| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/02290/И |
| Дугаар | 102/ШШ2022/02908 |
| Огноо | 2022-08-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/02908
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:...тоот хаягт байрлах, регистр ..., С... ХХК,
Хариуцагч:...тоотод оршин суух хаягтай, регистр ..., Ц.... овогт Н...ийн Д...,
Нэхэмжлэлийн шаардлага:16 144 419 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С..., хариуцагч Н.Д..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С... ХХК нь хариуцагч П.Ц..., Н.Д... нарт холбогдуулан 23 883 935 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч П.Ц...аас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын дүнг 16 144 419 төгрөг болгон багасгасан байна./хх24/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
П.Ц... нь манай компанийн эзэмшлийн ... тоот, 70.35 м2 талбай бүхий гал тогооны тавилгатай 3 өрөө орон сууцыг сарын 1,050,000 төгрөгөөр түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгө зуучлагч Э... ХХК-иар дамжуулан байгуулсан, 2020 оныг дуустал түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй явж байгаад 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 15,479,032 төгрөг, гэрээний 1.6 -д заасан алданги 7,739,516 төгрөг, СӨХ -ны төлбөр 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарыг дуустал 432,289 төгрөг, ус дулааны ашиглалтын зардал 173,607 төгрөг (2021 оны 1, 2, 3 дугаар сар), цахилгааны төлбөр 59,491 төгрөг нийт 23,883,935 төгрөгийг төлөөгүй байна.
П.Ц...ын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тайлбараас үзэхэд П.Ц... нь маргаан бүхий орон сууцанд огт амьдраагүй, найз Б...ынхаа гуйлтаар иргэний үнэмлэхтэйгээ очиж гэрээ байгуулсан нь үнэн гэх тул П.Ц...аас татгалзсан байгаа.
Харин тус байранд амьдарч байсан Н.Д...гаас 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны олох байсан орлогыг сарын 1,050,000 төгрөгөөр тооцож 15 479 032 төгрөг, СӨХ-ны төлбөр 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарыг дуустал 432,289 төгрөг, ус дулааны ашиглалтын зардал 173,607 төгрөг (2021 оны 1, 2, 3 дугаар сар), цахилгааны төлбөр 59,491 төгрөг нийт 16 144 419 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-т зааснаар гаргуулна, алдангийн 7,739,516 төгрөгөөс татгалзсан байгаа.Бид Ж.Б...ыг мэдэхгүй, манай компанийг төлөөлөх эрхгүй, худалдаж авсан бол худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой, өөрсдөө нягталж үзээгүй байна, эднийх байрнаас гарахгүй байсаар 3 жил амьдарсан, П.Ц...тай байгуулсан гэрээний хугацаа 2021 оны 2 дугаар сарын 1-нд дууссан, энэ хугацааны түрээсийн төлбөр төлөгдсөн, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй учраас гэрээг хэрэгт өгөөгүй, Ц... энэ гэрээг сунгая гээд 12 сарын хугацаатай байгуулсан.Хангагч байгууллагаас манайд нэхэмжлэл ирдэг, ... тоотынх гэж тусдаа ирдэггүй, тэр баримтаас ... тоотынх гэж харах боломжгүй, хариуцагч төлөөгүй учраас нэхэмжилж байгаа, 15 сарын хугацаанд олох байсан орлогоо түрээсийн гэрээнд дурдсан 1 050 000 төгрөгөөр тооцож, 15 479 032 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Н.Д... хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тухайн үед хамаатны эгчээсээ “Төрийн орон сууцны корпарациас ядуу, амьдралын төвшин доогуур айл өрхөд метр квадрат нь 1 450 000 төгрөгөөр төрөөс байранд оруулж байгаа” гэж сонссон.Тэгээд Ж.Б...тай 2019 оны 2 сард уулзаж “байр байвал манайх бас орох хүсэлтэй байгаа тухайгаа хэлсэн./Ж.Б... нь манай аймгийн хүн, урьд нь таньдаг байсан/. Тухайн үед одоо дахиж байр байхгүй гэж хэл байсан.Хэд хоногийн дараа Ж.Б... над руу залгаж “3 өрөө нэг байр байна яг одоо бэлэн 27 000 000 төгрөг авч ирж өгөөд ав" гэсэн.Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор ахаасаа зээлж аваад Ж.Б... руу утсаар “Мөнгөө олчихлоо дансаар шилжүүлье гэтэл ах нь дансандаа их хэмжээний мөнгө оруулж гаргамааргүй байна бэлнээр нь яг одоо авч ирээд байраа ав” гэж хэлсэн.
