөр Сүхбаатар аймгаас Эрдэнэцагаан сум орохоор машинд сууж яваад зам тээврийн осолд орж нас барсан, би учраа олохгүй Улаанбаатар хотоос ирсэн хүү Б.Бат-Эрдэнийг хохирогчоор оролцуулахаар байцаалт өгүүлсэн боловч манай Бат-Эрдэнэ нь хотоос байнга ирж чадахгүй учраас би хохирогчоор тогтоолгон шүүх хуралдаанд оролцож байна. Би Истанад явж байхдаа алга болсон барааны жагсаалтыг гаргаж өгч нэхсэн. Г.Гомборагчаа надад барааны төлбөрт 328.200 төгрөг, оршуулгын зардалд 7.883.500 төгрөг өгсөн. Одоо ханийнхаа тэтгэврийн зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг, бидний хамтран авсан бизнесийн зээлийн үлдэгдэл 13.000.000 төгрөгийг нэхэмжилнэ.  Би эд нарыг ойлгож байсан. Гэтэл эд нар намайг ойлгохыг хүсээгүй. Хэдийгээр надаас айсан ч гэсэн над дээр ирээд байгаа байдлаа хэлээд уулзаж болох байсан. Өнөөдөр хүний амийг хэдэн төгрөгөөр хязгаарлаж болохгүй ч гэсэн тэтгэврийн зээл, бизнесийг зээлээ төлүүлнэ. Миний харагдах байдал  гайгүй байгаа ч гэсэн нөхрөө алдсан хүний сэтгэл, аавыгаа алдсан хүүхдүүдийн сэтгэл ямар байх вэ. /уйлав/ Та нар хэрэг мөрдөн байцаалтад буцахад “Yes” гээд хөөрцгөөж байсан. Ханиа алдсан хүний хувьд тэр байдлыг чинь хараад би их гомдсон. Г.Гомборагчаа осол гарснаас хойш надтай нэг ч ирж уулзаагүй, намайг шуналтай хүүхэн гээд манай сумаар яриад явж байна гэсэн. Би хүн учраас ойлгож болох байсан. Би та нарыг олон хүнд хохирол учруулж, өчнөөн төлбөр төлж байгааг чинь ойлгож байгаа. Гэтэл та нар намайг ойлгохгүй, бодохгүй байна. Би  гомдолтой.  Иймээс тэтгэврийн зээлийн үлдэгдэл, бизнесийн зээлийн үлдэгдэл нийт 20.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

         - Хохирогч Я.Өлзий-Оршихын мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... Талийгаач Г.Өлзийсайхан нь миний төрсөн ах юм. Ах маань 2016 оны 06 сарын 06-ны өдөр Эрдэнэцагаан сум орохоор Г.Гомборагчаагийн Истана маркын машинд суугаад явсан чинь замдаа зам тээврийн осолд орж ах Өлзий-Орших нас барсан боловч нэхэмжлэх зүйлгүй гомдол санал үгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 23-26 х/

 

- Хохирогч Э.Алтантүлхүүрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач А.Алтантогос нь манай дүү юм 2016 оны 06 сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгаас манай хүргэн Г.Гомборагчаагийн Истана маркийн машинд манай ээж, дүү нар Эрдэнэцагаан сум орохоор явж байгаад замдаа машинтай мөргөлдөж манай дүү Алтантогос нас барсан нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэх” мэдүүлэг / хх-ийн 27-29, 2 дугаар хавтаст хэргийн 69  х/ 

 

- Хохирогч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Г.Гомборагчаа нь манай охин Алтанзаяагийн нөхөр юм. 2016 оны 06 сарын 06-ны өдөр аймгаас Гомборагчаа нь өөрийнхөө Истана маркын машинтай Эрдэнэцагаан сум орохоор явж байгаад замдаа машинтай мөргөлдсөн тэгээд би ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд хүмүүс шуугилдаад байсан нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 30-33 х/

 

