| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/87 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/87
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
шүүгдэгч Ш.Н******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Н*******ад холбогдох эрүүгийн 2515000000058 дугаартай, 304/2025/0073/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М******* овогт Ш*******ын Н*******, ............. аймгийн ............ суманд ....... оны ........ дугаар сарын .......-ны өдөр төрсөн, .......... аймгийн ......... сумын ... дүгээр баг, .............., ....... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ............ аймгийн ............. сумын ... дугаар багт оршин сууж байгаа, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, 40 настай, эрэгтэй, /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Н******* нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт иргэн А*******ын гэрт, хохирогч Д.Г*******ыг “эхнэр А*******ыг цохилоо гэж уурлан” түүний нүүрэн тус газарт цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч Д.Г*******ын биед “зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 251500000008 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ш.Н******* нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт иргэн А*******ын гэрт, хохирогч Д.Г*******ыг “эхнэр А*******ыг цохилоо гэж уурлан” түүний нүүрэн тус газарт цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч Д.Г*******ын биед “зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Н*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Г*******ын өгсөн: “...Тухайн өдөр би Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Шинэ хороонд байх Уянга дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй хоёр шил архи аваад А******* гэх хуурай дүүгийнхээ гэрт очсон юм.Би тухайн айлд очихоосоо өмнө өөр хүмүүстэй архи уучихсан байсан тул бага зэрэг согтуу байсан.Тэгээд тухайн айлд ортол Апзахгүйбаатар гэртээ байхгүй байсан ба түүний эхнэр А******* нь 3 хүүхдүүдийнхээ хамт байсан юм. Тэгээд намайг ирлээ гээд А******* нь өөр хүмүүс дуудсан.Тэгээд тухайн үед гаднаас Н*******, эхнэрийн хамтаар мөн А гэх эмэгтэй орж ирсэн. Би тухайн 3 хүнийг орж ирэхээс өмнө өөрийн авч ирсэн архинаасаа уугаад нэлээд согтчихсон байсан тул сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан тухайн үед хэрүүл маргаан үүсгэж, хүнтэй муудалцсан зүйлгүй байж байгаад согтуудаа Н*******ын эхнэрийн нүүр лүү гарынхаа ард хэсгээр цохичихсон. Тэгтэл Н******* уурлаж босож ирээд миний зүүн талын нүдний дээд, хөмсөг хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон.Тэгээд миний хөмсөгнөөс цус гараад тогтохгүй байсан тул эмнэлэг рүү дуудлага өгч, эмнэлэгт очиж хөмсгөндөө 4 оёдол тавиулсан. Би тухайн маргаан болсны маргааш өглөө нь Агийн гэрт очиход Н******* нь эхнэр хүүхдүүдийн хамт байсан ба бид нар хоорондоо ярилцаж сууж байгаад бие биенээсээ уучлалт гуйж, учир зүйгээ олсон. Би тухайн үед хөмсгөндөө 4 оёдол тавиулаад, миний биеийн байдал одоо урьд өмнөх шигээ хэвийн болсон байгаа. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
3. Гэрч П.А*******ын өгсөн: “...Би нөхөр 5 хүүхдийн хамтаар 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган суманд шинэлэхээр ирсэн. Булган аймагт манай хамаатан садангууд байдаг тул тухайн айлуудаар хэсэж шинэ хийж хэд хоносон. Тэгээд өчигдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр А гэх танил эгчийнд Мартын 8 баяр гээд нөхөр Н******* болон А эгч бид гурав баяр тэмдэглээд стандарт гэх нэртэй 0.5 литрийн архи хувааж уугаад сууж байтал 20 цагийн орчимд А******* эгч утсаар залгаад манайд Г******* ах чинь ирчихсэн байна. Та нар хөгшин настай хүний насыг хүндлээд ирээд золгочих гэж хэлсэн. Манайх одоогоос 4 жилийн өмнө Булган сумын Шинэ хороонд амьдардаг байсан тул тухайн хүмүүсийг таньдаг, айл хөршүүд байсан.Тэгээд би нөхөр болон А эгчийн хамтаар А******* эгчийнд очсон. Тэдний гэрт очиход А******* эгч 3 хүүхдийн хамтаар, мөн Г******* ах байсан. Тэгээд бид нар золголт хийгээд тэдний гэрт задалчихсан байсан 0.75 литрийн хараа нэртэй архийг тойруулж ууцгаасан. Харин би согтчихсон байсан тул тухайн айлд очоод хийж өгсөн архинаас нь уугаагүй. Тэгээд тухайн айлд ороод 30 орчим минут л сууж байтал Г******* ах нэлээд согтчихсон байсан ба А эгчийг үнсээд, орон дээр дээрээс нь дарж хэвтээд байсан юм.Тэгэхээр нь би Г******* ахад хандаж хүүхдүүд харж байхад та чинь яагаад байгаа юм бэ? гээд А эгчийг явъя гээд босгоод гарах гэтэл Г******* ах миний уруулны зүүн дээд хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ш.Н******* сэжигтнээр өгсөн: “...Би эхнэр 6 хүүхдийн хамтаар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд мал маллаж амьдардаг ба 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган суманд айл хэсэж, шинэлэхээр ирсэн. Манайх одоогоос 4 жилийн өмнө Булган сумын Шинэ хороонд амьдардаг байсан юм.