Очиж байраа үзэхэд “Өмнө нь хүн амьдарч байсан байр байгаа юм танайх 25 000 000 бэлнээр өгөөд ав” гээд би 25 000 000 төгрөг бэлнээр өгөөд түлхүүрээ авсан. Ж.Б... хэлэхдээ “урьдчилгаа 25 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгөө хүүгүй сар бүр 900 000 төгрөг төлнө” гэж хэлсэн.Үүний дараа 2019 оны 3 сарын 19-нд 900 000 төгрөг Ж.Б...ын хаан банкны 50... тоот дансанд шилжүүлсэн.
Үүнээс хойш залгаж “Гэрээгээ хийж мөнгөө төлж эхэлмээр байна юу болсон бэ” гэж асуухад “Удахгүй гэрээгээ хийнэ, зохицуулах зүйл гараад удаад байна” гэж хэлсэн, 2019 оны 2 сараас хойш байнга залгаж “Гэрээгээ хийх юу болсон бэ” гэж асуух болгонд “Одоохон хэд хоногоос болно” гэж хойшлуулж явсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн, 2021 оны 1 сард С... гэдэг хүн залгаж одоо гэрээг чинь хийх гэж байна, нотариатын мөнгө гэж 200 000 төгрөг авсан.Үүнээс хойш ахиж холбоо бариагүй.
Гэтэл гэнэт 2021 оны 2 сард “Түрээсийн гэрээний хугацаа дууссан тул орон сууцыг чөлөөлж өгнө үү” гэсэн мэдэгдэл С... ХХК-аас ирсэн байсан.Анхнаасаа Ж.Б... Э.С... нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон байсан болохоор гайхаж “Манайх энэ байрыг худалдаж авсан хувийн өмч гэж хэлсэн”.Түрээсийн гэрээ байгуулсан талаар мэдээгүй, П.Ц... гэдэг хүнийг танихгүй, өмнө харж байгаагүй, 2021 оны 3 сараас хойш Ж.Б... Э.С... нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа одоо хэрэг прокурорын шатанд явж байгаа.
Би Ж.Б... гэдэг хүнээс орон сууц худалдан авсан гэж ойлгож, тухайн хүнээс гэрээ хийх талаар асуухад гэрээгээ хийнэ гэсэн байдлаар л хугацаа авдаг байсан.С... ХХК нь манай өмч гэдгээ нотолсон баримт бичиг огт үзүүлээгүй, тухайн хэрэг Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учраас тус асуудлыг шийдвэрлэж дуустал бид байрнаасаа гарахгүй гэсэн шаардлага тавьдаг байсан.
Гэтэл Ж.Б... гэдэг хүн биднийг залилж байсан, тухайн залилах боломжийг С... гэдэг компани тэр хүнд олгосон байж, одоо болохоор биднээс мөнгө төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна.Энэ компаниас надтай түрээсийн гэрээ байгуулах талаар огт хэлж байгаагүй, байрыг худалдах талаар ч санал болгоогүй.
Нэг өдөр л С... ХХК-аас мэдэгдэл ирж тог ус тасалсан тул манайх эд зүйлээ үлдээгээд өөр газар очиж амьдарсан, эзэнгүй байх хугацаанд 2022 оны 03 сарын 23-ны өдөр байрны түлхүүрийг сольж манай эд зүйлсийг зооринд хийж барьцаанд авлаа гээн.
