| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/04300/И |
| Дугаар | 102/ШШ2022/00276 |
| Огноо | 2022-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2022/00276
Б... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ..., Х... овогт Х...гийн М...,
Хариуцагч:...тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Г...ийн Т...,
Хариуцагч:... тоотод оршин суух, регистр ...., Б... овогт Г...ийн М...,
Нэхэмжлэлийн шаардлага:16 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:Нэхэмжлэгч Х.М..., хариуцагч Г.Т..., Г.М..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.М... нь хариуцагч Г.Т..., Г.М... нарт холбогдуулан 16 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Т...аас 40 452 367 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд Г.Т... нь нэхэмжлэлийн шаардлага 40 452 367 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож ... дугаар захирамж гарсан.Г.Т... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан.Гэтэл Г.Т... нь банкнаас 80 000 000 төгрөгийг зээл авах гэсэн байгаа боловч би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөртэй учир зээл авах боломжгүй болоод байна та шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрөө бүрэн төлсөн гээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох хүсэлт өгвөл би банкнаас зээлээ аваад таны 41 000 000 төгрөгийг нэг мөр бүрэн төлж барагдуулна гэж амласан.Би Г.Т...ад итгэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Г.Т... нь төлбөрөө бүрэн төлж дууссан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг гаргаж улмаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарсан.Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г.Т...ын төрсөн дүү болох Г.М... нь Г.Т...ын өмнөөс 41 000 000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулахаар зээлийн гэрээ бичгээр байгуулсан.Гэтэл Г.Т... нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 25 000 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 16 000 000 төгрөгийг төлөөгүй байна.Би Г.Т...ын дүү Г.М... нь би мөнгө аваагүй учир танд мөнгө өгч чадахгүй гэж хэлдэг.Иймд хариуцагч нараас 16 000 000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч Г.Т...:Би өөрийн эгчийн нөхөр Х.М...аас 2 000 000, 10 000 000, 16 000 000, 600 доллар тус тус зээлсэн нь үнэн.Би Б... дүүргийн шүүхээр орж, 40 400 000 төгрөгийн төлбөр төлөх шийдвэр гаргасан, 600 долларыг 3000 төгрөгөөр бодоход миний нийт төлбөр 29 800 000 төгрөг болж байгаа.Би банкнаас зээл авах гэсэн боловч чадаагүй тул дүү Г.М...эс зохицуулж, өгөхийг гуйсан.Шүүхээс 40 4000 000 төгрөг төлөх шийдвэр гаргасан ч тэд 41 000 000 төгрөг нэхэж байгаа.Би Х.М... ахад 25 000 000 төгрөгийг төлсөн байгаа, үлдэгдэл 15 452 367 төгрөгийг төлнө гэж тайлбарласан.
Хариуцагч Г.М...:Би эгч Г.Т... нь банкнаас зээл олгохгүй байна, Х.М...тэй уулзаж өгөөчээ гэсэн хүсэлтийн дагуу Х.М...тай 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уулзаж, зээл аваад та нарт өгөх ёстой мөнгийг өгье гэж байна өр барагдуулах хүсэлтээ аваачээ гэж гуйхад Х.М... чамд итгэж байна гээд надтай гэрээ хийсэн.Би Х.М...аас мөнгө зээлж аваагүй тул мөнгө төлөхгүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчээс:Г.М...тэй 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, нэхэмжлэгч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай .... дугаар тогтоолыг нотлох баримтаар шүүхэд өгсөн./хх 4-5, 6, 7/
Хариуцагчаас:Б... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/... дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн хариуцагч Г.Т...ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.М...д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Шүүхийн шийдвэрийн дагуу надад өгөх ёстой мөнгөө өгөхгүй байна гэж Г.Т...аас 8 000 000 төгрөгийг гаргуулна гэж байх боловч Х.М...аас Г.Т...ад холбогдуулан гаргасан 40 452 367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Б... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2021/... дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна.
Иймд Г.Т...аас зээлийн гэрээний үүрэг шаардсан Х.М...ын нэхэмжлэлийг шүүх 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин Х.М..., Г.М... нарын хооронд зээлийн гэрээний харилцаа бодитоор үүсээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь Г.М...эс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэлээр шаардах эрхгүй байх тул Г.М...эс 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Х.М...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгөөс 118 975 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 118 975 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, Х.М...т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Г.М...эс 8 000 000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай Х.М...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан Г.Т...аас 8 000 000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай Х.М...ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Х.М...ын улсын тэмдэгтийн хураамжид 237 950 төгрөгөөс 118 975 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 118 975 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, Х.М...т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН