Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2022/00492

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, *** дүгээр байр, ** тоот хаягт оршин суугаа, Ш******* овогт Б*******ийн Б******* ын нэхэмжлэлтэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар багт оршин байгаа, Булган аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн алба болон төрийн тусгай алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 2,262,836 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэлд 90,513 төгрөгийг, өндөр насны тэтгэвэрт гаргахад олгогдох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 1,357,092 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 132/2022/00334/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б*******

Хариуцагчийн төлөөлөгч Х.Наранбаатар, С.Болор-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Булган аймаг дахь Цагдаагийн газарт холбогдуулан төрийн алба болон төрийн тусгай алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 2,262,836 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэлд 90,513 төгрөгийг, өндөр насны тэтгэвэрт гаргахад олгогдох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 1,357,092 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нь 1994 оны 7 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Булган аймаг дахь Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, Эрүүгийн ахлах төлөөлөгч, хэв журмын ахлах байцаагч, жижүүрийн ахлах офицер зэрэг албан тушаалыг хашиж, 25 жил ажиллаад, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/430 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж, цэргийн алба хаасны тэтгэвэр тоггоолгосон. Миний бие төрийн байгууллагад төрийн албан тушаалыг хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин авч ажиллаж байсан. Төрөөс олгож буй цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр хуульчлан тогтоосон байдаг.

МУ-ын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай’’-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаасан 5-10 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10, 11-17 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 15, алба хаасан “18 ба түүнээс дээш жилд албан тушаалын сарын үндсэн цалинг 20 хувиар бодож олгоно” гэж, мөн журмын 3 дахь хэсэгт “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж тус тус заасан байна.

           Мөн ЦЕГ-ын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батдагдсан “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам” / код 924/-ын 924.5.4 дэх хэсэгт “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж зааснаар миний бие 1994 оны 7 дугаар сарын О1-ний өдрөөс Цагдаагийн байгууллагад тасралтгүй ажилласнаар 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 29 жил 3 сар 13 хоног ажилласан нь ажилласан жилийн нэмэгдлийг 25 хувиар нэмэгдүүлэн тооцуулах эрх үүссэн гэж үзэж байна.

            Засгийн газрын тогтоол гарч хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш миний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тогтоолд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй явснаас миний тэтгэврийн хэмжээ болон 36 сарын тэтгэмж бага олгогдож, дутуу бодогдсон байна.

           Би төрийн тусгай албанд 25 жил /нэмэгдэл хоногоор 29 жил 3 сар 13 өдөр/ ажилласан тул Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 924.5.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар бодож авах эрх надад үүссэн байсан бөгөөд би энэ шийдвэрийн талаар хэд хоногийн өмнө тухайн салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарч, нөхөж шийдвэрлүүлсэн ахмад ажилтнаасаа мэдээд Шүүхэд хандсан нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1, 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж үзсэн.

Тус Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч Б.Манлайгаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр 2014-2017 онд ажилласан цалингийн картын хуулбарыг авахад, МУ-ын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заагдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 45 хувиар бодоогүй, 20 хувиар бодож олгож байсан байна. МУ-ын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол гарсан өдрөөс 2015 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл 25 хувийг нэмж бодож үзэхэд 2,262,836 төгрөг болж байгаа ба нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх эрхзүйн боломж үүссэн гэж үзэж байна.

Би Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 23-нд гаргасан боловч 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 132/32021/00786 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан,  дахин нэхэмжлэл гарахад Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний нэхэмжлэлийг хэлэлцээд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Ингээд би Булган аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах комисст дээрх маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан боловч 2022 оны 05 дүгээр сарын 30-ны өдрийн 05/587 тоот албан бичгээр энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй дараагийн шатны байгууллагад хандах нь зүйтэй гэсэн бичиг ирсэн тул дахин Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 16.5.3 дахь заалтад “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж тус тус зохицуулсан.

 Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллагын бүхий л ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм.

  Засгийн газрын 2014 оны “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад “Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно” гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай.

   Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай шийдвэр гарч, үүнд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах, цалингийн зардлыг хэмнэх гэж тусгагдсан.

   Сангийн яам, Хууль зүйн яамнаас 2015, 2016, 2017 онд батлагдсан төсвийн хуваарийг хүргүүлэхдээ өр авлага үүсгэлгүй батлагдсан төсөвтөө багтаан ажиллахыг үүрэг чиглэл болгож албан тоот ирүүлдэг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн үр ашигтай, хариуцлагатай байдлыг хангаж өр авлага үүсгэлгүй, хэмнэлтийн горимд ажиллахыг бүх салбарт чиглэл болгож тогтоол, шийдвэр, албан бичгүүд гарч байсан.

    Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-д “төрийн албаны цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх” гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01-ээс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлээд байна.

Жил бүр байгууллагын төсвийн төслийг хүргүүлдэг бөгөөд төсвийн төсөл,
батлагдаж ирсэн төсөв, гүйцэтгэлийн харьцуулалтыг хүснэгтээр хавсаргалаа.

Огноо

Төсвийн төсөл

Батлагдсан төсөв

Гүйцтэтгэл

Зөрүү

2015

1,371,921,500.00

1,308,007,000.00

1,392,921,500.00

-63,914,500

2016

1,454,472,659.00

1,435,000,000.00

1,468,966,551.00

-19,472,659

2017

1,508,650,055.00

1,497,170,600.00

1,508,358,044.00

-11,479,455

2018

1,597,062,209.00

1,478,171,200.00

1,492,155,200.00

-118,891,009

2019

1,935,945,859.20

1,742,539,500.00

1,682,539,500.00

-193,406,359

    Иймд нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үеийн батлагдсан төсөв, санхүүжилтийн хуваарийн дагуу ажиллаж хэмнэлтийн горимд шилжүүлсэн Засгийн газрын тогтоолууд гарч, төсөв нэмж батлагдаагүйгээс шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

   Мөн нэхэмжлэлд дурьдсан нийгмийн даатгалын шимтгэлд 90,513 төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн нь зөрүүтэй дүн байна. Хэрэв нэмэгдүүлсэн хувиар тооцсон цалин олгосон бол Сангийн сайд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар даатгуулагчийн төрөл кодыг баталсан бөгөөд үүгээр цэрэг цагдаагийн ажилтан 11 кодоор бүртгэж зөвхөн эрүүл мэндийн даатгалын 4% буюу ажил олгогчоос 2%. даатгуулагчаас 2% төлөхөөр тогтоосон тул 45,257 төгрөг ажил олгогчоос төлөхөөр байжээ.

   Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан.

   Цагдаагийн албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ “төрийн тусгай алба хаасан хугацааны”, “албан ажлын онцгой нөхцөлийн”, "цагдаагийн мэргэжлийн зэргийн”, “эрдмийн зэрэг цолны”, “хуульд заасан бусад" гэж тогтоосон.

   Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг” Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газраас Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Өнөөдөр яагаад шүүх дээр маргаан болоод байгаа вэ? гэхээр Монгол Улсын Засгийн газар энэ 99 дүгээр тогтоолоо хэрэгжүүлэхдээ Цагдаагийн байгууллагын цалин хөлстэй холбоотой 4 хавсралтыг баталсан. Үүний зарим хавсралтад шаардагдах хөрөнгө мөнгийг шийдээгүй буюу Цагдаагийн байгууллагын төсөвт суулгаж өгөөгүйгээс энэ олон Цагдаагийн байгууллагын ахмад ажилчид өөрсдийн эрхийг хамгаалуулахаар шүүхдээд байгаа.

 Тогтоолын 1 дүгээр хавсралтаар Цагдаагийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох журмыг баталсан. Үүнд 5-10 жил ажилласан бол 10 хувь, 11-17 жил ажилласан бол 15 хувь, 18-аас дээш жил ажилласан бол 20 хувь олгоно гэж заасан. Доод талынх нь тайлбар дээр төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг бодохдоо алба хаасны ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж заасан. Зөвхөн Цагдаагийн алба хаагчийн удаан жилийн нэмэгдлийг ингэж тооцно гэж байгаа. Энэ нь бусад Арми, Хилийн цэрэг, Онцгой байдал, Тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагууд дээр энэ удаан жилийн нэмэгдлийг тооцдоггүй. Энэ нь 18 болон түүнээс дээш жил ажилласан манай Цагдаагийн алба хаагчид 10 дээр нэмэх нь 15 нэмэх нь 20 гэсэн удаан жилийн нэмэгдэлд 40 хувийн нэмэгдэл авдаг. Бусад байгууллагууд 18 жилээс дээш ажиллахад 20 хувийн нэмэгдлийг авдаг зохицуулалттай. Энэ хооронд нь нэмж зохицуулах 45 хувийн нэмэгдэлд шаардагдах цалингийн хэмжээг Цагдаагийн байгууллагын төсөвт суулгаагүйгээс шалтгаалаад өнөөдөр манай байгууллагын ахмад ажилчид Иргэний хэргийн шүүх дээр нэхэмжлэгч болоод сууж байгаа юм. Энэ хавсралтаар 45 хувийн нэмэгдэл олгох байсаар байтал бид өнөөдөр 20 хувийн нэмэгдлийг олгоод явсан. Яагаад гэвэл 1 дүгээр хавсралтыг хэрэгжүүлэх төсөв мөнгө Цагдаагийн байгууллагын төсөвт тусгагдаагүй. Энэ хүмүүс тэтгэвэрт гарахдаа цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар сүүлийн ажилласан 5 жил буюу 60 сарынхаа дунджаар тэтгэврээ тогтоолгоход 45 хувийн нэмэгдэл авах байснаас 25 хувь нь байхгүй болчхоор тэтгэвэр бага тогтоогдсон. 1 удаа авах 36 сарын тэтгэмж бага тогтоогдсон асуудлууд байгаа. Өнөөдөр цагдаагийн байгууллага аль ч шүүх дээр үгүйсгээгүй хүлээн зөвшөөрч байгаа ч шүүх дээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байгаа. Нэгдүгээрт өнөөдөр Булган аймаг дах Цагдаагийн газрын дарга Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсвийг Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай тасралтгүй үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт төсвийн шууд захирагч Төсвийн тухай хуулийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 16.5.3. Батлагдсан цалингийн сан, цалингийн хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо ажилчдын цалин хөлсийг тогтоохыг тус тус зохицуулсны дагуу Булган аймаг дах Цагдаагийн газар Цагдаагийн ерөнхий газрын олгосон төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага учир дутуу олгоод өгсөн буруутай үйл ажиллагаа байхгүй. Цагдаагийн газрын зүгээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр дараах 5 үндэслэлээр няцааж байгаа. 1 дүгээрт энэ маргааны тухайд ямар хуулийг яаж хэрэглэх вэ гэхээр өнөөдөр Монгол Улсын Их Хурлаас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гараад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд өмнө хүчин төгөлдөр байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль өөрчлөгдсөн байгаа. Яг бидний маргаад байгаа асуудлын зохицуулалтууд өөр болсон. Яагаад 1999 оны хуулийг хэрэглэх ёстой гэж үзээд байна вэ гэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дамжаагүй байна гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болж байсан зүйл бий. Засгийн газрын 99 дүгээр тогтоол буюу бидний маргаад байгаа тогтоолын хавсралт 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан энэ үед 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байсан. 2 дугаар үндэслэл: Одоо бүх Цагдаагийн албан хаагч 18 жилээс дээш ажилласан бол 45 хувийн нэмэгдлийг аваад эхэлж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт өгсөн нотлох баримтаар нотлогдож байгаа. Тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын захиргааны удирдлагын газрын дарга цагдаагийн хурандаа Батбилэг гэдэг хүний Цагдаагийн анги байгууллагын дарга захирагч нарт явуулсан 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 05/110 дугаартай албан бичигт хууль зүй дотоод хэргийн сайдаас ирүүлсэн чиглэлийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газар түүний харьяа газар хэлтэс тээврийн цагдаагийн албаны ахлагч бүрэлдэхүүний цалингийн нэмэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс орон нутагт харьяа алба газар хэлтэс дотоодын цэргийн тусгай анги салбар салааны ахлагч бүрэлдэхүүний нэмэгдлийг энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, харин офицер бүрэлдэхүүний нэмэгдлийг энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш манай цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа бүх алба хаагчид 45 хувийн нэмэгдлээ аваад эхэлсэн. Яагаад гэвэл цагдаагийн ерөнхий газрын холбогдох нэгж албадууд цалингийн нэмэгдлээ хөөцөлдсөөр байгаад төсөвтөө тусгуулж чадсан. Энэ үед 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байсан болохоор энэ маргааныг шийдвэрлэхэд энэ хуулийг барихаас өөр аргагүй байна гэж үзэж байна. Өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгч маань 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/485 дугаар тушаалаар цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ба энэ үед мөн л хуучин Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байсан. Өмнөх маргаан буюу 2021 онд шийдвэрлэгдсэн маргаан өмнөх хууль хүчингүй болоогүй байх үед болсон маргаан учраас энэ хуулийг буцааж хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-т төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн төсөвт хэвээр хадгалах буюу царцаах цалин хөлсийг цаашид нэмэгдэх асуудлыг 2019 оны төсвийн боломжит хувилбараар шийдүүлэх гэсэн заалт нь маргаад байгаа 45 хувийн нэмэгдлийг олгох асуудал нь дэлхий нийтийн эдийн засгийн байдал Монгол Улсын эдийн засгийн байдлаас шалтгаалаад царцаасан байсан буюу Их Хурлын тогтоолоороо цалин хөлсөө нэмэх боломж байгаагүй. 2018 оны 79 дүгээр тогтоолоор миний дээр дурддаг Улсын Их Хурлын тогтоол өөрөө хүчингүй болоод Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээчээ төсвийг өгөөч гэж манай захиргааны байгууллагын шууд харьяалах буюу төрийн байгууллагын бүтцийн ерөнхий бүдүүвчид Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газар гэж явдаг. Хууль зүй, дотоод хэргийн яамандаа хандаж тавьсаар байгаад энэ асуудлыг 2020 онд шийдвэрлэсэн. Энэ асуудлыг бид боломжоороо шийдвэрлэсэн. Өмнөх асуудлыг төсөвт суулгаж өгөхгүй байгаа учраас энэ хүмүүсийн нэхээд байгаа мөнгийг шийдвэрлэж өгөх боломжгүй байгаа юм. Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хуулинд ч төрийн албан хаагчийн цалин хөлсийг дараах байдлаар тогтоож өгсөн байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9 дэх хэсэгт төрийн албан хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин болон дор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ. Төрийн тусгай алба хаах хугацааны болон албан ажлын онцгой нөхцөлийн цагдаагийн мэргэжлийн зэргийн эрдмийн зэрэг цолны хуульд заасан бусад гэж ангилж байгаа. Энэ нэмэгдлүүд нь Цагдаагийн албан хаагчийн цалин хөлстэй холбоотой асуудал мөн байна. Цалин хөлстэй холбоотой асуудлаар маргаан гарвал ямар хуулийг барих вэ? яагаад бид нар заавал Хөдөлмөрийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлийг хариу тайлбартаа бичээд байгаа вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 4.1.3 дах хэсэгт төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулагдаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Төрийн албаны тухай хууль дээр ч Цагдаагийн албаны тухай хуулинд ч цалин хөлстэй холбоотой маргаан гарвал яаж шийдвэрлэх талаар зохицуулалт байхгүй. Миний дурдсан цэргийн албаны тухай хуулиас үзвэл яах ч аргагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасныг баримтлах хэрэгтэй болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 29.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргана гэж байгаа. Өнөөдөр энэ хүнийг яагаад мэдсэн, мэдэх ёстой байсан гэдгийг дараах үндэслэлээр тайлбарлана. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоол буюу Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол нь өөрөө нийтэд илэрхий байгаа өнөөдөр ч гэсэн Legalinfo сайтад ороод үзэхэд энэ акт яг энэ хэлбэрээрээ гарч ирнэ. Их хурлын төсвийн хөрөнгийг царцаах болон түүнийг хүчингүй болгосон, Засгийн газрын 99 дүгээр тогтоолыг энэ хэлбэрээр нь хавтаст хэрэгт өгсөн. Яагаад нотариатаар батлуулж нотлох баримтын шаардлага хангуулаагүй вэ? гэхээр нийтэд илэрхий баримт учраас ингэх шаардлагагүй гэж үзсэн. Ийм учир мэдэх ёстой байсан гэж тооцож байгаа. 4 хавсралттай гэж хэлсэн эхний хавсралт нь Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасны нэмэгдэл олгох журам, 2 дах хавсралт нь Цагдаагийн алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам, 3 дах нь Цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдэл буюу бидний цол яаж хэрэглэж байгаа вэ гэдгийг тогтоосон журам, 4 дэх нь цагдаагийн мэргэжлийн зэрэг олгох журам гэсэн хавсралтуудтай. Би энэ хүмүүсийг та нар мэдсэн байж яагаад ингээд байгаа юм вэ? гэхээр хэрэгт баримт өгөхдөө зөвхөн Засгийн газрын төрийн тусгай алба хаасны 45 хувийн нэмэгдэлтэй холбоотой асуудлыг ярьдаг болохоос биш үлдсэн 3 нэмэгдлийг огт ярьдаггүй. Цалингийн хавтгай хэрэгт гаргаж өгсөн байгаа. Энд нэхэмжлэгчийн төрийн тусгай хаах хугацааны нэмэгдэл нь хэдэн төгрөг байсан. Онцгой нөхцөлийн нэмэгдэл нь хэдэн төгрөг байсан. Цолны нэмэгдэл нь хэдэн төгрөг байсан вэ? гэдэг тоонууд нь байгаа. Үүгээр юуг нотлох гэсэн вэ гэхээр төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар бодож олгож байгаа төсөв байхгүй гэдгийг түрүүн тайлбарласан. Үлдсэн цолны болон онцгой нөхцөлийн нэмэгдэл нь яг энэ Засгийн газрын 99 дүгээр тогтоолд заасан хувь хэмжээний дагуу олгогддог. Өөрийн авч байгаа цалингийн хүснэгттэй танилцаж авч байгаа буюу миний үндсэн цолны нэмэгдэл нь шинэ Засгийн газрын тогтоолын дагуу олгогдоод байж ганцхан удаан жилийн нэмэгдлийг би мэдээгүй гэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Цалингаа юунаас яаж авч байгаагаа мэдэж байсан учраас мэдэх ёстой байсан гэдэгтээ хамаарна. Мэдээгүй гэх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ба 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хамаарч байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа Булган аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан байдаг. Булган аймгийн Цагдаагийн газрын дарга бол зөвхөн Булган аймаг дах Цагдаагийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бүтцийн дарга болохоос биш Норпил гэдэг этгээдийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрхтэй субъект биш. 5 хошуу зүүдэг албан тушаалтны ажилд томилох буюу ажлаас чөлөөлөх эрхтэй этгээд биш. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхийг зааж өгсний дагуу зөвхөн таван хошуу зүүдэг буюу офицер албан тушаалтныг томилж, чөлөөлөх,  тэтгэвэрт гарахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга шийддэг. Энэ утгаараа нэхэмжлэгчийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/485 дугаар тушаалаар цэргийн байнгын тэтгэвэрт гаргаад холбогдох нэмэгдлүүдийг олгоод өгсөн. Тэгэхэд тэр урамшуулал, тэтгэмж, тэтгэвэрт гаргах шийдвэрийг гаргаагүй Булган аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдуулж нэхэмжлэлээ гаргаж байгаа нь өөрөө хариуцагчаа тодорхойлоогүй байна гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна. Тийм учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/586 дугаартай “Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой манай аймагт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул дараагийн шатны байгууллагад хандах нь зүйтэй” гэх тодорхойлолт /хх-6/

-Б.Баттулгын 2010 оноос 2015 оны хоорондох цалингийн болон алба хаасан хугацааны нэмэгдлийн зөрүүний тодорхойлолт /хх-7-8/,

-Б.Баттулгын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан тодорхойлолт /хх-9/%

-Б.Баттулгын Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газрын 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 13/1222 дугаартай лавлагаа /хх-10-11/

-Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/430 дугаартай тушаалын хуулбар /хх-12/,

-Монгол улсын засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай тогтоолын хуулбар /хх-13-14/,

-Засгийн газрын 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын хуулбар /хх-15/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлж өгсөн байна.

 

5. Хариуцагч талаас хариу тайлбар /хх-24-25/

-Монгол улсын засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолын хуулбар /хх-32-33/,

-Монгол улсын засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаартай тогтоолын хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 79 дугаартай тогтоолын хуулбар /хх-34/,

-Сангийн сайдын 2015 оны 03 дугар сарын 04-ний өдрийн 45 дугаартай тушаал, Хууль зүйн яамны 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/932 дугаартай тоот /хх-35/,

-Цагдаагийн ерөнхий газрын санхүү, аж ахуйн албаны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6/43 дугаартай тоот /хх-36/,

-Булган аймаг дахь Цагдаагийн газрын 2018, 2019 оны төсөв /хх-39/

-Цагдаагийн ерөнхий газрын санхүү, аж ахуйн албаны 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 9/643, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3а/370, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/138 дугаартай тоот /хх-41-42/,

-Булган аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 34/01-101 дугаартай тоот /хх-43/,

-2019 оны цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын цалингийн судалгаа /хх-49-54/,

-Булган аймаг дахь Цагдаагийн газрын 2010 оны төсвийн санал /хх-55-57/,

-Цагдаагийн Ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 5г/7191 дугаартай тоот

-Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13г/453 дугаартай тоот,

-Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/58, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/129, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5д/5687 дугаартай тоотууд,

-Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 дугаар тушаалын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч Булган аймаг дахь Цагдаагийн газарт холбогдуулан төрийн алба болон төрийн тусгай алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 2,262,836 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэлд 90,513 төгрөгийг, өндөр насны тэтгэвэрт гаргахад олгогдох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 1,357,092 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч засгийн газрын 2014 оны 99 дугаартай тогтооын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 тоот “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журам батлах тухай” тушаал, түүний хавсралтуудыг нийт албан хаагчдад танилцуулсан, Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

        4. Нэхэмжлэгч Б.Б******* нь 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Цагдаагийн байгууллагад нийт 29 жил, 3 сар, 13 өдөр ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэрт байх ба тэтгэвэрт гарсан үйл баримтад талууд маргаангүй.

