Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбагэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Д.О*******эг,

шүүгдэгч Г.У*******н нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У*******нд холбогдох эрүүгийн 2415002970084 дугаартай, 304/2025/0109/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б*******н овогт Г*******ын У*******н, А*******й аймгийн Х*******т суманд 1981 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, Булган аймгийн Г*******г сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 44 настай, эрэгтэй,/РД: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.У*******н нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Г*******г сумын Хөгнө 5 дугаар багийн нутаг дэвсгэрт  хохирогч Д.О*******эгтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хэрүүл маргаан хийж, улмаар Д.О*******эгийн биед халдан зодож “..баруун мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг болон  эрүүгийн 2415002970084 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.У*******н нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Г*******г сумын Хөгнө 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.О*******эгтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хэрүүл маргаан хийж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь  “..баруун мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У*******нгийн өгсөн: Өгөхгүй өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О*******эгийн өгсөн: Би 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хонь малаа хариулаад явж байтал Г.У*******н нь мотоциклтой ирээд миний машины урд цонхны шилийг хагалсан. Тэгээд би машинаас буугаад яаж байгаа юм бэ? гэтэл шууд миний хүзүү рүү цохиж унагаасан. Тэгээд би унахдаа баруун мөрөө гэмтээсэн. Тэгээд У*******н манай хониноос 1 ширхэг хонь аваад явсан. Хэрэг явдал болсны дараа би Улаанбаатар хот орж үзүүлж, эмчилгээ хийлгэсэн. Надад хөнгөн гэмтэл учирсан байсан. Шүүгдэгч Г.У*******н нь машины урд цонхны шилний 300,000 төгрөгийг төлж барагдуулсан ч миний биед учирсан хохирол, үзүүлж эмчилгээ хийлгэхэд гарсан зардал зэрэг хохирлыг төлж барагдуулаагүй байгаа гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:

1. Хохирогч Д.О*******эгийн “... Би 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хонь малаа хариулаад явж байтал манай хамаатны залуу болох У*******н нь халамцуу архи уусан араас мотоцикльтой хөөж ирээд миний машины урд цонхны шилийг шууд хагалаад чиний нөхөр хаана байна ална надаас хулгайлсан хонио зарахаар хот яваа юу? гээд орилж хашхичаад байсан.Тэгээд би машинаас буугаад яаж байгаа юм бэ? гэтэл шууд миний хүзүү рүү цохиж унгаасан.Тэгээд би унахдаа баруун мөрөө гэмтээсэн. Тэгээд У*******н манай хониноос 1 ширхэг хонь аваад цуг явсан. Танихгүй залуугийн машинд ачаад өгөөд явуулсан юм. Миний баруун мөр гар өвдөөд хөдлөхгүй байсан би цагдаад хэлнэ гэтэл чи тэр цагдаадаа хэлээрэй гээд яваад өгсөн.Тэгээд би Г*******г сумын цагдаагийн хэсэгт гомдол гаргасан юм. Би У*******нтай маргалдаад зодуулсан өөр хүмүүстэй бол хэрүүл маргаан хийгээгүй У*******н намайг баруун гараа атгаж байгаад нэг удаа хүзүүнд цохиод хөлөөрөө өшиглөж унагаад миний мөрийг гэмтээж зодсон. Би У*******нгийн биед халдаж цохиогүй. У*******н миний машины цонхыг гараараа нүдсээр байгаад хагалсан. Миний машин Тоуоta Rumion гэдэг загварын машин. У*******н болон цуг явсан залуугаас архи үнэртэж байсан над руу шүлсээрээ нулимсан. Тэгэхэд архи үнэртэж байсан. У*******н бид хоёрын дунд өр авлага байхгүй урьд өмнө бэлчээрийн асуудлаас болж маргаж байсан. Намайг болон нөхрийг маань хонь хулгайлсан гэж гүтгэж зодсон. У*******н манай нөхрийн аав буюу хадам аавын төрсөн ахын хүүхэд байгаа юм. Би гомдолтой байна намайг У*******н нь зодоод 1 ширхэг хонь дээрэмдээд явсан. Би Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

2. Хохирогч Д.О*******эгийн дахин өгсөн “...Манай хонь зөв чих хулгар, буруу чих араасаа догол, нуруун дээрээ улаан шаргал будагтай хар нүдэн халзан хонь байсан. Тухайн хонь манай хонь мөн байна. Би өөрийнхөө хонийг хараад танина У*******н манай хар нүдэн халзан хонийг авч явсан. Ө гэх залуу намайг зодуулаад маргалдаж байхад машиныхаа урд зогсож байсан юм худлаа хэлж байгаа юм. У*******н нь надад хохирол төлөөгүй уучлалт гуйгаагүй надад сэтгэл санаанд учирсан хохирол гаргуулах шаардлага байхгүй би зөвхөн намайг зодсон асуудлыг хурдан шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

3. Гэрч О.Рэын “...2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өдөр 13 цагийн үед манай ээж болох О*******эг над руу залгаад намайг сая хонио хараад байж байтал У*******н ирээд цохиж унагаад машины урд цонх хагалаад манай хониноос 1 хонь аваад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь яагаад таныг зодож байгаа юм бэ? гэтэл манай хонийг чи авсан гэж хэлээд зодоод явлаа гэсэн. Тэгээд би сумын төвд цагдаагийн хэсэгт өргөдөл гаргаж өгсөн юм. У*******н нь манай ээжийг мотоцикльтой хойноос хөөж байгаад машины урдуур нь орж зогсоогоод машины урд цонхыг хагалаад өшиглөж унагаасан. Тэгээд мөр гэмтчихлээ хөдөлж болохгүй байна гэж ярьсан. У*******н манай хойд аавтай үеэл юм байна лээ өөр мэдэх зүйл бол алга хуулийн хүрээнд шалгуулах хүсэлтэй байна өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

4.  Гэрч Г.Өийн “... Би 2024 оны 10 дугаар сарын сүүлээр У*******н ахын гэрийг нүүлгэж өгөхөөр очсон юм. Гэтэл У*******н ах хоёулаа Энхбатын гэрт очоод хонь аваадахъя гэсэн. Тэгээд өөрөө мотоцикльтой түрүүлж яваад нэг машинтай хүүхэнтэй уулзаад байж байсан. Тэгээд намайг очингуут нэг хонь миний машинд хийгээд аваад явсан өөр мэдэх зүйл алга. Намайг очиход нэг хүүхэн машин дотроо суусан бичлэг хийгээд байсан. Би юу болоод бичлэг хийгээд байгааг нь мэдээгүй У*******н тэр хүүхнийг цохиж зодсоныг бол хараагүй хонио аваад гэртээ ирсэн. Тэгээд У*******н ах би тэр хүүхний машины цонхыг хагалчихлаа гэж ярьж байсан өөр зүйл бол яриагүй ямар учиртай хонь гэдгийг нь мэдээгүй. У*******н ах энэ хонь манай хүүгийн үсний найраар хүн өгсөн хонь энэ айл авсан юм гэж ярьсан тэгээд би өөрийн машиндаа ачаад гэрийн гадаа нь буулгаад маргааш өглөө нь гэртэй харьсан юм. У*******н манай төрсөн эгчтэй суусан хүн байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

5. Гэрч Оийн дахин “... Би У*******н гэх хүнийг танина.Манай А*******й аймгийн Х*******т сумын Номгон багийн иргэн байгаа юм. Би нөхөр болох Хүрэлбаатартай 2014 оноос хойш одоог хүртэл 11 жил амьдарч байна.Бид 2 гэрлэлтийн баталгаатай манай нөхөр У*******нгийн хүүхдийн үсний найраар хурга бэлэглэсэн гэсэн тухайн үед ямар эм тамгатай хурга өгсөн талаар санахгүй байна. Ямар ч байсан манай хонь зөв чих урдаасаа догол ардаасаа хөндлөн эмтэй өөр мэдэх зүйл алга. Миний мэдэхээр У*******нтай 10 аад жил айл аймаг явж байгаа манай нөхөр Хүрэлбаатар ууж идэхээрээ У*******нтай нийлдэг байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,