-  Хохирогч Б.Алтанзаяагийн “... Манай нөхөр Г.Гомборагчаа нь 2016 оны 06 сарын 06-ны өдөр хувийнхаа Истана маркын машинтай аймгийн төвөөс хүмүүс аваад Эрдэнэцагаан сум орохоор явсан би унтаад явсан юу ч мэдээгүй нэг мэдэхэд л аймгийн эмнэлэгт хэвтэж байсан. Манай хүү Г.Мөнхтөгөлдөр 1 нас 3 сартай хүүгийн биеийн байдал зүгээр. Шинжээч эмч үзээд хөнгөн гэмтсэн гэсэн үүнийг зөвшөөрч байна надад нэхэмжлэх болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 34-36 х /

 

 - Хохирогч М.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Энх-Өглөө” ХХК-ны жолоочоор ажилдаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өндөр хүчдлийн шугам тавих ажил хийж байгаа юм. 2016 оны 06 сарын 06-ны орой 18 цаг өнгөрч байхад хамт ажилдаг Баттөмөр, Чимэддорж нарын хамт Тохойн гол гэдэг газраас кран авах гээд албаны 92-49 УНР  дугаартай Фургон машиныг жолоодоод сумаас баруун хойшоо гараад явсан. Гэтэл өмнөөс цагаан өнгийн Истана маркын миний явж байгаа замаар өөдөөс явж байгаа харагдсан. Би ойртож очоод баруун гар тал руугаа дараад уг машинтай зөрөх гэтэл нөгөө машин гэнэт миний машины урдуур ороод ирсэн нэг мэдэхэд бид гурав машинаасаа шидэгдсэн байсан. Одоо миний зүгээс гаргах гомдол санал байхгүй шүд болон нүдээ эмчлүүлэх шаардлагатай байгаа тул үүнийг минь барагдуулж өгнө үү”  гэх мэдүүлэг /хх-н 37-39 х/

- Хохирогч Б.Отгонбандийн “... Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүргэн ах Г.Гомборагчаагийн Истана маркын машинд ээж Энхтуяа, эгч Алтантуул, Алтанзаяа нарын хамт суугаад явж байтал манай машины өөдөөс нэг Фурган машин ирж байсан тэгээд л мөргөлдсөн. Тэгээд эмч ирж бид нарыг авч явсан надад гаргах санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 х/

 

           - Хохирогч Б.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэцагаан сум орох Истана маркын машинд суугаад явж байхдаа унтаад явж байтал түр тар хийсэн чимээ гарсан. Нүүр ам, цус болсон одоогоор биеийн байдал муу юм ярьж чадахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 х /

- Хохирогч Б.Чимэддоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “Энх-Өглөө” Би ХХК-д кранист бөгөөд манай компани Эрдэнэцагаан суманд өндөр хүчдлийн шугам тавьж байгаа юм. 2016 оны 06 сарын 06-ны орой 18 цаг өнгөрч байхад Тохойн гол гэдэг газраас кранаа авч ирэх гээд Батмөрөн, Отгонтөгс нарын хамт явсан Отгонтөгс албаны Фургоноо  жолоодоод явсан. Би арын суудалд унтаад явсан гэнэт машин юм мөргөх шиг болсон. Миний хөл хугарсан өөр ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 х /

 

- Хохирогч Э.Батмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Би “Энх-Өглөө”  ХХК-д цахилгаанчин бөгөөд манай компани Эрдэнэцагаан суманд өндөр хүчдлийн шугам тавьж байгаа юм. 2016 оны 06 сарын 06-ны орой 18 цаг өнгөрч байхад Тохойн гол гэдэг газраас кранаа авч ирэх гээд Батмөрөн, Отгонтөгс нарын хамт явсан Отгонтөгс албаны Фургоноо  жолоодоод явсан. Би жолоочийн дэргэд суугаад явж байтал өмнөөс цагаан өнгийн Истана маркын машин ирж байгаа харагдсан жолооч Отгонтөгс тэр машинд зам тавьж өгөөд рулээ баруун гар тийш дараад замын хажуугаар явтал нөгөө машин дөхөж ирээд гэнэт урдуур дараад ороод ирсэн, нэг мэдэхэд л би машины гадаа хэвтэж байсан. Тэгээд эмнэлэгт очиж нүүрэндээ олон оёдол тавиулсан толгой өвдөөд зовиуртай байна өөр ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 х /

 

         - Хохирогч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр аймгийн төв дээр Эрдэнэцагаан сум явах машин хайж явсан. Тэгсэн чинь цагаан өнгийн  Истана маркын машинд явна гэхээр нь арын суудалд унтаад явсан нэг мэдэхэд машины гадаа нүүр ам бөөн цус болчихсон хэвтэж байсан. Нэхэмжлэх болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 х/

- Хохирогч Б.Алтантуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ээж Энхтуяа, эгч Алтантуяа, дүү Отгонбаньд нарын хамт хүргэн ах Гомборагчаагийн  Истана машинд суугаад аймгаас сум руугаа гарсан. Бидэнтэй хамт Бүрнээ ах, Батжаргал ах өөр 2-3 хүн  явсан. Нэг харсан урдаасаа Фургаан машин дайвалзаад ирсэн. Тэгээд л машин мөргөсөн надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-57 дугаар х/

 

- Хохирогч М.Энхсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэцагаан сум орох Истана маркын машинд суугаад явж байхдаа унтаад явж байтал машин онхолдсон байсан. Жолооч болон нэг хүүхэд ухаантай байсан бусад нь ухаан алдсан байсан. Тэгээд л эмнэлэг дуудсан миний зоо нуруу хөшиж өвдөөд байна харин нэхэмжлэх зүйл болон гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар х/

 

- Гэрч Б.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“ ... 2016 оны 06 дугаар сарын 06-ны орой 20 цагийн 10 минутанд манай эмнэлгийн хүлээн авах дээр сумаас хойш Улаан хонхор гэдэг газарт 2 машин мөргөлдөж хүмүүс гэмтсэн гэсэн дуудлага ирсэн тул уг дуудлаганд очиход  Бүрэнтэгш, Алтантогос нар нас барсан бусад хүмүүс ёолсон байдалтай байсан тэгээд үзлэг хийгээд цус тогтоох болон өвчин намдаах эмчилгээ хийгээд сум руу явуулсан би хамгийн хүнд Алтанзаяа, Өлзийсайхан нарыг авч үлдээд дусал залгасан. Тэгээд сум руу машинтай авч явж байхад Өлзийсайхан нас барсан. Машинд сэхээн амьдруулах эмчилгээ хийгээд байхад үр дүн өгөөгүй суман дээр ирээд  бусад хүмүүст эмчилгээ эхэлсэн . Өмнө нь аймгаас эмч дуудсан байсан тэд нар 01 цагийн үед ирсэн мэс заслын эмч нартай хамтран үзлэг хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас /  

- Гэрч Д.Урнаа,  Г.Гомбосайхан нарын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 9-10 дугаар хуудас /

      -  Шинжээч эмч Э.Сансартайван, Техникийн шинжээч Ч.Уранборын  нарын мэдүүлэг  /2 дугаар  хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

- Иргэний нэхэмжилэгч Т.Халиуны  “...Би “Геомагнет“ ХХК-ны захирал, Мөн “Энх Өглөө” ХХК-ны ерөнхий захирал бөгөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 2016 онд цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг хийсэн. 2016 оны 06 сард  “Геомагнет“ ХХК-ны  эзэмшлийн фургон маркийн 92-49 УНР улсын дугаартай машиныг “Энх Өглөө” ХХК-ны  ажилчин М.Отгонтөгс жолоодож яваад осолд орсон.  Би байгууллагаа төлөөлж энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож буруутай хүнээс Фургон машины хохирлыг нэхэмжилнэ. Фургон машиныг Монро даатгалд даатгуулсан бөгөөд энэ ослын дараа тухайн байгууллагад хандсан зүйл байхгүй гэх / 2 дугаар хх-ийн 26-27 дугаар хуудас /

 

- Шүүх химийн шинжилгээний дүгнэлт 31 тоот актанд 

Шинжилгээнд ирүүлсэн Г.Гомборагчаагаас авсан гэх цусанд спиртийн зүйл илрээгүй байна .

 

- Шүүх химийн шинжилгээний дүгнэлт 30 тоот актанд 

Шинжилгээнд ирүүлсэн М.Отгонтөгсөөс авсан гэх цусанд спиртийн зүйл илрээгүй байна.

 

- Замын Цагдаагийн тасгийн техникийн 37 тоот дүгнэлт.

Жолооч Г.Гомборагчаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.5 дахь хэсэгт заасан “Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад ойр явна” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан байх бөгөөд жолооч М.Отгонтөгс нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.  

   

-  Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн задлан шинжилгээ хийсэн  33 тоот дүгнэлт

1. Талийгаач Г.Өлзийсайханы биед олон хавирганы хугарал,баруун уушигны дунд дэлбэнгийн няцрал, уушгны угийн цус хуралт,хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн дээд хэсгийн язралт, баруун бөөрний өөхлөг, элэг, ходоод, дэлүүний холбоосны цус хуралт,баруун хөлний дунд чөмөгт яс, зүүн хөлний шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих,дарах,дэвсэх үед үүснэ.

3. Талийгаач нь архаг хууч өвчингүй.

4. Талийгаач нь гэмтлийн шок, дотуур цус алдалтын улмаас нас баржээ.

 

-   Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн задлан шинжилгээ хийсэн  32 тоот дүгнэлт.

1. Талийгаач Г.Бүрэнтэгшийн гавлын оройн болон суурь ясны үйрч бяцарсан, цөмөрсөн ба шугман хугарлууд, тархины зүүн талын бөмбөлгийн чамархай, дагз ба суурин хэсэг, баруун талын бөмбөлгийн чамархайн хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи голомтлог цус харвалт,баруун талын бөмбөлгийн суурин дунд хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь гавал тархины гэмтлүүдийн улмаас нас баржээ .

4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй.

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн задлан шинжилгээ хийсэн  34 тоот дүгнэлт.

1. Талийгаач А.Алтантогосын гавлын оройн болон суурь ясны үйрч бяцарсан, цөмөрсөн ба шугман хугарлууд, тархины зүүн талын бөмбөлгийн чамархай, дагз ба суурин хэсэг, баруун талын бөмбөлгийн чамархайн хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорхи голомтлог цус харвалт,баруун талын бөмбөлгийн суурин дунд хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь гавал тархины гэмтлүүдийн улмаас нас баржээ.

4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй.

 

-  Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 275 тоот дүгнэлт.

1. Г.Гомборагчаагийн биед тархи доргилт,хүзүүний хугарал, нүүр болон биеэр зулгаралт, шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-5 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. 

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 283 тоот дүгнэлт.

1. Э.Батмөрөнгийн биед тархи доргилт,нүүрэнд шарх, цус хуралт зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. 

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 280 тоот дүгнэлт

1. С.Энхтуяагийн биед тархи доргилт, 2 гарын сарвуу болон зүүн гарын шуу,толгойд зулгаралт шарх,цээжний зүүн талд хавирганы хугарал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. 

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 279 тоот дүгнэлт

1. Б.Ганхуягийн биед тархи доргилт, зүүн хөлний шилбэний ясны хугарал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй . 

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 282 тоот дүгнэлт

1. М.Отгонтөгсийн биед нүүр, шанаа, уруул зөөлөн эдийн гэмтэлтэй, уруул зүсэгдсэн шархтай, цээжинд зулгаралт, зүүн хөлний гуянд шарх, дунд чөмөг ясны хугарал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй . 

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 278 тоот дүгнэлт

1. Б.Батжаргалын биед тархи доргилт, 2 нүдэнд цус хуралт, нүүр болон биеэр зулгаралт, шарх гэмтэл  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.