        5. Нэхэмжлэгчийг Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд буюу 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын 99 тоот “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарч “Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”, “Цагдаагийн алба хаагчдад албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгож журам”-ыг тус тус баталжээ.

Дээрх тогтоолын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/248 тоот “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журам батлах тухай” тушаалаар ... “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс,болон цалин тогтоох /код 924/ журмыг баталсан байна. Энэхүү журмын код 924-ийн 924.5.4-т “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо албан хаагчийн ажилласан жилийг нэмж тооцно. Тайлбар:  18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох”-оор зохицуулжээ. 

6.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.”, 57.2.3.-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс;”

Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9.-д “Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ”.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.”, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д “...66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ... талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан байна.

 

 Нэхэмлэгч нь анх Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 132/ШЗ2021/01385 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарч уг захирамжаар Б.Баттулгыг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж үзсэн байна.

Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/586 дугаар “Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой манай аймагт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулаагдаагүй тул дараагийн шатны байгууллагад хандах нь зүйтэй” гэх албан бичгийн дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандсан байна.

 

 хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс дээрх хугацааг тоолох бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын 99 тоот “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол хэрэгжиж эхэлсэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 45 хувийн нэмэгдлээс олгогдоогүй 20 хувийн нэмэгдлээ шаардах эрх нь үүссэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5Д/5687 дугаартай “Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нар танаа” гэсэн албан бичигт “Цагдаагийн ерөнхий газрын даргын ...А/248 ...дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны нэг, долоо, найм, есдүгээр бүлэгт багтах журам, зааврыг хүргүүлэв. Алба хаагч нартаа танилцуулан, сургалт зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана уу” гэсэн байх ба нэхэмжлэгч Б.Б******* нь цагдаагийн алба хаагчдын дотооддоо хэрэглэдэг system.police.gov.mn системд хандаж эрх бүхий байгууллагаас гаргасан тушаал, шийдвэрүүд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, гэмт хэрэг, зөрчлийн сангийн талаарх мэдээлэлтэй танилцах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгчид өөрийн pu00000000 нэвтрэх эрхийн код 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн анх олгогдсон талаарх баримт хэрэгт авагдсан.

Нэхэмжлэгч Б.Б*******д цагдаагийн алба хаагчдын дотооддоо хэрэглэдэг system.police.gov.mn системд pu033050018 нэвтрэх эрхийн кодоор 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэвтрэн орж тухай бүр өөрийн үндсэн цолны болон онцгой нөхцөлийн нэмэгдэл, тушаал, шийдвэрүүд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, гэмт хэрэг, зөрчлийн сангийн талаарх мэдээлэл болон Засгийн газрын 99 дүгээр тогтоотой танилцсан, мэдсэн байх боломжтой гэж үзэж байна.

Иймд Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д тусгайлан заасан байхад нэхэмжлэгч Б.Б******* нь гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргаагүй нь хуульд заасан, хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байдлыг, мөн хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан зэргийг ойлгодог.

Нэхэмжлэгч Б.Б******* нь өмнө тухайн салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарч, нөхөж шийдвэрлүүлсэн ахмад ажилтнаасаа мэдээд 2021 оны 04 дүгээр сарын 23-нд шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан гэх тайлбарыг үндэслэн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох боломжгүй. Харин шаардах эрх үүссэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи хугацаанд шүүхэд гомдлоо гаргах байжээ.

9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,317 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Булган аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох төрийн алба болон төрийн тусгай алба хаасан хугацааны 45 хувийн нэмэгдлийн зөрүү 2,262,836 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэлд 90,513 төгрөгийг, өндөр насны тэтгэвэрт гаргахад олгогдох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 1,357,092 төгрөгийг гаргуулах тухай Б.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,317 /далан дөрвөн мянга гурван зуун арван долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.ОДОНЧИМЭГ