Тэгээд өчигдөр Булган сумын Шинэ хороонд А гэх таньдаг эгчийндээ мартын 8-ны баяр тэмдэглээд эхнэр А******* болон А эгч бид гурав 0.5 литрийн стандарт нэртэй архи хувааж уугаад сууж байтал орой 20 цагийн орчимд манай эхнэр А******* луу А******* эгч утсаар залгаад манай гэрт Г******* ах чинь ирчихсэн байна, та нар ирж Г******* ахтайгаа золгоод, шинэлээд яв гэж хэлсэн. Тэгээд би эхнэр А******* болон А эгчийн хамтаар А******* эгчийн гэрт очсон. Тухайн айл нь А эгчийн гэртэй ойрхон буюу 3 гудамжны л зайтай байдаг байх. Тэгээд А******* эгчийн гэрт ортол А******* эгч гурван хүүхдийн хамт болон Г******* ахын хамт байсан ба бид нар золгочхоод тэдний гэрт задалчихсан байсан 0.75 литрийн хараа нэртэй архийг хувааж уугаад сууж байтал гэрийн зүүн талын орон дээр сууж байсан Г******* ах нэлээд согтчихоод хажуудаа сууж байсан А эгчийг үнсэж, тэврээд зүгээр байхгүй байгаад байсан юм. Тэгтэл манай эхнэр Г******* ахад хандаж хүүхдүүд харж байхад та чинь яагаад байгаа юм бэ?, болиоч гээд А эгчийг орноос босгоод явъя гэж хэлтэл Г******* ах босож ирээд манай эхнэр А*******ын нүүр лүү цохичихсон. Тэгээд орон дээр сууж байхаар нь миний уур хүрээд босож очоод нүүр лүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Би тухайн хүний зүүн талын нүд хэсэг рүү цохисон. Тэгтэл Г******* ах миний цээж хэсэг рүү хөлөөрөө жийсэн ба манай эхнэр А******* хажуу талаас намайг салгаад, тэгээд би эхнэр А******* болон А эгчийн хамтаар тухайн айлаас шууд гараад А эгчийн гэрт ирсэн.Бид нар хоорондоо хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй.Тухайн айлд ороод 30 орчим минут л болсон байх. Бүгдээрээ архи тойруулаад юм яриад сууж байтал Г******* ах нэлээд согтчихоод хажуудаа сууж байсан А эгчийг үнсэж, тэврээд зүгээр байхгүй байгаад байсан юм. Тэгээд л манай эхнэр Г******* ахад хандаж хүүхдүүд харж байхад болиоч гэх зэрэг хэдэн үг хэлээд А эгчийг явъя гээд босгоход нь Г******* ах босож ирээд манай эхнэр А*******ын нүүр хэсэг рүү цохичихсон юм. Тэгэхээр нь миний уур хүрээд босож очоод Г******* ахын нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон ба бид нар тухайн айлаас шууд гараад явсан. Бид нар хоорондоо хэрүүл, маргаан хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
5.Иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Г******* нь нийт 87,912 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн. Энэ мөнгийг гэм буруутай этгээдээс гаргуулах саналтай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
6.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 136 дугаартай “...Д.Г*******ын биед зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Г*******, шүүгдэгч Ш.Н*******, гэрч П.А******* нарын өгсөн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 136 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч Ш.Н******* нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт иргэн А*******ын гэрт, хохирогч Д.Г*******ыг “эхнэр А*******ыг цохилоо гэж уурлан” түүний нүүрэн тус газарт цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч Д.Г*******ын биед “зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Д.Г******* нь шүүгдэгч Ш.Н*******ыг зодож гэмтэл учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлснийг давхар гэрч П.А******* гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 136 дугаартай “...Д.Г*******ын биед зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх гэмтэл нь хууль зүйн хувьд хөнгөн хохирол гэж ойлгоно.
Шүүгдэгч Ш.Н*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Г*******ын биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох, үрэгдэх, татагдах үед хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.
Ш.Н*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн Ш.Н******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Ш.Н*******ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Ш.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Д.Г******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүл мэндийн даатгалын санд учирсан 87,912 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Ш.Н*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.Н*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ш.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгээс: Шүүгдэгч Ш.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг тус тус шүүхэд гаргасан байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ш.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэргийн 84-93 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/157 дугаартай шийтгэх тогтоол, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.Н******* нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Шинэ хороо 11-12 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар багт оршин сууж байгаа, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М******* овогт Ш*******ын Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ш.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