 

-  Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 277 тоот дүгнэлт

1. Г.Мөнхтөгөлдөрийн биед тархи доргилт, зүүн гарын бугалганд цус хуралт, нуруунд зулгаралт, толгойн зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 281 тоот дүгнэлт

1. Б.Алтантуулын биед тархи доргилт, нүүрэнд зулгаралт, баруун хөмсөгний дээр шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 286 тоот дүгнэлт

1. М.Энхсүхийн биед тархи доргилт, нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 285 тоот дүгнэлт

1. Б.Отгонбаньдийн биед тархи доргилт, баруун хөлний гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түрхугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 284 тоот дүгнэлт

1. Б.Чимэддоржийн биед нүүр болон зүүн бөөрний харалдаа зулгаралт, зүүн хөлсний дунд чөмөг ясны хугарал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. 

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 276 тоот дүгнэлт

1. Б.Алтанзаяагийн биед тархины хатуу хальсны дээрх болон доорх цусан хураа  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-3-зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.

 

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 3-4 х /

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг,  / 1-р хх-н 5-11 х /

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / 1-р хх-н 13 х /

- Г.Гомборагчаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа / 1-р хх-н 177 х /

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 65/

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017.05.01-ний 5/76 тоот тодорхойлолт /2-р хх- 225 х/, 

 

- Иргэний нэхэмжлэгч Т.Халиуны тус шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: ...Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын улмаас манай компаны эзэмшлийн 92-49 УНР улсын дугаартай УАЗ-Фургон маркийн машин ашиглах боломжгүй болсоноос хохирол барагдуулах тухай нэхэмжилсэн. Гэвч уг ослын улмаас олон хүний амь эрсдсэн мөн осол гаргасан жолоочийн нөхцөл байдлыг харгалзан үзээд нийт нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ ...зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Шүүгдэгч Г.Гомборагчаа нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг “Улаан хонхор” гэх газарт Истана маркын 73-93 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д заасан “Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль ойр явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Отгонтөгсийн жолоодон явсан Фургон маркын 92-49 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч А.Алтантогос, Г.Бүрэнтэгш, Г.Өлзийсайхан нар нас барж, Б.Ганхуяг, Б.Батжаргал, Э.Батмөрөн, М.Отгонтөгс, Г.Мөнхтөгөлдөр, Б.Алтанзаяа, С.Энхтуяа, Б.Алтантуул, Б.Чимэддорж нарт хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан, “Геомагнат ресурс” ХХК-ны эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 7.721.000 төгрөгийн шууд хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Гомборагчаагийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэгийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Ганхуяг, Б.Батжаргал, Э.Батмөрөн, М.Отгонтөгс, Г.Мөнхтөгөлдөр, Г.Гомборагчаа, Б.Алтанзаяа, С.Энхтуяа, Б.Алтантуул, Б.Чимэддорж, иргэний нэхэмжлэгч Т.Халиун, шинжээч Э.Сансартайван, Ч.Уранбор нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 32, 33, 34, 275, 283, 280, 279, 282, 278, 277, 281, 286, 285, 284, 276, 04 тоот шинжээчийн дүгнэлтүүд, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг,  осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

        Шүүгдэгч Г.Гомборагчаад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Г.Гомборагчаагийн дээрхи үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байгаа, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч Г.Гомборагчааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

          Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх хийгээд хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Г.Гомборагчаа нь ам бүл хоёулаа 2 нас 3 сартай хүү Мөнхдэлгэрийн хамт амьдардаг  болох нь  гэрлэлт нь цуцалж нэг настай хүү Мөнхдэлгэрийг аав Гомборагчаагийн асрамжинд үлдээсэн Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн 2016 оны 386 тоот шийдвэрээр, шүүгдэгч  Г.Гомборагчаа нь 2 настай  хүүгийнхээ хамт амьдардаг нь багийн засаг даргын 2017 оны 5 сарын 01-ны өдрийн 5/76 тоот албан бичиг, хүү Мөнхдэлгэрийн 2201000199 тоот төрсний гэрчилгээгээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгч Г.Гомборагчаагийн хувийн байдал, хэрэг гарсан нөхцөл байдал, ам бүл хоёр, 2 настай хүү Мөнхдэлгэрийн хамт амьдардаг зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой байна.

         

           Хэдийгээр 2015 оны эрүүгийн  хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ багасч хөнгөрсөн боловч шүүгдэгч Г.Гомборагчаагийн хувьд ял хойшлуулах боломж 2002 оны эрүүгийн хуульд  байгаа учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзээд 2015 оны эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-ийг журамлан 2002 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээр шийдвэрлэв. 

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Г.Гомборагчаа цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргаж, Г.Гомборагчаагийн 997211 дугаартай жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэв. Шүүдэгч Г.Гомборагчаа нь хохирогч Бүрэнтэгшийн авч явсан барааны үнэ 322.000 төгрөг,  оршуулгын зардал 7.883.500 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэгт нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Т.Халиун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Өлзий-Орших, Э.Алтантүлхүүр, хохирогч Б.Ганхуяг, Г.Мөнхтөгөлдөр, Б.Алтанзаяа, С.Энхтуяа, Б.Алтантуул нар хохирол нэхэмжлэхгүй, хохирогч Б.Батжаргал, Э.Батмөрөн,  Б.Чимэддорж нар нэхэмжлэл гаргаагүй  болохыг тус тус   дурдах нь зүйтэй. 

 

         Шүүгдэгч Г.Гомборагчаагаас эмчилгээний зардалд 3.700.000 төгрөгийг гаргаж хохирогч М.Отгонтөгсөд олгохоор шийдвэрлэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Д.Алтанцэцэг тэтгэврийн зээл 7.380.000 төгрөг, бизнесийн зээл 13.317.000 тус тус нэхэмжилсэн боловч энэ тогтоолоор эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

           Учир нь хэрэгт нэхэмжлэлтэй холбоотой ХААН банкны албан тоот, хамтран зээлдэгчийн зээлийн гэрээ зэргээс өөр  ямар ч нотлох баримт байхгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1, 36.1, 36.2, 36.3, 36.4,36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Хээрнүүд овогт Гансүхийн Гомборагчааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан 2002 оны эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэхь хэсэгт зааснаар Г.Гомборагчааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5 /таван/ жил 1 /нэг / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Г.Гомборагчаад оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

           4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар ялтан Г.Гомборагчаад 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсугай.

 

            5. Дээрхи хугацаанд ялтанд хяналт тавихыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

6. Ялтан Г.Гомборагчаа нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            7. Ялтан Г.Гомборагчаагийн 997211 тоот жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй. 

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Гомборагчаагаас 3.700.000 төгрөгийг гаргаж хохирогч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 16-1216 тоотод оршин суух, / регистрийн дугаар ВП82041518 / Мишиг овогтой Отгонтөгсөд олгосугай. 

 

           9. Ялтан Г.Гомборагчаа нь хохирогч Г.Бүрэнтэгшийн авч явсан барааны үнэ 322.000 төгрөг,  оршуулгын зардал 7.883.500 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанцэцэгт нөхөн төлсөн, хохирогч Б.Батжаргал, Э.Батмөрөн, Б.Чимэддорж нар нэхэмжлэл гаргаагүй, иргэний нэхэмжлэгч Т.Халиун, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Өлзий-Орших, Э.Алтантүлхүүр, хохирогч Б.Ганхуяг, Г.Мөнхтөгөлдөр, Б.Алтанзаяа, С.Энхтуяа, Б.Алтантуул нар хохирол нэхэмжлэхгүй гэснийг  тус тус дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Д.Алтанцэцэг тэтгэврийн зээл 7.380.000 төгрөг, бизнесийн зээл 13.317.000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Гомборагчаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

           13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР

 

ШҮҮГЧИД                        С.НАСАНБУЯН

 

       Х.САНЖИДМАА