6. Гэрч Өийн дахин өгсөн “... Би гэрчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Гэрчийн эрх дээр Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Өөрийн болон гэр бүлийн гишүүд, Эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэсэн байна. У*******н нь манай төрсөн эгч болох Сувданчимэгтэй гэр бүл болоод амьдраад дундаасаа 3 хүүхэд гаргаад аж төрж байгаа би тухайн үед О*******эгийг зодуулахыг хараагүй би О*******эг гэх эмэгтэйтэй нүүрэлдэж мэдүүлэг өгөх шаардлага байхгүй намайг очих үед У*******нтай хэрэлдээд байж байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 69 дэх тал/,

7. Гэрч А.Гийн “ Манай багийн иргэн У*******н нь зан байдлын хувьд хүнтэй эвсэг харилцаатай хөдөлмөрч хүн байгаа юм. У*******н манай суманд ямаагаараа тэргүүлдэг "Аптан ишиг" гэх шагналын эзэн ажилсаг хүн гэмт хэрэг зөрчилд орооцолдож байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 71 дэх тал/,

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Эын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 14375 дугаартай “ 1.Д.О*******эгийн  биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна, 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй, 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 86-89 дэх тал/,

9. Шинжээч Э.Эын “О*******эгийн мөрөнд үүссэн зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн тухайн хэрэг учрал болсон гэх 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үүсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн бөгөөд зөвхөн зодуулсны улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй баруун мөрөнд хүч үйлчилж үүссэн гэмтэл юм.Тухайн гэмтэл хөнгөн зэргийн гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Г.У*******н нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Г*******г сумын Хөгнө 5 дугаар багийн нутаг дэвсгэрт,хохирогч Д.О*******эгтэй “танай нөхөр манай хонийг хулгайлсан” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Д.О*******эгийн биед халдан зодож  түүний эрүүл мэндэд “..баруун мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан байна.

Хохирогч Д.О*******эг нь шүүгдэгч Г.У*******нгийн санаатай үйлдлийн улмаас гэмтэл авсан гэж эх сурвалжаа заан тогтвортой мэдүүлдэг бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон, хохирогч Д.О*******эгийн биед учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.У*******нгийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Г.У*******нгийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Г.У*******н нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.У*******нгийн бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх  эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч Г.У*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж хуульчилжээ.

Хохирогч Д.О*******эг нь шүүгдэгч Г.У*******нгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар мөрдөн шалгах ажиллагааны шатнаас нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр илэрхийлээгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээ хийлгэхгүй гэж мэдүүлэгтээ хүсэл зорилгоо илэрхийлсэн.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийн оролцогчдоос шүүхэд шинээр гаргаж өгөх, нотлох баримт санал хүсэлт байгаа эсэхийг тодруулахад талууд тусгайлан санал хүсэлт, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Шүүх хуралдаан үргэлжилж хохирогч Д.О*******эгээс мэдүүлэг авах явцад эмчилгээ болон бусад зардалд 2.500.000 төгрөг нэхэмжилнэ, задгай баримт байгаа гэх тайлбарыг гаргасан.

Шүүх хохирогчийн эрхийг хангах үүднээс задгай баримтыг цэгцэлж дугаарлан нийт баримтыг мөнгөн дүнгээр тооцож шүүхэд өгөх  талаар тайлбарласан  боловч шүүхэд баримтыг гаргаж өгөөгүй  тул шүүгдэгч Г.У*******нг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож  шийдвэрлэв.

Харин хохирогч Д.О*******эг нь эмчилгээ болон бусад зардалд гаргасан нотлох баримтаа бүрдүүлэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.У*******нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас:Шүүгдэгч Г.У*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүгдэгч Г.У*******н нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Г.У*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Хавтаст хэргийн 137-145 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.У*******н нь Булган аймгийн Г*******г сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У*******нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.У*******н нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б*******н овогт Г*******ын У*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У*******нг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Г.У*******н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Г.У*******нгаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.О*******эг нь эмчилгээ болон бусад зардалд гаргасан  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