Би энэ байранд 2019 оны 2 дугаар сараас эхлэн амьдарч байна, энэ байрыг түрээслээгүй, худалдан авах зорилгоор урьдчилгаанд 25 000 000 төгрөгийг Ж.Б...ад өгсөн, 2 жил нам гүм амьдарсан, С... ХХК надаас нэхэж байгаагүй, 2 жилийн түрээсийн төлбөр нэхэж байгааг зөвшөөрөхгүй, 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө би эднийд түрээсийн төлбөр төлөөгүй, эрүүгийн хэрэгт хохирогчоор шалгагдаж байгаа тул 16 144 419 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл, С... ХХК-тай П.Ц...ын 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ /хх 7-8/, С... ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээний хуулбар, ... тоот байрны түрээсийн төлбөр, алдангийн тооцооны баримт, Э... ХХК-иас Т... хотхоны ... дүгээр байрны ... тоотод 2021 оны 4 дүгээр сарын 7, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрүүдэд явуулсан мэдэгдэх хуудсыг шүүхэд өгсөн.
Хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагч Н.Д... манай байгууллагын байранд хууль бусаар амьдарч байсан тул 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны олох байсан орлогыг сарын 1 050 000 төгрөгөөр тооцож 15 479 032 төгрөг, СӨХ-ны төлбөр 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарыг дуустал 432 289 төгрөг, ус дулааны ашиглалтын зардал 173 607 төгрөг (2021 оны 1, 2, 3 дугаар сар), цахилгааны төлбөр 59 491 төгрөг нийт 16 144 419 төгрөгийг Иргэний хуулийн 227.3, 227.4-т зааснаар Н.Д...гаас гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Би энэ байрыг түрээслээгүй, худалдан авах зорилгоор урьдчилгаанд 25 000 000 төгрөг төлж, 2019 оны 2 дугаар сараас эхлэн амьдарч байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн С... ХХК-тай П.Ц...ын 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ /хх 7-8/, С... ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээний хуулбар, ... тоот байрны түрээсийн төлбөр, алдангийн тооцооны баримт, Э... ХХК-иас Т... хотхоны ... дүгээр байрны ... тоотод 2021 оны 4 дүгээр сарын 7, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрүүдэд явуулсан мэдэгдэх хуудас болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Н.Д... манай эзэмшлийн ... тоот орон сууцанд 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл амьдарсан тул нэг сарын төлбөрийн хэмжээг П.Ц...тай байгуулсан түрээсийн гэрээнд зааснаар 1 050 000 төгрөгөөр тооцож, 15 сарын хугацаанд олох байсан орлогод 15 479 032 төгрөг, СӨХ-ны төлбөр 432 289 төгрөг, ус дулааны ашиглалтын зардал 173 607 төгрөг цахилгааны төлбөр 59 491 төгрөг нийт 16 144 419 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч Н.Д... эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч С... ХХК, хариуцагч Н.Д... нарын хооронд хэлцэл хийгдээгүй, гэрээний харилцаа үүсээгүй байна.
Зохигч талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй байхад нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан байх боломжгүй ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүргээс үүссэн хохирол гэж нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь үүрэг гүйцэтгүүлэгч биш байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагчийн үйлдлээр С... ХХК-д зардал гарч, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлогын хохирол үүсэх боломжгүй юм.
Мөн СӨХ-ны төлбөр, ус дулааны ашиглалтын зардал, цахилгааны төлбөрийг нотолсон баримтгүй, ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас авч байсан тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Нөгөө талаар хариуцагч нь ... тоотод байршилтай орон сууцанд 2019 онын 3 дугаар сараас хойш амьдарсан байхад нэхэмжлэгч байгууллага нь 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна./хх-9/
Иймд дээрх үндэслэлээр С... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч П.Ц...д холбогдох шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-т заасныг баримтлан Н.Д...гаас 16 144 419 /арван зургаан сая нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван есөн/ төгрөг гаргуулах тухай С... ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч П.Ц...д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН